Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2024/00085

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  09 дүгээр сарын 04-ний өдрийн 135/ШШ2024/01041 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн, Шарын гол сумын *******д холбогдох,

   Нэхэмжлэлийн шаардлага: "Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах" тухай шаардлагатай, 

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

   ...Миний бие нь тус байгууллагад 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүжгийн багшаар анх ажилд орсон. Ажлаа хийж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Шарын гол сумын соёлын төвийн дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримтлан ёс зүйгүй буюу сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа давтан үйлдсэн, ажлын байрандаа согтуурсан байх үедээ ирсэн, архидан согтуурч ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мэдлэг ур чадварын хувьд дутагдалтай, хамт олонтойгоо нийтэч бус гэх 6 үндэслэлээр 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халсан шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Шарын гол сумын соёлын төвд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комисс байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. / хх 1-р тал/

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Шарын гол сумын *******ийн дарга ******* миний бие хүнээр дамжуулан Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулгад ажиллаж байсан *******д санал тавихад саналыг хүлээн авч манай байгууллагад ажилд орсон.     

...Мөн ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй гэж бичсэн байна. Бүжгийн багш *******гийн ажлын цаг ашиглалт буюу албан бусаар чөлөө авсан, ажил шалтгаангүй тасалсан архи ууж ажил тасалдуулж хариуцлага алдсан тохиолдлууд олон байгаа.

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлын байран дээр архидан согтуурч танхайрсан үйлдэлд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгууллагын хаягаар ирсэн шүүхийн шийтгэврээр хариуцлага тооцсон байдаг. Иймд энэ үйлдэл дээр нь удирдлагын зүгээс 2024 оны 01 сарын 10-ны өдөр ажлаас халагдах тушаал үйлдсэн бөгөөд албан ёсны уучлалт хүсч дахин алдаа гаргахгүй ээ гээд гар бичмэлээр өргөдөл бичин өгч албан хаагчдын хурлаар шийдвэрлэн нэг удаа харж үзэхээр болж тушаалыг устгасан байдаг.

2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 11 цагт тус *******ийн хөгжмийн багш *******, техникчийн ажилтан ******* нартай ажилдаа хамтдаа ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. Мөн энэ үйлдэл дээр нь албан хаагчдын хурал хийж сахилгын шийтгэл хүлээлгэж цалингийн 20 хувиар 2 сарын хугацаатайгаар шийтгэсэн бөгөөд мөн амьдралын боломж, 2 хүүхдийнх нь нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өөрт нь энэ тухай маш олон удаа хэлж ойлгосон дахиад энэхүү алдаагаа давтахгүй гэж итгэсэн учир мөн л тушаалыг устгасан байдаг.

Гэтэл 3 дахь удаагаа 2024 оны 03 сарын 07-ын өдөр ажил тараад тус байгууллагын номын санч *******тай үүрийн 5 цаг хүртэл архидан согтуурч хамт явсан ******* нь гэртээ орж асуудал үүсгэн хүүхдүүдээ гэмтээж гэртээ гал алдах шахсан тухай *******ын нөхөр удирдлагад гомдол гаргасан. 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагт баярын урилга цахимаар ирсэн бөгөөд байгууллагын алба хаагчид ажлын байранд дээр баярын үйл ажиллагаа зохион байгуулж тэр нь даамжирч шөнө 01 цаг хүртэл архидан согтуурсан байдаг. Удирдлагын зүгээс нягтлангаар дамжуулан эрсдэлийг сануулж тарахыг шаардсан боловч тараагүй болох нь хяналтын камераар нотлогддог. Удирдлагын зүгээс мөн л албан хаагчдын хурал хийж сахилгын шийтгэл хүлээлгэх тухай сануулаад сонсох ажиллагаа хийгээд гаргасан байдаг.

******* нь ёс зүйгүй үйлдэл гаргаж ажлын хариуцлага алдсан байдаг. 2023 оны 04 сард ажилд ороод л хамгийн эхний ажил болох хүүхэд хариуцаж Дархан-Уул аймаг руу тоглолтоор явахдаа л ёс зүйгүй үйлдэл гаргаж амин хувиа хичээж хариуцлага алдсан үйлдэл гаргасан байдаг бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь 2023-2024 онд эцэг эхчүүдээс бүжгийн дугуйланг чанаргүй байгаа тухай, багшийн хариуцлагагүй үйлдлийн талаар гомдол удаа дараа утсаар, цахимаар ирсээр байна.

Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мэдлэг чадварын хувьд дутагдалтай, хамт олонтойгоо нийтэч бус байгууллагын хамтын сангийн журамд заасны дагуу албан ёсны дотоод ажлуудыг хамтатган 2024 оны 03 сарын 01-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байдаг. Удирдлагын ар гэрийн гачигдлын улмаас хойшилсон бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулах үед ******* нь тэмцээний бэлтгэл хийгээгүй болох нь камерын бичлэгээр нотлогддог. Энэ мэт олон удаагийн удирдлагын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, ажлын хариуцлагагүй байдал гаргаж байгаа тухай хатуухан хэлдэг. Ийм хариуцлагагүй байдлаас болж хохирол учруулсан байдал нь удаа дараа давтагдсаар байгаа юм.

Бүжгийн 4 хувцасны 2,000,000 төгрөгийн өрөнд манай байгууллага буюу миний бие унасан. Нүүдэлчин Монгол наадам-д оролцож байхдаа хариуцлага алдаж 100,000 төгрөгийн цэцгийн өрөнд оруулсан байдаг. Гамшгийн иж бүрэн сургалтын үеэр хэвлэлийн газраар захиалж хийлгүүлсэн 200,000 төгрөгийн хэвлэмэл туузан чимэглэлийг хаячихсан, Оршин суугаа байрны өрний асуудал, Байгууллагын хөрөнгө, эд зүйлс, хувцас хэрэглэлийг дутаачихсан бөгөөд гүйцэд хүлээлгэж өгөөгүй байдаг.

Иймд нэхэмжлэгч ******* нь өөрийн буруутай, хариуцлагагүй үйлдлээсээ маш олон хүмүүсийн эрх ашгийг хохироож, олон удаа ажлын хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 30-34-р тал/

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар *******гийн Шарын гол сумын *******ийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

            ...ажлын байран дээр тэнцэхгүй, шаардлага хангахгүй гэсэн 6 үндэслэлээр 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажлаас халсан. Шарын гол сумын ******* нь нийт 8 ажилтантай 5 ажилтандаа 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б\02 тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах арга хэмжээ авсан. Гэвч энэ тушаал бодит байдлаар хэрэгжээгүй, хүчингүй тушаал гэдгээ хариуцагч тайлбарладаг. Энэ тайлбараас харвал хариуцагчийн хүсэлтээр уг тушаалд нэр нь дурдагдсан *******, ******* нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө уучлалт гуйсан болохоор тухайн арга хэмжээг аваагүй гэдэг.

            ...Хүнийг согтуурсан байдалтай байгаа гэдгийг хууль хяналтын байгууллага, эмч тогтоох ёстой. Гэрчүүд хариуцагч ******* нь гэрчийн мэдүүлэг дээрээ ингэж бич гэж зааж зааварласан гэдгээ надад хэлсэн. Шүүхэд мэдүүлэхдээ миний бие ******* тэд нартай хамт байсан нь үнэн гэсэн болохоос хамт архи ууссан гэж хэлээгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байна. Хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь магадалж өгнө үү гэжээ.

            5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ :

 6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

7.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 8.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г 2024 оны 03 сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай Ажлаас халах тухай тушаалд заасан ажлын байранд согтуурсан буюу согтуурсан байх үедээ ирсэн гэх зөрчлийг давтан гаргасан болох нь тогтоогдож байна гэж дүгнэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 9.Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч “...Хүнийг согтуурсан байдалтай байгаа гэдгийг хууль хяналтын байгууллага, эмч тогтоох ёстой. *******ийн удирдлагад ажиллаж байгаа буюу хамаарал бүхий 2 хүн *******г согтууруулах ундаа хэрэглэсэн гэж мэдүүлсэн. ... Тушаалд бичигдээгүй ч гэсэн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.  

Хэргээс судлан үзэхэд:

10.Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн, Шарын гол сумын *******ийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...******* нь өөрийн буруутай, хариуцлагагүй үйлдлээсээ маш олон хүмүүсийн эрх ашгийг хохироож, олон удаа ажлын хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасны дагуу ажлаас халагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.  

11.Нэхэмжлэгч ******* нь Шарын гол сумын *******д бүжгийн багшаар 2022 оны 04 сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2024 оны 03 сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай Ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн, ёс зүйгүй буюу сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа давтан үйлдсэн, ажлын байранд согтуурсан байх үедээ ирсэн, архидан согтуурч ажил тасалсан зэрэг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мэдлэг, ур чадварын хувьд дутагдалтай, хамт олонтойгоо нийтэч бус байдал нь ажлын байран дээр тэнцэхгүй, шаардлага хангахгүй байгаа нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.5, 5.6 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.2, 6.3.3, 6.3.4 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас нь халжээ.  /хх-ийн 3, 39, 46-51 дүгээр хуудас/

12.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-тажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан, зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.3.7-д “ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн ба согтууруулах ундааны зүйл болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтрэн орсон”  бол ноцтой зөрчилд тооцохоор, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.10-д: Ажилтныг Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу ноцтой зөрчил гаргасан тохиолдолд байгууллагын даргын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тус тус заажээ.

   13.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрч *******, ******* нарын мэдүүлэг, 2024 оны 02 сарын 23-ны өдрийн кино техникийн ажилтан *******, хөгжмийн багш ******* нарын тус *******ийн даргад гаргасан өргөдөл, хүсэлт, нэхэмжлэгч *******гийн *******ийн дарга *******эд гаргасан 2024 оны 01 сарын 04-ний өдрийн өргөдөл, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэрэг баримтаар ******* нь удаа дараа архидан согтуурсан буюу согтуурсан байх үедээ ажлын байранд нэвтрэн орсон үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 41, 81-82, 130-133, 156/

            13.а Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр архидан согтуурсан байх үедээ ажлын байранд ирсэн гэдгээ зөвшөөрсөн, харин 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр архи уугаагүй гэх боловч “Март”-ын арга хэмжээнд оролцсон гэх түүний тайлбар, гэрч *******, ******* нарын “...2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ажлын байранд *******тай хамт архи уусан” гэх мэдүүлэг зэргээр *******г хөдөлмөрийн гэрээнд заасан “...ажлын байранд архи уусан, уусан үедээ ажлын байранд нэвтэрсэн ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр хариуцлага тооцсон ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

   14.Ажил олгогчийн гаргасан ажлаас халах тухай тушаалд *******г ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мэдлэг, ур чадварын хувьд дутагдалтай, хамт олонтойгоо нийтэч бус байдал нь ажлын байран дээр тэнцэхгүй, шаардлага хангахгүй гэх үндэслэлүүдийг заасан.

   Дээрх зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, улмаар *******г ажилдаа тэнцэхгүй, ур чадвар дутагдалтай, ажлын байранд тэнцэхгүй гэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлт гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн ажлын байранд тэнцэхгүй, шаардлага хангахгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

   15.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь 2024 оны 03 сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай Ажлаас халах тухай тушаалд заасан ажлын байранд согтуурсан буюу согтуурсан байх үедээ ирсэн гэх зөрчлийг давтан гаргасан болох нь тогтоогдсон,

   түүнчлэн дээрх зөрчил нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.7-д заасан ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтрэн орсон гэх хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарч байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

   16.Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогоож, хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлсэн байх тул “...хүнийг согтуурсан байдалтай байгаа гэдгийг хууль хяналтын байгууллага, эмч тогтоох ёстой. *******ийн удирдлагад ажиллаж байгаа буюу хамаарал бүхий 2 хүн *******г согтууруулах ундаа хэрэглэсэн гэж мэдүүлсэн. ... Тушаалд бичигдээгүй ч гэсэн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна” гэх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй байна.

   17.Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  09 дүгээр сарын 04-ний өдрийн 135/ШШ2024/01041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ                                               

                                            ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА                                                                         

                                                                                                         Г.МЯГМАРСҮРЭН