Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2020/0001

 

“Ж м н” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0459 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ж м н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0459 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3, 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын зориулалттай 12084.9 га газрын “Ж м н” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцалтай хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэлд “Ж м н” ХХК-ийн эзэмших газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, “Ж м н” ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэрт байрлах 400 га газрыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага гаргасан нь тухайн нэхэмжлэлийн шаардлага нь хоёрдмол агуулгатай байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гэж заасантай нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байжээ” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд ямар баримтаар зориулалтын дагуу ашигласан гэдгийг тогтоосон нь тодорхойгүй. Нэхэмжлэгч “Ж м н” ХХК нь анх газар авахдаа Газрын тухай хуулийн 29, 32 дугаар зүйлд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр ямар ч төсөл сонгон шалгаруулалтгүй газар авч Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасантай нийцэхгүй зөрчсөн байтал шүүхээс хууль ёсны газар эзэмшигч гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч газрын гэрчилгээ авахдаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхдаа газар эзэмших эрх авсан нь түхайн газрыг авахдаа сонгон шалгаруулалтгүй авсан гэдгийг нотолж байхад шүүх Газрын тухай хуулийн дагуу авсан гэж дүгнэсэн. Шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

         Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг үндэслэн Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч хил заагийг тогтоосон байх ба 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор дээрх тусгай хэрэгцээнд авсан газрын солбицлыг өөрчилжээ.

         Нэхэмжлэгч “Ж м н” ХХК нь дээрх Засгийн газрын тогтоолуудаар улсын тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газраас өөрийн эзэмшлийн 400 га газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, уг Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэрт байрлах 400 га газрыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж /сүүлийн байдлаар тодруулсан нэхэмжлэлийн шаардлага/, үндэслэлээ “Засгийн газар Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргалгүй хууль зөрчиж тусгай хэрэгцээнд авсан” гэж тодорхойлсон байна.

         Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн эсэхийг шалгахдаа тухайн газар эзэмшигч нь газраа хууль ёсоор, бодитоор эзэмшсэн байх, газар эзэмших гэрээний хугацаа дуусаагүй байх урьдач нөхцөл хангагдсан эсэхийг тогтоох шаардлагатай.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжаар “Ж м н” ХХК-д Тулгар төр байгуулагдсаны 800-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Тахилтын энгэрт 400 га газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж, мөн өдрөөр 0090188 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгогдсоноос өөрөөр газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, эзэмшил газрын солбицлыг газарт буулгаж тэмдэгжүүлэх ажиллагаа хийгдээгүй, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх 400 га газар нь Төв аймгийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, 2011 оныг хүртэл газрын төлбөр төлөгдөөгүй болох нь гэрч Б.Ууганцэцэгийн мэдүүлэг, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 07/275 дугаар албан бичиг болон бусад баримтууд, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 58 дугаар захирамжаар “үйл ажиллагаа явуулаагүй, гэрээ хийж, гэрээг дүгнүүлээгүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтад нээхмжлэгч хуулийн этгээд орж байсан үйл баримт зэргээр нотлогджээ.

         Харин тэрээр 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургаа хийлгэж, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн газрын кадастрын мэдээллийн санд анх бүртгэгдсэн, дахин 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 00297647 дугаартай гэрчилгээ олгогдсон, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан, 2011 онд 2009, 2010,2011 оны газрын төлбөрийг, 2012 болон 2013 онуудад тухайн онуудын газрын төлбөрөө төлсөн байх бөгөөд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд “Ж м н” ХХК нь 2011 оныг хүртэл Газрын тухай хуулиар хүлээсэн газар эзэмшигчийн үүргээ биелүүлж байгаагүй, 2013 оныг хүртэл эзэмшил газрынх нь хил хязгаар тодорхойгүй байсан байна.

         Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж “нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй  байх тул  хариуцагчийн “ямар баримтаар зориулалтын дагуу ашигласан гэдгийг тогтоосон нь тодорхойгүй” гэх гомдол үндэслэлтэй.

         Түүнчлэн, “Ж м н” ХХК-ийн эзэмшлийн гэх 400 га газраас Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжаар Иргэний нисэхийн ерөнхий газарт 200 га газрыг давхцуулан олгож, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар Иргэний нисэхийн ерөнхий газраас “Мошеа эко энержи” ХХК-д 100 га газрыг нь шилжүүлсэн байх ба уг асуудлаар маргаж  “Ж м н” ХХК нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх захирамжуудын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0014 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэ шүүгчийн захирамжаар хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нь “нэхэмжлэгч цаашид өөрийн эзэмшлийн 200 га газраа эзэмших сонирхол байхгүй, зөвхөн Засгийн газраас давхацуулсан газрын нөхөн олговрыг авах ашиг сонирхолтой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө, Иргэний нисэхийн ерөнхий газар болон “М э э” ХХК-ийн газар эзэмших эрхийг хөндөхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталсан байх ба Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаас “Ж м н” ХХК-ийн 400 га газар эзэмших эрхийг сэргээсэн ямар нэгэн захиргааны акт гаргаагүй байна.

Иймд энэхүү захирамжийг “Ж м н” ХХК 400 га  газар эзэмших эрхтэйг нотолсон нотолгоо гэж үзэх боломжгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч хил заагийг тогтоох үед нэхэмжлэгч “Ж м н” ХХК нь ямар хэмжээтэй газар эзэмшиж байсан нь тодорхойгүй байсны зэрэгцээ Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 58 дугаар захирамжид компанийн нэр орсонтой холбоотойгоор улсын тусгай хэрэгцээний газартай давхардаж байгаа газар олголтын талаарх судалгаанд хамрагдаагүйд хариуцагч Засгийн газрыг буруутгах боломжгүй.

          Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийг маргаан бүхий 400 га газрыг бүхэлд нь бодитоор, хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэхгүй.

          Харин маргаан бүхий 2010 оны тогтоол гарахаас өмнө Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Мянган морьтон” арга хэмжээг зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн, уг арга хэмжээг нэхэмжлэгч “Ж м н” ХХК зохион байгуулсан, тус арга хэмжээнд зориулан маргаан бүхий газарт барилга байгууламж барьсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсоноос үзвэл нэхэмжлэгч нь тухайн барилга байгууламж байршиж байгаа газрын хэмжээгээр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжид заасан зориулалтаар ашиглаж байсан гэж ойлгохоор байна.

         Энэ тохиолдолд хариуцагч Засгийн газар нь бодит байдал дээр бусдын хөрөнгө байршиж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа нөхөн олговорын асуудлыг шийдвэрлээгүй нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

         Гэвч нэхэмжлэгч нь Засгийн газрын 140, 157 дугаар тогтоолоор эзэмшил газрыг нь тусгай хэрэгцээнд авсаныг хүлээн зөвшөөрдөг, гагцхүү Газрын тухай хуульд заасан нөхөн олговор олгохгүй байгаатай холбогдуулан маргаснаас үзвэл зөрчигдсөн гэх ашиг сонирхол нь “нөхөн олговор авах эрх” байна.

        Түүнчлэн, Засгийн газрын тогтоол хэрэгжиж Хөшигийн хөндийд “Олон улсын нисэх онгоцны буудал” баригдсан нь нийтэд илэрхий үйл баримт байхад  тогтоолуудын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь бодит нөхцөл байдалд тохироогүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэхээргүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

         Иймд Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзээд нэхэмжлэлээс  “Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолуудаар улсын тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газраас өөрийн эзэмшлийн 400 га газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

         Хэдийгээр нэхэмжлэгч нь “Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэрт байрлах 400 га газрыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дээрх хүчингүй болгуулах шаардлагатайгаа холбож, зөрчигдөхөөс өмнөх эрхээ сэргээлгэхийг хүссэн агуулгаар гаргасан байх боловч нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх ашиг сонирхол нь “нөхөн олговор авах эрх” байгаа тохиолдолд зохих журмын дагуу нөхөн олговор олгохыг даалгаснаар уг зөрчигдсөн эрх сэргэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж нөхөн олговор олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана” гэж, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ын 7 дахь хэсэгт зааснаас үзвэл “нөхөн олговор” гэдэг нь тухайн газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийн тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ байх тул хариуцагч Засгийн газар нь маргаан бүхий газарт бодитоор байрлаж байгаа барилга, байгууламжийн тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэлгээг “Ж м н” ХХК-нд олговол зохих нөхөн олговорт тооцон олгосноор энэ шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэж ойлговол зохино.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан бөгөөд “нэхэмжлэгч нь газрыг ямар ч төсөл сонгон шалгаруулалтгүйгээр авсан, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхдаа газар эзэмших эрх авсан” гэх үндэслэл нь захиргаа өөрөө газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгоогүй, уг захирамж хүчин төгөлдөр байгаа тохиолдолд Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжийг хууль бусад тооцох үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0459 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж м н” ХХК-ийн “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай” 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан 12084.9 га газраас өөрийн эзэмшлийн 400 га газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Ж м н” ХХК-д зохих журмын дагуу тооцож нөхөн олговор олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” гэж,

3 дахь заалтын “50 дугаар зүйлийн 50.5” гэснийг “47 дугаар зүйлийн 47.2” гэж,  “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж,

2 дахь заалтыг хүчингүй болгож, 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 болгож тус тус өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаагийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

                ШҮҮГЧ                                                       О.НОМУУЛИН