Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0024

 

“Ө Э Б Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Э.М, гуравдагч этгээд “Л ф” ББСБ-ын өмгөөлөгч Н.Ж, гуравдагч этгээд “К к и” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Э.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0754 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “К к и” ББСБ-ын гаргасан давж заалдах гомдлоор “Ө Э Б Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0754 дүгээр шийдвэрээр: 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.3, 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.4.2, 12.5.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө Э Б Э” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 52А байрны 6, 27, 54, 62 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Т-ын нэр дээр бүртгэсэн Ү-2205068394, Ү-2205068397, Ү-2205068395, Ү-2205068396 дугаар бүртгэлүүд, уг 52А байрны 36 тоот үл хөдлөх эд хөрөнгийн Б.Ө-ын нэр дээр бүртгэсэн Ү-2205069438 дугаар бүртгэлийг болон уг бүртгэлүүдийн үндсэн дээр олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. 2003 оны ЭХӨЭТХЭХБЭУБТХуулийн дагуу мэдүүлэг гаргагчийн тухайн үед бүрдүүлж ирсэн мэдүүлэг, нотлох баримтууд мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж хариуцагчийн зүгээс бүртгэсэн бүртгэл хуульд нийцсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл орон сууц захиалан бариулах гэрээнүүд хуурамч эсэх, хуульд нийцсэн эсэхийг шалгаж, тогтоох эрх бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хуулиар олгогдоогүй байхад захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм. Түүнчлэн, Улсын дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №32 тоот “Иргэний зарим хэргийн харъяаллыг захиргааны хэргийн харъяаллаас зааглах ялгах тухай” тогтоолын 3.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан” гэсэн дэд гарчигтай хэсэгт “Бүртгэлийн байгууллага, түүний албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас эд хөрөнгийн улсын бүртгэл буруу хийгдсэн тул бүртгэлийг хууль бус гэж тооцуулах, бүртгэл болон түүний үндсэн дээр олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд хууль ёсоор хийгдсэн улсын бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгох асуудал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий харъяаллын шүүхийн ажиллагаанд хамаарна. Энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага иргэний хэрэгт хариуцагчаар оролцохгүй гэжээ. Үүнээс үзвэл энэхүү маргаан нь иргэн Э.Т, Б.Ө болон “Ө э Б Э” ХХК нарын хооронд үүссэн орон сууц захиалан бариулах гэрээтэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэсний үр дүнд бий болсон буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий харъяаллын дагуу иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх харъяалал зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Дээр дурдсан орон сууцнуудтай холбоотой эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд ЗХШХШТХуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх ёстой байсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг шийдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

  Гуравдагч этгээд “К к и” ББСБ шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 128/Ш32019/1275 дугаар захирамж, 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/Ш32019/1729 дугаар захирамжаар эрүүгийн болон иргэний журмаар шийдвэрлэгдвэл зохих хэрэг маргаан шийдвэрлэгдээгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан байдаг бөгөөд уг шүүгчийн захирамжууд хүчин төгөлдөр хэвээр болно. Гэтэл дээрх шүүгчийн захирамжуудад дурдаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл арилаагүй байхад шүүх захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг зөрчсөн. Эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй буюу байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн эсэх, эрүүгийн хэргийн шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлэх эсэх нь тодорхойгүй байхад захиргааны хэргийн шүүх урьтаж үнэлэн “хуурамч нотлох баримт бүрдүүлж бүртгэл хийлгэсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүйгээр эрүүгийн хэрэгт цугларсан, хуулийн шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй шинжээчийн дүгнэлтийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэх үндэслэлтэй. “К к и” ББСБ нь Б.Ө-той барьцааны гэрээ байгуулж, гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж, маргаагүй. Барьцааны гэрээ нь дээрх хуулийн заалтын дагуу тусдаа бүртгэл хийгддэг бие даасан захиргааны акт болно. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт: “маргаан бүхий орон сууцнууд бусад этгээдийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа хэдий ч өмчлөх эрхийн бүртгэл хуурамч нотлох баримтад үндэслэн бүртгэгдсэн тул хууль бус бүртгэлийн үр дүнд бүртгэгдсэн бусад бүртгэлүүд хүчингүй болох бөгөөд...” гэж  дурдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар барьцааны эрх үүссэн ба уг эрх болон түүнийг бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр хэвээр болно. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж барьцааны гэрээ болон түүнийг бүртгэсэн бүртгэл давхар хүчингүй болно гэх утга бүхий дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн хэмжээ хязгаарыг зөрчсөн. Барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан гэх Б.Ө-оос хууль ёсны өмчлөгч гэх “Ө Э Б Э” ХХК эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах, уг эзэмшилтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор барьцаалагч барьцаалуулагчид холбогдуулан шаардлага гаргах эрх үүсэх нөхцөлийг мөн хуулийн 32.2-т заасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшилтэй холбоотой маргааныг иргэний хэргийн журмаар хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад захиргааны хэргийн шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

         Нэхэмжлэгч “Ө Э Б Э” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж  52А байрны 6, 27, 54, 62 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг Э.Т-ын нэр дээр бүртгэсэн Ү-2205068394, Ү-2205068397, Ү-2205068395, Ү-2205068396 дугаартай бүртгэлүүд, мөн уг байрны 36 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Б.Ө-ын нэр дээр бүртгэсэн Ү-2205069438 дугаартай бүртгэл болон уг бүртгэлүүдийн үндсэн дээр олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хуурамч баримт бичгийг үндэслэн бүртгэл хийсэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 12 дугаар зүйлийн 12.4.1-д зааснаар улсын бүртгэгч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж маргажээ.

         Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/  13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 13.5.1 “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 17 дугаар зүйлийн 17.1.3-д “өмчлөх эрхийг бүртгүүлэх болсон үндэслэл” гэж тус тус зааснаар мэдүүлэг гаргагч нь шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйгээ хангалттай нотолсон баримтыг хавсаргаж өгөх үүрэгтэй.

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гуравдагч этгээд Э.Т нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгтээ Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хаягийн тодорхойлолт, “Ө Э Б Э” ХХК болон Э.Т нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамжид байрлах 52А байрны 6, 27, 54, 62 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ, дээрх орон сууцнуудын төлбөр тооцоо дууссан тухай “Ө Э Б Э” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 058/1, 057/1, 059/1, 061/1 дүгээр албан бичиг, эд хөрөнгийн план зураг, өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргаж, гуравдагч этгээд Б.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгтээ Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хаягийн тодорхойлолт, “Ө Э Б Э” ХХК болон Б.Өнөболд нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамжид байрлах 52А байрны 36 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ, дээрх орон сууцны төлбөр тооцоо дууссан тухай “Ө Э Б Э” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 078/1 тоот албан бичиг, эд хөрөнгийн план зураг, өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргаж тус тус өгчээ.

          Дээрх бичгийн баримтуудыг  мэдүүлэг гаргагч Э.Т, Б.Ө-д нар нь шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг  өмчлөх эрхтэйг хангалттай нотолсон баримт гэж үзэхээргүй байна.

         Учир нь орон сууц захиалгаар барих гэрээний үндсэн дээр шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотлох гол баримт бол гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж төлбөрөө бүрэн төлсөнийг нотлох нотолгоо бөгөөд “Ө Э Б Э” ХХК-ийн  2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 058/1, 057/1, 059/1, 061/1 тоот, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 078/1 тоот албан бичгүүд болон гэрээний нүүр хэсэгт бичигдсэн “Ө Э Б Э” ХХК-ийн хаяг зөрүүтэй, уг компанийг  Б.Оюунбилэг гэгч этгээд төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, төлбөр шилжүүлсэн баримтаа хавсаргаагүй байхад дээр дурдсан албан бичгүүд дангаараа төлбөр төлснийг нотлох хангалттай баримт болж чадахгүй.

         Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 12 дугаар зүйлийн 12.4.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах” гэж зааснаар улсын бүртгэгч нь мэдүүлэгт хавсарган ирүүлсэн баримт бичгүүдийг хянан үзэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй тохиолдолд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” зарчимтай нийцээгүйн зэрэгцээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 12 дугаар зүйлийн 12.5.1-д заасан “эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх” улсын бүртгэгчийн үүрэг зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.

         Иймд анхан шатны шүүх маргаан бүхий бүртгэлүүдийг болон уг бүртгэлүүдийн үндсэн дээр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “мэдүүлэг гаргагчийн тухайн үед бүрдүүлж ирсэн мэдүүлэг, нотлох баримтууд хуульд заасан шаардлагыг хангасан, хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж бүртгэсэн бүртгэл хуульд нийцсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.

          Харин анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн хяналтын чиг үүрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн нь буруу байна. Тодруулбал,

          Гуравдагч этгээд Э.Т, Б.Ө-д нарын хуурамч баримт бичиг ашиглан “Ө Э Б Э” ХХК-ийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэх үйлдэлтэй холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байх бөгөөд ийнхүү хуурамч нотлох баримт ашигласан эсэх нь эрүүгийн журмаар шалгагдаж тогтоогдох ба захиргааны хэргийн шүүх хуурамч нотлох баримтад үндэслэн бүртгэл хийгдсэн эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй.

         Гагцхүү захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн эсэх, зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй атал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж гэрээ болон албан бичгүүдийг хуурамч нотлох баримт гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасныг зөрчсөн.

         Түүнчлэн, нэхэмжлэгч “Ө Э Б Э” ХХК нь барьцааны бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг үндэслэлээр маргаагүй байхад Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг хэрэглэж “хууль бус бүртгэлийн үр дүнд бүртгэгдсэн бусад бүртгэлүүд хүчингүй” болох талаар дүгнэсэн нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцээгүй.

          Энэ талаар  гуравдагч этгээд “К к и” ББСБ-ын гаргасан давж заалдах гомдол үндэстэй ч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “К к и” ББСБ-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зөрчлийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0754 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д баримталсан хуулийн заалтыг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4” гэж,  2 дахь хэсгийн “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээд “К к и” ББСБ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Ц.ЦОГТ   

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН