Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 209/МА2024/00083

 

 *******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  09 дүгээр сарын 03-ны өдрийн 135/ШШ2024/01030 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Бие даасан шаардлага гаргагч гуравдагч этгээд: *******

  Нэхэмжлэлийн шаардлага: “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт ногдох төлбөрийг бүрэн гүйцэд биелүүлсэн болохыг тогтоолгох”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

            ...Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 310 дугаар захирамжаар *******, ******* нараас 69,302,750 төгрөгийг гаргуулж “Капитрон банк” ХХК-д олгохоор Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Тус захирамжийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 03 сарын 07-ны өдөр 1022 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шүүгчийн захирамжид *******, ******* нараас 69,302,750 төгрөгийг “Капитрон банк” ХХК-д гаргуулахаар заасан ба уг төлбөрийг ******* миний бие бүрэн төлж барагдуулсан. Гэтэл Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрт ногдох төлбөрүүдээ бүрэн төлж барагдуулаад байхад *******, ******* нараас дахин төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байна.

******* миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 310 дугаар шүүгчийн захирамжийн дагуу төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж байгаа учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтэй байгаа болно.

*******, ******* нар нь “Капитрон банк” ХХК-д шүүгчийн захирамжид заасан өр төлбөрийг бүрэн барагдуулсан боловч шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй, гуравдагч этгээдэд шилжүүлж байрыг албадан чөлөөлөх тухай шаардлагыг удаа дараа ирүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1022 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж буй төлбөр төлөгч *******, ******* нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн биелүүлсэн болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх 1-2/

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 310 дугаар захирамжаар *******, ******* нараас 69,302,750 төгрөгийг “Капитрон банк” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг төлж барагдуулахыг төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ,, тоотод байрлах 30.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилон үнэ тогтоолгоход 79,350,333 төгрөгөөр үнэлсэн.

...шинжээчийн тогтоосон үнэ 79,350,333 төгрөгийн 70 хувь болох 55,545,233.1 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 10 сарын 23-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар 2019 оны 11 сарын 21-ний өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 39,675,166.5 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож оруулахад 45,500,000 төгрөгөөр борлогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна.” гэж заасны дагуу албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2019 оны 12 сарын 05-ны өдрийн 12/06 тоот тогтоолыг талуудад утсаар мэдэгдэж, 2019 оны 12 сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

…Албадан дуудлага худалдааны орлого 45,500,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 17-ны өдөр төлбөр авагч Капитрон банкны данс руу шилжүүлсэн байна.

Төлбөр төлөгч *******, ******* нарт Хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 08 хороо, 11 хороолол, 01 байрны тоотод байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлэхэд султган чөлөөлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 19070291/16 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, орон сууц өмчлөгчийн гэрчилгээг буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 181/ШЗ2023/06125 дугаартай захирамжаар тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/04005 дугаартай шийдвэрээр гуравдагч этгээд иргэн гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч ******* нь тус газрын дансанд 2023 оны 12 сард төгрөгийг тушаасан бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 23,966,918.54 төгрөгийг төлбөр авагч Капитрон банкны тоот данс руу шилжүүлсэн.

Төлбөр төлөгч *******ийн тушаасан мөнгөний үлдэгдэл 45,499,500 төгрөгийг буцаан шилжүүлэх дансны хүсэлт ирүүлэхийг албан бичгээр болон утсаар удаа дараа мэдэгдэхэд хүсэлтээ ирүүлээгүй тул 45,499,500 төгрөгийг 2024 оны 03 сарын 19-ний өдөр төлбөр төлөгч *******ийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн.

Төлбөр төлөгч *******, ******* нар нь Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон хөрөнгийг сайн дураар чөлөөлөх мэдэгдлийг 2024 оны 02 сарын 21-ний өдөр 03/335, 03/334 дугаартай албан бичгээр хүргүүлэхэд сайн дураар чөлөөлөөгүй тул албадан чөлөөлүүлэхээр 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 19070291/20 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг дахин хүргүүлж, 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 03/379 дугаартай албан бичгээр өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч Л.Лодойдамбын өмчлөлд шилжүүлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэл гаргасан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 181/ШЗ2024/06929 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эрхтэй бөгөөд дуудлага худалдааны ялагчид хөрөнгийг султган шилжүүлэн өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  дуусгавар болох тул төлбөр төлөгч *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 43-46/

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шаардлага:

...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******ас зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн ,, тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 45,500,000 төгрөгөөр худалдан авах санал гаргаж ялагчаар шалгарсан. *******д миний бие 2019 оны 11 дүгээр сард 4,550,000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сард 40,950,000 төгрөгийг тус тус төлж Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.1-т заасан үүргээ бүрэн биелүүлснээр орон сууцны өмчлөгч болсон.

Хариуцагч нь миний оролцсон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 109 хоногийн дараа Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 сарын 10-ны өдрийн 1324 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 6 сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00877 дугаар тогтоолоор хариуцагчийн дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан болохыг тогтоосон.

Хариуцагч нь 2024 оны 3 сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 сарын 07-ны өдрийн 1022 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болохыг даалгах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн биелүүлсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь цаад утгаараа миний дуудлага худалдаагаар авсан орон сууцны өмчлөгчөөр үлдэх хууль бус санаархлыг илтгэж байна.

Хариуцагч нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 сарын 09-ний өдрийн 310 дугаар захирамжийн дагуу бусдад төлөх төлбөрөө 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 30 287 775,45 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 45,500,000 төгрөгийг тус тус төлж дуусгавар болгосон гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Тус баримтыг үзвэл 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 1482 хоногийн дараа төлбөр төлөх үүргээ биелүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг хадгалж үлдэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Миний бие 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдаж авсан 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2024 оны 3 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан боловч өнөөдрийг хүртэл хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж авч чадахгүй байгаа болно.

Миний бие Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн энэхүү шаардлагыг гаргаж байгаа болно. Ү-******* дугаарт бүртгэгдсэн ,, тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* намайг тогтоож өгнө үү гэжээ. /хх 142/

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 445 нээлттэй хорих ангид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт ногдох төлбөрийг бүрэн гүйцэд биелүүлсэн болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгуулахыг хүссэн шаардлагыг, нэхэмжлэгч *******ийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн бие даасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс урьдчилан төлсөн 385,450 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

...Шүүх талуудын хооронд үүсэж буй маргааны гол зүйлийг оновчтой тодорхойлоогүйгээс үүдэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг бүхэлдээ учир дутагдалтай болсон талаар.

Шүүгч үндэслэх хэсэгтээ: “Нэхэмжлэгч Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш дуудлага худалдааны мэдэгдлийг ялагч *******д мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, 6 сарын дараа төлбөрөө шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч Улсын дээд шүүхийн тогтоолд ..хоёр дахь албадан дуудлага худалдааны оролцогч ******* дуудлага худалдааны ялагч болж орон сууцыг 45,500,000 төгрөгөөр худалдан авсан, албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гарсныг гардан авахыг шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 12 сарын 09-ний өдөр Д.Ганзориг, ******* нарт утсаар мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсаныг нэхэмжлэгч үгүйсгээгүй гэж дүгнэснээр дуудлага худалдааны ялагч болох талаар маргах эрхгүй.

Тодруулбал Зохигч ба хэргийн оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй талаар хуульчилсан. Иймд дуудлага худалдааны ялагч *******д Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 14 хоногийн дотор төлбөрийг төлөх ёстой гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт шүүх албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явуулсан албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрхийг шилжүүлэх тогтоол гарсныг мэдэгдсэн тул дээд шүүхийн тогтоол гарсны дараа мэдэгдэх ёстой байсан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна” гэжээ.

Нэгдүгээрт: Улсын Дээд Шүүхийн тогтоол эцсийнх бөгөөд уг тогтоолтой холбоотойгоор ямар нэгэн маргаан нэхэмжлэгчид байхгүй болно. Шүүх хуралдааны явцад талуудын маргааны гол зүйл нь Дээд шүүхийн тогтоол гарсантай холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны түдгэлзэл дуусгавар болж, ийнхүү дуусгавар болсонтой холбоотойгоор хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэх нь маргааны гол зүйл байсан. Тодруулбал хоёр дахь албадан дуудлага худалдаатай холбоотой маргаан үүссэнээр уг дуудлага худалдааны ялагч болсон ******* нь шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлсэн мөнгөө 2019 оны 12 сарын 26-ны өдөр буцаан авсан байдаг. Улмаар уг маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэж Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа шийдвэр гүйцэтгэгч нь ялагчаар шалгарсан *******д буцааж авсан мөнгөө ямар хуулийн хугацааг баримтлан мөнгөө буцаан хийж байрыг өмчлөлдөө шилжүүлэн авах талаар хууль ёсны мэдэгдэл буюу ажиллагааг хийгээгүй ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Хожим нь ******* нь 2022 оны 1 сарын 17-ны өдөр буюу 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00877 дугаартай Улсын Дээд Шүүхийн тогтоол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсний дараа ялагчийн мөнгөө хийсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Гэтэл Улсын Дээд Шүүхийн тогтоол гарснаас хойш 6 сарын дараа ялагчийн мөнгөө хийж буй уг үйл баримтыг ямар хуулийн үндэслэлээр, хэрхэн зөвтгөж байгаагаа шүүх шийдвэртээ тусгаж өгөөгүй буюу талуудын маргааны гол зүйлийн талаар үндэслэх хэсэгтээ асуудлын гол зангилааг тайлах хариулт бүхий хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг өгч чадаагүй. Өөрөөр хэлбэл шүүгч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

2022 оны 1 сарын 17-ны өдөр буюу 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00877 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоол гарсантай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэгч хэдий хугацаанд ялагчид буцаан авсан мөнгөө хийхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зүйл заалт байхгүй бөгөөд энэ тохиолдолд хуулийг төсөөтэй хэрэглэх буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71 дүгээр зүйлийн 71.12 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 14 хоногийн хугацаанд ялагч худалдан авсан эд хөрөнгийнхөө мөнгөө шилжүүлж байж өмчлөх эрх хуулийн дагуу үүсэх байсан. Гэвч Шийдвэр гүйцэтгэгч уг хугацаанд мөнгөө хийх талаар ямар нэгэн мэдэгдлийг хүргүүлээгүйн сацуу ******* нь дур зоргоороо авирлах буюу хэдийд ч мөнгөө хийж хүссэн үедээ өмлөгч болж болох эрхтэй мэт ойлголтыг бий болгож байгаа нь шийдвэр гүйцэтгэгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан Хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна гэх заалтыг зөрчжээ.

Хоёрдугаарт. Шүүгч “нэхэмжлэгчийн ” гэж бичих байсныг “хариуцагчийн” гэж солин бичжээ. Хууль зүйн хувьд нэхэмжлэгч, хариуцагч гэх асар ялгаатай ойлголтыг шүүгч надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа нь ойлгомжтой. Гэвч энэхүү алдаа нь иргэний орох орон, эд хөрөнгөтэй холбоотой асуудалд шүүх хэрхэн хайхрамжгүй хандан, ач холбогдол өгөөгүйн нэгэн тод илрэл хэмээн харж байна. Иймд дээрх үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 03-ны өдрийн 135/ШШ2024/01030 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /хх 221-222/

            6.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

            7.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

8.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

9.Нэхэмжлэгч  ******* нь  “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт ногдох төлбөрийг бүрэн гүйцэд биелүүлсэн болохыг тогтоолгох  тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдаж, дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүссэн гэж маргаж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно” гэсэн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус тус маргажээ. /х.х-1-2, 43-46, 142/

Хэргээс судлан үзэхэд:

10.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 9-ний өдрийн 310 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч Капитрон банкны Дархан салбар нь уригдагч тал *******тай харилцан тохиролцож үндсэн зээл 48,874,652 төгрөг, үндсэн зээлийн хүү 17,011,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,402,350 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг нийт 69,302,750 төгрөгийг 2019 оны 3 сарын 1-ний өдрийн дотор Капитрон банкны тоот дансанд төлж дуусгахаар, өргөдөл гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,000 төгрөгийг уригдсан талууд өргөдөл гаргагчид буцаан төлнө. Хэрэв тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй нөхцөлд *******, ******* нарын өмчлөлийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү******* дугаартай, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж эвлэрчээ. /х.х-9-11/

Дээрх захирамжийг уригдсан талууд сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч,  Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 07-ны өдрийн 1022 дугаартай захирамжаар албадан гүйцэтгүүлэх захирамж, 205 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 сарын 14-ний өдрийн 19070291 тоот тогтоол гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /х.х-53-55, 60/

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч *******, ******* нар нь төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй учир анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдаж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр явагдсан хоёр дахь дуудлага худалдааны ялагчаар хамгийн их үнэ буюу 45,500,000 төгрөгийн үнэ санал болгосон ******* тодорч, ******* нь дуудлага худалдааны дэнчинд үнийн дүнгийн 10 болох 3,967,520 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, үлдэх төлбөр болох 41,532,480 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн болох нь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, өглөг авлагын дэлгэрэнгүй зэргээр нотлогджээ. /х.х-82-89, 167/

12.Төлбөр төлөгч нарын хувьд албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 тоот тогтоолд гомдол гаргаагүй боловч *******д холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлын шаардлага шүүхэд гаргасны улмаас албадан дуудлага худалдааны ялагч ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд байршуулсан байсан 45,500,000 төгрөгийг буцаан авах хүсэлт гаргаж, түүнд 45,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, мөн гомдлын шаардлагыг эцэслэн шийдвэрлэсний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд 45,500,000 төгрөгийг байршуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 1 сарын 17-ны өдөр Капитрон банканд 45,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, төлбөрийн хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргадаггүй. /х.х-112, 190-208/

13.Төлбөр төлөгч нарын гаргасан гомдлын шаардлагыг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 13-ны өдрийн 572 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 сарын 19-ний өдрийн 70 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00877 дугаартай тогтоолоор *******ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна. /х.х-92-106/

14.Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, орон сууц эзэмшигчийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2022 оны 2 сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/01871 дугаартай хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, мөн тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2023/06125 дугаартай захирамжуудаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 09-ний өдрийн 310 дугаартай захирамжид заагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж байсан. /х.х-113-116/

15.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/04005 дугаартай шийдвэрээр гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2024/06929 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байжээ. /х.х-51-52, 117-121/

16.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна.”, 71.13-т “энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй.” гэж тус тус хуульчилсан.

Төлбөр төлөгч нарын хувьд албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 тоот тогтоолд гомдол гаргаагүй боловч уг тогтоолыг танилцуулснаас хойш 14 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулсан бол албадан дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй байх боломжтой байсан.

Гэвч Төлбөр төлөгч нарын хувьд 2023 оны 12 сарын 11-ний өдөр 23,966,918.54 төгрөг, 2023 оны 12 сарын 12-ны өдөр 45,500,000 төгрөг, нийт 69,466,918.54 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын дансанд шилжүүлсэн боловч энэ нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлж төлбөрийг шилжүүлсэн байна.

17.Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 тоот тогтоолд төлбөр төлөгч нар гомдол гаргаагүй, түүнчлэн төлбөр төлөгч нар нь албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг танилцуулснаас хойш 14 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй, ******* нь дуудлага худалдааны дэнчинд үнийн дүнгийн 10 болох 3,967,520 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, үлдэх төлбөр болох 41,532,480 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно.” гэж хуульчилсны дагуу дуудлага худалдааны ялагч *******д өмчлөх эрх үүсжээ. /х.х-83-89, 167/

18.Хоёр дахь албадан дуудлага худалдааны ялагч болсон *******д өмчлөх эрх үүссэн боловч төлбөр төлөгч нар нь хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлын шаардлага шүүхэд гаргасантай холбогдуулан ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлсэн 45,500,000 төгрөгөө буцаан авах хүсэлт гаргасныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн авч, хүсэлтийн дагуу 45,500,000 төгрөгийг буцаан олгосон талаар талууд маргадаггүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “нэгэнт хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гарсан учир уг гомдол хэдий хугацаанд шийдэгдэхийг мэдэх боломжгүй, маргаан удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд дуудлага худалдааны ялагч нь манай байгууллагаас хохирол нэхэмжлэх эрсдэл үүсэж болзошгүй байсан тул 45,500,000 төгрөгийг *******д буцаан олгосон” гэх тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

19.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хоёр дахь албадан дуудлага худалдааны ялагч ******* нь Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоол гарснаас хойш 14 хоногийн дотор төлбөрийг төлөх ёстой гэж маргаж байгаа боловч хоёр дахь албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдаж албадан дуудлага худалдааны ялагчийг тодруулсан, албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрхийг шилжүүлэх тогтоол гарсныг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, албадан дуудлага худалдааны ялагч нь хуульд заасан хугацаанд дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн боловч төлбөр төлөгч нар шүүхэд гомдлын шаардлага гаргасантай холбогдуулан шилжүүлсэн төлбөрөө буцаан авах хүсэлт гаргасныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж байсан байх тул Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоол гарсны дараа мэдэгдэж, 14 хоногийн дотор төлбөрийг төлүүлэх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн төлбөр төлөгч нар нь *******йн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2024 оны 2 сарын 26-ны өдрийн 03/379 дугаар шийдвэрт төлбөр төлөгч талаас гомдол гаргаагүй байх ба улмаар 2024 оны 3 сарын 06-ны өдөр Л.Лодойдамбыг , 11 хороолол, 1 байр тоот, 30 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т зааснаар “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй  тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно” гэсэн хуулийн заалттай нийцсэн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт ногдох төлбөрийг бүрэн гүйцэд биелүүлсэн болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

20.Хоёр дахь албадан дуудлага худалдааны ялагчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж хүлээлгэн өгөөгүй,  хариуцагч ******* нь тус орон сууцанд оршин суудаггүй болох нь тогтоогдож байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  09 дүгээр сарын 03-ны өдрийн 135/ШШ2024/01030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН                              

                                 ШҮҮГЧИД                                        Р.ҮҮРИЙНТУЯА                                                               

                                                                                                Я.ТУУЛ