Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч А.Намдаг,

хохирогч М.Цтүүний өмгөөлөгч Г.Батцэцэг,

шүүгдэгч Б.Г түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Г-д холбогдох эрүүгийн 1805051791105 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, .. настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр охины хамт .... дүүргийн ... дугаар хороо, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-ийн Г-

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 22 тоотод иргэн М.Ц-той маргалдан түлхэж унаган эрүүл мэндэд нь ууцны 3 дугаар нугалам, ахар сүүлний 1 дүгээр нугалам, их биеийн зөрүүгүй далд хугарал хүзүү зүүн шуунд зулгаралт, баруун өгзөг, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Тухайн нөхцөл байдал болсон өдрөөс хойш би хохирогч руу залгаад бие нь гайгүй юу гэж асуусан. Ц- би эмнэлэгт үзүүлсэн  ясны хугарал байхгүй байна гэсэн. Би түүнд өөр эмнэлгээр явж үзүүлье гэж хэлсэн боловч тэр би Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Хэрэг болсны дараа өдөр Ц- манай гэрт ирсэн. Тэр хашаан дотроос өөрөө тонгойгоод юм аваад байсан. Тухайн өдөр бид бүгдээрээ манай гэрт архи уусан байсан. Ц-гийн ярьсан зүйлүүд нь бүгд худлаа. Архи уусны дараа үл ойлголцол гараад ийм явдал гарсан. Ц- намайг бетон руу түлхэж унагаасан гэсэн. Энэ худлаа. Үнэн хэрэгтээ Ц- хашааны үүдэнд шороонд унасан. Би Ц-д гар хүч цохисон асуудал байхгүй. Би 7 хоногийн дараа Цомонгийн гэрт очиж өвчин намдаах эм тариаг нь хүргэж өгсөн. Мөн хэрэг болсны дараагийн өдөр утсаар ярьтал нэг эрэгтэй хүн аваад Ц- гараад явсан, эмнэлэг рүү ганцаараа явсан гэж хэлсэн” гэв.

 

Хохирогч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би ажилдаа манай найз Цэцэгээ намайг дуудаад, би Цэцэгээгийн гэрт рүү өдрийн 14 цагийн үед таксидаад очсон. Би Цэцэгээгийн гэрийн үүдэнд таксинаас бууж байхад Ганболд нэг найзтайгаа машинтай ирж байсан. Бид бүгд хамт Цэцэгээгийн гэрт орход ширээн дээр нь архи задалчихсан байж байсан. Гэрт нь манай үсчин найз Чука байсан. Тэгээд бид тавуулаа суусан. Би тухайн үед 2 хундага архи уусан ба би тухайн үед агсам согтуу тавиагүй. Би гараад утсаар яриад ороод иртэл тэд бүгдээрээ байхгүй байсан. Би хувцасаа аваад хашаанаас гартал бүгд хашааны гадна талд чанга чанга яриад байсан. Тэгээд би хашаанаас гараад тэдэн дээр очтол Ганбол миний араас түлхэж унагаасан. Яг тэр үед миний бөгсөн биеэр маш их өвдсөн. Тэгээд босох гэтэл Ганболд миний хоолойг боогоод дараа нь толгой руу цохисон. Тэгээд би тэндээс арай гэж гараад явж байтал нэг охин тааралдсан. Тэгээд тэр охиныг гуйгаад хамт таксигаар явсан. Тэгээд 7 хоногийн дараа Цэцэгээ надтай ярьсан. Би түүнд миний бие муу хэвтэрт байна гэж хэлсэн. Цэцэгээ уйлаад би зочид буудалд байна, чамайг явсны дараа Ганболд наймайг ч аймар зодсон гэж хэлсэн. Би эмчилгээний төлбөрөө гаргуулж авахыг хүсэж байна” гэв.

 

Хохирогч М.Ц мэдүүлэхдээ: “... Тэгээд би эзэнгүй айлд юу хийхэв гээд гар утсаа цүнхэндээ хийгээд шууд Цэцэгээгийн гэрээс хаалгыг нь дөнгөж онгойлготол Болд, Цэцэгээ, Чулуунцэцэг, Алтангэрэл нар хоорондоо маргаад байгаа юм шиг чанга дуугаар яриад байхаар нь би тухайн үедээ нэг их юм бодолгүй Цэцэгээгийн гэрийн хаалгаар дөнгөж гараад нэг, хоёр алхтал Болд буруу хараад зогсож байснаа эргэж над руу хараад үгийн зөрүү байхгүй миний хоёр мөр рүү хоёр гараараа тулаад маш хүчтэй түлхэх үед би хойшоо бөгсөн биеэрээ Цэцэгээгийн гэрийн хаалганы гадна байдаг маш ирмэгтэй довжоо маркийн хатуу зүйл дээрээ их хүчтэй сууж, унасан. Тэгээд би тэр довжоон дээрээс босох гэтэл Болд шууд над дээр хоёр өвдөгөөрөө тулж суугаад миний хоолойгоор хоёр гараараа багалзуурдах үед миний ухаан санаа балартаад Болдын хоёр гарыг салгах гэтэл Болд баруун гараа хоолойноос салгаад миний толгой орчим хоёр удаа маш хүчтэй цохих үед аз болж нэг хүн Болдыг чи яаж байнаа гээд салгасан.

Тухайн үед би Болдыг надаас салсан даруй жаахан шоконд ороод унасан газраа хэвтэж байгаад, би ер нь гэртээ утсаараа хүүтэйгээ ярих ёстой юм байна, гэртээ харих хэрэгтэй юм байна гэж бодоод хэвтэж байсан газраасаа босоод Цэцэгээгийн гэрт ороод цүнхээ аваад Цэцэгээгийн гэрээс гарах үед Болд, Алтангэрэл нар хаалганыхаа дэргэд юу ч болоогүй юм шиг тамхи татаад зогсож байсан бөгөөд Цэцэгээ, Чулуунцэцэг нар урдхан талд нь доошоо тонгойчихсон уйлж байгаа юм шиг сууж байсан бөгөөд Цэцэгээгийн гэрийн хашаанд байдаг нийтийн байрны шатан дээр намайг хараад нэг бүлтгэр нүдтэй өндөрдүү биетэй залуу, жаахан намхандуу биетэй залуугийн хамт зогсож байсан ба 00 орчим нь нэг эмэгтэй хүн байсан бөгөөд би шууд Цэцэгээгийн хашаанаас гараад гудамжинд явсан нэг охинтой таараад эгчийн дүү чи төв зам орох гэж байна уу гэтэл тэр охин тийм гэхээр нь хамт төв зам ороод такси бариад гэртээ харьсан. Тэгээд тэр өдрөөс хойш миний бие маш муудаад нуруу, өгзөг орчим хөдлөх боломжгүй болоод маш их өвчин зовиуртай байсан болохоор би эмнэлэгт үзүүлтэл нурууны ясанд хугарал зүүн өгзөгний мах, булчин тасарсан байна яаралтай эмчлэх шаардлагатай гэсэн болохоор би цагдаад хандсан юм..” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч М.Алтангэрэлийн “... Тэгээд удаагүй байтал Ганболд, Цэцэгээ, Ц- нар юунаас болсон юм мэдэхгүй хоорондоо маргалдаад Цэцэгээ би энд гэртээ хонохгүй явлаа гээд гарсан бөгөөд араас нь Ганболд, Ц- нар гарсан. Тэгээд би нөгөө Чука гээд хүүхэнтэй тэд нарын араас гарахад Ганболд эхнэрээ явуулахгүй гээд араас нь яваад байсан бөгөөд Ц- Цэцэгээг авч явна гээд хоорондоо зууралдаж байхад нь Чука бид хоёр салгах үед Цэцэгээ найзтайгаа хамт явна гээд гэр рүүгээ орох үед араасаа нь Ц- гээд хүүхэн орох гэтэл байшингийнхаа гадна хаалганы хажууд зогсож байсан Ганболд, Ц-г гэртээ оруулахгүй гээд түлхсэний улмаас Ц- бөгсөн биеэрээ Ганболдын гэрийн хаалганы гадна талын довжоон дээр унаад босч ирэнгүүтээ Ганболдын гэрээс гараад явсан.

Би тодорхой харсан Ганболд түлхсэнээс болж Ц- бөгсөөрөө газар унасан бөгөөд Ц-г унасан газрыг дараа нь харахад тэр довжооны мод нь хугарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/

  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11439 дүгээр дүгнэлт: “М.Ц-ы биед ууцны 3 дугаар нугалам, ахар сүүлний 1 дүгээр нугаламын их биеийн зөрүүгүй далд хугарал, хүзүү, зүүн шуунд зулгаралт, баруун зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хэргийн 36 дугаар хуудас/

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 22 тоотод иргэн М.Ц-той маргалдан түлхэж унаган эрүүл мэндэд нь ууцны 3 дугаар нугалам, ахар сүүлний 1 дүгээр нугалам, их биеийн зөрүүгүй далд хугарал хүзүү зүүн шуунд зулгаралт, баруун өгзөг, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон хохирогчийн мэдүүлэг, хохирлын баримтууд /хх 46-49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11439 дүгээр дүгнэлт /хх 36/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г-од холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

 

Хохирогч М.Ц-нь мөрдөн байцаалтанд хохиролтой холбоотой 1.061.577 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгчээс хохирогчид шүүх хуралдаанд 1.070.000 төгрөг төлж баримт үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г-оос энэ тогтоолоор нэмж гаргуулах төлбөргүй бөгөөд харин хохирогч М.Ц-нь цаашид гарах хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Б.Г энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч үлдэх 388 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Б.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цаг хийлгэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол нийтэд тустай  ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Хохирогч М.Цнь цаашид гарах хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ