| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01097/и |
| Дугаар | 209/МА2024/00092 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 209/МА2024/00092
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 135/ШШ2024/01129 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 9,860,000 төгрөг, алданги 4,930,000 төгрөг, нийт 14,790,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,
Иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
...Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу 2019 оны 02 сараас 2022 оны 11 сар хүртэл нийт 12,900,000 төгрөг эргүүлэн төлсөн.
Хариуцагч нар нь үндсэн зээл 18,000,000 төгрөг, зээлийн хүү 12,240,000 төгрөг, нийт 30,240,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 12,900,000 төгрөг эргүүлэн төлсөн бөгөөд 17,340,000 төгрөгийг дутуу төлсөн байна. 1690 дугаартай зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоног тутамд 0,5 хувиар тооцогдох алданги 8,670,000 төгрөг байх бөгөөд хариуцагч нар өнөөдрийг хүртэл нийт 26,010,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. ...Иймд хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 26,010,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү, / хх 1-2-р тал /
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...төлөгдсөн нь 8,140,000 төгрөг, үлдэгдэл нь 9,860,000 төгрөг, алданги нь 4,930,000 төгрөг, нийт 14,790,000 төгрөг” гэжээ. /хх 128-р тал/
2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
...2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 197 бүртгэлийн дугаартай гэрээний 3.2-д зээлийн хэмжээ 18,000,000.00 төгрөг, 3.3-д сарын хүү 6 хувь, гэрээний 3.7-д алданги байхгүй байхаар хийж бэлнээр зээлээ авсан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1690 бүртгэлийн дугаартай гэрээг нэхэмжлэгч тал хүчээр хийлгэсэн бөгөөд төлбөр бүрэн өгч дуусгаагүй удааж байгаа гэсэн шалтгаанаар гэрээний 6 хувийг заавал 10 хувь болгох мөн хоног тутамд алдангийн хувь хэмжээг 0.5 хувь байхаар нэмэлтээр оруулж байж шахалтаар тус гэрээг дахин хийлгэсэн. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1590 дугаартай гэрээг хийхэд бэлэн болон дансаар ямар нэг мөнгө, төгрөг аваагүй бөгөөд 1690 дугаартай гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
******* миний данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 18 удаагийн гүйлгээгээр *******ийн хаан банкны 5046483680 тоот данс, *******ийн хаан банкны 5086006879 тоот данснууд руу нийт 20,380,000 төгрөг шилжүүлж, бэлнээр 3,180,000 төгрөг, нийт 23,560,000 төгрөг төлсөн байна. Иймд төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байна гэжээ /хх 30-31/
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч *******, ******* нараас нийт 860,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 13,930,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 25,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:
...Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1972 дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэр бүлийн хүмүүс буюу хариуцагч нар нь зээлээ хугацаандаа төлж чадахгүй болсноо нэхэмжлэгч нарт удаа дараа илэрхийлж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт гэрээг дахин байгуулсан.
Шүүхээс талуудын хооронд анх зээлийн гэрээг 4 хүн оролцон байгуулсан хэдий ч нэмэлт гэрээг 1 хариуцагчийн эзгүйд байгуулсан тул тус нэмэлт гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг л хангаж шийдвэрлэсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь эхнэр буюу нөгөө хариуцагчийнхаа хамтаар нэмэлт зээлийн гэрээ байгуулахыг хариуцагч нараас хүссэн талаар дурддаг, эхнэр буюу нөгөө хариуцагчийг нэмэлт зээлийн гэрээ байгуулахаас татгалзсан гэж тайлбар гаргадаггүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрдөг атал шүүхээс үндэслэл болсон хэсгийнхээ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцогчдын хэн алинаас нь ч асууж тодруулалгүйгээр гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчин хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлгүйгээр зөвхөн өөрийн дотоод итгэл үнэмшлээр хуулийн үндэслэлгүй шийдвэрлэсэн.
...Хариуцагч нар нь нэхэмжлэгч нартай удаа дараа биечлэн уулзаж, мөн харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж зээл төлөх хугацааг хойшлуулж өгөөч, сунгаж өгөөч гэх зэргээр гуйж байсан нь зээл төлөх хугацааг сунгах хүсэл зориг байсан, тухайн хүслээ нэхэмжлэгч нарт илэрхийлж байсан нь тогтоогдож байх бөгөөд тухайн хүсэл зоригоо баталгаажуулж тус 1690 дугаар зээлийн гэрээг байгуулсан. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 140-141 тал/
5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2.Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 9,860,000 төгрөг, алданги 4,930,000 төгрөг, нийт 14,790,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. /хх 1-2, 128-р тал/
Хариуцагч нар “...зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ. /хх 27-30-р тал/
3.Нэхэмжлэгч *******, *******, хариуцагч *******, ******* нар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1972 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр *******, ******* нар 18,000,000 төгрөгийг 2018 оны 12 сарын 04-ний өдрөөс 2019 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, *******, ******* нар уг зээлийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 4-р тал /
Энэхүү гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар хариуцагч болон хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрч, маргаагүй.
4.Мөн талууд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1690 дугаартай зээлийн гэрээ байгуулж, өмнө авсан 18,000,000 төгрөгийг 2019 оны 05 сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 6 хувийн хүүтэй, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 10 хувийн хүүтэй, зээлийг бэлнээр 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирч, зээлдүүлэгч талаас *******, *******, зээлдэгч талаас ******* нар гарын үсэг зуржээ./хх 6-р тал/
4.1.Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5.Нэхэмжлэгч *******, *******, хариуцагч *******, ******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1972,
нэхэмжлэгч *******, *******, хариуцагч ******* нарын хооронд 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 1690 дугаартай зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нь 1690 дугаар гэрээний дагуу ямар нэгэн мөнгө хүлээн авсан зүйл байхгүй, шахалт дарамтаар энэхүү гэрээг хийсэн гэж, нэхэмжлэгч тал тус гэрээ нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1972 дугаартай зээлийн гэрээний хугацааг сунгаж хийсэн гэрээ гэж тус тус маргаж байна.
6.Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1972 дугаартай зээлийн гэрээний дагуу 18,000,000 төгрөг, 3 сарын хүүгийн төлбөр 3,240,000 төгрөг, нийт 21,240,000 төгрөгийг шаардах,
хариуцагч нар төлөх үүрэгтэйгээс хариуцагч нарын төлсөн, баримтаар тогтоогдож байгаа 20,380,000 төгрөгийг хасч үлдэх 860,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д нийцсэн байна.
6.1.Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч нь “...бэлнээр 3,180,000 төлсөн” гэсэн тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,18, 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
7.2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1690 дугаартай зээлийн гэрээг нэхэмжлэгч тал 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1972 дугаартай гэрээний хугацаа сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
7.1.Учир нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1972 дугаартай гэрээний 6.4-т: Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурах бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан байх ба 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1690 дугаартай гэрээнд гэрээний тал болох ******* гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч *******, ******* нартай ******* харилцан, тохиролцож гэрээ байгуулаагүй, харин 1690 дугаартай зээлийн гэрээг нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******тай байгуулсан байх бөгөөд ******* нь *******г төлөөлж тус гэрээг байгуулах эрх олгогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
7.2.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
7.3.Хариуцагч ******* 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүүг нэмэх, хугацааг сунгахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлж баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдохгүй байх тул 1690 дугаар гэрээг байгуулсанд тооцох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагч нар нь нэхэмжлэгч нартай удаа дараа биечлэн уулзаж болон харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж зээл төлөх хугацааг хойшлуулж өгөөч, сунгаж өгөөч гэх зэргээр гуйж байсан нь зээл төлөх хугацааг сунгах хүсэл зориг байсан, тухайн хүслээ нэхэмжлэгч нарт илэрхийлж байсан нь тогтоогдож байх бөгөөд тухайн хүсэл зоригоо баталгаажуулж тус 1690 дугаар зээлийн гэрээг байгуулсан. ...Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5 дахь хэсэгт “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” бол гэрээг байгуулсанд тооцохоор заасан. Дээрх үйл баримтаас үзэхэд хуулийн дээрх шаардлага хангагдсан буюу гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна” гэсэн гомдол үндэслэлгүй гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 135/ШШ2024/01129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 600 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Р.ҮҮРИЙНТУЯА