| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2015/11732/и |
| Дугаар | 1543 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 1543
Ж.**ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01912 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.**ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч З.**д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Зээлийн төлбөрийн үлдэгдэлд тооцож өгсөн 40 тонны контейнерийн үнэ 3 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.**
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.** шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр З.**тай зээлийн гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч З.** зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 330 хоногийн алданги, үндсэн зээл 4 000 000 төрөгийг хүүгийн хамт, нийт 6 000 000 төгрөгийг хариуцагч З.**гаас гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд би З.**гаас 40 тоннын контейнерийг 1 500 000 төгрөгөөр тохирч авч, хүнд өгсөн юм. 3 500 000 төгрөгт тооцох хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.
Хариуцагч З.** шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 02, 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус 320 000 төгрөг, 2014 оны 04-08 дугаар саруудын 26-ны өдөр тус тус 320 000 төгрөгийг Р.**д, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 200 000 төгрөг, 300 000 төгрөгийг Р.**д буюу эгч Ж.**д, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 40 000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 80 000 төгрөгийг Р.**д бэлнээр өгсөн бөгөөд 2014 оны 10 дугаар сард 2 860 000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Р.**д дансаар 300 000 төгрөг, 12 дугаар сарын 04-ны өдөр эгч Ж.**д 500 000 төгрөг өгсөн. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эгч Ж.** нь 200 000 төгрөгийг гэрт ирж охиноос авсан, 2015 оны 01 дүгээр сарын сүүлчээр эгч Ж.** гэрээс 300 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын сүүлчээр “бензин авна” гэж эгч Ж.** 60 000 төгрөг, сүүлдээ Ж.**ын надад зээлсэн мөнгө эгч Ж.**гийн мөнгө болж хувираад Ж.** нь хүү, мөнгийг авдаг болсон. Гэхдээ Ж.** анх 4 000 000 төгрөгийг өгөхдөө манай эгчийн мөнгө шүү гэж хэлж байсан.
2014 оны 11 дүгээр сарын 26-наас 2015 оны дуустал хугацаанд 1 360 000 төгрөг, нийт 4 220 000 төгрөгийг өгсөн байна.
Нэхэмжлэгч Ж.** 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний 3 500 000 төгрөгөөр худалдаж авсан 40 тоннын контейнерийг 2 500 000 төгрөгөөр худалдаж авъя гээд манай хашаанаас машинаар ачиж аваад явсан. Ингэхдээ 500 000 төгрөг буцааж дансаар шилжүүлнэ гээд утсаа авахгүй алга болж намайг хуурч мэхэлсэнд гомдолтой байна. Би энэ контейнерийг Ж.**ыг өөрийнхөө зээлийн үлдэгдэлд аваад зөрүү 500 000 төгрөгийг өгнө гэж бодож байсан. Гэтэл огт чимээгүй алга болсон. Би контейнерийн үнэ болох 3 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч З.**гаас 4 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.**т олгож, 40 тоннын контейнерийн үнэ болох 3 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.**гаас улсын тэмдэгтийн хураамжид 78 949 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.**т олгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.**гаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 750 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа бүрдүүлэх боломжийг олгоогүй, гэрч асуулгах ач холбогдол бүхий хүсэлтийг хүлээн аваагүй, мөн хэрэгт контейнерийн үнийг 2 000 000 төгрөг гэж үнэлсэн нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэгчийн хэлсэн худал үгэнд итгэж хүний хөрөнгийг дур мэдэн үнэлсэн. Шүүхийн энэхүү үйлдэл нь хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн.
Иймд нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, хариуцагчийн ач холбогдол бүхий хүсэлтийг хүлээн аваагүй тул уг хэргийг бүхэлд нь дахин хянаж, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ж.** нь хариуцагч З.**д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 3 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч талаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө нотлох баримтаар “хар дэвтэр” гаргаж өгсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчийг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нотлох баримтыг шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгсөн байхад шүүх нотлох баримтыг авахаас үндэслэлгүйгээр татгалзсан нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Учир нь хэргийн оролцогч шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн тохиолдолд шүүх нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, нөгөө талд танилцуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, эсхүл бичмэл нотлох баримт хуурамч болох нь тогтоогдсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах, хуульд зааснаар уг захирамжид гомдол гаргах эрхээр хангах шаардлагатай байжээ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01912 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.**гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 9500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЗОЛЗАЯА