Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 26 өдөр                           Дугаар                                     Эрдэнэбулган сум
 109/ШШ2017/0029

    Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,                                                                                                   
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, М.Ганбаатар, С.Гантулга нарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 
2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 09 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ганбаатар, С.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Зоригтхүү нараас эвлэрлийн гэрээ байгуулсныг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ганбаатар, С.Гантулга нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрээс 2600 га газрыг дуудлага худалдаагаар оруулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ Монгол Улсын Газрын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасанчлан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналд тусгагдаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурал багийн иргэдээс санал авалгүйгээр, түүнчлэн газрын тухай хуулийн дагуу давуу эрхээр эзэмшүүлэхээр шийдвэр нь гарсан байсан 800 га газартай давхардуулан олгохоор  шийдвэр гаргасан нь хуулийг ноцтой зөрчиж байна. Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт газар тариалангийн газар ихээр олгогдсоноор болж цөлжилт явагдаж мал бэлчих газаргүй болж хэдэн малаа харж амьдардаг хүмүүсийн  хувьд амьдрахад бэрх болж байна.
Иймд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 
Хариуцагч Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана“, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” хэмээн заасан бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 -д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж заасан байдаг. 
Энэ нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аймгийн нийт иргэдийн эрх ашигт нийцүүлэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн зорилт, түүнтэй нийцүүлэн боловсруулсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг холбогдох хуульд нийцүүлэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэйг баталгаажуулж байна.
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь тухайн жилд газар ашиглуулах, эзэмшүүлэх газрын хэмжээг тодорхойлох, төлөвлөх, зүй зохистой ашиглах бодлого, төлөвлөлтийн баримт бичиг бөгөөд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдсэн сангийн ангиллаар иргэн, аж ахуйн нэгжид зориулалтын дагуу хуульд нийцүүлэн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрх нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга, багийн Иргэдийн Нийтийн хурлын эрх хэмжээний асуудал юм гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.Ганбаатар, С.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Зоригтхүү нар харилцан буулт хийж дараах нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг байгуулав. Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг хүндэтгэж, Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах болно гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол улсад газар..гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн  14-д “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах.. эрхтэй” гэж Үндсэн хуулиндаа хуульчилсан өгсөн бөгөөд нэхэмжлэгч М.Ганбаатар, С.Гантулга нар нь тус аймгийн Төвшрүүлэх сумын газрын маргааны талаар тус шүүхэд өөрийн болон бусдын эрх, хууль ёсны эрхээ хамгаалуулахаар /81 иргэдийг төлөөлж/ Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. /х.х-н 1-3/

Уг маргааны үйл баримтаас дурдахад: Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 09 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсгүүдийг үндэслэн Архангай аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 1-14 дүгээр хавсралтаар баталсан байна. /х.х-н 39/

Тус тогтоолын “Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тариалангийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээ”-г тогтоосон 06 дугаар хавсралтын 4 дэх хэсэгт Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Мандахын хөндий 1100 га, Дэлийн ар 1500 га газрыг үр тариа тарих зориулалтаар сумын Засаг дарга, газрын даамал нарт хариуцуулан дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тусгажээ. /х.х-н 40/

Дээрх захиргааны акт гарснаар нэхэмжлэгч М.Ганбаатар, С.Гантулга нараас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрээс 2600 га газрыг дуудлага худалдаагаар оруулахаар шийдвэрлэхдээ Газрын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасанчлан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналд тусгагдаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурал багийн иргэдээс санал авалгүйгээр, түүнчлэн газрын тухай хуулийн дагуу давуу эрхээр эзэмшүүлэх 800 га газартай давхардуулан олгосон шийдвэр гаргаснаар мал бэлчих газаргүй болж малчдын эрх ашгийг хөндөж хуулийг ноцтой зөрчсөн гэж; 
Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах” арга хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг олгосон гэж маргажээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /з/-д “ нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах”,   25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах”, 25.2-д “ хурлын тогтоолд хурлын дарга гарын үсэг зурна” ,
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “.. тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсгүүдэд зааснаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан  газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргах хуулийн зохицуулалтай байна. 
 
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас харилцан зөвшилцсөний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа буулт хийж хариуцагч Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг хүндэтгэж, Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсоноо бичгээр илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна./х.х-н 230/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож эвлэрснээ бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй байна. 

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, М.Ганбаатар, С.Гантулга нарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг баримтлан хэргийн оролцогчид эвлэрснийг баталж, М.Ганбаатар, С.Гантулга нарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА