| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0061/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 59
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч Н.Д ,
Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М т холбогдох эрүүгийн 1815002930014 дугаартай 163/2019/0061/Э индэкстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, аав, эгчийн хамт Булган аймгийн... оршин суух, Б овогт Б.М ,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт иргэн Н.Д ын 1 тооны морийг хулгайлан авч 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Д ын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр адуугаа бүртгэхэд бүрэн байсан. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр адуугаа хурааж ирээд бүртгэхэд хар зүсмийн гүү алга болсон байсан. М ын гэр манай гэр хоёр ойрхон зусдаг юм. Тэгэхээр нь би Б.М ыг авсан гэж сэжиглэн тэр хавийн хүмүүсээс асууж сурагласны эцэст мэдсэн. Эхэндээ М нь аваагүй гэж байсан боловч сүүлдээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Шүүгдэгч Б.М нь цаашид дахин хулгай хийхгүй гэж надад хэлсэн. Ийм учраас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон адууны хохирол 600000 төгрөгийг төлчихвөл гомдол, санал байхгүй гэв.
1815002930014 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Б.М ын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Булган аймгийн Орхон сумын Оросын Булаг гэх газарт Б ынд /О / очиж мөнгө зээлэх гэсэн боловч Б надад мөнгө зээлээгүй. Тэгээд би Оросын Булаг уруудаад өөр айлаас мөнгө зээлье гэж бодоод явж байсан чинь миний унаж явсан мотоциклийн түлш дууссан. Түлш дуусчихаар нь би мотоциклио засмал замын хажууд орхиод Орхон аймгийн хамгийн наана байдаг бензин түгээх станцаас бензин авах гээд зам дагаад алхаж явсан чинь Оросын булагийн ертөнцийн зүгээр зүүн талд засмал замын хажууд хүрэн азаргатай 20 гаран тооны адуу бэлчиж харагдсан. Тухайн үед надад бензиний мөнгө байхгүй болохоор нь би тэр адуунаас нэгийг нь барьж аваад мөнгө болгоод мотоцикльдоо бензин хийе гэж бодсон. Тэгээд би тэр адуунууд дээр очоод хар тарган гүүг уутаар тэжээл гэж хуурч байгаад ойртож ирэхээр нь барьж авсан. Тэгээд би О /Б /-ын гэр ойрхон болохоор тэднийд аваачиж зараад Б т 180000 төгрөгийн өрөө өгч дараад тэгээд бензиний мөнгө илүүчилж аваад мотоциклио асаасан. Би Б аас 180000 төгрөгийн өрөө даруулаад 250000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Тэгээд би Б ынхаас гараад засмал тосч байгаад замын машинд суугаад одоо нэрийг нь санахгүй байна, шатахуун түгээх станц дээр очоод замын машины жолоочоос бензиний төмөр сав асууж аваад 5 литр бензин аваад буцаад мотоцикль байсан газартаа хүргүүлсэн. Тэгээд би Орхон аймаг руу буцаж яваад Улаантолгойн наадамын баярт очсон гэх мэдүүлэг /хх-30-31 тал/
Хохирогч Н.Д ын өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг дэвсгэрт байрлах Оросын булаг гэх газраас хар зүсмийн гүү хулгайд алдсан. Сүүлд сонсоход М нь манай хар гүүг хулгайлсан байна лээ” гэх мэдүүлэг /хх-6 тал/
Гэрч С.Б ын өгсөн: “...М хар зүсмийн тариан тамгатай гүүг манай байшингийн хажуу талын торхны булангаас уячихсан байсан. Тэгээд би М аас хэний гүү юм бэ худалдах юм уу гэхэд миний гүү байгаа юм. Би 450000 төгрөгөөр худалдана гэсэн. Ингээд урьд нь М т өгсөн 180000 төгрөгөө суутгаж аваад үлдэгдэл 270000 төгрөгийг бэлнээр М т өгсөн. Тэгээд мөнгөө аваад М манайхаас явсан ” гэх мэдүүлэг /хх-8 тал /
Гэрч Б.Б ын өгсөн:...” 2018 оны 07 дугаар сарын сүүл 8 сарын эхээр О 94935050 дугаар луу залгаад Оросын булагт хүрээд адуу мал өгье гэхээр нь төрсөн дүү Б.Б тэй цуг **-** БУЛ улсын дугаартай Маяти-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Оросын булагт О ийн гэрийн гадаа торхны хажуу талд хар гүүг ногтоор ногтолж уячихсан байсан 650000 төгрөгөөр худалдаж авсан гарал үүслийг нь Орхон сумын малын эмч Н аас О гарал үүсэл авч өгсөн болно гэх мэдүүлэг /хх-11-12 тал/
Гэрч Б.Б гийн өгсөн: “...Би Б буюу О гэгчтэй 2018 оны 06 дугаар сард Орхон аймгийн төвд анх танилцсан. 2018 оны 07 дугаар сарын сүүл 8 сарын эхээр санаж байна төрсөн ах Б , О ийнд очиж мал аваад ирье гээд бид хоёр Б ахын Маяти-2 **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй, би жолоодож Оросын Булагт О ийн гэрт очсон. О хар гүүг байшингийн гадаа өөр хүрэн зүсмийн морьтой хамт аргамжсан байсан. Б ах О той хар гүү, хүрэн морьдыг худалдаж авахаар тохиролцсон... О ийн гадаа ирж хар гүү, хүрэн морьдыг машиндаа ачаад Оросын Булагт байдаг малын эмч залуу дээр О , Б бид гурав очоод гарал үүслийн О малын эмч залуутай уулзаж авсан. Ингээд худалдаж авсан малаа Орхон аймагт оруулж төхөөрөөд зарсан” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/
Гэрч Ж.Н ын өгсөн: би 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон сумын 2 дугаар багийн малчин Т гэж дууддаг М нь хар өнгийн номер дугааргүй мотоциклтой ирээд Улаантолгойн наадмаас ирсэн, одоо дахин наадамд явна. Хар зүсмийн гүүг Б т /О хочтой/ зарна гээд 00040337 гэрчилгээний дугаартай гарал үүслийн гэрчилгээ бичүүлж 1300 төгрөг өгөөд гарал үүсэл аваад явсан. Тухайн үед манай гэр Бүрэнбүстийн овооны дээд талд мянганы замын зүүн талд зусч байсан юмаа. М намайг гэртээ байж байхад ирж авсан. 2018 оны 07 дугаар сарын эхээр намайг мал эмнэлгийн дуудлаганд явсан үеэр гарал үүсэл авахаар ирээд явсан байсан. М ярихдаа хар зүсмийн гүүг О ид ачуулсан Орхон аймаг руу аваад явна гэж ярьж байсан хар гүүг би гарал үүсэл өгөхдөө зүс им тамгыг нь хараагүй болно гэх мэдүүлэг /хх-15-16 тал/
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 4 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн адууны зах зээлийн зүйлийн үнэлгээ /хх-20 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/374 дугаартай Орхон сумын засаг даргын тодорхойлолт /хх-36 тал/, бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт иргэн Н.Даваасамын 1 тооны морийг хулгайлан авч 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч Б. М нь нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт иргэн Н.Д ын 1 тооны морийг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар өгсөн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.Д ын өгсөн мэдүүлэг, гэрч С.Б , Б.Б , Б.Б , Ж.Н нарын мэдүүлэг, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн адууны зах зээлийн зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Иймд хэргийн талаар нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, мал хулгайлах гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.М ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.М ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Д д 600000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Б.М нь 1 тооны адууны үнэ болох 600000 төгрөгийн хохирлыг мөнгөн төлбөрөөр төлсөн байх тул хохирол хор уршиг арилсан бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.М т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.М ын нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөнүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.М ын оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ