Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 61

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шинжээч эмч Д.Гүндэгмаа,

Хохирогч М.С ,

Шүүгдэгч Э.А , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны итгэмжит зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А д холбогдох эрүүгийн 1915000000021 дугаартай, 163/2019/0062/э индэкстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХААН механикийн инженерийн 3-р дамжаанд суралцдаг жилийн чөлөөтэй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 32-1-7 тоотод оршин суух, Н  овогт Э.А  ,

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Э.А  нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт М.С ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:   

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А ийн өгсөн: Би гараа өргөөд такси барих гээд зогсож байтал энэ хүн ирсэн. Надаас мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би таксиныхаа мөнгийг ээж дээрээс очоод аваад өгье гэж хэлсэн боловч надад итгэхгүй машины буу, зайл гээд хөөсөн. Тэгээд би машинаас буухдаа хаалгыг нь жоохон хүчтэй савчихсан юм. Тэгсэн чинь энэ эгч машинаасаа бууж ирээд чи одоо яадаг муу гуйлгачин бэ? гэж хашгирч доромжлоод байсан. Энэ үед би зүв зүгээр зогсож байсан ба өөрөө ирээд түлхэж унагаагаад цохиж зодож байснаа хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд босож ирээд гараа зангидаж байгаад нэг удаа л цохисон. Хохирогч эгч худлаа мэдүүлэг өгөөд байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С ын өгсөн: Урьд нь шүүгдэгч Э.А  намайг захын таксины буудал дээр зогсож байхад айлд очно, тэр айлаасаа мөнгийг нь аваад өгье гэж хэлээд  тэр айлд нь очиход хүн байгаагүй. Байранд очоод аваад өгье гэхээр нь нэг байр луу явсан. Тэгээд байр луугаа орчихоод гарч ирэхгүй болохоор нь явчихсан юм. Сүүлд нэг удаа тааралдахад мөнгийг өгнө гэсэн боловч өгөөгүй. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шинэ хорооноос уруудаж явтал шүүгдэгч А гараа өргөөд зогсож байхаар нь авчихсан юм. Тэгээд би мөнгөө өгөөрэй гэж хэлсэн чинь мөнгө байхгүй гэсэн. Хаанаас очиж авч өгөхийн бэ? гэж асуухад холбооноос очиж авч өгнө гэхээр нь худлаа хэлж байна гэж бодоод чи машинаас буу, дандаа худлаа ярих юм гэж хэлсэн. Машинаас буухгүй болохоор нь яасан бэ? хурдан буугаач, би ажлаа хиймээр байна гэж уурлахад машинаас буухдаа хаалгыг минь хүчтэй савж хаагаад, өшиглөчихөөд яваад өгөхөөр нь чи яаж байгаа юм бэ?, цаашаагаа яв гээд түлхтэл хоёр гараараа миний цээжнээс аймаар базаж аваад миний шанаа руу гараа зангидаж байгаад нэг удаа хүчтэй цохисон. Орой гэртээ очоод цээжээ харахад хөхөрч хавдсан байсан. Мөн миний хиймэл шүднүүдийг хугартал цохисон байсан. Тухайн үед амнаас цус гараад хиймэл шүднүүд унаад байсан. Сүүлд толгой өвдөөд байхаар нь бариачид 3 удаа бариулсан. Шүдээ янзлуулахад 190000 төгрөг болсон, 3 удаа бариачид бариулсан 15000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсны хураамж 8000 төгрөг, нийт 213000 төгрөгийг шүүгдэгч Э.А ээс нэхэмжилж байна. Хичнээн өвчтэй ч гэсэн хөгшин настай намайг ийм болгосонд гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.Гүндэгмаагийн өгсөн: ..201 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э. А  гэх хүний сэтгэцийн дүгнэлтийг манай эмнэлгийн мэдрэл, сэтгэцийн эмч Д.Цолмон, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ө. Энхмаа бид нар хамтран гаргасан.Сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг өвчтөний карт, мөн дүгнэлт гаргахад оролцсон эмч нар бүгд А ийн сайн мэддэг эмчлэгч эмчээр нь ажиллаж байсан.

Шүүгдэгч Э.А ийн хувьд 2013 оноос хойш сэтгэцийн эмчийн хяналтанд орж эмчилгээ хийлгэж байгаа. Өөрийнхөө зан төлөвийн өөрчлөлтөөс болоод хийж байгаа үйлдлээ сайн мэдэхгүй байдаг . Эмчлэгдэж байх үедээ эмчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй бөгөөд эмчилгээ хийх хугацаанд нууцаар гадуур гараад явчихдаг байсан. Зан төлөвийн өөрчлөлт их байгаа. Жишээ нь: огцом уурладаг байдлаасаа болж хэрэг төвөгт их орооцолддог болсон. Өнгөрсөн зуны найман сард Эрдэнэт хотод хэрэг төвөгт орооцолдож сэтгэцийн дүгнэлт гаргуулж байсан.

 Шүүгдэгч Э.А  нь зан төлөвийн хурц өөрчлөлттэй учраас даамжирч хүний эрүүл мэндэд өшөө, хохирол учруулах магадлалтай байна. Ийм болохоор энгийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэх боломжгүй байна. Одоо Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хуулийн тасагт албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэв.  

1915000000021 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч М.С ын өгсөн:…2019.01.25-ны өдрө 13 цаг 50 минутын үед намайг таксины үйлчилгээ хийж явахад Шинэ хорооны орчим нэг залуу гар өргөхөөр нь би зогсоод суулгахад Э.А  гэх залуу миний машинд суухаар нь би чи урьд нь мөнгөө өгөөгүй, би чамд үйлчлэхгүй гэхэд машинаас бууж миний машины зүүн талын урд талын хаалгыг хөлөөрөө 1 удаа өшиглөөд авахаар нь би бууж очоод яагаад машин өшиглөөд байгаан гээд цаашаа бай гээд түлхсэн эргэж хараад зангидсан гараараа 1 удаа зүүн эрүүний орчим руу маш хүчтэй цохиод авсан. Тэгээд би манарсан ба тэгээд цагдаад хэлнэ гэсэн ална шүү гэхээр нь би айгаад  цагдаад хэлсэн. Удалгүй харин ойрхон байсан цагдаа тэр залууг бариад авсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-12-13  тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дугаартай

1. М.С ийн биед зүүн завьжинд шарх, зүүн доод 4-р шүдний сулрал, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 16 тал/,

 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай шүүгдэгч Э.А д сэтгэцийн байдлын талаар гаргасан:

1.Магадлуулагч Э. А  нь сэтгэцийн хувьд эрүүл бус, сэтгэцийн   өвчтэй бөгөөд тасралтгүй даамжрах хэлбэрийн солиорол, зан төрөхийн өөрчлөлт, сэтгэцийн үйл сарних өвчин . Уг өвчин  даамжралын шатандаа байна.

2.Хэрэг үйлдэх үедээ уг өвчин нь даамжралын үе шатандаа байсан болно.

3.Магадлуулагч Э. А  нь өөрийн хийж буй үйлдлээ ухамсарлах  чадваргүй.

4.Магадлуулагч Э. А   нь сэтгэцийн хувьд  эрүүл бус,  тасралтгүй даамжрах хэлбэрийн сэтгэцийн үйл сарних өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй болно. Цаашид энгийн хөдөлмөр эрхлэх чадваргүй болно ... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А  нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт М.С ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.       

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан,  хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч М.С ийн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт,  шүүгдэгч Э. А ийг хэрэг хариуцах чадваргүй болохыг тогтоосон 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.       

Хэрэгт хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдолтой гэж үзлээ.

шүүгдэгч Э.А ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Э.А  нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын хэмжээ хэрэглэж , хэргийг хэрэгсэхгүй болгох  хууль зүйн үндэслэлтэй байна.     

Шүүгдэгч Э.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба гэм хорын хохиролд 213000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан “Оюухай” эмнэлэг шүд хийлгэсний 190000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8000 төгрөг бүгд 198000 төгрөгийг шүүгдэгчийн өөрт ногдох хөрөнгө болон төрсөн ээж Ц.Б ээс гаргуулж хохирогч М.С эд олгох, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдохгүй  15000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.А  нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ өөрийн төрсөн ээж, төрөл, төрөгсдийг хутга барьж, ална  гэж дайрч давшилж байсныг цагдаагийн байгуулагад хандаж таслан зогсоогдсон үйлдэл гаргасны улмаас шүүх өөртөө болон бусдад аюул учруулахаар нөхцөл байдал үүссэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Шүүгдэгч Э.А  нь сэтгэцийн хувьд  эрүүл бус,  тасралтгүй даамжрах хэлбэрийн сэтгэцийн үйл сарних өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн  эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ө.Энхмаа, мэдрэлийн тасгийн сэтгэцийн эмч Д.Гүндэгмаа, сэтгэц, мэдрэлийн эмч Д.Цолмон нарын гаргасан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Д.Гүндэгмаагийн .... зан төрхийн өөрчлөлт даамжирсан, өөртөө болон бусдад аюул учруулахаар байгаа эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт шилжүүлэн эмчлүүлэх шаардлагатай гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай улсын яллагчийн санал үндэслэлтэй байна

            Иймд шүүгдэгч Э.А ийн сэтгэцийн байдал, нийгэмд учруулж буй хор уршиг, өвчин даамжрах  шинжтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан  зан төрхийн өөрчлөлтөд эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хотын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт 1 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журамын 1 дүгээр зүйлийн 1.3, 1.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190. 5-д заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.А  нь 4 хоног цагдан хоригдсон хоногийг эмнэлгийн чанартай албадлагийн арга хэмжээ авагдсан хугацаанд оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, болохыг дурьдаж шийдвэрлэлээ.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйл, 19.3 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.7, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Н  овогт Э.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н  овогт Э.А ийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7.4 дүгээр зүйлийн 7, 7.4 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Э.А ийг зан төрөхийн өөрчлөлт, сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Улаанбаатар хотын СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт 1 жилийн хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А ийн цагдан хоригдсон 4 хоногийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд эмчлүүлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-рд зааснаар шүүгдэгч Э.А ийн өөрт ногдох хөрөнгө төрсөн ээж Ц.Б ээс 198000 төгрөгийг гаруулж хохирогч М.С эд олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 15000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190. 5, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, харьяа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хяналт тавихыг  даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ