Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 289

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баярмаа,

улсын яллагч: Б.Чинзориг,

шүүгдэгч: Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802005960008 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т-, 1993 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Герман Улсын Лапцэг хотод төрсөн, тусгай дунд боловсролтой, Герман хэл, нийгэм судлалын мэргэжилтэй, “Хүннү Айр” ХХК-д захиалга авагч ажилтай, ам бүл 6, эх, хойд эцэг, болон 3 дүүгийн хамт .....тоот регистртэй,

Шүүгдэгч  Б.Т- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд багтсан лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай 0.8*0.8 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 50 ширхэг холбогдсон/ LSD гэх нэршилтэй бодисыг “DHL” олон улсын шуудан илгээмжийг ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн уг бодисыг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Т-ингийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин өөрийн биедээ хадгалсан гэх зүйлчлэл дээр эргэлзээтэй байна. Илгээмжээ хүлээж аваад гарын үсэг зураад эргээд хартал цагдаа ирээд намайг баривчилсан, би илгээмжид юу байгаа талаар мэдээгүй...” гэв.

Гэрч Т.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Т- гэх хүнд хүлээлгэн өгсөн илгээмжний хувьд 2018 оны 12 дугаар сарын 13-наас 2018 оны 12 дугаар сарын 14-нд шилжих шөнө DHL-н 764 7398 345 дугаартай документ илгээмж ирсэнийг өнөөдөр өглөө хүлээн авч, илгээмж дээр Хан-Уул дүүргийн гэрийн хаяг болон холбоо барих 8004-1357 гэсэн дугаар байсан тул уг дугаар луу залгаж “документ илгээмж ирсэн талаар мэдэгдэж, гэрийн хаягийг нь тодруулахад Рокмон булдинг дээр байна, 1 давхарт ирээд залгаарай” гэж хэлсэн. Ингээд документийг аваад 8004-1357 дугаарын утсаар холбогдож хүргэж өгсөн. Уг документыг 25 орчим насны эрэгтэй хүн ганцаараа хүлээн авч, гардуулалтын баримтын 3 дугаар хүснэгтэнд хүлээн авсан цагаа бичиж гарын үсгээ зурсан. Манай DHL компаний хувьд тухайн илгээмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж тээвэрлэх, хүлээлгэн өгөх л үүрэгтэй, хувь хүний илгээмж, документыг задлах, нээж үзэх эрх бидэнд байхгүй хориотой...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-25/,

Шинжээчийн 107 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 0,8*0,8 см хэмжээтэй 50 ширхэг хоорондоо холбогдсон эмэгтэй хүний дүрс бүхий зураглалтай цаас мэт зүйлээс Лизергид /lysergide LSD/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-н 32-33/,

Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлд: “...2018.12.14-нд дээрх LSD гэх нэршилтэй бодисыг Б.Т-гээс хураан авахад 1 хавтгай, дотроо 50 ширхэгээр холбогдсон байсан бөгөөд уг бодист ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулагдаж байгаа эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д хүргүүлэхэд, ШШҮХ-н шинжээч Д.Золзаяа уг бодист шинжилгээ хийхдээ 1 нүд LSD-г ашиглаж, №107 дугаартай дүгнэлтийг гаргасан байна. Шинжээчийн дүгнэлт 1 хавтгай, дотроо 49 ширхэг холбогдсон LSD гэх нэршилтэй эд мөрийн баримтыг Хар тамхитай тэмцэх газарт буцаан хүргүүлсэн байна. 1 нүд LSD гэх нэршилтэй бодисыг шинжилгээнд зарцуулсан байна...” гэжээ. /хх-н 36/,

Сэжигтэнээр Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би анх 2017 онд интернетээс LSD бол хүний сэтгэн бодох чадварыг сайжруулдаг талаар нийтлэл бичсэн байсныг уншсан юм. Тэрнээс хойш LSD гэх зүйлийг хэрэглэж үзэх санаа төрж байсан юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Герман улсад амьдардаг найзтайгаа гар утасны “Wickr” гэх программаар холбогдоод LSD гэх зүйлийг олж илгээмжээр явуулахыг гуйсан. Тэгсэн манай найз олоод явуулъя гэж хэлсэн. Би тэр найздаа өөрийн гэрийн хаягаа өгөөд илгээмж ирэхийг нь хүлээж байсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед шуудангийн компаниас холбогдоод “илгээмж ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд шуудангийн ажилчнаас илгээмжийг аваад явж байхад цагдаа нар ирсэн. Илгээмжээр ямар зүйл ирж байгааг мэдэж байсан. LSD над руу явуулсан хүн нь Герман хүн юм. Илгээмжтэй захиагаа ингэж бичээрэй гэж бичих зүйлийг нь өмнө нь явуулсан байсан юм. Би өмнө нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Анх удаагаа LSD гэх зүйлийг хэрэглэж үзэх гэж байсан юм. ...Надад илгээмж явуулсан хүнийг Басти гэж дууддаг. Яг нэрийг нь хэн гэдэг болохыг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-7/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-22/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 23-25/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 46-47, 51-53, 56, 60-71/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд багтсан лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай 0.8*0.8 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 50 ширхэг холбогдсон/ LSD гэх нэршилтэй бодисыг “DHL” олон улсын шуудан илгээмжийг ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн уг бодисыг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус гэм буруутай болох нь:

Гэрч Т.Г-ын: “...Б.Т- гэх хүнд хүлээлгэн өгсөн илгээмжний хувьд 2018 оны 12 дугаар сарын 13-наас 2018 оны 12 дугаар сарын 14-нд шилжих шөнө DHL-н 764 7398 345 дугаартай документ илгээмж ирсэнг өнөөдөр өглөө хүлээн авч, илгээмж дээр Хан-Уул дүүргийн гэрийн хаяг болон холбоо барих 8004-1357 гэсэн дугаар байсан тул уг дугаар луу залгаж “документ илгээмж ирсэн талаар мэдэгдэж, гэрийн хаягийг нь тодруулахад Рокмон булдинг дээр байна, 1 давхарт ирээд залгаарай” гэж хэлсэн. Ингээд документийг аваад 8004-1357 дугаарын утсаар холбогдож хүргэж өгсөн. Уг документыг 25 орчим насны эрэгтэй хүн ганцаараа хүлээн авч, гардуулалтын баримтын 3 дугаар хүснэгтэнд хүлээн авсан цагаа бичиж гарын үсгээ зурсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-25/, Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлд: “...2018.12.14-нд дээрх LSD гэх нэршилтэй бодисыг Б.Т-гээс хураан авахад 1 хавтгай, дотроо 50 ширхэгээр холбогдсон байсан бөгөөд уг бодист ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулагдаж байгаа эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д хүргүүлэхэд, ШШҮХ-н шинжээч Д.Золзаяа уг бодист шинжилгээ хийхдээ 1 нүд LSD-г ашиглаж, №107 дугаартай дүгнэлтийг гаргасан байна...” гэжээ. /хх-н 36/, шинжээчийн 107 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай 0.8*0.8 см хэмжээтэй, 1 хавтгай сэтгэцэд нөлөөт бодис болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэхэд эргэлзээ төрүүлж байгаа тул тухайн зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь Герман Улсаас лизергид /lysergide LSD/ гэх бодисыг сэтгэцэд нөлөөт бодис гэдгийг мэдсээр байж захиж авчруулан өөртөө хүлээн авсан нь түүнийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-гээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн, илрээгүй болон ямар хугацаанд өөртөө хадгалсанаас үл хамааран уг бодисыг өөртөө хүлээн авснаар тухайн гэмт хэрэг төгссөн гэж үзэх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад төлөх бодит хохиролгүй тул шүүгдэгч Б.Т- нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Б.Т-гийн үйлдсэн “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Т-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс Б.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, “хориглосон мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан” гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршигийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэг тус бүрт нь хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-гийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.  

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай 0.8*0.8 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 49 ширхэг холбогдсон/ LSD гэх нэршилтэй бодисыг устгахаар шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т-г “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд,

- “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 02 жил хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил ялыг нэмж нэгтгэн нийт 03 жил хорих ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 03 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай 0.8*0.8 см хэмжээтэй, 1 хавтгай /дотроо 49 ширхэг холбогдсон/ LSD гэх нэршилтэй бодисыг  устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР