Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 123/2022/0032/З |
Дугаар | 001/ХТ2024/0044 |
Огноо | 2024-04-22 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2024/0044
Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт
газрын хамгаалалтын захиргааны
нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын
Засаг даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 123/ШШ2023/0050 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2024/0076 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээд Б.А, Г.Б, С.Б, О.Н, Б.С, Ц.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0107 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99, А/100, А/101, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/176, А/177, А/178 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Ц.Э, Ц.У нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 9 дүгээр тогтоолоор Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг улсын тусгай хамгаалалтад авсан, уг газарт Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр болох нийт 292905.5 га газар хамрагддаг байна.
2.2.Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар Д.Э-д тус сумын ... дугаар багийн нутаг, Ш..... б......... т..... нэртэй газарт 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Д.Э нь уг газрыг Ц.П-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжаар Ц.Э болон Ц.У нарт тус бүр 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Ц.Э нь эзэмшлийн газраа С.Б-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/100 дугаар захирамжаар, Ц.У нь эзэмшлийн газраа Б.С-т шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар тус тус шилжүүлжээ.
2.3.Мөн Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/176 дугаар захирамжаар Б.А-д, А/177 дугаар захирамжаар Г.Б-д, А/178 дугаар захирамжаар О.Н-т 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлж, эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр болох нийт 292905,5 га газар хамрагддаг. Маргаан бүхий захирамжууд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж гарсан илт хууль бус акт юм. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад хууль зөрчиж гаргасан захирамжуудаа хүчингүй болгох, дахин хууль бус захирамж гаргахгүй байх талаар удаа дараа мэдэгдсэн, холбогдох тайлбар, мэдээллийг ирүүлэхийг удаа дараа шаардаж албан тоот хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй, нийт хэдэн иргэнд газар олгосон нь тодорхойгүй, хууль бус захирамжаа үргэлжлүүлэн гаргасаар байгаа.
3.2.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 259 дүгээр тогтоолоор Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг бие даасан удирдлага, бүтэцтэй шинэчлэн батлахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад даалгаж шийдвэрлэсний дагуу сайдын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/213 дугаар тушаалаар тус газрыг бие даасан бүтэцтэйгээр байгуулсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр байгаа байгууллагын чиг үүргийг үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд заасан. Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь захиргааны чиг үүргийг хуульд зааснаар шилжүүлэн авсан нийтийн эрх зүйн этгээд буюу захиргааны байгууллага мөн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Засаг дарга нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан ... Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэж маргасан.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1.“... “Эрдэнэ сумын Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн газар эзэмшүүлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах нь төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээний асуудал байх тул Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Тэдний шийдвэр гаргах эрх хэмжээнд нь сумын Засаг дарга халдаад байна гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа бол төрийн захиргааны төв байгууллага гаргана. Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжууд нь 25, 31 иргэнд холбоотойгоор гарсан байхад А/149 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг, А/172 дугаар захирамжийн Ц.Э, Ц.У нарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй.
4.2.Бусад иргэдийн асуудлыг хөндөхгүй байгаа нь хүний эрхтэй холбоотой, ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна. 2 захирамжийг илт хууль бус гэж үзэж байгаа бол бүхэлд нь илт хууль бус болгох ёстой. Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг үндэслэж Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж нэхэмжлэл гаргаж, сумын Засаг дарга нь тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх эрхгүй гэх асуудлыг хөнддөг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 35 дугаар зүйлд ашиглуулах, эзэмшүүлэх асуудал байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутагт сумын Засаг дарга газрыг эзэмшүүлж болохгүй гэсэн хуулийн заалт Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд ч байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Гуравдагч этгээд нар тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргаж буй үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Ямар нэгэн хууль зөрчөөгүй хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэр бүл, зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх авсан, мөн бусдаас шилжүүлж авсан. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
6.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 123/ШШ2023/0050 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 20 дугаар зүйлийн 20.2.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Ц.Э, Ц.У нарт холбогдох хэсэг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дүгээр захирамж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/100 дугаар захирамж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/101 дүгээр захирамж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/176 дугаар захирамж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/177 дугаар захирамж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/178 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
6.1... Шинжээчийн дүгнэлтэд Б.А, Г.Б, О.Н нарт эзэмшүүлсэн нэгж талбар бүхий газрууд Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын мэдээлэлтэй давхцалтай эсэх, мөн давхцаж буй бол тусгай хамгаалалттай газрын ямар бүстэй давхцалтай талаар дүгнэлт гаргаагүй байх боловч Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны А/176, А/177, А/178 дугаар захирамжуудаар тус сумын 3 дугаар багийн нутаг, Ш..... б......... т..... нэртэй газарт байршилтай 700 м.кв газрыг дээрх иргэдэд эзэмшүүлсэн бөгөөд Б.С, С.Б, Ц.П, Б.А, Г.Б, О.Н нар өөрсдийн эзэмшлийн 6 нэгж талбар бүхий газрыг тойруулан хашаа барьсан нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байх тул Б.А, Г.Б, О.Н нарын эзэмшлийн тус бүр 700 м.кв газрыг Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүстэй давхцалтай гэж дүгнэх үндэслэлтэй. ... Хуульд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт байршилтай газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх хэмжээг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад олгоогүй.
6.2.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.1-д тус тус зааснаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэдэд эзэмшүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг зөрчиж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гарган, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 9 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газартай давхцуулан иргэдэд газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий ... захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй. Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 654 дүгээр тогтоолоор тогтоосон тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүхээс дахин дүгнэлт хийх үндэслэлгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2024/0076 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж дүгнэн хэвээр үлдээсэн.
8.Гуравдагч этгээд Б.А, Г.Б, С.Б, Б.С, Ц.П, О.Н нарын өмгөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2, 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
8.1.Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүгнээд үндэслэлээ Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 318 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах эрх хуулиар тусгайлан олгогдсон этгээд биш гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 654 дүгээр тогтоолоор “... хамгаалалтын захиргаа ямар чиг үүрэгтэй оролцдог болох нь хуулиар тодорхой зохицуулагдсан ...” гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар шийдвэрлэсэн асуудлаараа эцсийн шийдвэр гэж тайлбарлажээ. Дээр дурдсан шүүхийн тогтоол нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биш бөгөөд зөвхөн тухайн асуудлаар буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан “... хэргийг хянан шийдвэрлэх явцад ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан асуудлаар эцсийн шийдвэр болохоос, мөн зүйлд заасан “... эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол ...” гэх үндэслэлд хамаарахгүй юм.
8.2.Учир нь хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч нь яг аль хуулийн, ямар заалтаар олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгаагаа тодорхойлоогүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны явуулах үйл ажиллагааны хүрээг” тодорхойлсон бөгөөд уг хуулиар хамгаалалтын захиргаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг “тусгайлан” олгоогүй, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хуулиар дээрх эрхийг хамгаалалтын захиргаанд олгоогүй байхад шүүхээс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэл ...” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ...” ойлгоно гэж заасанд тус тус нийцэхгүй.
8.3.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон байх бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тодорхойлоогүй байхад шүүхүүд энэхүү үндэслэлийг нэг мөр тодруулж, нийтийн эрх зүйн чухам ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн талаар огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй. Шийдвэр, магадлалдаа “... хамгаалалтын захиргаа ямар чиг үүрэгтэй оролцдог болох нь хуулиар тодорхой зохицуулагдсан ...” гэх хэт ерөнхий үндэслэлийг дурдах боловч хамгаалалтын захиргааны чиг үүргийг зохицуулсан ямар хуулийг үндэслэж дээрх дүгнэлтийг хийж байгаагаа огт тайлбарлаагүй нь хуулийг буруу, зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсгийг тайлбарласан, уг тогтоолын агуулгаас үзэхэд ч “хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд” гэх ойлголтыг тайлбарласан агуулга мөн адил дээрх үндэслэлтэй ижил байгаа нь харагдаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг хэрэглэхдээ Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн.
8.4.Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэр бүхий 6 гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газруудыг тусгай хамгаалалттай газартай давхцалтай эсэхийг тогтоохоор шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Б.А, Г.Б, О.Н нарын эзэмшиж буй нэгж талбарууд тусгай хамгаалалттай газартай давхацсан талаар дурдаагүй байхад шүүхээс дээрх иргэдийн газрыг тусгай хамгаалалттай газартай давхацсан байна гэж тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгосон үйл баримтыг зөрүүтэй дүгнэсэн, энэхүү дүгнэлтээ газраа тойруулан хашаа барьсан нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон, улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
8.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар захиргааны хэргийг нотлох үүргийг захиргааны хэргийн шүүх хүлээх бөгөөд энэхүү үүргийн хүрээнд газрын давхцалын асуудлыг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох шаардлагатай гэж үзэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан хэрнээ уг дүгнэлтээр тогтоогдоогүй асуудлыг өөрийн үзэмжээр нөхөн гүйцээж дүгнэсэн нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “Гуравдагч этгээд нарын өмгөөлөгчөөс гаргасан гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
10.Гуравдагч этгээд нарын (нэр бүхий 6 иргэний) өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
11.Маргаан бүхий актууд илт хууль бус болох талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Гэвч захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэх бөгөөд зөвхөн хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэдэг.
12.Үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт болох 1 дүгээр зүйлийн 1.1 болон 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсгийн “нэхэмжлэл гэж... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл” гэсэн зохицуулалтаас тодорхой харж болно.
13.Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд тодорхой заасан байх бөгөөд үүнээс үзвэл уг байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв ... байгууллага” буюу захиргааны байгууллагад хамаарна.
14.Иймд тус захиргааны байгууллагын хувьд нэхэмжлэл гаргах эрх хуулиар тусгайлан олгогдсон байх хуулийн шаардлага тавигдана. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2021 оны 654 дүгээр тогтоолоор “... тусгай хамгаалалттай газрын захиргаа ямар чиг үүрэгтэй болох нь хуулиар тодорхой зохицуулагдсан ...” гэсэн үндэслэлээр уг байгууллагыг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
15.Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах ...” гэх зэрэг хамгаалалтын захиргааны үндсэн үйл ажиллагааны талаарх материаллаг зохицуулалтыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон тусгайлсан зохицуулалт гэж үзэхгүй юм.
16.Энэхүү хэргийн оролцогчийн хэн аль нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төв, орон нутгийн байгууллага”-д хамаарахын хувьд, тухайлбал хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь орон нутаг дахь төрийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн сацуу Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, төрийн захиргааны төв болон бусад захиргааны байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй, энэхүү хууль дээдлэх зарчмын хэрэгжилтийг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх тухайлан олгогдсоноос бусад тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандах замаар бус, харин захиргааны шатлан захирах ёсны буюу захирах-захирагдах зарчмын дагуу хэрэгжүүлэх учиртай.
17.Иймээс “Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хуулиар нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8.1-8.3 дахь хэсэг дэх гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.
18.Дээрх нөхцөл байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсгийн “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлд хамаарч байх тул шүүх бүрэлдэхүүн мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол ...” гэсний дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 123/ШШ2023/0050 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2024/0076 дугаар магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Ц.Э, Ц.У нарт холбогдох хэсэг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99, А/100, А/101, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/176, А/177, А/178 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд О.Н-ээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ