Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 273

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

            

 

 

   Б.Мөнхтэгшид холбогдох эрүүгийн

                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ц.Гансүлд,

Ялтан Б.Мөнхтэгшийн өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Яринпил,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батхуяг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Мөнхтэгш, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Яринпил нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Мөнхтэгшид холбогдох эрүүгийн 201626011716 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Бадарчийн Мөнхтэгш, 1975 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 38-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХН75092877/,

 

Б.Мөнхтэгш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамж, 37Б тоотод оршин суух Г.Эрдэнэ-Оюуны гэрт ороод урьд нь үл таних “Ц.Батбаярыг “хэн бэ айлд юу хийж байгаа юм” гэж хэлэн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохих, мөн гэрийн гадаа гарган толгойн тус газарт нь өшиглөх, дэвсэх” зэргээр зодож гавал тархины хүнд гэмтэл учруулан, хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Мөнхтэгшийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мөнхтэгшийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар Б.Мөнхтэгшийг 18 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхтэгшид оногдуулсан 18 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхтэгшийн цагдан хоригдсон 262 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Б.Мөнхтэгшийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирол төлбөрт 3.300.000 төгрөгийг төлж барагдуулсан энэ тогтоолоор бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батхуяг цаашид гарах зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Их Монгол” гэсэн бичигтэй архины шил 1 ширхэг, хөх өнгийн хос углааш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Мөнхтэгш гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судалж үнэлэлт,  дүгнэлт өгөөгүй нэг талыг барьж хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.1.12 дахь хэсэгт зааснаар 18 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед Г.Эрдэнэ-Оюунтай хардаж талийгаач Ц.Батбаярыг цохиж зодсон үйлдэлдээ маш их харамсаж байна. Миний бие урьд өмнө нь ямар нэг гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй ба анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 6-22 насны хоёр хүүхэд, өндөр настай эхийг маань асран тэтгэх хүнгүй зэрэг байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье... гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Яринпил нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Гэрч М.Хонгорзул “...Мөнхтэгш нь манай гэрт 20 цаг өнгөрч байхад нилээд согтуу байдалтай орж ирсэн. Орж ирээд Батбаяр ахад хандаад “Чи юун хүн бэ? Энэ айлд юу хийж яваа юм?” гээд шууд Батбаяр ахын нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж авсан. Тэгээд Мөнхтэгш Батбаярын энгэрээс нь заамдаж аваад гэрээс чирч гаргаад нэг удаа нүүр лүү нь цохиод, газар унахаар нь толгой дээр нь хөлөөрөө 2-3 удаа дэвсээд нилээн хэдэн удаа өшиглөсөн...” /1-р хх-ийн 30-34/, насанд хүрээгүй гэрч Э.Батзул “...Мөнхтэгш ах орж ирээд зүгээр байж байхад нь Батбаяр ахыг гэрээс чирч гаргаад нилээн хэдэн удаа цохисон. Хөлөөрөө толгой дээрээс нь өшиглөөд, дэвсээд байсан. Гэрт орж ирэнгүүтээ Батбаяр ахыг хараад “Чи хаанаас ирсэн лалар бэ? Чи хэлгүй юм уу?” гээд байсан. Мөнхтэгш ах очоод шууд гараараа нүүрэнд нь нилээд хэдэн удаа цохисон...” /1-р хх-ийн 36-37/, гэрч Г.Эрдэнэ-Оюун “...19 цаг болох гэж байсан байх Мөнхтэгш нилээн согтсон байдалтай орж ирэнгүүтээ “Энэ одоо хаанахын хэн бэ?” гээд Батбаяр луу хэлэхэд, Батбаяр инээгээд суугаад байхаар нь би Мөнхтэгшид хандаад “Чамд ямар хамаатай юм бэ?” гэхэд Мөнхтэгш “Чи хэн бэ?” гээд Батбаярын толгой руу нь гараараа 2, 3 удаа цохиод авсан. Мөнхтэгш нилээн бухимдсан ууртай байдалтай байсан ба Батбаярыг шууд гэрээс чирээд гарсан. Мөнхтэгш Батбаярыг гэрийн хажуу талд зодоод байсан. Би араас нь гараагүй...”, гэрч Б.Байгалмаа “...Намайг Оюунаа эгчийнд ороход “Энийг би амьтан болгоно. Энэ Оюуныг зоддог юм билээ.” /1-р хх-ийн 42-43/ гэх зэрэг мэдүүлгүүдээс дүгнэлт хийхэд ямар нэгэн хувийн таарамжгүй байдал болон Батбаярт хандаж хэлсэн үгнүүд утга санаа, агуулга, шууд зодсон, гэрээс чирч гаргасан үйлдэл нь яахын аргагүй хувийн сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Гэтэл шүүгдэгч Б.Мөнхтэгш шүүхийн хэлэлцүүлэгт “...Оюунаа нэг залуутай орны хажууд сэжигтэй сууж байсан. Хөнжил нь задгай, эвхээгүй сэжиг бүхий  байсан. Оюунаа бид хоёр 2010 оноос хойш бэлгийн харилцаатай байсан. Тухайн үед Оюунааг хардаж “Чи юун залуу бэ? Энэ айлд юу хийж яваа юм. Энэ одоо хаанахын хүн бэ” гэж хэлээд хардаад шууд зодсон...” гэж мэдүүлдэг. Харин мөрдөн байцаагч надаас “Чи яаж яаж, хаана цохиж, өшиглөж, дэвсэж алсан бэ” гэж асууж байсан болохоос биш. “Ямар учраас зодож, өшиглөх болов” гэж огт асуугаагүй болохоор нь би “хардаж зодож, өшиглөсөн” гэж хэлэх боломж олгоогүй гэж асуултад хариулж байсан. Мөн Б.Мөнхтэгш хэргийн талаар гурван өөр мэдүүлэг өгснөөс шүүх бүрэлдэхүүн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтын хэмжээнд гэрч нарын мэдүүлэгүүдтэй тохирч байна” гэдэг үндэслэлээр үнэлсэн. Энэ нь үндэслэлтэй боловч анхаарах нь зүйтэй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр” болон 80.1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийн талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын агуулагатай санал нийлээгүй учраас доорх хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

Ялтан Б.Мөнхтэгш ямар зорилго, сэдэлтээр уг гэмт хэрэг үйлдсэнийг
нарийвчлан шалгаж тогтоолгох, шүүхийн хэлэлцүүлэгт хардалтын улмаас уг
гэмт хэрэг үйлдсэн болох нь илүү тогтоогдож байсан боловч шүүх бүрэлдэхүүн
хүлээж аваагүй нь ойлгомжгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг шалгаагүй орхигдуулсныг шалгаж тогтоолгох.

Гэрч Г.Эрдэнэ-Оюун ялтан Мөнхтэгштэй бэлгийн харьцаатай байсан
эсэхийг маш тодорхой мэдүүлэг авч тогтоох шаардлагатай байх тул анхан
шатны шүүхийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэв.

 

Ялтны өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзсэн учраас давж заалдах гомдлыг хамтарч гаргасан. Шүүх эмнэлгийн удаа, дараагийн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, дүгнэлтийн доторх заалт нь хоорондоо зөрчилдсөн дүгнэлт. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд удаа, дараа хүсэлт гаргасан боловч бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй. Шинжээч С.Одончимэг, Г.Ханхүү нарыг 1, 1 удаа асуусан. 1232 тоот шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтад “7 дугаар сарын 6-ны өдөр дээрх гэмтлийг авсан байх боломжтой” гэж дүгнэлт гаргасан атлаа дүгнэлтийнхээ 3 дахь заалтад “тархины гэмтэл нь шинээр үүссэн. Цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэж дүгнэсэн нь хоорондоо зөрүүтэй. Амь хохирогч маргааш нь архи уугаад, уучлаарай гээд гар бариад зогсож байсан. Гэтэл задлан шинжилгээний дүгнэлтээр зүүн тал бөмбөлгийн цус харвалт, зүүн талын бөмбөлгийн 3, 4 дүгээр ховдолын цус харвалт, уртавтар тархины цус харвалт, няцралт гэсэн гэмтлүүд байна гэсэн. Тэгэхээр 1232 тоот дүгнэлтэд зөвхөн хатуу арьсан доорх цусан хураа дангаараа учирсан үед цусан хураа аажмаар нэмэгдэж, тархи дарагдалт үүсэх хүртэл хугацаанд эрүүл хүн мэт хөдөлгөөн хийх боломжтой байдаг тухай ойлголтоор дүгнэсэн байх. Үнэхээр тийм гэмтэл авсан бол амь хохирогч тэр өдрөө ямар нэгэн үйлдэл хийхгүй, хөдөлгөөнгүй 7 дугаар сарын 6-ны өдөр ухаан алдах эсхүл шоконд ороод нас барах ёстой байтал шинжээчийн дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй байхад маргааш нь амь хохирогч нь Г.Эрдэнэ-Оюунтай хамт архи ууж байсан зүйл хэрэгт байдаг. Энэ талаар шинжээч нар ойлгомжгүй хариулт өгсөн. Үүнийг тархины мэс заслын нарийн мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтээр 3-5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дахин гаргаж байж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би оршуулгын зардлаас гадна сэтгэл санааны хохирол болох 5.000.000 төгрөг нэхэмжилсэнээс анхан шатны шүүх хуралдааны өмнө 3.000.000 төгрөгийг өгсөн. Мөн 24 цагийн дотор 3.900.000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан. Өмгөөлөгч Ж.Яринпил гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх хэргийг хуулийн дагуу, зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэв.

 

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Мөнхтэгш нь эр эмийн хардлага, хувийн таарамжгүй харьцааны улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байхад шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн гэж гомдол гаргасан байна. Мөрдөн байцаалтын шатанд Б.Мөнхтэгш нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хэргийн талаар хоорондоо өөр өөр байдаг. Мөрдөн байцаалтын шатанд Б.Мөнхтэгш нь эр эмийн хардлага, хардалтын улмаас Ц.Батбаяртай муудалцсан талаар мэдүүлдэггүй. Мөрдөн байцаагчаас хэргийн болсон нөхцөл байдлын талаар асуусан. Б.Мөнхтэгшийн хувьд “би ус асуух гэж орсон, тамхи асаах гэж орсон” гэх зэрэг зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Шүүхийн хэлэлцүүлэгт “2010 оноос эхлээд гэрч Г.Эрдэнэ-Оюунтай эр эмийн харилцаатай байсан. Үүний улмаас Ц.Батбаяртай маргалдаж зодсон” гэж мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын шатанд Г.Эрдэнэ-Оюун тодорхой “Б.Мөнхтэгшийг эгчийнхээр нь орж гардаг хүрээнд нь таньдаг болсон” гэж мэдүүлдэг. Өмгөөлөгч нар заавал хөтөлсөн, тулгасан асуултыг асуусан гэж яриад байгаа нь хуульд нийцэхгүй. Мөн гэрч Батзул, Доржсүрэн, Хонгорзул хэргийн талаар тодорхой мэдүүлэг өгдөг. Хэргийн газар байсан гэрчүүдийн мэдүүлснээр Б.Мөнхтэгшийн хувьд шууд орж ирээд Батбаяр луу заагаад “чи энэ айлд юу хийж байгаа юм бэ” гэж хэлэн дайрч амь хохирогчийг зодож эхэлсэн” гэдэг талаар хэлдэг. Ямар нэгэн эр эмийн хардалт болсон асуудал байгаагүй. Цаг хугацааны хувьд амь хохирогч Б.Мөнхтэгштэй маргалдсан асуудал тогтоогддогүй. Б.Мөнхтэгш нь үл ялих зүйлээр шалтаглан Ц.Батбаяр луу дайрч зодсон. Тэнд байсан гэрч Г.Эрдэнэ-Оюун, Батзул, Хонгорзул, Доржсүрэн, Мөнхжаргал нарын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайн сэдэлтээр тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай тогтоогдсон. 1232 тоот шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтад “2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дээрх гэмтлийг авсан байх боломжтой” гэж дүгнэлт гаргасан атлаа 3 дахь заалтдаа үгүйсгэсэн дүгнэлт гаргасан гэж яриад байна. 3 дахь заалтад “тухайн гэмтлийг авсан цаг, минутыг тодорхой зааж өгөх боломжгүй” гэж тодотгож өгсөн. Харин тухайн гэмтлийг 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр авсан байх боломжтой гэсэн. 1535 тоот шинжээчийн дүгнэлтэд Ц.Батбаярын биед тогтоогдсон тархины зүүн талын бөмбөлгийн зулайн чамархайн дагз хэсгийн хатуу арьсан доорх цусан хураа зүүн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины суурь хэсгийн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь гэмтэл тус бүрээрээ учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Мөн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн амь хохирогчийн цогцост гадна үзлэг хийхэд тогтоогдсон дух, хөмсөг, зүүн мөр, цээж, баруун зүүн бугалга, дээд уруулын дотор салстын цус хуралт, зулгаралт зэрэг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй, хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Ц.Батбаярын биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаа цохих, өшиглөх аль ч үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл. Тухайн үед амь хохирогч нь гэрч Г.Эрдэнэ-Оюунтай хамтын амьдралтай байсан. Г.Эрдэнэ-Оюуны хүүхэд Батзулыг өөрийн хүүхэд гэж дууддаг гэдгийг гэрч Доржсүрэн, Хонгорзул нар хэлдэг. Энэ нөхцөл байдлуудаас харахад дотно харьцаатай байсан хүмүүсийнх нь дэргэд зодож, амь хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл учруулсан. Мөн амь хохирогч маргааш нь миний толгой өвдөөд байна гэх зовиурыг удаа дараа хэлж байсан. Үүний улмаас амь хохирогч нас барсан болох нь тогтоогдсон. Үүнийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзээд онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэж зүйлчилсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                        ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Мөнхтэгш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамж, 37Б тоотод оршин суух Г.Эрдэнэ-Оюуны гэрт ороод урьд нь үл таних “Ц.Батбаярыг “хэн бэ айлд юу хийж байгаа юм” гэж хэлэн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохих, мөн гэрийн гадаа гарган толгойн тус газарт нь өшиглөх, дэвсэх” зэргээр зодож гавал тархины хүнд гэмтэл учруулан танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Ялтан Б.Мөнхтэгш мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн найз Тулга гэх залуугийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байх гэрт нь очоод Тулгатай хамт 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Би хажуу хашаанд байх Оюунаагийн гэр лүү ус уухаар ороход Оюунаа, Батбаяр гэх залуугийн хамт согтуу архи уучихсан сууж байсан. Тухайн үед би согтсон байсан болохоор нэг хэсэг юу болсноо санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Батбаяр гэх залуутай уг хашаанд гэрийн хажууханд маргалдаж байсан. Юунаас болсон гэдгээ би сайн санахгүй байна. Маргалдаж байхдаа би ухаан орсон ба би Батбаярыг түлхсэн чинь Батбаяр унаад өгсөн. Тэгэхээр нь би очоод Батбаярын толгой руу хоёр удаа өшиглөөд дараа нь цээж рүү нь хоёр удаа өшиглөсөн. Батбаяр намайг цохиогүй газар хэвтсэн чигээрээ үлдсэн. ...Батбаяр гэх хүнийг би танихгүй. ...би юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Гэхдээ өшиглөснөө санаж байна. Хаана нь өшиглөснөө санахгүй байна...” /1-р хх-ийн 99-100/,

гэрч М.Хонгорзул мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Ээж Эрдэнэ-Оюун, түүний ах Доржсүрэн, түүний эхнэр Мөнхжаргал нар согтсон байдалтай байсан. Манай дүү Батзул дугуй унаад байж байсан. Намайг гэртээ ирсэнээс хойш 20 орчим минутын дараа Батбаяр ах халамцуу байдалтай 0.75 литрийн архитай ирсэн. Би 18 цаг өнгөрч байхад ломбарднаас гар утсаа авах гээд гарч яваад буцаад 20 цагийн орчим гэртээ ирэхэд Тулгын гэрт Мөнхтэгш архи уугаад сууж байсан. Мөнхтэгш манай гэрт 20 цаг өнгөрч байхад нилээд согтуу орж ирээд Батбаяр ахад хандаад “чи юун хүн бэ энэ айлд юу хийж яваа юм” гэхэд Батбаяр ах “би хүү дээрээ ирсэн юм” гэхэд Мөнхтэгш нь шууд Батбаяр ахын нүүр лүү гараараа 2, 3 удаа цохисон. Батбаяр ах өөдөөс нь цохиогүй. Тэгэхэд Доржсүрэн ах “чи наад ядарсан хүнээ яах гээд байгаа юм, наадах чинь Батзулын аав нь шүү дээ болиоч” гэж хэлсэн чинь Мөнхтэгш “үнэн юм уу” гэж хэлээд Батбаяр ахыг зодохоо больсон. Манай дүү Батзул нь Батбаяр ахын хүүхэд биш, манай дүүг 5 настай байхад Батбаяр ах манай ээжтэй хамтран амьдарч эхэлсэн болохоор дүүг маань миний хүүхэд гэж дууддаг байсан юм. Тэгээд Мөнхтэгш Батбаяр ахыг энгэрээс нь заамдаж аваад гэрээс чирч гаргасан чинь Батбаяр ах тамхи татах гээд асаасан чинь Мөнхтэгш Батбаярын нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан чинь Батбаяр ах шууд газар унаад өгсөн. Мөнхтэгш Батбаярын толгой дээр нь хөлөөрөө 2-3 удаа дэвсээд Батбаяр ах руу нилээд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд хэдэн удаа өшиглөөд дахин цохихоо болиод байж байхад Байгалмаа ирээд Мөнхтэгшийг “одоо боль гэрт ор” гэхэд үгэнд нь орохгүй тэнд хэсэг байж байснаа яваад өгсөн. Батбаяр ах өөрөө босч ирээд манай гэр лүү орсон. Батбаяр ах нэмж архи уугаагүй, ээж тэр хоёр хоёулаа согтуу байсан болохоор хоорондоо юм ярьж уйлж байгаад 23 цаг өнгөрч байхад унтаад өгсөн. Батбаяр ах манай гэрт ороход нүүр нь зарим хэсгээрээ бага зэрэг хавагнасан байсан санагдаж байна. Гэхдээ айхтар хавдаагүй, сүртэй шалбарсан зүйл байхгүй бага зэрэг зулгарсан юм уу гэмээр улайчихсан байсан. 2016 оны 7 дугаар сарын 7-ны өглөө би 11 цагт сэрэхэд Батбаяр ах байхгүй байсан. Батбаяр ах 0.5 литр нэрийг нь мэдэхгүй архи барьж орж ирээд ээжтэй хамт тэр архиа хувааж уусан. ...13 цагийн үед гэрээсээ гарч ажил руугаа явсан. Ээжийг согтуу байсан болохоор 17 цагт чөлөө аваад гэртээ ирэхэд Батбаяр ах хашаан дотор жорлонгийн хойд талд баруун талаараа хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Гэрт ороход ээж тасраад унтчихсан байсан. Би дүүгээсээ “Батбаяр ах тасарчихсан юм биш үү оруулахгүй яасан юм бэ” гэхэд дүү маань “харин тиймээ босохгүй байна, толгойг нь усаар шавшиж өгөөд сэрэхгүй, босохгүй байна” гэхээр нь би хувцасаа сольчихоод гараад Батбаяр ах дээр очоод “Батбаяр ахаа бос гэрт ор” гэж хэлэхэд ямар ч ухаангүй, сэрэхгүй босохгүй байсан. Би гэртээ ороод хоол унд хийгээд гэрээ цэвэрлэчихээд харахад Батбаяр ах босохгүй байхаар нь 20 цагийн орчимд 103-т дуудлага өгсөн. Түүнээс хойш 20-30 минутын дараа ирж үзээд “архины хордлого юм шиг байна эрүүл мэндийн 14-р төв дээр хордлого тайлах эмчилгээ хийнэ 40-50 мянган төгрөг болдог юм” гэхэд нь би гэрийг нь мэднэ би гэрт нь очиж хэлээд араас чинь хүн дагуулж очьё гэж хэлсэн...” /1-р хх-ийн 30-31/,

гэрч Г.Эрдэнэ-Оюун мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 18 цагийн орчимд Батбаяр манайд ирэхдээ 0.75 литрийн архи авчихсан халамцуу байдалтай ирсэн. Тэгээд би Батбаяр, Доржсүрэн, Мөнхжаргал нарын хамт уг архийг хувааж уусан. 19 цагийн орчим Мөнхтэгш нэлээн согтсон байдалтай орж ирээд “энэ одоо хаанахын хэн бэ” гээд Батбаяр луу хэлэхэд Батбаяр инээгээд суугаад байхаар нь би Мөнхтэгшид хандаад “чамд ямар хамаатай юм бэ” гэхэд Мөнхтэгш “чи хэн бэ” гээд Батбаярын толгой руу нь гараараа 2, 3 удаа цохиод авсан. Батбаяр гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Мөнхтэгш нэлээд бухимдсан ууртай байдалтай явж байсан ба Батбаярыг шууд гэрээс чирээд гарсан. Мөнхтэгш Батбаярыг гэрийн хажуу талд зодоод байсан. Би араас нь гараагүй, гадаа Батбаярыг зодоод байх шиг байхаар нь хэсэг хугацааны дараа гарахад Батбаяр газар явган суучихсан Мөнхтэгш хажууд нь зогсож байхаар нь би Мөнхтэгшийг “чи дахиад зодоод байгаа юм биш үү” гэхэд Мөнхтэгш “үгүй үгүй би зодоогүй” гэж хэлж байсан. Намайг гарснаас хойш Мөнхтэгш Батбаярыг цохиогүй Батбаяр ороод надтай юм ярьж байгаад манайд унтсан. Тухайн өдөр манайд Батбаяр, би, Хонгорзул, Батзул бид нар хоносон. Маргааш нь буюу 2016 оны 7 дугаар сарын 7-ны өглөө 09 цаг өнгөрч байхад сэрээд хэвтэж байтал ...Батбаяр босоод толгой өвдөөд байна гээд өвдсөн байдалтай байгаад байсан. ...Батбаяр хүүхдийн пүүз өмсөөд гараад явахаар нь би 00 орох гээд гарсан юм байх гэж санасан чинь удаагүй 10 гаруй минутын дараа дэлгүүр орчихоод ирлээ гээд 0.5 литрийн нэг шил архи, бэлэн гоймонтой аваад ороод ирсэн. ...Батбаяр манайд ирэхдээ зодуулсан гэхээр зүйл байгаагүй, халамцуу байдалтай байсан. Биед нь болон нүүр аманд ил харагдахаар гэмтэл шарх огт байгаагүй. ...Батбаяр Мөнхтэгшид зодуулсанаас хойш манай гэрт байж байхад уруулынх нь завсар жавьж орчимд нь жаахан цус болчихсон байдалтай, нүүр нь зарим хэсгээрээ зулгарч бага зэрэг улайсан, хавдсан байсан...” /1-р хх-ийн 33-34/,

насанд хүрээгүй гэрч Э.Батзул мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр манай ээж Эрдэнэ-Оюун, Доржсүрэн ах, эхнэр Мөнхжаргал эгч нар архи уугаад сууж байтал гаднаас Батбаяр ах 18 цагийн орчимд орж ирсэн. Тэд нар архи уугаад сууж байтал Мөнхтэгш ах нэлээн согтуу байдалтай зүүн талын Тулга ахын гэрээс орж ирэнгүүтээ Батбаяр ахыг хараад “хаанаас ирсэн лалар вэ” гэхэд Батбаяр ах юм дугарахгүй байсан чинь “чи хэлгүй юм уу” гэхэд Батбаяр ах мөн юм дугарахгүй байсан. Батбаяр ах гэрийн баруун талд байх орон дээр сууж байсан чинь Мөнхтэгш ах очоод шууд гараараа нүүр лүү нь нэлээд хэдэн удаа цохиж авсан. Батбаяр ах “болъё агаа, болъё агаа” гээд сүүлдээ орлуугаа хойшоо хэвтсэн. Батбаяр ахыг Мөнхтэгш ах заамдаж чирээд гэрийн гадна талд баруун талд очиход Батбаяр ах халааснаасаа тамхи гаргаж ирээд татах гэтэл Мөнхтэгш ах гараараа Батбаяр ахын нүүрэнд нэлээд хэдэн удаа цохисон чинь Батбаяр ах газар унасан чинь Мөнхтэгш ах Батбаяр ахын толгой руу нь нэлээн олон удаа дэвссэн. Тухайн үед ээж Эрдэнэ-Оюун болон Доржсүрэн ах салгах гээд дийлэхгүй байсан чинь цаанаас Байгалмаа эгч ирээд салгасан. Ингээд Батбаяр ах манайд ороод ээж Эрдэнэ-Оюун, эгч Хонгорзул, Батбаяр ах бид нар хоносон. Маргааш өглөө нь намайг сэрэхэд Батбаяр ах архи авч ирээд ээжтэй тэр архийг хувааж уусан. Тэгээд Батбаяр ах “толгой өвдөөд байна” гээд ээж даралт ихсээд байна гэж байсан. Хонгорзул гэрээс гараад явсан, ээж унтаад өгсөн. Батбаяр ах надтай цуг суугаад зурагт үзэж байгаад “бие заслаа” гээд 17 цагийн орчимд гарсан. Би зурагт үзээд хэвтэж байгаад бие засахаар гэрээс гарсан чинь жорлонгийн хажууд Батбаяр ах хэвтэж байсан. Би очоод Батбаяр ахыг сэрээх гэсэн чинь Батбаяр ах хурхираад унтаад байх шиг байсан. Тэгээд сэрэхгүй би ганцаараа дийлэхгүй болохоор гэртээ орсон. Удаагүй Хонгорзул эгч ирээд хоол хийгээд Батбаяр ахыг сэрэхгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлсэн чинь архины хордлого гээд Цамбагарав төв дээр байх эмнэлэг дээр очсон чинь “наадах чинь архины хордлого биш зодуулсанаас болсон байна” гээд гэмтэл рүү авч явсан. ...Батбаяр ах тэр өдрийн өглөө гарч архи авч ирсэн байсан. Тэрнээс өөр гарч ороогүй. Харин өмнө орой нь Мөнхтэгш ахад зодуулаад нүүр нь хавдчихсан байдалтай байсан. Тэгээд тэр өдөр “толгой өвдөөд байна толгой эргээд байна” гэж ярьж байсан...” /1-р хх-ийн 36-37/,

гэрч Г.Доржсүрэн мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр би төрсөн дүү Эрдэнэ-Оюуны гэрт өөрийн эхнэр Мөнхжаргалын хамт очсон. Бид нар 0.75 литрийн нэг шил архи хувааж yyгaaд дуусч байтал гаднаас өмнө нь Эрдэнэ-Оюунтай хамтран амьдарч байсан Батбаяр гэх залуу нэг шил архи авч орж ирсэн ба халамцуу байдалтай байсан. Ингээд гаднаас манай дүү Эрдэнэбилэгийн гэрээр орж гарч байдаг Мөнхтэгш гэх залуу халамцуу байдалтай орж ирсэн. Мөнхтэгш орж ирэнгүүтээ Батбаярыг заагаад “чи энд юу хийж байгаа юм бэ” гээд зүүн талын орон дээр Батбаярыг сууж байхад нь Мөнхтэгш шууд гараараа нүүрэнд нь нилээд хэдэн удаа цохиж авсан. Батбаяр ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гараараа нүүрээ хаагаад хойшоо болоод байсан. Батбаяр угаасаа хүнтэй зодолдоод байдаггүй ноомой зантай хүн байгаа юм. Би Мөнхтэгшид “наад хүн чинь Эрдэнэ-Оюуны хүүгийнх нь аав нь байгаа юм” гэхэд Мөнхтэгш “үнэн юм уу” гэхэд “үнэн” гэж хэлсэн чинь арай гайгүй намдах шиг болохоор нь би тархины өвчтэй хүн болохоор айгаад эхнэрээ дагуулаад аваад гараад Тулгын гэрт ороход Тулга унтаж байсан, Байгалмаа гэртээ байж байсан. ...Батбаяр анх орж ирэхэд зодуулсан гэхээргүй цэвэрхэн хувцасласан халамцуу байдалтай инээгээд орж ирсэн. Ямар нэгэн зовиур хэлж байгаагүй...” /1-р хх-ийн 40/,

гэрч Б.Байгалмаа мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 13 цагийн үед манай нөхөр Тулгын хуурай ах Мөнхтэгшийг манайд ирэхэд 0.75 литрийн “Арвай” нэртэй архи аваад бид гурав хувааж уучихаад дахиад 0.75 литрийн архиа уугаад сууж байтал манай хажуу айлын эгч Оюун согтуу орж ирээд Мөнхтэгш ахтай хэрэлдээд байсан. Оюун эгчийн охин Зулаа орж ирээд Оюун эгчийг аваад гэртээ орсон. Мөнхтэгш ах саванд ус хийгээд “айлын хөргөгчинд хийнэ” гээд манайхаас гарсан. 10-20 орчим минутын дараа Оюун эгч “болиоч ээ хүн аллаа шүү дээ” гэж орилохыг сонссон. Би хэвтэж байгаад босоод Мөнхтэгш ахыг гэр лүү дагуулж ирэх гээд очтол миний үгэнд орохгүй байсан. Оюун эгч надад манай нөхрийг зодсон гээд байсан юм. Намайг очиход Мөнхтэгш Оюун эгчийн нөхрийнх нь цамцнаас зулгаагаад “энийг би амьтан болгоно, энэ Оюуныг зоддог юм билээ” гээд байсан...” /1-р хх-ийн 42, 43/,

гэрч Ж.Түмэн-Өлзий мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр уг хүн ирэхдээ биеийн байдал маш хүнд, ухаангүй, гадны ямар ч цочролд хариулахгүй, туранхай байдалтай ирсэн. Бид зохих ёсны шаардлагатай шинжилгээнүүдийг хийж тархины гэмтэл цус хуралт байж болзошгүй гэж үзээд мөн давхар архины шалтгаант хордлого байж болзошгүй шинж тэмдгүүд байсан учир дээрх шалтгааны эсрэг эмчилгээнүүдийг хийж эхэлсэн. Өвчтөн удалгүй биеийн байдал нь улам бүр дордож эмчилгээнд үр дүн өгөлгүй амьсгал, зүрх зогсож нас барсан. Би уг хүнд антибиотик эмчилгээ, тархины хаван бууруулах, цус тогтоох, хордлого тайлах, тархины эд эсийг сэргээх бусад шинж тэмдгийн эмчилгээг хийсэн боловч өвчтний биеийн байдал хүнд байсан тул амь насыг нь аврах боломжгүй, өвчтөн нас барсан...” /1-р хх-ийн 162/,

Шинжээч эмч М.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд “...Талийгаач Батбаярын биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Яг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй ч нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт гар, хөл, мод, чулуу бүгд багтах бөгөөд хөлөөр өшиглөх, дэвсэх, өвдөглөх, гараар цохих аль алинд нь уг тархины гэмтэл үүссэн байж болно. Тэр хүн хэдий хэмжээтэй архи уусан хэр зэрэг согтсоныг тогтоох боломжгүй. Хүн архийг хэр зэрэг даадаг, дасан зохицох байдал, хоол хүнс, тарган туранхай гэх мэт олон зүйлээс согтох эсэх нь өөр өөр байдаг тул согтолтыг тогтоох боломжгүй, 1.8 промил спиртийн агууламж илэрсэн гэдэг нь тухайн хүн нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан гэдгийг харуулж байна. Дунд зэргийн согтолттой хүн биеэ авч явах чадвартай байна. Цусан хурааны байдлаас харахад цусан хураа шингэн болон бүлэгнэсэн байдалтай байх тул талийгаач 24 цаг орчим болсон байна. Тархины суурь хэсэгт уртавтар тархины эд няцарсан тул идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломж багатай. Тархиндаа гэмтэл авсан хүнд толгой өвдөх, огиулж бөөлжих, ухаан алдах гэх мэт ерөнхий шинж тэмдэг илрэх бөгөөд яг ямар шинж тэмдэг тавьснаас хамаарч илрэх шинж тэмдгүүдийг нарийн мэргэжлийн эмч тогтооно. Гэмтлийн хувьд нас барахаас 24 цаг орчмын өмнө авсан гэж бодож байна. Хугацааг нарийн тогтооё гэвэл эд, эсийн шинжилгээгээр тогтоох боломжтой юм. ...Би талийгаач Батбаярын цогцост хийсэн үзлэг шиг жижиг зулгаралт, цус хуралтуудыг нэг бүрчлэн бичээгүй ерөнхийд нь духны баруун хэсэгт 5x4 см талбайд 0.2-0.6 см хэмжээтэй хэсэгчилсэн хүрэн өнгийн зулгаралтуудтай, зүүн мөрний урд гадаргад мөн жижиг хэмжээний хүрэн өнгийн зулгаралтуудтай гэж базаж дүгнэлтэд бичсэн байна. Уг гэмтлүүд нь тухайн цаг үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Жижиг зулгаралтууд, цус хуралтууд гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг жижиг гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин тархины гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Би 120 мл байсныг 12 гэж андууран бичилтийн явцад техникийн алдаа гаргасныг гараар засаж бичсэн. Өвчний түүхээс харахад өвчтөний биеийн байдал хүнд байсан байна. Хагалгаанд орох эсэхийг гэмтлийн эмч нар шийднэ. Тархины битүү гэмтлийн хувьд амь насыг нь аврах боломж багатай байсан байна...” /1-р хх-ийн 173-174, 169-170/,

Шинжээч эмч Г.Ханхүү мөрдөн байцаалтын шатанд “...Тархины битүү гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр үүссэн, уг гэмтлийг тухайн өдөр авсан байх боломжтой байна. Гэхдээ гэмтлийг авсан цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна гэж ойлгоно. Дээрх гэмтлийг аваад яг хэдэн цаг, минут болсоныг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин гэмтлийн шинж байдал болон эд, эсийн материалыг харахад 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр үүссэн байх боломжтой гэж үзсэн. Уг тархины гэмтлүүдийг авсан хүн эрүүл хүн мэт үйл хөдөлгөөн хийх боломжтой. Цусан хураа нь аажим хугацаанд хурсанаар аажмаар тарж үхэлд хүргэнэ...” /1-р хх-ийн 171-172/,

Шинжээч эмч С.Одончимэг мөрдөн байцаалтын шатанд “...Талийгаачийн биед учирсан тархины гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр авсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Харин гэмтлийг авсан цагийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх тархины хүнд гэмтлүүдийг авсан хүн эрүүл хүн мэт үйл хөдөлгөөн хийх боломжтой. ...Уг тархины гэмтлүүд нь тус тусдаа амь насанд аюултай хүнд гэмтэлд орно. Зөвхөн тархинд үүссэн дээрх гэмтлүүд нь нэг болон олон удаагийн үйлчлэлээр аль аль тохиолдолд үүсэх боломжтой...” /1-р хх-ийн 173-174/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…С.Батбаярын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Задлан шинжилгээгээр элэгний өөхөн хувирал, нойр булчирхайн хатууралт өвчин тогтоогдсон ба эдгээр нь нас барахад нөлөөлөөгүй болно. Талийгаач С.Батбаяр нь дээрх тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач С.Батбаяр нь ABO системээр Ва (III) бүлгийн цустай байжээ. Талийгаач С.Батбаяр нас барах үедээ дунд зэргийн согтолттой…” байсан болохыг тогтоосон шинжээчийн 1325 тоот дүгнэлт /1-р хх-ийн 52-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1325 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Батбаяр нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дээрх тархины гэмтлийг авсан байх боломжтой байна. Ц.Батбаярын биед учирсан тархины гэмтэл нь шинэ үүссэн бөгөөд цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, өшиглөх аль ч үед үүсэх боломжтой. Дээрх тархины гэмтлийг авсан тохиолдолд цусан хураа аажим хугацаанд хурах боломжтой тул эрүүл хүн мэт үйл хөдөлгөөн хийх боломжтой. Дээрх тархины гэмтлийг авсан хүнд толгойн өвдөлтийн шинж илэрч эхэлнэ. Ц.Батбаярын биед тухайн задлан шинжилгээний үед тогтоогдсон гэмтлүүд учирсан бөгөөд шинжилгээ болон фото зургаар баталгаажсан байна...” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1232 тоот дүгнэлт /1-р хх-ийн 77-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн талийгаач Ц.Батбаярын цогцост үзлэг хийсэн гадна үзлэгт тогтоогдсон дух, хөмсөг, зүүн мөр, цээж, баруун зүүн бугалга, дээд уруулын дотор салстын цус хуралт, зулгаралт зэрэг гэмтлүүд нь үхэлд нөлөөгүй хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Ц.Батбаярын биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цохих өшиглөх аль ч үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Ц.Батбаярын биед тогтоогдсон тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины суурь хэсгийн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь гэмтэл тус бүрээрээ учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Ц.Батбаярын бие цогцост тогтоогдсон дээрх гавал тархины хүнд гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд хэдэн цагаас хэдэн өдрөөр амьд байж үйл хөдөлгөөн хийх боломжтой...” болохыг тогтоосон бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1535 тоот дүгнэлт /1-р хх-ийн 185-186/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “…Б.Мөнхтэгш нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Б.Мөнхтэгш нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Б.Мөнхтэгш нь мэдүүлэг өгөх чадвартай. Б.Мөнхтэгш нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай. Б.Мөнхтэгш нь хэрэг хариуцах чадвартай...” болохыг тогтоосон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 738 тоот дүгнэлт /хх-ийн 63-64/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-14/ цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-18/ зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Мөнхтэгшийн гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Б.Мөнхтэгш, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Яринпил нарын хамтран гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Б.Мөнхтэгшийн “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье...”, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Яринпил нарын хамтран гаргасан “…Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг шалгаагүй орхигдуулсан, гэрч Г.Эрдэнэ-Оюун ялтан Мөнхтэгштэй бэлгийн харьцаатай байсан эсэхийг маш тодорхой мэдүүлэг авч тогтоох, мөн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэсэн утга агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Учир нь хавтас хэрэгт гэрч Г.Эрдэнэ-Оюуны “...Б.Мөнхтэгш гэх хүн нь манай эгчийн гэрээр байнга орж гардаг болохоор нь би таньдаг болсон. Ерөнхийдөө танихаас өөр холбоо байхгүй. Харин би талийгаач Батбаяртай 2005-2008 он хүртэл хамтран амьдарч байгаад салсан. Түүнээс хойш Батбаяр нь манайхаар ирэн очин байх болсон...” гэх мэдүүлэг авагдсан бөгөөд уг мэдүүлгээс үзэхэд гэрч Г.Эрдэнэ-Оюун нь ялтан Б.Мөнхтэгштэй бэлгийн харьцаатай байсан талаар дурдаагүй, танихаас өөр холбоо байхгүй гэж мэдүүлж байгаа нь ялтны өмгөөлөгч нарын гаргасан “гэрч Г.Эрдэнэ-Оюун ялтан Б.Мөнхтэгштэй бэлгийн харьцаатай байсан эсэхийг маш тодорхой мэдүүлэг авч тогтоох” гэсэн давж заалдах гомдол үгүйсгэгдэж байх бөгөөд түүнийг дахин гэрчээр асуух шаардлагагүй юм.

 

Түүнчлэн гэрч М.Хонгорзулын “Батбаяр гэх хүн нь хуучин манай ээж Г.Эрдэнэ-Оюунтай хамтран амьдарч байсан, одоо хамт амьдрахаа болиод 4-5 жил болж байна. Мөнхтэгш гэх хүнийг бол зүс мэднэ. Манай ээжийн эгч Эрдэнэбилэгийн гэрээр орж гараад байдаг хүн. Гэхдээ би тэр хүний нэрийг Мөнхтүвшин гэж ойлгосон. ...Тэгэхэд Доржсүрэн ах “чи наад ядарсан хүнээ яах гээд байгаа юм, наад хүн чинь Батзулын аав нь шүү дээ болиоч” гэж хэлсэн чинь Мөнхтэгш “үнэн юм уу” гэж хэлээд Батбаяр ахыг зодохоо больсон. Манай дүү Батзул нь Батбаяр ахын хүүхэд бишээ, манай дүүг 5 настай байхад Батбаяр ах манай ээжтэй хамтран амьдарч эхэлсэн болохоор дүүг маань “миний хүүхэд” гэж дууддаг байсан...” /1-р хх-ийн 30-32/, гэрч Г.Доржсүрэнгийн “...С.Батбаяр нь манай төрсөн дүү болох Г.Эрдэнэ-Оюуны нөхөр нь байсан, гэхдээ 5 жилийн өмнө салсан, манай хүргэн байсан. Мөнхтэгшийг бол мэдэхгүй урьд нь ганц хоёр удаа харж байсан, сайн мэдэхгүй...” /1-р хх-ийн 38-39/ гэх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж үзвэл талийгаач С.Батбаяр нь гэрч Г.Эрдэнэ-Оюунтай хамтран амьдарч байсан бөгөөд ялтны өмгөөлөгч нарын гаргасан ялтан Б.Мөнхтэгш нь гэрч Г.Эрдэнэ-Оюунтай бэлгийн харьцаатай байсан гэх давж заалдах гомдол дээрх мэдүүлгүүдээр давхар няцаагдаж байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж гэрч Г.Эрдэнэ-Оюуныг дахин байцааж дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1232 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “...2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1325 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Батбаяр нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан, 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дээрх гэмтлийг авсан байх боломжтой, Ц.Батбаярын биед учирсан тархины гэмтэл шинэ үүссэн бөгөөд цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 77-78/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1535 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “...дээрх гэмтлүүд шинэ гэмтэл бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Ц.Батбаярын биед тогтоогдсон тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай хэсгийн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь гэмтэл тус бүрээрээ учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Ц.Батбаярын бие, цогцост тогтоогдсон дээрх гавал тархины хүнд гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд хэдэн цагаас хэдэн өдрөөр амьд байж үйл хөдөлгөөн хийх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 165-166/, шинжээч эмч Г.Ханхүү мөрдөн байцаалтын шатанд “...тархины битүү гэмтэл хэрэг учрал болсон гэх 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр үүссэн, уг гэмтлийг авсан цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна гэж ойлгоно. Харин гэмтлийн шинж байдал болон эд, эсийн материалыг харахад 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр үүссэн байх боломжтой гэж үзсэн. Уг тархины гэмтлийг авсан хүн эрүүл хүн мэт үйл хөдөлгөөн хийх боломжтой. Цусан хураа нь аажим хугацаанд хурсанаар аажмаар тарж үхэлд хүргэнэ...” /1-р хх-ийн 171-172/, шинжээч эмч С.Одончимэг мөрдөн байцаалтын шатанд “...талийгаачийн бие учирсан тархины гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр авсан байх боломжтой шинэ гэмтэл байна. ...дээрх тархины гэмтлүүдийг авсан хүн эрүүл хүн үйл хөдөлгөөн хийх боломжтой. Харин зөвхөн тархинд үүссэн дээрх гэмтлүүд нь нэг болон олон удаагийн үйлчлэлээр аль аль тохиолдолд үүсэх боломжтой...” /1-р хх-ийн 173-174/ гэх мэдүүлэг зэргээр ялтан Б.Мөнхтэгшийн өмгөөлөгч Г.Наранбаатарын “бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгнө үү” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд уг хэрэгт дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

 

Анхан шатны шүүхээс ялтан Б.Мөнхтэгшид хорих ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон бусад хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Б.Мөнхтэгшид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэсэнтэй нийцэж байна.

 

Дээрх нөхцөл байдлуудын талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт зааснаар “...шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасныг хангасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. 

 

Хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон, асуувал зохих гэрч, шинжээч нарыг асуусан, анхан шатны шүүх ялтны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтан Б.Мөнхтэгшийн мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Мөнхтэгш, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Яринпил нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Мөнхтэгш, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Яринпил нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ