Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2024/00084

 

*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  08 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2024/00995 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

   Нэхэмжлэлийн шаардлага: "Тээврийн хэрэгслийн гэрчилгээг хүчингүйд тооцож, хууль ёсны өмчлөгч *******ы нэр дээр шилжүүлэхийг даалгах" тухай нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

   ...******* нь загварын ******* УН улсын дугаартай экскаватор /арлын дугаар *******/-ыг анх худалдан авч, ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг авсан. Улмаар түүний аав ******* нь бусдаас ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр шатахуун худалдан авахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна хэмээн тайлбарлаж түр ******* гэх хүний нэр дээр шилжүүлчих удахгүй буцаагаад шилжүүлээд авна гэж хэлсний дагуу ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр тухайн хүний нэр дээр шилжүүлсэн.
            Гэтэл тухайн түлш худалдан авсан үйл ажиллагаатай холбоотойгоор олон асуудал үүсч *******тай гэрээ байгуулсан гэх этгээд нь гэрээний үүргийн гүйцэтгэлд тодорхой хэмжээний төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр эцэслэгдэн гарсан.

Тус шийдвэрт *******ы өмчлөлийн ******* УН улсын дугаартай экскаватороор гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд хууль ёсны гэрээний дагуу шилжүүлэн аваагүй, тухайн харилцаанд огт хамааралгүй асуудал учраас *******ы зүгээс өөрийн өмчлөх эрхийг хамгаалан экскаваторыг нэр дээрээ шилжүүлэн авахаар *******д уламжилсан боловч сайн дураараа шилжүүлэн өгөхгүй байгаа.

*******ы хувьд ******* гэх хүнд өр төлбөрийн асуудал байхгүй бөгөөд тухайн экскаваторыг барьцаалах асуудлаар албан ёсны гэрээ байгуулаагүй учраас бусдын хууль бус өмчлөлөөс өөрийн экскаваторыг шилжүүлэн авах хүсэлтэй байна. Иймд *******ы экскаватор /******* УН улсын дугаартай/-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хүчингүйд тооцож, хууль ёсны өмчлөгч *******ы нэр дээр шилжүүлэн өгөхийг *******д даалгаж өгнө үү гэжээ. / хх 1 тал/

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Нэхэмжлэлийн үндэслэлдээ ******* нь бусдаас шатахуун худалдаж авахад нь барьцаа хөрөнгө хэрэгтэй байна хэмээн тайлбарлаж түр ******* гэх хүний нэр дээр шилжүүлчихсэн буцаан шилжүүлэн авна гэж хэлсний үндсэн дээр шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

Херотранс ХХК нь тай 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 43,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, төлбөрийг хугацаанд төлөөгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тус зээлийн барьцаанд Solar загварын ******* УН улсын дугаартай экскаватор загварын тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж, эзэмшигчийг Херотранс ХХК-ийн захирал *******ы эзэмшилд шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй тул бид шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 135/ШШ2023/01081 тоот шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 18-ны өдрийн 209/МА2023/00089 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн тогтоолоор тус маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

Тус маргаанаар барьцаанд барьцаалан шилжүүлсэн тээврийн хэрэгслийг хүчин төгөлдөр бус болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бол бид барьцаанд тавигдсан тээврийн хэрэгслийг хуучин эзэмшигчид нь саадгүй шилжүүлэхээр тохиролцсон болно гэжээ.  /1 хх 26-27-р тал/

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар DAEWOO Solar 300LC загварын, *******УН улсын дугаартай экскаваторыг нэхэмжлэгч *******ы өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч *******д, тус тээврийн хэрэгслийг *******ы нэр дээр бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд тус тус даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            ...Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Экскаваторыг барьцаанд тавьж түлш авсан асуудалд нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаагүй боловч энэ талаар хэн аль нь ч шаардлага гаргаагүй шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэсэн.

            Гэтэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд барьцаанд өгсөн хөрөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Манай байгууллага барьцаа хөрөнгөтэй этгээдэд зээл олгодог.

            *******ы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, тайлбартаа шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг барагдуулбал барьцаанд бариулсан DAEWOO  Daewoo Solar300 LC-V УН  улсын дугаартай экскаваторыг хуучин эзэмшигч Дэлгэрсайханд саадгүй шилжүүлэх талаар тайлбарласан гэтэл шүүх *******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж DAEWOO  Daewoo Solar300 LC-V УН улсын дугаартай экскаваторыг *******ы нэр дээр бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгажээ. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Үндэслэлгүйгээр хөрөнгөжих , 492.1.1-д заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэлээ гэж дүгнэж байна.

            Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болсонгүй гэж дүгнэн давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны  шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / хх 64-66-р тал/

            5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ :

   6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

   7.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

   8.Нэхэмжлэгч ******* нь *******ы нэр дээр байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг хүчингүйд тооцож, хууль ёсны өмчлөгч *******ы нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

   9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар DAEWOO Solar 300LC загварын, *******УН улсын дугаартай экскаваторыг нэхэмжлэгч *******ы өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч *******д, тус тээврийн хэрэгслийг *******ы нэр дээр бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд тус тус даалгаж шийдвэрлэсэн.

10.Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ “ ...зээлийн гэрээний барьцаанд DAEWOO Solar 300LC загварын, *******УН улсын дугаартай экскаваторыг тавьж, *******ы эзэмшилд шилжүүлсэн. ...зээлийн гэрээний маргаан эцэслэн шийдвэрлэгдэж шийдвэр хүчин төгөлдөр болсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд барьцаанд өгсөн хөрөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ... шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул анхан шатны  шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хэргээс судлан үзвэл:

11.Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01081 дугаартай шийдвэрээр "Херотранс" ХХК, нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн хариуцагч аас 35,849,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Херотранс" ХХК-д олгож, үлдэх 141,223,444.27 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Уг шийдвэрийг Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00022 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 5-10/

Дээрх шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ....Хариуцагч нь ... гэх хүний экскаваторыг барьцаалж *******аас түлш авсан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, түлшний 50 хувийн төлбөрийг гэх хүн төлөх ёстой талаар хариу тайлбартаа дурдаж, шүүх хуралдаанд мэтгэлцсэн боловч талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зээлийн гэрээ, зээлийн нэмэлт гэрээ зэрэгт гарын үсэг зурж үүрэг хүлээсэн тул түүний тайлбар үндэслэлгүй гэж,

Мөн ...эксковаторыг барьцаалж түлш авсан асуудалд нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаагүй боловч энэ талаар хэн аль нь шаардлага гаргаагүй гэсэн үндэслэлээр шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж тус тус дүгнэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 44-47/

12.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...нэхэмжлэгч ******* нь аав *******ийн гуйснаар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг *******тай байгуулсан гэрээний дагуу барьцаалахыг зөвшөөрсөн байдаг. Гэтэл зээлийн гэрээ нь , ******* нарын хооронд байгуулагдсан...” гэж,

13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “...Херотранс ХХК нь тай 2019.09.06-ны өдөр 43,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, төлбөрийг хугацаанд төлөөгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тус зээлийн барьцаанд Solar загварын ******* УН улсын дугаартай экскаватор загварын тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж, эзэмшигчийг Херотранс ХХК-ийн захирал *******ы эзэмшилд шилжүүлсэн” гэж тус тус тайлбарлаж, мэтгэлзсэн.

14.Хэрэгт авагдсан техникийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаагаар маргаан бүхий экскаваторын эзэмшигчээр ******* бүртгэлтэй байсан, 2019 оны 09 сарын 06-ны өдөр *******ы эзэмшилд шилжиж бүртгэгдсэн болох нь тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна. /хх-ийн/

15.Иргэний хуулийн 13 дугаар бүлэгт барьцааны эрхийн талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг  бичгээр байгуулна”, 156.3-т “энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан бөгөөд *******, ******* нарын хооронд барьцааны гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдаагүй, амаар хэлэлцэн тохирсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

16.Дээрх байдлаас дүгнэж үзвэл "Херотранс" ХХК, нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний асуудлыг шүүх шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон,

*******, П.Батчулуун нарын хооронд барьцааны гэрээ бичгээр байгуулагдаагүй нөхцөл байдал тус тус тогтоогдож байх тул  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар DAEWOO  Daewoo Solar300 LC-V УН  улсын дугаартай экскаваторыг нэхэмжлэгч *******ы өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч *******д, тус тээврийн хэрэгслийг *******ы нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд тус тус даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

17.Хавтаст хэргийн 49-57-р талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл /шийдвэрлэсэн байдал хэсэг/ нь шүүхийн шийдвэрээс өөрөөр бичигдсэн боловч агуулгын хувьд зөрүүгүй байх тул шүүхийн шийдвэрт нөлөөлөх алдаа гэж үзээгүй бөгөөд ийм алдааг дахин гаргахгүй байх талаар магадлалд тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  08 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШШ2024/00995 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ                                                    

                                            ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                                                                                         Г.МЯГМАРСҮРЭН