Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00401

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, РД:*********** Ж овогт Сн Бы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ахуй үйлчилгээний ангид оёдолчиноор 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайд замчин, үйлчлэх комбинатад ажилчин, үйлчлэгч, халуун усны үйлчлэгчээр 1981 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч С.Б шүүхэд гаргасан хүсэлтэд болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие 1960 онд төрсөн ба 1979 онд Барилгын техник мэргэжлийн сургууль төгсөөд Алтанцөгц сумын ахуй үйлчилгээний ангид оёдолчиноор ажиллаж байгаад зохион байгуулалттай элсэлтээр 1981 онд Шарын голын нүүрсний уурхайд замчин, үйлчлэх комбинатад ажилчин, үйлчлэгч, халуун усны үйлчлэгчээр 1995 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байгаад орон нутагт шилжиж ирсэн. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус аймгийн Ахуй үйлчилгээний ангид оёдолчин, 1981 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайд замчин, үйлчлэх комбинатад ажилчин, үйлчлэгч, халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Бы гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

Алтанцөгц сумын Ахуй үйлчилгээний баримтыг архивт шилжүүлээгүй тул иргэн С.Бд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 301 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар, мөн Шарын голын нүүрсний уурхайн 1993-1995 оны баримтыг шүүн үзэхэд С.Бы ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүй болох нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 305 дугаартай Дархан-УУл аймгийн архивын тасгийн лавлагаагаар тус тус тогтоогдож байгаа тул хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар хүсэлт гаргагч С.Бы ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:

-Хавтаст хэрэгт авагдсан С.Бы 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэрийн эхний хуудсанд хөдөлмөрийн дэвтэр олгосон Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ахуй үйлчилгээний ангийн дарга Б.С гэж бичиж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ахуй үйлчилгээний ангийн тамгыг дарж баталгаажуулсан ба 4-5 дугаар хуудсанд ажлын тухай мэдээнд 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ахуй үйлчилгээний оёдлын тасагт оёдолчноор авч ажиллуулан, 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс ар гэр нь Шарын голын уурхайд шилжих болсон тул оёдолчны ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийж тамга дарж баталгаажуулсан байна.

-Дархан-Уул аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1981 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 301 дугаартай Ажилд томилох ба тэтгэмж олгох тухай тушаалаар С.Быг 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн төмөр замын хэсэгт 3-р зэргийн замчнаар томилсон байна.

-Мөн Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1983 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 357 дугаартай Нэмэгдэл ба хувийн чөлөө олгох тухай тушаалаар С.Бд 9 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 15-ны хүртэл нярай хүүхэд асрах чөлөө олгож байсан байна.

-Мөн Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1984 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 520 дугаартай Ажилд шинээр авах, дотроо өөрчлөн томилох тухай тушаалаар С.Быг 12 дугаар сарын 13-наас Үйлчлэх комбинатын ажилчнаар түр томилсон байна.

-Мөн Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 162 дугаартай Ажилд шинээр авах ба дотроо өөрчлөн томилох тухай тушаалаар С.Быг 3 дугаар сарын 01-нээс халуун усны үйлчлэгчээр томилсон байна.

-Мөн Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 279 дугаартай Ажилд шинээр авах ба дотроо өөрчлөн томилох тухай тушаалаар С.Быг 7 дугаар сарын 5-наас Үйлчлэх комбинатад үйлчлэгчээр шилжүүлэн томилсон байна.

-Мөн Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайн даргын 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 437/214б дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалаар С.Бд 1993 оны 5 дугаар сарын 18-нд амаржсан, 1993 оны 8 дугаар сарын 15-наас 1995 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нярай хүүхэд асрах чөлөөг олгож байсан байна.

Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.Б Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ахуй үйлчилгээний ангид оёдолчиноор 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайд замчин, үйлчлэх комбинатад ажилчин, үйлчлэгч, халуун усны үйлчлэгчээр 1981 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:*********** Ж овогт Сн Б Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ахуй үйлчилгээний ангид оёдолчиноор 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Шарын голын нүүрсний уурхайд замчин, үйлчлэх комбинатад ажилчин, үйлчлэгч, халуун усны үйлчлэгчээр 1981 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч С.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК