Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1540

 

О.**гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00220 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.**гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.**д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62 080 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Ж.**гийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.**

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.** нь надаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 32 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.** нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн хугацаанд нэг удаа 1 280 000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож 16 000 000 төгрөг, хүүнд 14 080 000 төгрөг, үндсэн зээл 32 000 000 төгрөг, нийт 62 080 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.** шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие одоогоор бага насны хүүхдээ асран эрхэлсэн ажилгүй байгаа тул алданги болох 16 000 000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Ж.**гаас 62 080 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.**д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468  350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.**гаас 468 ; 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.**д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.** давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Уг хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлүүлэх, өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах үүднээс хуульд заасан бүхий л арга хэмжээг авахын тулд эрх зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай байсан. Гэвч анхан шатны шүүх уг хүсэлтийг хангаагүй бөгөөд хууль ёсны ашиг сонирхлыг минь хамгаалах, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход туслах үүрэгтэй өмгөөлөгчийг оролцуулаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ", 6.2 дахь хэсэгт "Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ" гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд хуульд заасан эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаж, мэтгэлцэх зарчмыг бүрдүүлэх зорилгоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.** нь хариуцагч Ж.**д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

О.** болон Ж.** нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 32 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.**, Ж.** нарын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны **, 36 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг тус тус байгуулсан, хариуцагч нь зээлийн хүүд 1 280 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтын талаар талууд маргаангүй, зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Талууд зээлийн гэрээгээр хүү, алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 32 000 000 төгрөг, 11 сарын хүүд 14 080 000 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан тооцвол           16 000 000 төгрөг, нийт 62 080 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй боловч хариуцагч нь алдангиас чөлөөлүүлэх талаар хүсэлт гаргасан байна. Хариуцагч нь эрхэлсэн ажилгүй, бага насны хүүхэдтэйн улмаас хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдсан нөхцөл байдлыг харгалзан үзэхэд алдангийн хэмжээ нь 16 000 000 төгрөг байгаа нь илт их гэж үзэхээр байх тул 5 000 000 төгрөгөөр бууруулж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс алдангийн хэмжээг багасгаж 11 000 000 төгрөгт тооцож, хариуцагчаас нийт 57 080 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гардуулж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтийн дагуу хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч нь хойшлуулах хүсэлт гаргасан боловч түүний өмгөөлөгч сонгуулийн ажилтай болохыг нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэх зүндэслэл тогтоогдоогүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичсэн болон хангагдсан нэхэмжлэлийн хэмжээнд өөрчлөлт оруулж байгаа тул шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00220 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232.4, 232.6” гэснийг “232.8” гэж, “62 080 000 төгрөгийг” гэснийг “57 080 000 төгрөгийг” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлээс 5 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж, “хариуцагч Ж.**гаас 468 350 төгрөгийг” гэснийг “хариуцагч Ж.**гаас 443 350 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.**гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                  ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

 

       Э.ЗОЛЗАЯА