| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0054/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 60
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогч Д.Г
улсын өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, М.Даваасүрэн,
шүүгдэгч М.Б , Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М. Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х.Б нарт холбогдох эрүүгийн 1815002580220 дугаартай 163/2019/0054/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Орхон аймагт .. засварын газар засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн... оршин суух, Орхон аймаг дахь Сум дунын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 189 дугаартай шийтгүүлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн хуулийн тэгштгэлээр суллагдсан Б овогт М.Б ,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт Орхон аймгийн ... оршин суух хаягтай, Орхон аймаг дахь Сум дунын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 21 жил хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өрийн 128 дугаар захирамжаар 11 жил, 6 сар, 3 хоногийн хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 8 жил 4 сар 8 хоногийн ялыг хасаж, эдлэх ялыг 3 жил 1 сар 25 хоногоор тогтоосон, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар захирамжаар 2 жил 9 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хянан харгалзах хугацааг тогтоосон ж Х овогт Х.Б ,
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч М.Б нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт Х.Б тэй бүлэглэн такси үйлчилгээнд явж байсан хохирогч Д.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн ганцаараа Д.Г ын өмчлөлийн 56000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,
Яллагдагч Х.Б нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт М.Б нь такси үйлчилгээнд явж байсан хохирогч Д.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б ын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 12-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр суманд Х.Б тэй уулзчихаад хөдөө гэр лүүгээ явах зорилготой таксины жолооч Д.Г тай үнэ хөлсөө 20000 төгрөгөөр тохирч явсан. Тэгээд нэлээн явж байгаад зогссон. Тэгэхэд таксины жолооч Д.Г мөнгө өг гэхээр нь 17000 төгрөг байна, ахаа би гэртээ очихоороо гүйцээгээд өгчихье гэж хэлснээс болж маргаан үүссэн. Ингээд би машинаас буух гэтэл машинаа цоожилсон байсан. Буух гээд татахад цоожыг нь мулт татчихсан. Тэгээд машинаас гараад зогсоход машины хаалганы цоож эвдээд хаячихлаа гэж уурлангуй хэлэхээр нь та өөрөө яах гэж цоожилдог юм бэ? гэж хэлсэнээс маргаан үүссэн. Намайг боож унагаагаад нэг удаа цохисон. Тэгээд Х.Б ах машинаас бууж ирээд чи хүүхэд аллаа ш дээ гэж гүйж ирээд бид хоёрыг салгасан. Энэ хооронд миний бие боолтонд орж ухаан алдаад босож ирээд цочирдсондоо Д.Г ыг нэг удаа цохиод авсан. Намайг 56000 төгрөгийг авсан гээд байна. Тухайн үед би өөрийнхөө мөнгийг хаана хийснээ мэдэхгүй хайж байсан. Жолоочоос асуухад би яаж мэддэг юм гээд уурлаад байсан. Машины хаалгыг нь онгойлгоход 1000-5000-ын дэвсгэртүүд гараад ирэхээр нь миний мөнгө байна гэж андуурч авсан. Миний мөнгө гутлын түрийнд байсан юм бас 1000-5000-ын дэвсгэртүүдтэй мөнгө байсан. Ингэж байтал Х.Б ах надад “ахын дүү наадах мөнгө чинь хүний мөнгө шүү, болохгүй шүү” гэж хэлэнгүүт тэр дор нь жолоочид буцаагаад өгсөн гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б ийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр найзындаа байж байтал Б орж ирээд манай дүүгийн найр болж байгаа юм, хоёулаа цуг явъя гэхээр хамт гараад явсан. Тэгээд Б такси хөлсөлж явъя гээд Г тай 20000 төгрөгөөр тохирч явсан. “Баянбүрд” гэх дэлгүүрийн гадна зогсож дэлгүүр ороод 4 лааз пиво авсан. Авсан пивоо замдаа уугаад явсан. Тэгээд цаашаа явж байгаад зогссон. Таксины жолооч Д.Г мөнгөө өгчих гэхэд нь Б “ахаа надад 17000 төгрөг байна, үлдсэнийг нь очоод өгчихье” гэж хэлсэн. Харин Д.Г болохоор 20000 төгрөгийг гүйцээж авна, харин М.Б болохоор очоод өгчихнө явъя, жолооч явахгүй суугаад байсан. Ингээд энэ хоёр мөнгөн дээрээсээ болоод маргасан. Маргалдаж байгаад Д.Г нь утас, машины түлхүүр хоёрыгоо аваад цагдаа дуудна гээд буусан. Араас нь М.Б бууж очоод уулзаад зогсож байтал Д.Г , М.Б ыг боож унагаагаад хоёр гарыг нь мэдээ алдуулаад газар унагаасан. Тэгэхээр нь би машинаас бууж гүйж очоод чи хүн боогоод алчихлаа ш дээ, наад хүн чинь үхчихлээ ш дээ гэж хэлсэн чинь намайг бас боогоод авсан. Боолтноос гарахын тулд фудволкоо ураад Д.Г тай зууралдаад зогсож байтал М.Б босож ирээд Д.Г ын нүүр лүү хоёр удаа өшиглөөд, хацар луу нь нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би Б од хандаж ахыг ингэж болохгүй гэж хэлээд салцгаасан. Хэсэг хугацааны дараа машиндаа суугаад эргэж буцан Эрдэнэт хот руу явна, явахгүй гэж маргалдсан. Ингээд байж байтал М.Б карманд нь байсан мөнгийг энэ миний мөнгө байна гэж хэлээд авчихсан. Би наадах чинь чиний мөнгө биш шүү, ингэвэл дээрэм болно шүү, энэ жолоочийн мөнгө, буцаагаад өг гэж хэлэхэд М.Б харж байснаа буцаагаад Д.Г ад өгсөн. Тэгээд би энэ асуудалд чинь би огт хамаа байхгүй шүү, та хоёр өөрсдөө учраа олоорой гэж хэлчихээд машинаас буугаад Эрдэнэт хот руу явган явсан. Тэгээд би шөнөжингөө алхсаар байгаад Эрдэнэт рүү орсон. Дахиж би эдний машинд суугаагүй тул үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г ын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед Орхон аймагт таксинд явж байтал 2 залуу гар өргөж суугаад Булган аймгийн Бугат сумын нутаг Хөлдүү мааньт гэх газарт хүргээд өг гэхээр нь 20000 төгрөгөөр хүргэж өгье гэж тохироод замдаа гарцгаасан. Б нь урд суучихсан, Б нь ард суучихсан явсан. Замд явж байхдаа миний машинд суусан үл таних 2 залуу пиво ууж яваад энд зогс гэхээр нь зогсоод тооцоогоо хийчих гэтэл очиж байгаад мөнгө өгнө гэхээр нь үгүй ахын дүү одоо тооцоогоо хийчих гэтэл Б гэх залуу нь надад 18000 төгрөг байна гэхээр нь үгүй, наад мөнгөө тохирсноороо гүйцээгээд өгчих гэтэл ахаа ийм л мөнгө байна гэж хэлэхээр нь гүйцээж авмаар байна гэтэл маргах маягтай болоод явчихаар нь за тэгвэл байгаа мөнгөө өгчих би дөхүүлээд өгье гээд машинаа асаагаад хөдөлтөл за за буцаад эргэ гэхээр нь машинаа эргүүлтэл хойно сууж байсан Б гэдэг залуу нь миний фудволкноос татаж боосон. Тэгэхэд Б гэдэг залуу миний машины түлхүүр булааж авах гээд ноцолдоод байсан. Тэгэхээр нь би пудволкаа урж боолтноос гараад машины урд хянах дээр байсан утсаа шүүрч аваад машинаас гарсан. Тэгэхэд Х.Б гэдэг залуу машинаас буугаад ирсэн. Тэр үед нь би Х.Б ийн зургийг гар утсаараа дарсан, тэр үед Б нөгөө хаалгаар бууж ирээд над руу гүйж ирсэн. Энэ үед нь би М.Б ын зургийг бас дарсан. Б намайг заамдаад авсан тэгтэл хажуугаас Б гүйж ирээд хажуугаас бариад авахаар нь би М.Б ыг боогоод түлхсэн чинь уначихсан. Х.Б болохоор миний гар утсыг авах гээд булаацалдаж байсан. Х.Б намайг татаад М.Б миний утсыг авчихсан. Тэгээд Х.Б намайг бариад М.Б миний ар нуруу болон хоёр бөөр лүү өшиглөөд байсан. Би газар унасан. Намайг газар унасан байхад Б гэдэг залуу миний толгой, шилэн хүзүү хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод би чамайг алаад хаячихья нэгэнт ялаа эдэлнэ, яахав гээд байхад ямар даварсан пизда вэ? гээд пудволкаа тайлаад шидээд байсан. Тэгэхээр нь би зугатаагаад гүйж явтал М.Б араас гүйж ирээд бариад авсан тэгээд М.Б намайг буцаад явъя гэхээр нь би буцаж очмооргүй байна алуулах юм шиг байна гэхэд Х.Б машины хажууд том чулуу барьчихсан зогсож байсан. Би буцаж очоод одоо больё тайвшир гээд Х.Б ийг тайвшруулсан. Миний машины хаалганы хавтсанд яг 56000 төгрөг байсан голдуу 5000-1000-тын дэвсгэрт байсан. Х. Б миний мөнгийг авсан, хаалганы хавтсанд 56000 төгрөгийг миний мөнгө байна гэж хэлээд авсан. Тэгснээ тэр мөнгийг тоолоод халаасандаа хийсэн. Тэгтэл Х.Б нь М.Б руу чи мөнгийг авч болохгүй дээрэм болно гэж уурлаад машинаас буугаад яваад өгсөн. Тэгээд би энэ хоёроос бушуухан салахын түүс болоод ах нь та хоёрыг хүргээд өгье, ахынхаа утсыг өгчих гэхэд М.Б кармагаа уудалж байгаад “Samsung S4” маркийн гар утас гаргаад ирснээ, өө миний утас байхгүй байна ш дээ гэж хэлэхээр нь нөгөөдөх чинь авчихсан байна гэж хэлээд машинаа асаагаад араас нь явсан. Явж очоод М.Б машинаас буугаад Х.Б ээс утас аваад ир гээд маргалдаж байх хооронд нь би Х.Б ийн баруун талын карманаас нь утсаа авсан. Тэгээд Х.Б ээс салаад нэг толгой дээр М.Б той сууж байтал кармаанаасаа 20000 төгрөг гаргаж өгөхөөр нь би наадах мөнгийг чинь авахгүй гэж хэлээд гэр чинь хаана байдаг юм бэ? хүргээд өгье гэж хэлсэн. Гол нь би гэрийнх нь хаягийг мэдэж авах гэсэн санаатай байсан. Ингэж байгаад М.Б тэр толгой дээрээс гүйгээд явчихсан. Бид гурав Эрдэнэт гараад 18 км л явсан байсан. Би М.Б оос тэр дариудаа мөнгөө аваагүй, сүүлд Булганы цагдаа дээр ирээд 56000 төгрөг өөрөө гаргаж өгсөн. Тухайн үед миний хүзүүнд боолтын улмаас улаалт үүссэн зулгарсан байсан, хоёр бөөрний орчимд улаалт үүссэн, завьж сэтэрч хавдсан байсан. Би Эрдэнэтийн эмнэлгийн нэрийг нь санахгүй байна. Хувийн эмнэлэгт үзүүлж бөөрний зураг авахуулж эмчилгээ хийлгэсэн. Эм тариа авсан, эмчилгээ хийлгэсэн баримт ойролцоогоор 200 гаруй мянган төгрөгийн баримт машинд байгаа. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Нааш цааш явсан зардал мөнгө зөндөө гарсан ойролцоогоор 1 сая төгрөгийн зардал гарсан байх. Надад баримт гээд байх зүйл байхгүй. Би гомдолтой байна гэх мэдүүлэг.
1815002580220 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Г ын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед Орхон аймагт таксинд явж байтал 2 залуу гар өргөж суугаад Булган аймгийн Бугат сумын нутаг Хөлдүү мааньт гэх газарт хүргээд өг гэхээр нь 20000 төгрөгөөр хүргэж өгье гээд замдаа гарцгаасан. Замд явж байхдаа миний машинд суусан үл таних 2 залуу пиво ууж яваад энд зогс гэхээр нь зогсоод тооцоогоо хийчих гэтэл очиж байгаад мөнгө өгнө гэхээр нь үгүй ахын дүү одоо тооцоогоо хийчих гэтэл Б гэх залуу нь надад 18000 төгрөг байна гэхээр нь за тэгвэл байгаа мөнгөө өгчих би дөхүүлээд өгье гэтэл хойно сууж байсан Б гэдэг залуу нь араас боогоод Б гэх залуу миний машины түлхүүрийг авах гэхээр нь би машинаа унтраагаад түлхүүрээ аваад гарч зугатаад араас гараад ирэхээр нь зургийг нь утсан дээрээ дарсан. Гэтэл Б намайг заамдаад автал Б гүйж ирээд уруулан тус газарт гараараа нэг удаа хальт цохиод авахаар нь Б ыг боогоод түлхтэл газарт өнхрөөд унасан. Б намайг барьж байхад Б босч ирээд миний бөөрөн тус газарт нэг нэг өшиглөөд би газарт унатал Б миний толгойн ар хэсэгт гараараа нэг удаа цохиж Б нь толгойн тус газарт 2 удаа өшиглөсөн. Би газраас босоод 50 м орчим газарт зугатаад гүйж явтал Б араас гүйж ирээд намайг барьж аваад надад машины түлхүүрээ өгчих 3-уулаа буцаад Эрдэнэт явъя гэхээр нь буцаад яваад очтол машины хаалганы хавтсанд байсан 56000 төгрөгийг Б нь миний мөнгө байна гээд аваад халаасандаа хийтэл Б наад мөнгөө авч болохгүй дээрэм болчихно шүү гэж хэлтэл Б үгүй ээ энэ миний мөнгө гэж хэлээд авсан гэх мэдүүлэг /хх-21-22 тал/
Намайг машинаа бариад явж байхад Б Б хоёр хоёулаа арын суудал дээр сууж явсан тэгтэл Б гэдэг залуу яг миний ард сууж явсан бөгөөд Б гэдэг залуу араас миний пудволкаар намайг боож эхэлсэн. Тэгэхэд Б гэдэг залуу миний машины түлхүүр булааж авах гээд ноцолдоод байсан. Тэгэхээр нь би пудволкаа урж боолтноос гараад машины урд хянах дээр байсан утсаа шүүрч аваад машинаас гарсан. Тэгэхэд Б гэдэг залуу машинаас буугаад ирсэн тэр үед нь би Б ийн зургийг гар утсаараа дарсан, тэр үед Б нөгөө хаалгаар бууж ирээд над руу гүйж ирсэн тэр үед нь би Б ын зургийг бас дарсан. Б намайг заамдаад авсан тэгтэл хажуугаас Б гүйж ирээд хажуугаас бариад авахаар нь би Б ыг боогоод түлхсэн чинь уначихсан. Тэгэхэд Б намайг татаад Б миний утсыг авчихсан. Тэгээд Б намайг бариад байсан тэгэхэд Б миний ар нуруу хоёр бөөр лүү өшиглөөд байсан тэгэхэд би газар унасан. Намайг газар унасан байхад Б гэдэг залуу миний толгой, шилэн хүзүү хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод би чамайг алаад хаячихья нэгэнт ялаа эдэлнэ, яахав яахав гээд байхад ямар даварсан пизда вэ гээд пудволкаа тайлаад шидээд байсан. Тэгэхээр нь би зугатаагаад гүйж явтал Б араас гүйж ирээд бариад авсан тэгээд Б намайг буцаад явъя гэхээр нь би буцаж очмооргүй байна алуулах юм шиг байна гэхэд Б машины хажууд том чулуу барьчихсан зогсож байсан. Би буцаж очоод одоо больё тайвшир гээд Б ийг тайвшруулсан...Б намайг заамдаж аваад тавиагүй, Б намайг барьж байгаад Б оор зодуулсан гэж ойлгож болно... миний машины хаалганы хавтсанд яг 56000 төгрөг байсан голдуу 5000-1000-тын дэвсгэрт байсан яг хэдтийн дэвсгэрт хэдэн ширхэг байсныг санахгүй байна. Б миний мөнгийг авсан, хаалганы хавтсанд 56000 төгрөгийг миний мөнгө байна гэж хэлээд авсан. Тэгснээ тэр мөнгийг тоолоод халаасандаа хийсэн. Би Б оос тэр дариудаа мөнгөө аваагүй, сүүлд Булганы цагдаа дээр ирээд 56000 төгрөг өөрөө гаргаж өгсөн, миний мөнгө биш байсан... тухайн үед миний хүзүүнд боолтын улмаас улаалт үүссэн зулгарсан байсан, хоёр бөөрний орчимд улаалт үүссэн, жавьж сэтэрсэн хавдсан байсан. Би Эрдэнэтийн нэрийг нь санахгүй байна хувийн эмнэлэгт үзүүлж бөөрний зураг авахуулж эмчилгээ хийлгэсэн. Эм тариа хийлгэсэн ойролцоогоор 200 гаран мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Одоо биеийн байдал гайгүй байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Нааш цааш явсан зардал мөнгө зөндөө гарсан ойролцоогоор 1 сая төгрөгийн зардал гарсан байх. Надад баримт гээд байх зүйл байхгүй... Б , Б нарыг би хувьдаа намайг бүлэглэж зодсон гэж үзэж байна. Б намайг барьж байгаад Б оор зодуулсан... анх таксины мөнгөн дээрээс болж маргаан эхэлсэн. Б дутуу мөнгө гаргаж ирээд очоод үлдсэн мөнгийг нь өгнө гээд байхаар нь би явахгүй гэсэн чинь Б тэгвэл больё буцаад эрэг гэхээр нь эргэтэл араас Б боож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-107-108 тал/
Гэрч О.О гийн өгсөн: “...манай нөхөр Г 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шиг санагдаж байна 14 цагийн үед над руу яриад би Бугат сум руу явчихаад ирье таксинд хүн аваад явж байна гэж ярьсан...тэгээд тэрнээс хойш 00 цагийн үед би залгахад утас нь холбогдоод надад хэлэхдээ хүнд зодуулаад цагдаа дээр байна мэдүүлэг өгчихөөд одоо харьлаа гэж хэлсэн. Тэгээд 01 цаг болж байхад ирсэн бөгөөд Бугат руу явж байгаад хоёр залуу намайг зодоод гэсээр ирсэн. Тухайн үед манай нөхрийн хүзүү нь улайгаад зулгарсан боолгосон шинжтэй байсан. Ар нуруу хоёр талын бөөр нь хөхөрсөн байсан, жавьж нь дотроо язраад шанаа нь хавдсан байсан. Таксины мөнгөн дээрээс болж маргалдаад тэгээд зодсон гэж байсан. Цайвар өнгийн пудволкатай явсан пудволканы захаар араас нь боосон гэсэн манай нөхрийн пудволка нь урагдсан байсан. Гадна хувцас хунар нь шороо тоос болсон байсан гэх мэдүүлэг /хх-109 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 580 дугаартай
1. Д.Г ын биед дээд, доод уруулын салстад шарх, уруулын дотор салст, хоёр талын ташаанд цус хуралт, хүзүүнд зулгаралт үүсчээ.
2. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ.
3. Дээд, доод уруулын салстад шарх, уруулын дотор салст, хоёр талын ташаанд цус хуралт нь тус бүрдээ ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүзүүнд үүссэн зулгаралт нь ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт /хх-34 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 01-04 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-15 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-79-80 тал/, Орхон аймаг дахь Сум дунын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 189 дугаартай шийтгүүлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлсэн, Орхон аймаг дахь Сум дунын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 21 жил хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх эхсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлсэн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт Х.Б тэй бүлэглэн такси үйлчилгээнд явж байсан хохирогч Д.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн ганцаараа Д.Г ын өмчлөлийн 56000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн,
шүүгдэгч Х.Б нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт М.Б нь такси үйлчилгээнд явж байсан хохирогч Д.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, тэдгээрийн гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг , хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Г , гэрч О.О нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 580 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б ийн 2010 оны 3 дугаар сарын15-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол , 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өрийн 128 дугаар захирамж,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар захирамж зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, дүгнэлтийг шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх үнэлэв.
Шүүгдэгч өмгөөлөгч Х.Ундрах-Оргил шүүгдэгч Х.Б тэй бүлэглэн такси үйлчилгээнд явж байсан хохирогч Д.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж мэтгэлзжээ.
Үйл баримтын талаар хэрэгт хохирогч Д.Г ын мэдүүлэгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж өгсөн:... Б гэдэг залуу нь араас боогоод Б гэх залуу миний машины түлхүүрийг авах гэхээр нь би машинаа унтраагаад түлхүүрээ аваад гарч зугатаад араас хөөгөөд ирэхээр нь зургийг нь утсан дээрээ дарсан. Гэтэл Б намайг заамдаад автал Б гүйж ирээд уруулан тус газарт гараараа нэг удаа, бөөрөн тус газарт нэг нэг өшиглөөд би газарт унатал Б миний толгойн ар хэсэгт гараараа нэг удаа цохиж Б нь толгойн тус газарт 2 удаа өшиглөсөн.... машины хаалганы хавтсанд байсан 56000 төгрөгийг Б нь миний мөнгө байна гээд аваад халаасандаа хийтэл Б наад мөнгөө авч болохгүй дээрэм болчихно шүү гэж хэлтэл Б үгүй ээ энэ миний мөнгө гэж хэлээд авсан гэх мэдүүлэг /хх-21-22 тал/
Намайг машинаа бариад явж байхад Б Б хоёр хоёулаа арын суудал дээр сууж явсан тэгтэл Б гэдэг залуу яг миний ард сууж явсан бөгөөд Б гэдэг залуу араас миний пудволкаар намайг боож эхэлсэн. Тэгэхэд Б гэдэг залуу миний машины түлхүүр булааж авах гээд ноцолдоод байсан. Тэгэхээр нь би пудволкаа урж боолтноос гараад машины урд хянах дээр байсан утсаа шүүрч аваад машинаас гарсан. Намайг газар унасан байхад Б гэдэг залуу миний толгой, шилэн хүзүү хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод би чамайг алаад хаячихья нэгэнт ялаа эдэлнэ, яахав гээд байхад ямар даварсан пизда вэ гээд пудволкаа тайлаад шидээд байсан....Б намайг заамдаж аваад тавиагүй, Б намайг барьж байгаад Б оор зодуулсан. ... хаалганы хавтсанд 56000 төгрөгийг миний мөнгө байна гэж хэлээд Б авсан.... тухайн үед миний хүзүүнд боолтын улмаас улаалт үүссэн зулгарсан байсан, хоёр бөөрний орчимд улаалт үүссэн, завьж сэтэрсэн хавдсан байсан. Б , Б нарыг би хувьдаа намайг бүлэглэж. зодсон” гэх мэдүүлэг /хх-107-108 тал/
Гэрч О.О гийн өгсөн: “...манай нөхөр Г 2018 оны 08 дугаар сарын 12-ны орой 01 цаг болж байхад гэртээ орж ирэхдээ Бугат руу явж байсан хоёр залуу намайг зодоод гэсээр ирсэн. Тухайн үед манай нөхрийн хүзүү нь улайгаад зулгарсан боолгосон шинжтэй байсан. Ар нуруу хоёр талын бөөр нь хөхөрсөн байсан, завьж нь дотроо язраад шанаа нь хавдсан байсан. Таксины мөнгөн дээрээс болж маргалдаад зодсон гэж байсан. Цайвар өнгийн пудволкатай явсан пудволканы захаар араас нь боосон гэсэн манай нөхрийн пудволка нь урагдсан байсан. Гадна хувцас хунар нь шороо тоос болсон байсан гэх мэдүүлэг /хх-109 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 580 дугаартай шинжээчийн....Хүзүүнд үүссэн зулгаралт нь ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Үүссэн гэмтлүүд бүгд шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт /хх-34 тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Дээрхи хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Х.Б нь Б той бүлэглэн такси үйлчилгээнд явж байсан хохирогч Д.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Х.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан гомдлын үндэслэл няцаагдаж байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М. Сайнзаяагийн шүүгдэгч М.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,
Шүүгдэгч Х.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Б ыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, дангаараа бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Х.Б ийг М.Б той бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б , Х.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г ын биед хөнгөн хохирол учирсан ба хохирлын баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б , Х.Б нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.Б нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 18 жил, 9 сар, 9 хоногийн хорих ял оногдуулсан ба Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өрийн 128 дугаар захирамжаар 11 жил, 6 сар, 3 хоногийн хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 8 жил 4 сар 8 хоногийн ялыг хасаж, эдлэх ялыг 3 жил 1 сар 25 хоногоор тогтоосон.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар захирамжаар Б ийн 2 жил 9 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хянан харгалзах хугацааг тогтоосон байхад ялаа эдлэж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул энэ тогтоолоор оногдуулсан ял дээр түүний эдлээгүй үлдсэн 2 жил, 9 сар, 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон 27, шүүгдэгч Х.Б ийн 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх,
Шүүгдэгч Х овогт Х.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Б ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б ийн энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ял дээр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар захирамжаар 2 жил 9 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласныг сэргээж, 2 жил, 9 сар, 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил, 10 сар, 15 хоногоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б ын эдлэх 7 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Х.Б ийн эдлэх 2 жил 10 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Б ын 27 хоног, шүүгдэгч Х.Б ийн цагдан хоригдсон 12 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч М.Б , Х.Б нарын хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Г эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, шүүгдэгч Х.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ