Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 158

 

Б.Мд холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21ий өдрийн 945 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18ы өдрийн 831 дүгээр магадлалтай, Б.Мд холбогдох 2206000000188 дугаартай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 02 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, М 

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 5 дугаар гудамжны 885 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдүүдийнхээ дэргэд эхнэр Б.Ш-г зодож, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан,

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 110 тоотод хохирогч С.С-тэй маргалдах явцдаа хөл рүү нь халаагуур шидэсний улмаас баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэгтгэж биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон нийт 157 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М гаргасан гомдолдоо “... хэргийг шалгах явцад миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байсан зүйлс нь хохирогчийн цусны толбо, тухайн өдөр өмсөөгүй миний хувцсанд байсан гэж нотлох баримт үйлдсэн. Мөн миний баруун хөлийн эрхий хуруун дээр тухайн хэрэг гарахаас өмнө байсан жижиг гэж баримтжуулсан хэр нь оймс гутлыг минь авч шинжилгээнд явуулаагүй. Мөрдөн байцаагч Мөрөн надаас байцаалт авахаасаа өмнө миний хүүхэд Түвшинтөрөөс байцаалт авсан талаараа ярьсан. Хүү чинь ээж гаднаас орж ирэхдээ нүүр, ам нь хөхөрсөн орж ирсэн. Манай хүүгийн тус ярьсан зүйлийг хавтас хэрэгт оруулж баримтжуулаагүй. Би төрсөн эцэг нь болохоор хүүхдүүдээ маш сайн мэднэ. Манай хүүхдүүдээс анхны мэдүүлэг авахад болсон зүйлийг ярьсан байхад мөрдөгч Мөрөн нь дахин дахин мэдүүлэг авч гуйвуулж, найруулж бичсэн гэж үзэж байна. Тухайн хэрэг гардаг өдөр хохирогчийн хаагуур явсан, хэнтэй уулзсан, ямар дэлгүүрээс архи авсан, хэдэн цагийн үед гэртээ орж ирсэн, надтай уулзахаас өмнө юу болсон талаарх замын маршрутыг шалгаж өгөхийг удаа дараа хүссэн боловч  хүсэлтийг минь авч шалгаагүй шинжилгээний хариу хохирогчийг 3-н бүхэл буюу биеэ хамгаалах чадваргүй гэж гарсан. Намайг явж очиход гэр дотор ширээн дээр Хараа, Монгол гээд 2 шил 0.75 гр нэг нь бүтэн, нэг нь тал архи байсан бөгөөд байцаалтын явцад тухайн архи болон архины шил ор сураггүй алга болсон. Тухайн архи болон архины шил нь бид хоёрыг маргалдсаны дараа хохирогч нэмж архи уусан байх магадлалтай юм. Мөн миний өмгөөлүүлэх эрхэнд ноцтой халдаж өөрт давуу байдлыг бий болгосон учир нь анхны байцаалт өгөх гэж байхад Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн нүдний шил зүүсэн хошууч байсан нэрийг нь харж чадаагүй тэр хүн намайг өмгөөлөх гэж байсан өмгөөлөгчийг дуудаад байцаалт өгөхөөс өмнө уулзсан. Надад өмгөөлөгч энэ талаар хэлэхдээ “наад хэрэг чинь ойлгомжтой шүү дээ гэж байна” гээд өмгөөлөгчид хөндлөнгөөс нөлөөлж өмгөөлүүлэх эрхэнд халдсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон миний зан байдлын тодорхойлолтыг хөндлөнгийн хүмүүс болох хөрш айл, дэлгүүр, ажил найз нөхдөөс нь авагдаагүй. Мөрдөн байцаалт нь бодитой бүх талаас нь шинжлэн судлаагүй зөвхөн миний эсрэг ашиглах нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн нь эндээс харагдаж байна. 461 дүгээр хорих ангид хоригдож байхад Баянзүрх дүүргийн прокурор Мөнх-Амгалан нь хүрч ирээд надтай биечлэн уулзсан. Би прокурорт мөрдөн байцаалт дутуу хийгдсэн мөн байцаагчийн буруутай үйл ажиллагааны талаар дээр бичсэн зүйлийн талаар ярихад прокурор за М чи ингээд олон юм яриад зүйчлэл дээрээ маргаад байх юм бол доод тал нь 20-н жил дээд тал нь бүх насыг сонсгоно шүү. Зүгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд олон юм ярилгүй хэргээ хүлээгээд явахын бол 15 жил юм уу, 16 жил сонсгоно гэж намайг сэтгэл санааны дарамт үзүүлсэн тухайн үед миний бие ирээдүйн үр хүүхдүүдээ бодоод тухайн саналыг нь хүлээн авч шүүх хурлын хэлэлцүүлэгт ч оролгүй гэм буруу болон мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнийг нь хүлээн зөвшөөрч прокурорын тавьсан саналыг дагахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Байцаагч болон прокурорын тус хэрэгт хийгдсэн буруутай ажиллагаанаас болж миний болон 3 хүүхдийн маань ирээдүйн эрх зүйн байдал үнэхээр дордож байгаа тул миний зүгээс гомдолтой байна” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 2.8-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг алсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, онол арга зүй, хууль хэрэглээний хувьд дараах байр суурийг илэрхийлье. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлийг шүүх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан ойлголтыг алгасуулан эш татаж хэрэглэдэг. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан гэдгийг нэг мөр ойлгон зөв хэрэглэх шаардлага бий. Гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрах, гэр бүлийн хамаарал бүхий гэх мэт ойлголтуудыг хэрэглэхдээ гэр бүлийн суурь харилцааг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Гэр бүлийн тухай хуульд гэрлэгч болон хамтран амьдрагчийн эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох хууль зүйн фактыг тодорхой заасан. Миний үйлчлүүлэгч амь хохирогчтой хамтран амьдрахаа больсноос хойш Г.Анударь гэх бүсгүйтэй амьдарч 1 хүүхэдтэй болсон. Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байхыг буюу “моно” гэр бүлийн хэлбэрийг хуульчилсан. Гэвч шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээг харахаар эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байх зарчим алдагдсан. Өөрөөр хэлбэл хоёр хамтран амьдрагчтай байж болохоор байдал шүүхийн шийдвэрээс харагдаж байна. Тэгэхээр хамтран амьдарсан хугацаа, хамтран амьдрахаа больсон хугацаа, түүнээс хойш гэр бүл бий болсон байдал буюу хамтран амьдарч байсан гэдэг нь Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүл бологч нар гурван жилээс дээш хугацаагаар хамтран амьдрахаа больсон, гэр бүлээ захиргааны болон шүүхийн шийдвэрээр цуцлуулсан байхыг шаардана гэх хэм хэмжээгээр хязгаарлагдах ба энэ зохицуулалтыг хэрэглэх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх онол арга зүйн үндэс болно. Миний үйлчлүүлэгч тухайн үед Г.Анударь гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар түүний ээж гэр бүлийн хамаарал бүхий этгээд болно. Гэтэл шүүх Г.Анударийн ээжийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцоогүй атлаа амь хохирогч Б.Ш-г тооцсон эргэлзээ бүхий нөхцөл байдал бий. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгий арга гэдгийг нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хүнийг санаатай алахын өмнө сонгож авсан үйлдэл, тус үйлдлийн улмаас хохирогч өвдөх, зовиурлах, шаналах байдлыг гэм буруутай этгээд хүссэн нөхцөл байдлыг ойлгох ёстой. Мөн ойр дотны хүмүүсийг сэтгэл санааны хувьд зовлон, шаналалд оруулахыг хүсэж, зорилгодоо хүрэхийн тулд хийсэн үйлдлийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж нэг мөр ойлгож ирсэн. Харин нэг удаагийн тохиолдлоор гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ бусдад олон тооны шарх, гэмтэл учруулсан бол онц харгис хэрцгийг арга гэж үзэх хууль зүйн боломжгүй. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр алсан, хохирогч С.Сэлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан. Шүүгдэгчид оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, хувийн байдалд нь тохирсон байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх агуулгаар гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч өөрийн эхнэр Б.Ш-г зодож байсан талаар бага насны гурван хүүхэд гэрчилсэн. Шүүгдэгчийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн улмаас нас барсан нь шалтгаант холбоотой болохыг бүрэн тогтоосон гэж үзэж байна. Шүүгдэгч 5, 7, 9 насны гурван хүүхдийн дэргэд ээжийг нь зодож алсан нь тэдний сэтгэл санаанд хүндээр тусаж шаналсан нь асран хамгаалагч Б.Оюунжаргалын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Шүүгдэгч нь Б.Ш-тэй хамт амьдрахгүй байсан боловч гурван хүүхдээ эргэж, тэдэнд туслах зэргээр байнгын харилцаа холбоотой байсан, амь хохирогчийг удаа дараа зодсон талаар амь хохирогчийн үеэл, ээж нар нь гэрчлэн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл амь хохирогч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан үйлчлэлд хамаарах этгээд мөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс амь хохирогч, шүүгдэгч нар нь 6 жилийн өмнө салсан гэх боловч Б.М нь 2017 онд амь хохирогч Б.Ш-т хүнд гэмтэл учруулсны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн. Тэгэхээр шүүгдэгч болон амь хохирогч салсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүх хэрэгт цугларсан үйл баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Б.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр алсан гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хяналаа. 

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 5 дугаар гудамжны 885 тоот гэртээ 5-8 насны 3 хүүхдийнхээ дэргэд хүнд зэргийн согтолтын улмаас бие хамгаалах чадваргүй байсан эхнэр Б.Ш-г зодож онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан,

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 110 тоотод хамтран амьдрагч Г.Анударийн эх С.Сэлэнгэтэй маргалдах явцдаа хөл рүү нь тень /халаагуур/ шидэж баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар шалган тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мн гэм бурууг хянан хэлэлцэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хүүхдүүдийнхээ эхийг согтуурлын улмаас биеэ хамгаалж чадахгүй болсныг мэдсээр байж өөрийн бага насны 3 хүүхдийнхээ дэргэд зодож, олон тооны шарх, гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний үр дагаварт тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв ойлгож хэрэглэсэн байна.

 

Хоёр шатны шүүх 3 хүүхдийнх нь төрсөн эх, амь хохирогч Б.Ш-г “Б.Мтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Мөн шүүхүүд хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл учруулж тарчилган зовоосон үйлдлээ ойр дотнынх нь хүмүүсийн дэргэд гүйцэлдүүлсэн үйлдлийг хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “онц харгис хэрцгий арга”-д тооцсон нь хуулийн зөв хэрэглээ юм. 

 

Өөрийн 5-8 настай гурван хүүхдийн дэргэд ээжийг нь зодож “... ээжийн хажуугаар хэвтсэн чинь аав ээжийг зодоод эхэлсэн. Би айсандаа нөгөө талын орон дээр унтаж байсан хоёр дүүгийнхээ ор руу ороод толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд чимээгүй чагнаад хэвтсэн. Тэгсэн юм түчигнээд, ээж “Далай чи болиоч ээ би үхлээ шүү дээ" гэж орилоод байсан. Аав “Би та нарыг ээж шиг чинь ална мэдэв үү” гэж орилж байгаад гарсан. Би шээх гээд харахад ээж шүүгээний өмнө хэвтэж байсан. Би айгаад шээчхээд буцаад орондоо ороод унтсан. Ээжийг сая шинэ жил болохоос өмнө аймаар зодсон. Тэгэхдээ сүх бариад ээжийг цохих гээд байсан чинь эмээ сүхийг нь булааж аваад өөр тийшээ шидсэн. Тэрнээс өмнө бас нэг удаа зодож байсан. Аав, ээжийг удаан зодсон”, “... аав, ээж хоёр зодолдоод байсан ба аав ээжийг үсдэж байгаад гараараа нүүр рүү нь маш олон удаа цохиж нүдээд, гэр дотор байсан сандал гартаа бариад тэр сандлаараа хэд хэдэн удаа ээжийн гар руу цохиод байсан. Ээж аавд “Болиоч ээ” гээд орилж хашхираад байсан. Аав гэр бусниулаад юм шидлээд, аяга хагалаад, сандал шидээд байсан. Аав хааяа ээжийг сүхээр болон хутгаар айлгаж сүрдүүлдэг. Би айгаад буцаад унтсан”, “... аав гэнэт ээжийг зодоод эхэлсэн. Ээж орилоод байсан. Бас төмөр чирэх шиг чимээ сонсогдсон. Миний бодлоор тэр чирч байсан төмөр нь сүх байсан байх. Мөн аав ээжийг сүхээрээ цохиод бас шал цохиод байсан байх. Ээж тэр үед “Одоо больчихооч дээ гэж гуйгаад байсан. Би нэг сэрээд харахад аав, ээжийн хоёр гарын бугуйнаас нь бариад чирч байгаад орон дээр хэвтүүлсэн. Ээжийг М.Түвшинтөр шалгахад манай ээж юм ярихгүй, юу ч дугарахгүй, нүүр нь аймар болчихсон, цус гарчихсан байсан. Тэр өглөө нь аав бид нарыг “Та нар гудамжинд амьдарна” хэмээн гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар болон эцэг, эхийнхээ харилцааны талаар мэдүүлсэн бага насны хүүхдүүдийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар давхар батлагдаж нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь амь хохирогчийг зодохдоо “хамар ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуугийн тархмал цус хуралт, өвчүү, зүүн 4-8 дугаар хавирганы хоёрлосон, 1-3 дугаар хавирга, баруун 1, 2, 9, 10 дугаар хавирганы дан хугарал, зүүн уушгины шарх, цус хуралт, цээжний хөндий дэх 300 мл цус алдалт, зүүн бөөрний өөхлөг, хальсны цус хуралт, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдал амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хөдөлбөргүй тогтоогджээ.  

 

Хамар ясны хугарал гэмтлийн улмаас амьсгалын замд цус орж, механикаар амьсгал бүтэж амьсгал, зүрх судасны дутагдлаар хохирогчийн амь нас хохирсон явдал нь шүүгдэгчийн зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь эргэлзээгүй нотлогдсон ба шүүгдэгчээс өөр хэн нэгэн этгээд тухайн гэмтлийг учруулсан, амь хохирогч нь гэмтлээс өөр шалтгаанаар нас барсан гэж үзэх сэжиг, таамаг, үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мн гаргасан “... надтай уулзахаас өмнө юу болсныг шалгаж тогтоогоогүйн улмаас эрх зүйн байдал дордож байна”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан “... онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж буруу зүйлчилснийг зөвтгөн хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21ий өдрийн 945 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18ы өдрийн 831 дүгээр дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

 

                                                                        Б.БАТЦЭРЭН

 

                                                                        Б.ЦОГТ

 

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН