| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2024/00354/и |
| Дугаар | 209/МА2024/00089 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 209/МА2024/00089
"*******" ТӨХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/01206 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч "*******" ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч "*******" ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дулааны төлбөрт 4,447,779.61 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,
Иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
"*******" ХХК нь Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойд байрлах сувиллын байрны Дулаан эрчим хүчний гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулан дулааны эрчим хүчээр хангасан.
2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд үлдэгдэл дулааны эрчим хүч хэрэглэсний 4,447,779.61 төгрөгийн үндсэн төлбөр байна. Тус сувиллын байр эзгүй, утсаар холбогдон удаа дараа төлбөр нэхэмжлэн компанийн зүгээс албан тоотоор хандсан.
Иймд 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. / хх-ийн 1/
2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
...Дархан-Уул аймгийн Засаг даргын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр манай "*******" ХХК-ийн сувиллыг Короно вируст цар тахлын үеийн халдварын үед аймгийн нэгдсэн эмнэлэгт ашиглуулахаар шийдвэрлэсэн.
Нэгдсэн эмнэлэг нь сувиллын байрыг ашигласныхаа төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахаараа төлнө гэсэн боловч өнөөг хүртэл төлөөгүй байна. Бид дээрх төлбөрийг авахаар хөөцөлдөж 2 жил болж байгаа боловч дулааны болон бусад хэрэглээний зардлуудын өр төлбөрт орж байна. Үүнээс гадна дээрх шалтгааны улмаас сувиллын үйл ажиллагаа доголдож улмаар бүрэн хэмжээгээр зогссон. Учир нь хөдөө орон нутгийн болон орон нутгийн сувилуулагчид ирж сувилуулдаг байсан бөгөөд дээрх шалтгаанаас үйл ажиллагаа тасалдсанаас болж ажиллахаа больсон мэт буруу ойлголт аван ирэхээ больсон.
Гэтэл аймгийн нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ авсан байх бөгөөд өнөөг хүртэл манай компанид байр ашигласны төлбөрөө өгөөгүй байгаа учраас дулааны төлбөрийн тодорхой хэсгийг нэгдсэн эмнэлэг хариуцна гэж бид үзэж байна. Тиймээс нэгдсэн эмнэлгийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтийг шүүхэд гаргах болно гэжээ. /хх-ийн 27/
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч "*******" ХХК-аас дулааны төлбөр 4,447,779.61 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ТӨХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч "*******" ТӨХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,114 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "*******" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 86,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:
...Шүүх хэргийн оролцогч болох хариуцагчийн оршин байгаа Улсын бүртгэлийн харьяаллыг буруу тогтоож, хууль зөрчиж шийдвэр гаргасан. Хариуцагч нь Улаанбаатар хот *******т бүртгэлтэй ба харьяалал бус асуудлыг авч шийдвэрлэсэн тул харьяаллын шүүхэд шилжүүлэх,
Улсын бүртгэлийн газраас лавлагаа авах, баталгаажуулах үүргээ гүйцэтгэж чадаагүй, нэхэмжлэгч нотлох баримт дутуу бүрдүүлж өгсөн байхад асуудлыг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 117/
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
7.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
8.Нэхэмжлэгч "*******" ТӨХК нь "*******" ХХК-д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны дулааны төлбөр 4,162,30.73 төгрөг, алданги 285,348.88 төгрөг, нийт 4,447,779.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч "*******" ХХК-аас дулааны төлбөр 4,447,779.61 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.
10.Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч “...хариуцагч нь Улаанбаатар хот *******т бүртгэлтэй ба шүүх харьяаллын бус асуудлыг авч шийдвэрлэсэн тул харьяаллын шүүхэд хэргийг шилжүүлэх, нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн газраас лавлагааг авч баталгаажуулаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж өгсөн байхад хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.
Хэргийн материалаас шинжлэн судлахад:
11.Зохигч талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дулаан эрчим хүчээр хангах гэрээг 1 жилийн хугацаатайгаар, бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу "*******" ТӨХК нь дулааны эрчим хүчээр хангах үүргийг, "*******" ХХК нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 6-9/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
12."*******" ТӨХК нь хариуцагч байгууллагыг гэрээний үүргээ биелүүлж, дулааны төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/634 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, "*******" ТӨХК-ийн албан бичиг болон 2022-2023 оны гэрээний үүргийн биелэлт, дүгнэлтийн албан тоот хүлээн авсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 106-107/
13.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, нөгөө талаас тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т зааснаар Эрчим хүчээр хангагч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй, хэрэглэгч нь хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар эрчим хүчээр хангагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах эрхтэй гэж зааснаас үзвэл хариуцагч талын дулааны төлбөрийг төлөхгүй гэх татгалзал нь дулааны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
14.Талуудын хооронд байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээний 6.9-т “Хангагч нь дулааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид дараа сарын 3-ны өдрөөс эхлэн дулааны программаас хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна. Алданги нь нийт төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан.
Хариуцагч "*******" ХХК нь 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны дулааны төлбөр 4,162,30.73 төгрөгийг төлөөгүй болох нь дулааны нэхэмжлэх /хх-ийн 57-62/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 5/, дулааны эрчим хүчээр хангах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги болох 285,348.88 төгрөгийг тооцож нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.
15.Иймд хариуцагч "*******" ХХК-аас дулааны төлбөр, алданги 4,447,779.61 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "*******" ТӨХК-нд олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
16. Хавтаст хэргийн 4, 78-80 дугаар талд "*******" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа авагджээ.
Дээрх лавлагаанаас үзвэл "*******" ХХК нь 2005 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн 8 дугаар багт бүртгэлтэй байсан байх ба 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот *******,*******,******* тоотод шилжин бүртгэгдсэн болох нь тогтоогдсон байна.
17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.” гэж заасан
18.Хариуцагч байгууллага нь 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хаягаа өөрчлөн Улаанбаатар хот руу шилжин бүртгүүлсэн байх боловч Дархан-Уул аймгийн 8 дугаар багт байрлаж, сувиллын үйл ажиллагаа явуулж байгаа, "*******" ТӨХК-иас дулаан эрчим хүчээр хангагдаж байсан нь талуудын тайлбар, дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн6-8/
Мөн хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарыг дуустал хугацаанд дулааны эрчим хүчээр хангагдаж байжээ.
Тодруулбал нэхэмжлэгч байгууллага нь дээрх хуулийн заалтын дагуу удирдах газар нь байгаа газрын шүүхэд /Сүхбаатар дүүргийн шүүхэд/ болон ажил хэргээ байнга явуулдаг газрын анхан шатны аль ч шүүхэд /Дархан-Уул аймгийн ИХАШШүүхэд/ нэхэмжлэлээ гаргах эрхтэй бөгөөд түүнийг хуульд заасан дээрх харьяаллын аль нэгээр нь нэхэмжлэл гаргасныг хууль зөрчсөн, анхан шатны шүүх харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
19.Дээрх үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/01206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Г.МЯГМАРСҮРЭН