| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00545/и |
| Дугаар | 209/МА2024/00091 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 209/МА2024/00091
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 135/ШШ2024/01093 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “8,549,552.47 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
"2020.02.22-ны өдрийн №253 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах" тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
...Миний эхнэр болох Ч.******* нь өвчний улмаас нас барсан. Эхнэр минь амьд сэрүүн ахуйдаа *******тай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөг зээлүүлсэн. Тус зээлээс 15,000,000 төгрөгийг төлж, 10,000,000 төгрөг төлөөгүй үлдсэн.
******* нь тухайн мөнгийг төлж барагдуулах чадваргүй байсан тул та нэр дээрээ зээл аваад өг, би зээлийг тань төлөөд дуусгая гэж гуйсан тул талийгаач эхнэр ******* минь өөрсдийн эд хөрөнгөө барьцаалан Болорзоос ББСБ-аас 10,000,000 төгрөгийн зээл авсан.
Тухайн үедээ ******* нь зээлийн төлөлтийг өөрийн зүгээс төлж дуусгах болно, санаа зоволтгүй гээд өөрийн гараар тайлбар бичиж гарын үсгээ зурсан. Энэ талаар зээл олгож байсан Болорзоос ББСБ-ын ажилтнууд ч мэдэж байсан. Ингээд ******* нь тус зээлийн төлөлтийг хэвийн төлж байгаад 2023 оны 02 сараас эхлэн төлөлтийн хугацааг хэтрүүлж байсаар 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн огт төлөлт хийлгүй орхисон.
...2024 оны 01 сард Болорзоос ББСБ-аас ******* надад холбогдуулан 8,549,552.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Би нэхэмжлэлийг хүлээн аваад Болорзоос ББСБ-ын удирдлагатай уулзан учир байдлаа хэлэн та нар ч бас тухайн үед мэдэж байсан шүү дээ гэхэд гэрээнд *******ийн нэр байхгүй учир та тэр асуудлаа өөрөө шийдвэрлээрэй ямартай ч та манай зээлийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулаарай гээд эвлэрлийн гэрээ байгуулж, зээлийн хүүг зогсоосон. Бидний дунд байгуулагдсан эвлэрлийн гэрээг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 135/ШШ2024/00141 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Миний бие талийгаач эхнэр Ч.*******ынхаа *******аас авах авлагыг өвлөн авч хуулийн дагуу төлөөлөн шийдвэрлүүлэх эрхийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олж авсан тул ийнхүү шүүх байгууллагад хандаж байна. Иймд миний бие болон талийгаач эхнэрийн минь нэр дээр зээл гаргуулж, хувийн хэрэгцээндээ ашигласан *******аас зээлийн үлдэгдэл болох 8,549,552.47 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. / хх 1-2-р тал /
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...Ч.******* нь иргэдэд хүүтэй мөнгө зээлж, зээл чөлөөлдөг байсан. Миний ээжийн шавь нь байсан гэсэн. Ээж Ч.******* гуайгаас хүүтэй мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан юм билээ. Тэгж танилцсан. Би ч мөн эгчээс дансаар болон бэлнээр мөнгө зээлээд буцаагаад хүүтэй нь өгчихдөг байсан. Ингээд би Ч.******* гуайгаас 2018 оны намар 6,500,000 төгрөг зээлье гэхэд Ч.*******, ******* гуай хоёр чи бидэнд их тус болж байсан учраас энэ удаа хүүгүй мөнгө өгье гэж өөрсдөө хэлж байсан. Намайг боломжоороо цувуулаад өгчих гэсэн. Яг энэ үед миний танил дүү ******* 3,500,000 төгрөгийг бэлнээр мөн зээлж авсан. Үүний дараа би хашаа байшин зарах гэж байгаа зарагдахаар нь буцаагаад өгнө гээд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14,500,000 төгрөг дансаар авсан. Хашаа байшин зарагдахгүй жаахан удсан.
Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ******* гуай надад Чамд өгсөн мөнгө дээрээ гэрээ байгуулна гээд намайг нотариат дээр дуудсан. Ингэхдээ ******* авсан 3,500,000 төгрөгийг мөн над дээр бичсэн. Тухайн үед би Э.*******нэ гэх миний танил дүү та мөнгө зээлдэг ******* эгчид хэлээд мөнгө зээлээд өгөөч надаар дамжуулсан болохоор намайг өөрөө хариуц гэсэн. Гэрээгээ бэлдсэн байсан учраас би гарын үсгээ зурсан. Би дансаар авсан 14,500,000 төгрөгийг өөрийн хашаа байшингаа зараад буцаагаад төлсөн. Мөн бэлнээр авсан 6,500,000 төгрөгөө цувуулаад төлсөн. Гэтэл Ч.*******, ******* гуай хоёр бид Болорзоос ББСБ-аас зээл авсан, чи энэ зээлийг төл гэж шахаж шаардаад ирсэн. Анх бол Ч.******* гуай надад чи өөрийн авсан мөнгөө л өгдгөөрөө өг гэж байсан. Би тэдний шаардсаны дагуу өгөх төлбөрөөсөө Болорзоос ББСБ-ын данс руу ч шилжүүлж байсан. Болорзоос ББСБ-ын Чинцэцэг захирлын нөхөр Авирмэд нь ******* гуайтай хамт нэг дор ажилладаг, гэр бүлийн найзууд юм. Би зээлсэн 6,500,000 төгрөгийг 8,896,000 төгрөг болгож төлсөн. Иймээс одоо надад төлөх төлбөр байхгүй. Харин ******* гуай 3,500,000 төгрөг зээлсэн Э.*******нийг хамтран хариуцагчаар татаж мөнгөө гаргуулж авах нь зөв гэж бодож байна гэжээ. /хх 39-р тал/
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Учир нь хариуцагч ******* тайлбартаа 2018 оны намар 6,500,000 төгрөг авсан, мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14,500,000 төгрөг дансаар авсан. 14,500,000 төгрөгийг тухайн гэрээ байгуулагдахаас сарын өмнө, 6,500,000 төгрөгийг 2 жилийн өмнө авсан. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гэрээн дээр 25,000,000 төгрөгийг *******т зээлдүүлсэн гэсэн байгаа. Тийм учраас энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хууль зөрчсөн гэрээ гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Би зээлсэн 6,500,000 төгрөгийг 8,896,000 төгрөг болгож төлсөн. Иймээс одоо надад төлөх төлбөр байхгүй. Харин ******* гуай 3,500,000 төгрөг зээлсэн Э.*******нийг хамтран хариуцагчаар татаж мөнгөө гаргуулж авах нь зөв гэж бодож байна гэсэн байсан. Мөн гэрч Э.*******нэ нь 3,500,000 төгрөг ******* гуайгаас зээлж авсан талаараа тайлбар, гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Иймээс 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №253 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. /хх 107-р тал/
4.Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
...Зээл хэрхэн өгсөн авсан талаар үндсэн нэхэмжлэл дээр тодорхой бичсэн учраас дахин бичих шаардлагагүй. Ч.******* нь өөрийн найзын хүүхэд болох *******т мөнгө зээлсэн болохоос огт танихгүй Э.*******нэд мөнгө зээлсэн асуудал байхгүй. Зээлсэн мөнгө цааш нь дамжуулж гуравдагч этгээдэд өгөх, буцааж шаардах эрх нь *******ийн өөрийнх нь асуудал гэжээ. /хх 114-р тал/
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас 8,549,552.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, 2020 оны 02 сарын 22-ны өдрийн 253 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 152,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:
Шүүхийн талуудын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнээс үүдэлтэйгээр талууд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь ББСБ-аас зээл авсан, хариуцагч нь зээлийг төлнө гэж баталгаа гаргаж байсан учраас төлөх ёстой гэх дүгнэлт нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Үүнд:
Нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн байхад шүүх талууд ББСБ-аас зээл авах талаар харилцан тохиролцсон байна гэх дүгнэлтийг хийсвэрээр хийсэн.
Нэхэмжлэгч нь татгалзаж буй шалтгаанаа 10,000,000 төгрөг аваагүй, 6,500,000 төгрөг авч 8,896,000 төгрөг болгож төлсөн. Зээлийн гэрээ нөхөж байгуулахдаа Мөнх- Эрдэнийн авсан 3,500,000 төгрөгийг над дээр нэмж бичсэн гэж тайлбарладаг. Энэ тайлбар нь гэрч ******* мэдүүлэг, түүний гараар бичиж өгсөн тайлбар /хх-ийн 93-р хуудас/, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гар бичмэл /хх-ийн 119-р хуудас/ дээр Э.*******нэ, Ганхуяг нарын гарын үсэг зурагдсан байдал зэргээр нотлогдож байхад эдгээр баримтыг буруу, дутуу үнэлсэн.
Шүүх нэхэмжлэгч нарын авсан зээлийн үлдэгдлийг хариуцагчаас бүрэн гаргуулж шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн тайлбарлаагүй буюу нэхэмжлэгч талын тайлбарыг хэт үнэлсэн.
Учир нь зээлийн гэрээгээр талууд гэрээний гол нөхцөл болох мөнгөн дүн, хүү, хугацаа зэргийг тохирч, хоёр тал хоёул гарын үсэг зурсан байхыг шаарддаг. Гэтэл ББСБ-ын гэрээний ард хариуцагчийн гараар бичсэн бичвэрийг зээлийн гэрээтэй адилтган үзсэн нь зөв эсэх, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн нөхөж байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, тухайн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дууссан байхад гэрээг хуульд заасан хэлбэрээр сунгаагүй зэрэгт хууль зүйн үндэслэл тайлбар хийгээгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хууль тогтоомжийг үнэн зөв хэрэглэсэн эсэхийг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 137-138/
7.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан 8,549,552.47 төгрөг гаргуулах, хариуцагч ******* нэхэмжлэгч *******д холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №253 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан. /хх1, 2, 107х/
Зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан /хх-ийн 39х, 114х/
Хэргийн материалаас шинжлэн судлахад:
3.Ч.*******, ******* нарын хооронд 2020 оны 02 сарын 22-ны өдөр 253 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээнд ...******* нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 18 хоногийн хугацаатайгаар, 14,500,000 төгрөгийг, хүүгүй авахаар, мөнгийг зээлдэгчийн Хаан банкны дансанд шилжүүлэхээр мөн гэрээнд 1 жилийн өмнө бэлнээр өгсөн 10,000,000 төгрөг, барьцаагүй байсныг дурдаж нийт 25,000,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дансаар төлж барагдуулна гэж гэрээ байгуулсан байна.
3.1.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.******* хариуцагч *******ийн Хаан банкны дансанд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13,500,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг Ч.*******ын дансанд шилжүүлж, 14,500,000 төгрөг төлөгдсөн, зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй.
3.2.Гэрээнд “...1 жилийн өмнө бэлнээр өгсөн 10,000,000 төгрөг” гэсэн байх ба хариуцагч “...2018 онд би Ч.*******аас 6,500,000 төгрөг, миний танил Э.*******нэ 3,500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг зээлсэн, би өөрийн авсан 6,500,000 төгрөгөөс 8,896,000 төгрөг төлсөн тул одоо төлбөр төлөх үндэслэлгүй. Харин ******* гуай Э.*******нээс 3,500,000 төгрөгөө нэхэмжилж авах нь зөв” гэсэн,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...оныг санахгүй байна. 10,000,000 төгрөгийг *******т зээлсэн. Э.*******нэд мөнгө зээлээгүй” гэсэн тайлбар тус тус гаргасан.
4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тогтоосон хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.Тодруулбал:
4.1.Хэргийн 119, 120 дугаар талд авагдсан *******ийн гаргасан баталгаа, 93 дугаар талд авагдсан ******* “...миний бие иргэн Ч.*******аас 3,500,000 төгрөг зээлсэн нь үнэн болно. ******* ах 6,500,000 төгрөг бид хоёр нийлээд 10,000,000 төгрөгийг Ч.******* эгчээс зээлсэн нь үнэн” гэсэн тайлбар, 89 дүгээр талд авагдсан ******* “...******* бид 2 нийлээд 10,000,000 төгрөгийг Ч.*******аас зээлж авсан. Надад хэрэгтэй нь 3,500,000 төгрөг байсан гэсэн мэдүүлгээр 2019 онд Ч.*******аас ******* 6,500,000 төгрөг, Э.*******нэ 3,500,000 төгрөг зээлсэн үйл баримт тогтоогдсон.
4.2.******* 253 дугаар зээлийн гэрээнд 10,000,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байдал /хх5х/, Э.*******нэ “...******* бид хоёр нийлээд Ч.*******аас 10 гаран сая төгрөг зээлж авсан. Надад хэрэгтэй нь 3,500,000 төгрөг байсан....******* ах зээлж авч өгсөн. ******* ахад бага багаар хуваан төлсөн. Одоо 700-800-гаад мянган төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэсэн мэдүүлэг, 2019 оны 10, 12 дугаар сард 10,000,000 төгрөг төлөхөө илэрхийлж гаргасан баталгаа /хх119, 120х/, Э.*******нэ Ч.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн ******* авсан 3,500,000 төгрөгийг ******* хариуцах үндэстэй, харин Э.*******нийг 3,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзвэл түүнээс шаардах эрх нь т нээлттэй гэж үзлээ.
5.Ч.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан, зээлдэгч нас барж, зээлээ төлөхөд хүндрэлтэй байдалд орсон үндэслэлээр хамтран зээлдэгч *******ы хүсэлтээр 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан байх ба зээлийн төлбөрөө төлөөгүй үндэслэлээр Болор зоос ББСБ-аас *******д холбогдуулан зээлийн төлбөр 8,549,552,47 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасны дагуу гэрээний талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг тус шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 135/ШШ2024/000141 дугаартай захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч “...Болор Зоосоос авсан зээлийг төлөхөөр зөвшөөрсөн” тул шүүхийн шийдвэрээр тогтоосон 8,549,552 төгрөгийг аас гаргуулна гэж, хариуцагч “...би бэлнээр авсан 6,500,000 төгрөгөө цувуулаад төлсөн. Гэтэл Ч.*******, ******* гуай хоёр бид Болор Зоос ББСБ-аас зээл авсан, чи энэ зээлийг төл гэж шахаж шаардаад ирсэн. Би зээлсэн 6,500,000 төгрөгийг 8,896,000 төгрөг болгож төлсөн. Иймээс одоо надад төлөх төлбөр байхгүй” гэж татгалзаж байгаа.
5.2 ******* Ч.*******аас 2019 онд зээлсэн 10,000,000 төгрөгөө төлөөгүйгээс Ч.*******, ******* нар 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Болор Зоос” банк бус санхүүгийн байгууллагаас 10,000,000 төгрөг зээлж үүнийгээ *******ийн авсан 10,000,000 төгрөгт тооцож авсан, уг зээлийг төлүүлэхээр аар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр баталгаа бичүүлж авсан нь зохигчдын тайлбар, ийн бичсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн баталгаагаар нотлогдож байна.
6.Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж үзэхэд нэхэмжлэгч *******, Ч.******* нар *******т 2019 онд зээлсэн 10,000,000 төгрөгийг буцаан авахын тулд *******т тухайн цаг үед мэдэгдэлгүй 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч, дараа нь *******аар баталгаа бичүүлж авсан байна.
6.1.Хэдийгээр зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй боловч гэрээний нөхцөл нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой байж болохгүй бөгөөд ийнхүү хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна.
6.2.Нөгөөтэйгүүр хариуцагч ******* 2019 онд 10,000,000 төгрөгийн зээл авахдаа л хүү, алданги төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан /хх119, 120х/, зээлийн гэрээ байгуулсан /хх5х/ байгаа нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.-д заасан Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр......мэдэгдсэн байвал зохино гэж заасантай нийцэж байгаа буюу 10,000,000 төгрөгт хүү, алданги төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
6.3.Иймд талуудын ашиг сонирхол буюу нэхэмжлэгчийн өөртөө ашигтай байдал үүсгэж, хариуцагчид өндөр хүүтэй зээлийн төлбөр хариуцуулсан байдал, хариуцагч 2019 онд зээлсэн 10,000,000 төгрөгтөө хүү төлөхөө илэрхийлсэн байдлыг аль алиныг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 8,549,552 төгрөгийн 60 хувь болох 5,129,731 төгрөгийг хариуцагч *******т, 40 хувь болох 3,419,820 төгрөгийг нэхэмжлэгчид өөрт нь хариуцуулах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж буй үндэслэлээ шүүх хуралдаанд “...Бодитоор шилжүүлээгүй. 6,500,000 төгрөг авсан байхад 10,000,000 төгрөг гэж бичсэн учраас хүчин төгөлдөр бус” гэж тайлбарлаж байгаа боловч дээрх үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
8.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэсэгчлэн хүлээн авч, шүүхийн шийдвэрт дээрх байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 135/ШШ2024/01093 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 199 дүгээр зүйлийн 199.1, 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.4, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 5,129,731 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,419,820 төгрөгийг, 2020 оны 02 сарын 22-ны өдрийн 253 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 97 025 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 151,743 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Р.ҮҮРИЙНТУЯА