Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/02148

 

 

 

 

 

 

 

 

2024 12 13 210/МА2024/02148

 

 

 

У.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/03916 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч У.Б гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэг, хохиролд нийт 2,228,560 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 500,000 төгрөгийн үнэ бүхий гурван хос буйданг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 48 дугаар гудамжны 07** тоотод байрлах 220 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220201**** дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Тус үл хөдлөх эд хөрөнгө дотор байрлах 71,5 м.кв талбайг Мужаан, гэр ахуйн барааны дэлгүүр-ийн зориулалтаар 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн гэрээгээр Б.О д 1 жилийн хугацаатай, сарын 700,000 төгрөгөөр түрээслүүлсэн бөгөөд ашигласан хугацааны цахилгаан, дулааны төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Бүтэн объект бус талбайг хариуцагчид түрээслүүлсэн тул бид гэрээг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Түрээсийн талбайг хариуцагч Б.О д хэвийн байдлаар хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр буйдан засварын үйл ажиллагаа явуулж байсан. Харин Б.О нь түрээсийн төлбөрийг төлөхгүй, байнга хугацаа хэтрэлттэй явж байсан тул миний бие дунд нь төлбөрөө төлөхийг сануулж, төлөхгүй бол гэрээний хугацааг цуцлах тухай мэдэгдлийг өгч байсан. Улмаар 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож түрээсийн гэрээг дуусгавар болгож, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, хариуцагч нь талбайг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор суллаж өгөхөөр, түрээсийн төлбөр, алдангийн хамт 1,700,000 төгрөг төлөхөөр болсон. Үүнээс хариуцагч 500.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 1,200,000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн хариуцагч нь тохирсон хугацаанд талбайг чөлөөлж өгөөгүй, үйл ажиллагаа явуулж, хоёр ажилтнаа ажиллуулж байсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талбайг надад бүрэн чөлөөлж өгсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон даруйд надад талбайг чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй, хугацааг хойшлуулсан буруутай тул 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 сарын 700,000 төгрөгийг 30 хоногт хувааж, өдрийн 23,333 төгрөгийг 20 хоногоор тооцож 466,660 төгрөгөөр намайг хохироосон гэж үзэж байна. Би энэ шаардлагаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон боловч шүүх хуралдааны явцад шаардлагаа тодруулж, түрээсийн гэрээний хугацаа хожимдуулсан хохирол гэж нэхэмжилж байна.

Хариуцагч нь түрээсийн талбайд буйдан сэлгэн засварлах, үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд үйл ажиллагаандаа ашигладаг цавуу болон будгаар түрээсийн талбайн шалыг бохирдуулсан байсан. Үүнийг хариуцагч өөрөө мэдэж байгаа бөгөөд талбайг хүлээлгэн өгөх үед цэвэрлэж өгнө гэсэн боловч цэвэрлээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь анх надаас ямар талбай хүлээн авсан яг тэр байдлаар надад талбайг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болно. Би талбайгаа бусдад түрээслэхээр болсон байсан учир өөрөөсөө 150,000 төгрөгийн зардал гаргаж, түрээсийн талбайн шалыг бусдаар цэвэрлүүлсэн.

Хариуцагч нь түрээсийн гэрээнд зааснаар халаалт, цахилгаан, ус, тог гэх мэт зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй. Тэрээр цахилгааны төлбөрийг түрээсэлж байсан талбайд тавьсан тоолуурын заалтыг үндэслэн төлдөг байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хэрэглэсэн цахилгааны төлбөр 50,000 төгрөгийг төлөөгүй орхиж явсан. Үүнийг нь гэрчээр оролцсон Г.А төлсөн байдаг. Мөн хариуцагч нь түрээсийн хугацаанд Г.А ин түрээсэлж ажиллуулж байсан хүнсний дэлгүүрээс ахуйн барааг зээлээр авсан байдаг. Гэвч түрээсийн талбайг орхиж явахдаа хүнсний дэлгүүрт тавьсан өрөө төлөөгүй явсан бөгөөд энэ нь гэрч Г.А ийн хар дэвтэрт бичигдсэнээр 361,900 төгрөг болсон байна. Харин Г.А нь манай объектыг түрээслэхээ больж гарах үедээ надтай тооцоо хийсэн бөгөөд хариуцагч Б.О гийн төлөх ёстой нийт 411,900 төгрөгийг надад төлөх төлбөрөөсөө суутган тооцсон юм.

Төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс нь 600,000 төгрөгийг хасаж, оронд нь миний 3 хос буйданг засварлуулахаар хариуцагч Б.О той харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл засварлаагүй, авья гэхлээр өгөхгүй байна. Буйдангийн хувьд 500,000 төгрөгийн үнэ бүхий, хуучин модон хийцтэй, шаргал арьсан гадаргуутай, хоёр сандал, 1 ор буюу 3 хос буйдан байгаа. Хариуцагч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш миний утсыг авахгүй, надтай огт холбоогүй болсон байгаа учир 500,000 төгрөгийн үнэ бүхий 3 хос буйдангаа гаргуулья гэж хүсэж байна.

Иймд би хариуцагч Б.О гоос түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг, хугацаа хожимдуулсан хохиролд 466,660 төгрөг, өөрөөс гаргасан зардал 150,000 төгрөг, цахилгааны төлбөр 50,000 төгрөг, ахуйн барааны үлдэгдэл төлбөр 361,900 төгрөг, нийт 2,228,560 төгрөгийг гаргуулах, мөн 500,000 төгрөгийн үнэ бүхий 3 хос буйданг хариуцагчаас буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие У.Б гийн гаргасан нэхэмжлэлийн зарим нэг хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, 466,660 төгрөг үндэслэлгүй., хөрөнгөжсөн. Хоёрдугаарт, Хүнсний дэлгүүрийн зээлсэн барааны үнэ 36,190 төгрөг, Гуравдугаарт, засвар хийнэ гэсэн буйдан байгаа өөрсдөө өнгө материалаа ирж сонгоогүй, одоо болтол хадгалж байгаа.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 295 дугаар зүйлийн 295.4., 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар хариуцагч Б.О гоос 1,666,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Б д олгож, нэхэмжпэлээс үлдэх 561,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.О гоос 500,000 төгрөгийн үнэ бүхий хуучны, модон хийцтэй, шаргал арьсан гадаргуутай, хоёр сандал, нэг ор буюу гурван хос буйданг гаргуулж нэхэмжпэгч У.Б д олгуулахаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч У.Б гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 58,610 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.О гоос 49,521 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Б д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлээс үлдэх баримтаар тогтоогдоогүй, шаардах эрх ,өр шилжээгүй нийт 561,900 /цахилгааны төлбөр 50,000 төгрөг.өөрөөс гарсан зардал 150,000 төгрөг, ахуйн барааны үлдэгдэл төлбөр 361,900 төгрөг/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагчийн түрээсийн үйл ажиллагаа яьуулж байх үедээ бохирдуулсан шалыг өөрөөсөө 150,000 төгрөгийн зардал гаргаж, бусдаар цэвэрлүүлсэн нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байгаа бөөгөд хариуцагч нь уг төлбөрийг үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн агуулгатай хариу тайлбар гаргасан байдаг. Мөн 2023 оны 10 дугаар сарын 07-ны 14 цаг 53 минутад хариуцагчтай бичсэн мессэжээр болон 2023 оны 11 дүгээр сарын 23-ны 10 цаг 34 минутад бичсэн мессэжүүдэд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, ....тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ. Иймд анхан шатны шүүх нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн агуулгатай хариу тайлбар гаргасан, зөвшөөрөхгүй гэж маргаагүй байхад, мөн нэхэмжлэгч цэвэрлэгээний бодис, хэрэглэл авсан дансны хуулга, фото зураг, хариуцагчтай бичсэн мессеж зэргээр нотлогдож байхад нотлох баримтыг дутуу үнэлж тус мөнгөн дүнг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

4.2. Хариуцагч нь түрээсийн гэрээнд зааснаар халаалт, цахилгаан, ус,тог гэх мэт зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй. Тэрээр 2023 оны 08 сарын 18 -ны өдрөөс 2023 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл хэрэглэсэн цахилгааны төлбөр болох 50,000 төгрөгийг төлөөгүй орхиж явсан. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай хариу тайлбар гаргасан бөгөөд уг төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй. Харин тус нөхцөл байдал нь түрээслэж байсан тоолуурын болон түүний заалтын фото зураг, тогны төлбөр төлсөн баримт, гэрч Г.А ийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, ....татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч уг төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй, татгалзалтай холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй нэгэнт өмнөх түрээсийн гэрээгээр тохиролцсон асуудал байхад шүүх нэхэмжпэлийн шаардпагыг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

4.3. Б.О нь талбайг түрээсэлж байх хугацаандаа хүнсний дэлгүүрээс зээлээр авсан барааны үнэ 361,900 төгрөг болон цахилгааны төлбөр 50000 төгрөгийг Г.А надад төлөх төлбөрөөсөө суутган тооцсон юм. Дээрхтэй холбоотой бичгэн нотлох баримт надад байхгүй байсан тул гэрч Г.А ийн мэдүүлгээр нотолж, түүний хөтөлж байсан хар дэвтэрийг шүүх хуралдаан дээр эх хувиар судлуулсан байдаг. Харин хариуцагч нь дээрх 361,900 төгрөгийг хүлээн зэвшөөрөхгүй гэж маргадаг бөгөөд түүнийгээ нотлох зээлээ төлсөнтэй холбоотой ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүтэй.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/03916 дугаарт шийдвэрийн баримтаар тогтоогдоогүй, шаардах эрх ,өр шилжээгүй нийт 561,900 / цахилгааны төлбөр 50,000 төгрөг,өөрөөс гарсан зардал 150,000 төгрөг, ахуйн барааны үлдэгдэл төлбөр 361,900 төгрөг/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Б.О д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, хохиролд 2,228,560 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 500,000 төгрөгийн үнэ бүхий гурван хос буйданг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч У.Б тэй 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч У.Б нь Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 48-07** тоот хаягт байрлах, өөрийн өмчлөлийн 220 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 71,5 м.кв талбайг Мужаан, гэр ахуйн барааны дэлгүүр-ийн зориулалтаар, сарын 700,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх-ийн 5-9-р тал/

 

5. Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Б.Одонгогоогоос түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,200,000 төгрөг, түрээсийн талбайг хүлээлгэж өгөх хугацааг хойшлуулснаас учирсан хохирол 466,660 төгрөг, уг хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөрт 50,000 төгрөг, түрээсийн зүйлийг муутгаснаас учирсан хохирол 150,000 төгрөг, хүнсний дэлгүүрээс зээлээр худалдан авсан барааны үнэ 361,900 төгрөг, нийт 2,228,560 төгрөг болон ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 3 хос буйданг гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч Б.Одонтогогоо нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа нэхэмжлэлээр шаардаж буй нийт 6 төрлийн төлбөрөөс түрээсийн талбайг хүлээлгэж өгөх хугацааг хойшлуулснаас учирсан хохирол 466,660 төгрөг болон хүнсний дэлгүүрээс зээлээр худалдан авсан барааны үнэ 361,900 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлжээ. /хх-ийн 44-р тал/.

 

6. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд түрээсийн гэрээг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болгож, хариуцагч Б.О нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,500,000 төгрөгийг алданги 200,000 төгрөгийн хамт нийт 1,700,000 төгрөгийг нэхэмжлэгч У.Б д 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3 хуваан төлөхөөр харилцан тохиролцож, Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Уг гэрээгээр тохиролцсон 1,700,000 төгрөгөөс хариуцагч Б.О нь 500,000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч тайлбарласан.

 

Иймээс хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагч Б.О нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгч У.Б д төлөх үүрэгтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчтай дээрх Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулах үед түрээсийн талбайг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хүлээлцэхээр тохиролцсон боловч хариуцагч нь хүлээлгэж өгөөгүй. Улмаар үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулсаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сулласан тул гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 20 хоногийн түрээсийн төлбөр болох 466,660 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргасан боловч татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр заасан. Мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Б нь өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр хариуцагч Б.О гоос шаардах эрхтэй.

 

8. Хариуцагч Б.О нь түрээсийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байхдаа түрээсийн талбайг цавуу болон будгаар бохирдуулсан ба нэхэмжлэгч нь уг бохирдлыг арилгахад гарсан зардалд хариуцагчаас 150,000 төгрөг шаарджээ. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т зааснаар хариуцагч Б.О нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй. Хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч хохирлын хэмжээг баримтаар нотлох учиртай.

 

Хэргийн 70-р талд авагдсан Хаан банк дахь У.Б гийн дансны зарлагын мэдээллээр түрээсийн талбайн бохирдлыг цэвэрлэхэд 150,000 төгрөг зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, дансны зарлагаар гарсан мөнгөн хөрөнгө нь түрээсийн зүйлийн бохирдлыг арилгахад гаргасан зардал гэж хөдөлбөргүй дүгнэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш түрээсийн талбайг хүлээлгэж өгөх хүртэл хугацааны цахилгааны төлбөрт хариуцагчаас 50,000 төгрөг нэхэмжилсэн боловч уг төлбөрийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, цахилгаан эрчим хүчээр хангах байгууллагад төлсөн гэх баримтгүй буюу гэрч Г.А ийн ... 50,000 төгрөгийн цахилгааны төлбөрийг төлөөгүй гэх мэдүүлэг нь бичгийн баримтаар давхар нотлогдоогүй байна. Иймээс хариуцагч Б.О гоос гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 150,000 төгрөг болон цахилгааны төлбөр 50,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч У.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

Хариуцагч тайлбартаа 466,660 төгрөг болон 361,900 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар тайлбарласан боловч нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсанаар 150,000 төгрөг болон 50,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тодорхой илэрхийлээгүй байна. Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлдэг. Иймээс хариуцагч зөвшөөрч байгаагаа тодорхой илэрхийлээгүй байхад баримтаар нотлогдоогүй нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй.

 

9. Нэхэмжлэгч У.Б гийн үл хөдлөх хөрөнгийн бусад түрээслэгч буюу гэрч Г.А нь хариуцагч Б.О г тус байранд үйл ажиллагаа явуулж байхдаа түүний ажиллуулдаг хүнсний дэлгүүрээс 361,900 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан бөгөөд уг төлбөрөө хариуцагч Б.О төлөөгүй тул түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч У.Б д төлөх өөрийн түрээсээс хасаж тооцсон талаар мэдүүлжээ.

 

Хариуцагч Б.О нь Г.А ийн ажиллуулдаг хүнсний дэлгүүрээс 361,900 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн авсан болох, уг төлбөрийг нэхэмжлэгч У.Б нь Г.А т түрээсийн төлбөрөөс суутгах замаар Б.О гийн өмнөөс төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч эс зөвшөөрч татгалзсан байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэвч зөвхөн гэрч Г.А ийн мэдүүлгээр хариуцагч Б.О д 361,900 төгрөгийн төлбөрийн үүрэг үүссэн, уг үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг нэхэмжлэгч У.Б шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй юм. Иймээс Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйлд зааснаар У.Б , Г.А нарын хооронд Б.О гийн өрийг шилжүүлсэн, шилжүүлэн авсан тухай бичгийн баримтгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

10. Хариуцагч Б.О нь түрээсийн төлбөрийн зарим хэсэг буюу 600,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч У.Б гийн буйданг засварлаж өгөхөөр харилцан тохиролцсоныг талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Гэвч гүйцэтгэгч буюу хариуцагч Б.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О гоос түүнд хүлээлгэн өгсөн 3 хос буйдангаа буцаан шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/03916 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,507 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ