Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2024/00087

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2024/01111 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 114,444,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

******* ХХК нь ******* ХХК-аас барилгын арматурын төмөр худалдан авах зорилгоор арматурын үнэ болон түүнийг тээвэрлэх зардлыг ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

Гэвч ******* ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд арматурын төмрийг ******* ХХК-нд хүлээлгэн өгөөгүй тул талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар ******* ХХК-ийг төлөөлөн ерөнхий нягтлан бодогч *******, ******* ТӨХК-ийг төлөөлөн ахлах нягтлан бодогч ******* нар оролцсон. Тус тооцооны үлдэгдлийн баталгаа №2011/03/16-01 тоот хуудсаар ******* ХХК нь ******* ХХК-д 114,444,694 төгрөгийн өртэй гарсан. ******* ХХК нь өр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан албан бичгийг хүргүүлж байсан хэдий ч хариу өгөхгүй өдийг хүрсэн.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан авах эрхтэй, 492.1.1-т Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шаардах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл харилцан тохиролцсон арматурын төмрөө хүлээлгэн өгөх үүргээ ******* ХХК нь биелүүлээгүй, ******* ХХК-ийн арматурын төмөр худалдан авахаар шилжүүлсэн мөнгийг буцаан өгөөгүй өнөөдрийг хүрсэн ба тус компани нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх- 1-2, 12/

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөх боломжгүй байна. Үүнд,

2.1.Нэхэмжлэлд ******* ХХК нь ******* ХХК-аас барилгын арматур төмөр худалдан авах зорилгоор арматурын үнэ болон түүнийг тээвэрлэх зардлыг ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэж дурдсан боловч нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтад төлбөр төлсөн баримт байхгүй байна.

2.2.Талуудын байгуулсан гэх тооцооны үлдэгдлийн баталгаанд төлөгч байгууллагын тэмдэг дарагдаагүй. Мөн өглөг, авлагын товч тайланд тамга тэмдэг дарагдаагүй нь дээрх баримтууд хууль зүйн хүчин төгөлдөр нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс дээрх баримтыг үндэслэж нэхэмжилсэн төлбөрийг төлөх хуулийн үүрэггүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-32/

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 114,444,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,239 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4.1.Шүүхээс Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийг хэзээнээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг тогтоохгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

******* ХХК нь ******* ХХК-д өгөх өглөгөө өгөлгүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу шаардах эрхээ тодорхойлсон. Өөрөөр хэлбэл шүүх хэзээнээс эхлэн шаардах эрх үүссэн, мөн Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК нь хэзээнээс эхлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн шаардах эрх хэзээ дууссан гэдгийг нотлох баримтад үндэслэж тогтоохгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Монгол Улсын Их хурлаас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлан гаргасан бөгөөд уг хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Гэтэл уг хуулийн зорилт нь татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбоотой харилцаа байтал Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК нь ******* ХХК-д өгөх өглөгөө дээрх хуулийг ашиглан хааж бүртгэсэн нь өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл мөн.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно", 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Өөрөөр хэлбэл ******* ХХК-ийн шаардах эрх 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдан, Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК нь өглөгөө хааж бүртгэснийг мэдсэнээс эхлэн үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд хөөн хэлэлцэх хугацааг 2015 оноос эхлэн тоолж эхлэх ёстой байсан ба Иргэний хуулийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна" гэж тодорхой заасан.

4.2.Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тухай.

******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хүсэлт гарган Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК-аас нотлох баримт гаргуулахаар /өөрөө гаргах боломжгүй тул/ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-т Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэх заалтыг баримтлан нотлох баримт гаргуулахыг хүссэн. Гэвч шүүгч 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 135/Ш32024/03246 дугаартай захирамжаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн ба Захирамжлах хэсгийн 2 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай гэж шийдвэрлэж, хэргийн оролцогчийн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Хуульд гомдол гаргах эрхтэй гэж заасан хэдий ч шүүгч захирамжаараа гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Учир нь нотлох баримт гаргуулах хүсэлтэд ******* ХХК-д өгөх өглөгийн санхүүгийн дотоод тайланг гаргуулахыг хүссэн. Тус тайлангаар 2015 онд Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК-аас ******* ХХК-д өгөх өглөгөө хэрхэн хаасан, хаасан үеэс шаардах эрх үүссэн гэх мэт зүйлсийг нотлох ач холбогдолтой байсан тул уг баримтыг гаргуулахгүйгээр, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т "Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасан тул гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /ХХ 89-91/

            5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:

            Давж заалдах гомдлыг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            5.1.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Гомдолд Шүүхээс ******* ХХК-ийг хэзээнээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг тогтоохгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэжээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол 492.2-т зааснаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй байхаар хуульчилсан байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д .. 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар тооцоо нийлж тооцооны үлдэгдлийг баталгаажуулснаас эхлэн нэхэмжлэгчид хариуцагчаас үлдэгдэл мөнгөө шаардах эрх үүссэн байх ба энэ хугацаанаас хойш 2023 оныг хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж заасан тул нэхэмжлэгчийн хувь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

            2015.08.07-ны өдрийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль-д шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сунгах тухай агуулга байхгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэлд дурдагдаагүй буюу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад яригдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Гомдолд дурдсан ...******* ХХК нь ******* ХХК-нд өгөх өглөгөө дээрх хуулийг ашиглан хааж бүртгэсэн нь өөрөө үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэл мөн гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй. гэж журамласан байна.

5.2.Хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй тухайд: Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан 2024.05.10-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэсэн 2024.05.24-ний өдрийн 135/Ш32024/03246 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгчийн гаргуулахыг хүссэн нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн өөрийн хариуцагчтай тооцоо нийлсэн акт, хариуцагчид хүргүүлж байсан албан бичиг, мөн хариуцагчаас нэхэмжлэгчид өгч байсан гэх албан бичгүүд байх ба дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй байна гэж дүгнээд ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хүсэлтийг хангахаас татгалзаж мөн хуулийн 170.1-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гомдолд дурдсан 170.1-д гомдол гаргаж болох хуулийн заалтуудыг нэрлэн заасан байх ба дээрх захирамж нь гомдол гаргах эрхгүй захирамжид хамаарч байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.19-ний өдрийн 135/ШШ2024/01111 дугаартай шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116.2-т заасан "Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан хуулийн шаардлагыг хангаж гарсан тул ИХШХШТХ-ийн 167.1.1-д заасны дагуу давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэргээс судлан үзэхэд:

8.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан арматурын төмөр худалдан авахаар шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 114,444,694 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* ХХК нь эс зөвшөөрч, ...төлбөр төлсөн баримт байхгүй, тооцооны үлдэгдлийн баталгаанд төлөгч байгууллагын тэмдэг дарагдаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* зүгээс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх тус хүсэлтийг ...дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /х.х-28-30/

            10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ... зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй ... нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж хуульчилсан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийн зарим хэсэг нь хариуцагч байгууллагын ******* ХХК-нд өгөх өглөгийн санхүүгийн дотоод тайлан, тооцоо нийлсэн акт зэргийг хариуцагчаас гаргуулах гэсэн агуулгатай байна. /х.х-32/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч байгууллагаас гаргуулахыг хүссэн эдгээр нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх боломжгүй байхад шүүх ...нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

11.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан бусад хэсэгт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2024/01111 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 730,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.МЯГМАРСҮРЭН                   

             ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА        

                                                                        Я.ТУУЛ