Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00402

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, утас *****, РД:*********** Х овогт Аын Мийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.М, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: РД:*********** Х овогт Аын М,РД:****** Б овогт Хы А нар нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэн хамтран амьдарч байсныг тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч А.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие тус аймгийн Толбо сумын иргэн Б овогт Х-ны Атай 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Толбо сумын 1 дүгээр багт гэр бүл болсон юм. Тухайн үед Х.А гэрлэгсэдийн бүртгэлд бүртгүүлээгүй юм шиг байна. Хэрэв бүртгүүлсэн бол аймгийн Иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас гарах учиртай. Би архив дээр очиход та нарын гэрлэлт бүртгэгдээгүй байна гэсэн. Тэгвэл гэрлэлт бүртгэлгүй байна гэсэн бичиг өгөөч гэхэд таньд бид тийм бичиг өгөхгүй гэж өгөөгүй. Х.А бид хоёр 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2015 оны 5 дугаар сарын 25-ны өөр хүртэл 5 жил нэг гэрт толгой холбон цуг амьдарч 3 хүүхэд төрүүлсэн боловч харамсалтай нь тэд төрөөд сар болов уу үгүй юу өнгөрчихдөг байсан. Бидний гэрлэсэн байдлыг манай төрөл төрөгсөд сайн мэдэж байгаа болно. Иймд миний бүрдүүлсэн материалыг үндэслэн надыг Х.Атай 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч РД:*********** Х овогт Аын М нь Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар РД:****** Б овогт Хы Атай гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны эхнэр нөхөр мөн болохыг нотлох Гэрлэлтийн гэрчилгээ аваагүй боловч А.М, Х.А нар нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэж хамт амьдарч байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

-2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Х.А, А.М нар Толбо сумын Сауап мечетэд гэрлэлтээ гэрчлүүлсэн тухай тус мечетийн тодорхойлолт,

-2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтод: РД:*********** А.М нь Хы Атай 2010 онд гэр бүл болж хамт амьдарч байгаад нөхөр нь 2015 оны 5 дугар сарын 25-ны өдөр нас барсан, одоо ганцаараа тус багт амьдарч байгаа гэсэн байна.

- РД:****** Б овогт Хы А 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон №0000158906 дугаартай Нас барсны гэрчилгээгээр, мөн Х.Аы нас барсны бүртгэлийгРД:*********** А.М 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хийлгэсэн байна.

-РД:****** Б овогт Хы Х, РД:*********** Б овогт Рын Елик, РД:************ Х овогт Аын А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг А.М нь Хханы Атай 2010 онд гэр бүл болж хамт амьдарч байгаад Х.А нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өвчнөөр нас барсан. Тэд 3 хүүхэд төрүүлсэн боловч сар хүрээгүй нас барсан болно. Тэд гэрлэлтээ батлуулаагүй юм байна гэсэн байна.

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 185 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан бичгээр хүргүүлсэн РД:*********** А.М, РД:****** Х.А нарын ИУБ-31/Б/ маягт, ХААТР-21, ХААТР-18 маягтуудад гэр бүлийн байдалд: гэрлэсэн эсэхт тэмдэглэл хийгдээгүй байна.

Хүсэлт гаргагч РД:*********** А.М, РД:****** Х.А нарын дундаас төрсөн 3 хүүхэд эндсэн болох нь А.Мийн өвчний түүх №819, аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн амрах байранд хэвтэж эмчлүүлсэн сувилгааны карт, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хүлээн авсан эмчийн үзлэг, Төрсөн эхийн мэдээлэх хуудас, Төрөлтийн түүх, төрөлтийн явц, төрсний дараах үеийн байдал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, нярайн түүх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн А.Мийн Төрөлтийн түүхэд нөхөртэй, нөхөрийн нэр А гэж бичигдсэн байна.

Харин хавтаст хэрэгт авагдсан Х.А, А.Бота нарын 2010 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагаас болох хуримын урилга нь энэ хэрэгт хамааралгүй А.Бота гэдэг нь хүсэлт гаргагч А.М мөн болохыг нотлох баримт байхгүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн РД:*********** Х овогт Аын М, РД:****** Б овогт Хы А нар нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэн хамтран амьдарч байсныг тогтоож, хүсэлт гаргагч А.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-г баримтлан хүсэлт гаргагч РД:*********** Х овогт Аын М, РД:****** Б овогт Хы А нар нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэн хамтран амьдарч байсныг тогтоосугай.

2.Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар хүсэлт гаргагч А.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК