Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 58

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Г.Баяраа,

Шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э т холбогдох эрүүгийн 1715002220239 дугаартай, 163/2019/0060/Э индэкстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймгийн ... оршин суух, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн Б овогт Ц.Э  ,

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Э  нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө Булган аймгийн... оршин суух Б.М гийн өмчлөлийн Ipone-5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 383200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:    

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э ийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цалингаа авсан. Тэгээд ажил тараад мөнгөө нийлүүлж дэлгүүрээс юм аваад хохирогч М гийн гэрт очсон. Тухайн үед хохирогч М  гэдэг хүний нөхөртэй нь цуг ажилладаг байсан. Юмаа ууж дуусахад нэлээн согтсон. Тэгээд хажуу талын айлд орж хоночихоод өглөө босоод байж байтал намайг дуудахаар нь очсон. Яваад ортол С , Б , М  эгч болон түүний нөхөр зэрэг хүмүүс байсан. Тэгээд би цалингаасаа мөнгө гаргаж дэлгүүр орж юм аваад оруулж өгөөд хамт уусан. Би их согтсон учир цаашаагаа юу болсныг сайн санахгүй байна. Тэр өдрийн орой М  эгч надад гар утсаа “энэний 3G сүлжээ нь болохгүй байхын, янзлаад өгөөч” гэж үзүүлж байсан. Сүүлд нь цагдаагаас дуудаж хэргийг танилцуулахад М  эгчийн “iphone 5” маркийн гар утсыг аваад явсан байна лээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

                                                                          

1715002220239 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Б.М гийн өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөөний 8-9 цагийн үед манайд Д гийн хүргэн Э  гэдэг залуу орж ирсэн... Э г 1 пивонд явуулаад авч ирэхэд Б  би ууж чадахгүй нь гэж хэлээд ахынх руугаа яваад Э  бид хоёр үлдээд 1 пиво ууж дуусаад Э  гараад явсан. Тэгээд Э г гараад явсны дараа 30 минутын дараа утсаа үгүйлэхэд байхгүй байхаар нь урд талын Д  гэдэг айлын утсаар өөрийнхөө утас руу залгахад дуугараад авахгүй байсан. Э  И  ШТС-ын эрхлэгч Х рүү миний утсаар мөнгө нэхэж ярьсан юм билээ... японоос хүүхэд өгч явуулсан юм. Яг үнийг нь мэдэхгүй байна 1 сая төгрөгөөр үнэлнэ. Гэр дотроос гар утсыг минь хэлэлгүй авч явсанд гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-15-16 тал/

Гэрч Г.О ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би Эрдэнэтээс Хялганат руу өөрийнхөө машинтай Цулхар гэдэг газарт явж байсан чинь М агийн ******** дугаарын утаснаас дуудлага ирэхээр нь би авсан. Намайг М гийн ******** гэсэн дугаарыг авахад Э  яриад надаас авах ёсто байсан 20000 төгрөгөө өгөөч гэж ярихаар нь би одоо надад өгөх мөнгө алга байна, тэгээд ч би Эрдэнэтаас Хялганат руу гарч явна гэхэд Э  утсаа салгасан... 13-14 цагийн хооронд залгасан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч Э.Б ын өгсөн: Тэрээр ганцаараа явган ирээд надаас манай колонкийн эрхлэгч О ийн дугаарыг асуусан. Тэгэхээр нь би эрхлэгч байхгүй байгаа хөдөө ажлаар явсан гэхэд тэрээр бас нэг хүний дугаарыг асуусан. Би яг хэний дугаарыг асуусаныг санахгүй байна. Энэ үед түүний өмсөж явсан куртикны зүүн халаасанд Ipone  загварын утасны ая дуугараад байсан. Тэгтэл тэрээр тухайн утсаа гаргаж ирчихээд дууг нь хаагаад байсан. Тэгээд л яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-11 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42 тал/, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн  17/305 дугаартай “Лэндс”  ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-43-46 тал/, болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.   

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э  нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Нарсны задгайн 2-14 тоотод оршин суух Б.М гийн өмчлөлийн Ipone-5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 383200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар өгсөн... М  эгчийн “iphone 5” маркийн гар утсыг аваад явсан байна лээ гэх мэдүүлэг  нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч Б.М гийн ... гар утсаа алдсан талаархи мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Г.О  өгсөн... М агийн ******** дугаарын утаснаас дуудлага ирэхээр нь би авсан. Намайг М агийн ******** гэсэн дугаарыг авахад Э  яриад надаас авах ёсто байсан 20000 төгрөгөө өгөөч гэж ярихаар нь би одоо надад өгөх мөнгө алга байна, тэгээд ч би Эрдэнэтаас Хялганат руу гарч явна гэхэд Э  утсаа салгасан гэх мэдүүлэг, гэрч Л.О ын өгсөн...колонкийн эрхлэгч О ийн дугаарыг асуусан. Тэгэхээр нь би эрхлэгч байхгүй байгаа хөдөө ажлаар явсангэж хэлсэн. Энэ үед түүний өмсөж явсан куртикны зүүн халаасанд Ipone  загварын утасны ая дуугараад байсан. Тэгтэл тэрээр тухайн утсаа гаргаж ирчихээд дууг нь хаагаад байсан гэх мэдүүлэг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42 тал/,  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн  17/305 дугаартай “Лэндс”  ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-43-46 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Алтан-Уяа шинжээч гар утасны үнийг зах зээлийн үнээс өндөр үнэлсэн гэж  маргаж байгаа ба хэрэгт .. Ipone-5 загварын гар утасны зах зээлийн үнэлгээг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн байдлаар тодорхой судалгааны үндсэн дээр үнэлгээ тогтоосон “Лэндэс ХХК-ны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17/305 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв үзэж шүүх хэргийг шийдвэрлэлээ.    

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан хэргийн бодит   байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх үнэлэв.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Э ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгч Ц.Э ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар хохирол, хор уршиг арилгуулах, зан үйлээ засах дадал олгох сургалтанд хамруулах үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э  нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгүүлсэн ба уг ялыг эдлээгүй, ял эдлэхээс зайлсхийсэн болох нь Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хийгдсэн материал, албан тоот зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Э т энэ тогтоолоор оногдуулах ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ц.Э ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М ад гар утасны 383200 төгрөгийн хохирол учирсан байна.

 Шүүгдэгч Ц.Э аас 1 ширхэг Ipone-5 гар утасны үнэ 383200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М д олгох нь зүйтэй байна.  

 Шүүгдэгч Ц.Э т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.     

Шүүгдэгч Ц.Э ийн цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Ц.Э ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Э ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Э т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар ял дээр 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Шүүгдэгч Ц.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 -т зааснаар  хохирол, хор уршиг арилгуулах, зан үйлээ засах дадал олгох сургалтанд хамруулах үүргийг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Э т оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ц.Э ийг цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулсан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдсугай.   

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э аас 383200 төгрөг гаргуулж, хохирогч Б.М д олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                     

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНДУЛАМ