Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 315

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч: Ч.Г-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905000810331 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Г-, 1997 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн Их сургуулийн Мал эмнэлгийн 5 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эх, дүү нарын хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.Г-нь 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай караокены гадна О.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А- гэх найз маань нэг залуутай маргалдаад зогсож байхыг нь хараад очиход миний араас нэг залуу ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод тэр залууг хавсарч унагаасан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч О.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ямар ч байсан өндөр залуу нь намайг газар унагасан. ...Энэ гэмтлүүдийг тухайн үед намайг хавсаргаж унагаад нүүр лүү 3 удаа өшиглөснөөс болж энэ гэмтэл учирсан. Ч.Г- гэх махлаг хар куртиктэй залуу учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,

Гэрч Б.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...удалгүй би тамхи татах гээд караокены гадна гарахад надтай сонин юм яриад байсан том биетэй залуу гадаа нэг залууг заамдцан тэр залуутай маргалдаж байгаад унагаад нүүр лүү нь өшиглөсөн. Найзууд нь ирээд тэр залууг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А-, Ч.Г- хоёр эхлүүлсэн. А- тэр Лхамжав гээд хөлөө эвгүй болгочихлоо гэдэг ахтай маргалдсан. Ч.Г- болохоор хамт байсан. Хар куртиктэй ахтай маргалдсан. ...Ч.Г- тэр караокены гадна хар куртиктэй ахтай маргалдаж байгаад хавсарч унагаад нүүр рүү нь 2, 3 удаа өшиглөсөн. Энэ үед нь Энхбат бид хоёр очиж салгасан....Нийлж зодоогүй Ч.Г-г тэр ахыг унагаасан өшиглөж байхад болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.Г- хажууд өөр нэг хүнтэй муудалцсан, нөгөө хүнээ газар унагаасан зогсож байсан. Б-, А-ыг салгасан. Би Ч.Г-г салгахаар очиход Ч.Г- тэр унагаасан байсан хүнийхээ нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд Ч.Г-г Б- бид хоёр салгасан. Удалгүй цагдаа нар ирээд Ч.Г- бид хоёрыг эрүүлжүүлэх рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Шинжээчийн 560 тоот дүгнэлтэд: “...О.О-ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хоёр зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 19/,

Яллагдагчаар Ч.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А-тай маргалддаг залуутай хамт явсан залуу над руу ойртоод ирэхээр нь би хавсарч унагаагаад нүүр рүү нь 2 билүү 3 удаа өшиглөсөн. ...Эмчилгээний зардал 2.000.000 төгрөг өгсөн. Бид эвлэрсэн. Би гэм буруугаа ойлгож байгаа. Отгонжаргал гэж хүнээс уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хохирлын баримтууд /хх-н 31-32/, Хохирол хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл /хх-н 33-34/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-43/, Хохирогчийн хүсэлт /хх-н 54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ч.Г-нь 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай караокены гадна О.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.О-ын: “...Ямар ч байсан өндөр залуу нь намайг газар унагасан. ...Энэ гэмтлүүдийг тухайн үед намайг хавсаргаж унагаад нүүр лүү 3 удаа өшиглөсөн Ч.Г- гэх махлаг хар куртиктэй залуу учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/, гэрч Б.Ч-ийн: “...удалгүй би тамхи татах гээд караокены гадна гарахад надтай сонин юм яриад байсан том биетэй залуу гадаа нэг залууг заамдцан тэр залуутай маргалдаж байгаад унагаад нүүр лүү нь өшиглөсөн. Найзууд нь ирээд тэр залууг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7/, гэрч Б.Б-ийн: “...Ч.Г- тэр караокены гадна хар куртиктэй ахтай маргалдаж байгаад хавсарч унагаад нүүр рүү нь 2, 3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, гэрч Э.Э-ын: “...Ч.Г- хажууд нь өөр нэг хүнтэй муудалцсан нөгөө хүнээ газар унагаасан зогсож байсан. ...Би Ч.Г-г салгахаар очиход Ч.Г- тэр унагаасан байсан хүнийхээ нүүр рүү 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, шинжээчийн 560 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Г-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Г-нь хохирогчтой маргалдаж түүнийг хавсарч унагаан нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.О-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 2.000.000 төгрөг авсан гомдол саналгүй гэсэн хүсэлт бичгээр гаргасан /хх-н 54/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Г-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Г-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Ч.Г-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Г-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР