Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 209/МА2024/00081

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 135/ШШ2024/01017 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

   Нэхэмжлэлийн шаардлага: "20,000,000 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

   ...******* миний бага хүү ******* нь бэр *******тэй гэр бүлийн хамтын амьдралтай байх үедээ Дархан-Уул аймаг, *******,*******,*******,, тоот хаягт байрлах 50.5 мкв бүхий 4 өрөө орон сууцыг 2021 оны 09 сард худалдаж авсан. Уг байрыг анх 75,000,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд байр авахад мөнгө дутаад эхлээд *******ийн ааваар хадгаламж барьцаалсан зээл 40,000,000 төгрөг авхуулаад дараа нь би өөрийн амьдарч байсан 2 өрөө байрыг 63,800,000 төгрөгөөр зарж уг 2021 оны 10 сарын 01-ний өдөр *******тэй цуг яваад түүний аав ийн Хаан банкны дансанд ээс зээл төлөв гэж гүйлгээний утгыг бичээд аавынх нь 40,000,000 төгрөгийг буцааж өгсөн.

Уг мөнгөний талаар хүү, бэр хоёр гэрлэлт цуцлагдсан шүүх хурал дээр тэднийг 4 өрөө байр авахад надаас 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухайд хүү, бэр хоёр үгүйсгээгүй.

Миний хувьд олон жилийн өмнө ханиа алдсан одоо ганц бие хүн тул бага хүү, бэр, ач нарынхаа амьдралд тус дэм болох гэж байр оронгоо зарж байранд нь хөрөнгө оруулж өгсөн байтал хүү, бэр хоёр гэр бүлийн маргаан үүсгэцгээж, тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тэдний гэрлэлт цуцлагдаж, насанд хүрээгүй хоёр хүүхэд нь *******ийн асрамжид үлдэж, гэр бүлийн дундын өмч болох 4 өрөө орон сууц нь *******ийн өмчлөлд үлдээж, байрны одоогийн зах зээлийн үнэ ханшаар 148,443,250 төгрөгөөр үнэлэгдэж уг үнэлгээний дагуу гэр бүлийн гишүүд *******, *******, хоёр хүүхдэд ноогдох хувийг тэнцүү хувааж, *******т 37,110,813 төгрөгийг *******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

Одоо би өөрийн мөнгөөр хөрөнгө оруулж бий болсон дөрвөн өрөө байранд амьдардаг, бэр маань намайг байр суллаж өг, миний байрнаас зайл гэж хэл амаар доромжилж хөөж тууж байгаа тул би буцаад орох оронтой болохын тулд *******ийн 4 өрөө байртай болоход өөрийн байраа зарж хөрөнгө оруулж байсан 40,000,000 төгрөгийн 50 хувь болох 20,000,000 төгрөгийг *******ээс авмаар байна гэжээ. / х.х 1 тал/

2.Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...*******ын 09 дүгээр баг,*******,ны тоот хаягтай 50м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг *******тай эхнэр, нөхөр болон амьдарч байхдаа авсан нь үнэн. Нөхөр болох ******* нь байнгын гадаад улсад /Солонгос/ ажиллаж амьдарсаар, хааяа нэг ирсэн үедээ хэрүүл уруултай байсны улмаас бид хоорондоо таарамжгүй болж, гэр бүлээ цуцлуулсан. Мөн дундын эд хөрөнгө болох дээрх орон сууцны ногдох хувь болох мөнгийг *******т гаргуулан өгөхөөр шүүх шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэсний дараа хадам ээж байсан зөвхөн надаас байранд хөрөнгө оруулсан мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Би 2 хүүхдээ *******ын амьдралын ямар ч оролцоогүйгээр өөрөө өсгөж, хүмүүжүүлж, төлбөртэй цэцэрлэгт сургаж байгаа. Энэ хүнд мөнгө төлөх боломж байхгүй. Өрх толгойлон амьдарч энд, тэнд зээлтэй болсон. Одоо харин би байраа зарж, зарим өр төлбөрөө төлөх хэрэгтэй байна.

******* байр авахад зориулж 40,000,000 төгрөг өгөөгүй. Байр авах гээд мөнгө хүрэхгүй байсан тул манай аав 25,000,000 төгрөг надад урьдчилгаанд төл гэж өгсөн. *******ийн яриад байгаа 40,000,000 төгрөгийг байранд зориулж өгөөгүй. Байр авсны дараа ааваас мөнгө аваад буцааж төлж байсан. Энэ мөнгө нь байрны урсгал засварт орсон. Тэгээд ч би энэ хүнд мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй. Бидний авсан байранд орсон бол би маргахгүй. Гэтэл байр авахад хөрөнгө оруулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Харин ******* Солонгосоос ирээд 50,000,000 төгрөг гаргаж, үлдэгдэл төлбөрийг хийсэн. Хэрэв *******т өгсөн бол тэр хүнээсээ нэхэмжилж авна биз. Миний хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  /хх 26-р тал/

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ээс 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 2,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            ... ******* *******ийг байр авахад хөрөнгө оруулсан гэх асуудал нь чухам яг хэдэн төгрөг оруулсан нь ч нотлогдоогүй. Энэ маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ "үндэслэлгүй хөрөнгөжих " гэж үзэн иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1 дэх заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            Шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрт... уг орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж үзэн хувааж шийдвэрлэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргах дахин нотлох шаардлагагүй юм" гэсэн атлаа нэгэнт дундын хөрөнгө гээд хуваагдан шийдвэрлэгдсэн хөрөнгө болох *******т ноогдох хувиас "үндэслэлгүй хөрөнгөжих" гэж дахин *******т 20,000,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь буруу.

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалт буюу "үндэслэлгүй хөрөнгөжих" гэдгийг хариуцагчид тодорхой хөрөнгө бий болсон явдал нь хууль ёсны үндэслэлгүй бий болсныг ойлгоно. ...нэхэмжлэгчийн хүү ******* нь *******ээс гэр бүл цуцлуулах шүүх хуралдаан дээрээ "маргаан бүхий байрыг худалдан борлуулахаар бол ээжид 50,000,000 төгрөгөө өгөөд өөрт ноогдох хувийг авахгүй" гэж тайлбарлаж байжээ. /Үүний дагуу ч тэр үед шүүх Одбаярт ноогдох хувийг гаргуулан өгсөн бөгөөд ******* энэ үед оруулсан хөрөнгөө нэхэж маргаан үүсгээгүй юм.

            Иймд анхан шатны шүүх нь байр авахад зориулан 40,000,000 төгрөг оруулсан эсэх нь тодорхой нотлох баримтаар тогтоогдоогүй байхад "мөнгө өгсөнд маргаагүй" гэх үндэслэл зааж, мөнгө өгсөн зорилгыг нь харгалзалгүйгээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ. / хх 81-82-р тал/

            5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ :

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.  Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан орон сууц авахад зориулж өгсөн 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. /хх1х, 26х/

   3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...миний хувьд олон жилийн өмнө ханиа алдсан ганц бие хүн тул бага хүү, бэр, ач нарынхаа амьдралд тус дэм болох гэж, мөн бэр маань “...4 өрөө байр авахаар болсон, та байраа зараад бидэнтэй хамт амьдар” гэж хэлсэн учраас ганцаараа амьдарч байхаар гээд өөрийн 2 өрөө байрыг зарж 40,000,000 төгрөгийг хүүхдүүддээ өгсөн...Би тухайн үед үр хүүхэдтэйгээ хамт амьдрах юм байна гэж бодож байраа зарсан болохоос надад байраа зарах шаардлага байгаагүй. Хүүхдүүдээ сайн сайхан амьдарна гэж бодож явснаас биш салж, би өөрөө байргүй, мөнгө ч үгүй үлдэнэ гэж төсөөлж ч байсангүй...иймд миний өгсөн 40,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү” гэж тодорхойлж,

   3.2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...******* байр авахад зориулж 40,000,000 төгрөг өгөөгүй, байр авсны дараа ааваас мөнгө аваад буцааж төлж байсан. Энэ мөнгө нь байрны урсгал засварт орсон, би энэ хүнд мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй. Байр авахад хөрөнгө оруулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа” гэж маргаж байгаа.

4.Хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, бичгийн баримтууд, хэргийн үйл баримт болон нөхцөл байдал зэргээс дүгнэхэд :

4.1.*******, ******* нар 2020 онд танилцан, улмаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2020 онд , 2022 онд нар төрсөн, гэрлэгчид таарамжгүй харьцааны улмаас Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 135/ШШ2024/00644 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан, мөн уг шийдвэрээр насанд хүрээгүй , нарыг эх *******ийн асрамжид үлдээж, эцэг *******аар тэжээн тэтгүүлэхээр, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн *******, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 6 дугаар байр, тоот 50,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч *******ээс 37,110,813 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т олгохоор шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна./хх5-7х/

5.Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал:

5.1 *******, ******* нарыг 2021 оны 9 сард Дархан-Уул аймаг, ******* 9-р баг, 4-р хороолол, 6-р байр, тоот хаягт байрлах, 50 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 75,000,000 төгрөгөөр худалдаж авах үед нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 63,800,000 төгрөгөөр худалдаж, байр зарсан мөнгөнөөсөө 40,000,000 төгрөгийг өгсөн, өгөхдөө ******* эцэг н.өөр хадгаламж барьцаалсан зээл авхуулж 40,000,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд өгсөн байсныг төлөх замаар шилжүүлсэн, өөрөөр хэлбэл хүүхдүүдээ орон байртай болоход нь зориулж 40,000,000 төгрөг бэлэглэсэн болох нь тогтоогдож байна.

6.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд үүрэг үүсээгүй боловч 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт нэгэнт тогтоогдож байна гэж дүгнэж, зохигчдын хоорондох маргааныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно гэж дүгнэлээ.

6.1.Өөрөөр хэлбэл *******, ******* нарын хооронд үүрэг үүсээгүй боловч *******ийг *******ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

6.2.Бэлэглэгч ******* нь бэлэг хүлээн авагч буюу Б.Ариунцэцэг, ******* нарын өмчлөлд 40,000,000 төгрөгийг хариу төлбөргүй шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч *******ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр шүүх хуралдаан даргалагчийн “....*******ын ээж нь өөрийнхөө хоёр өрөө байрыг зараад 40,000,000 төгрөгийг та хоёрын байранд хөрөнгө оруулсан гэдэг нь үнэн үү гэхэд үнэн” гэсэн тайлбар бүхий шүүх хуралдааны 665 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна.

6.3.Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгч рүү чиглэсэн буюу гомдоосон үйлдэл хийсэн, уг үйлдэл нь ноцтойд тооцогдох тохиолдолд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-д заасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл бий болох бөгөөд бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй.

6.4.Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарыг гэр бүл болсноос хойш орон байртай болоход нь зориулж *******ийн эцэг н.ийн зээлийг төлөх замаар 2021 оны 10 дугаар сард 40,000,000 төгрөг шилжүүлсэн боловч *******, ******* нар 2024 оны 05 дугаар сард гэрлэлтээ цуцлуулж, улмаар орон байрны ногдох хэсэг, өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэсэн нь бэлэглэгч *******ийг гомдоосон, уг үйлдлийн улмаас ******* өөрийн гэсэн орон байргүй болсон, үр хүүхдүүдтэйгээ хамт амьдарна гэсэн *******ийн хувьд ноцтой үйлдэлд тооцогдохоор байна.

7.Иймд *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсан 2024 оны 05 дугаар сараас нэхэмжлэгч буюу бэлэглэгч *******т шаардах эрх үүссэн гэж үзэж, хариуцагч *******ээс түүнд ногдох 20,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8.Хариуцагч ******* “...******* байр авахад зориулж 40 000 000 төгрөг өгөөгүй, байр авсны дараа ааваас мөнгө аваад буцааж төлж байсан.Энэ мөнгө нь байрны урсгал засварт орсон” гэсэн тайлбар гаргасан боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүний дээрх тайлбар нь шүүх хуралдаанд өгсөн өөрийнх нь тайлбараар нь үгүйсгэгдэж байгаа. Иймд “...байр авахад зориулан 40,000,000 төгрөг оруулсан эсэх нь тодорхой нотлох баримтаар тогтоогдоогүй” гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 135/ШШ2024/01017 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар” гэснийг

“Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1.-д зааснаар” гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

      

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.МЯГМАРСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                                        Я.ТУУЛ

                                                                                                     Р.ҮҮРИЙНТУЯА