| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2016/5907/и |
| Дугаар | 182/ШШ2016/00178 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2016/00178
| 2016 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 182/ШШ2016/00178 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Ш.О
4.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Б миний бие Ш.О тэй 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2015 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ш.О нь зээлийн төлбөрөө төлөөгүй өдийг хүрсэн. Ш.О д 2016 оны 03-р сарыг дуустал хугацаанд хүүгээ бүрэн төлж явсан. Зээлийн гэрээнд заасны дагуу 2 сарын хүү 320.000 төгрөг, үндсэн зээл 4.000.000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч гэрээний дагуу дансаар болон бэлнээр шилжүүлсэн 4.000.000 төгрөг, 2 сарын хүү 320.000 төгрөг, нийт 4.320.000 төгрөгийг хариуцагчаас буцаан нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Ш.О тэй 2014 оны 10 сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, 4 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн ба зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч зээлийг буцаан төлөөгүй байна.
Хариуцагч Ш.О нь зээлийн хүүг 2016 оны 03 сарыг дуустал сар бүр төлснийг нэхэмжлэгч тайлбарладаг ба гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч 5 сарын хүүд 800.000 төгрөг төлжээ. Гэтэл зээлийн гэрээний хугацааг талууд сунгаагүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч хүү төлүүлэх боломжгүй болсон ба хариуцагчийн төлсөн 800.000 төгрөгийг үндсэн зээлд тооцож хасах нь зүйд нийцэж байна.
Ийнхүү зээл 4.000.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг хасан 3.200.000 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлзээгүй болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-ийг баримтлан Ш.О эс 3.200.000 төгрөгийг гаргуулж Б.Бт олгож, нэхэмжлэгчийн 1.120.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 84.070 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 66.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД