Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/02149

 

 

 

 

 

 

 

 

2024 12 13 210/МА2024/02149

 

 

 

Л.П гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/03703 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.П гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГт холбогдох,

Үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.П , түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М ХХК нь Л.П миний өмчлөлийн Баянзүрх дүүрэн, 41 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 6/1 байр, 01 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220404**** дугаарт бүртгэлтэй, 180 м.кв талбайтай, амины орон сууц, газар эзэмших эрхийн 000540296 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18646311369209 дугаар бүхий 105 м.кв талбайтай газрыг 412,790,800 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг хийхдээ 105 м.кв талбайтай газрын үнийг гэрчилгээ нь хүчингүй болсон үндэслэлээр нийт үнийн дүнд оруулж тооцоогүй. Амины орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Эдгээр хөрөнгө нь 2019 онд Хөрөнгө Эстимэйт ХХК 518,281,500 төгрөгөөр үнэлж байсан. Иймд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/51 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг надад мэдэгдээгүй. Иймээс дээрх тогтоолын дагуу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдааны ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7 дахь хэсэгт зааснаар тус тус хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр Л.П гээс 99,368,047 төгрөгийг гаргуулж Хаан банк ХК-ийн Налайх салбарт олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.П д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220404**** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо /одоогоор 41 дүгээр хороо/, 15 дугаар хороолол, Лувсанцэвээний гудамж 6/1 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай амины орон сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18646311369209 дугаар бүхий 105 м.кв талбайтай газрын хамт битүүмжилж, хураан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Л.П нь 1,350,000,000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Төлбөр авагч Хаан банк ХК-аас дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/181 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор М ХХК-ийн шинжээч Б.Э аар дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 412,790,000 төгрөгөөр үнэлснийг талуудад биечлэн танилцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-220404**** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо /одоогоор 41 дүгээр хороо/, 15 дугаар хороолол, Лувсанцэвээний гудамж 6/1 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай амины орон сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18646311369209 дугаар бүхий 105 м.кв талбайтай газрын хамт шинжээчийн тогтоосон үнэ 412,790,000 төгрөгийн 70 хувь болох 288,953,560 төгрөгөөр доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр оруулахад санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 412,790,000 төгрөгийн 50 хувь болох 206,395,400 төгрөгөөр доод үнийг тогтоож 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлахад албадан дуудлага худалдааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай төлбөр авагч Хаан банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амаржаргалын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 34/4541 дугаартай хүсэлтийг үндэслэн албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан.

Төлбөр төлөгч Л.П нь дээрх хөрөнгийн үнэлгээг гаргахдаа надад мэдэгдээгүй, шууд албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол гарчихсан байсан, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулна гэж мэдээгүй гэх тайлбарыг өгчээ. Дээрх хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч Л.П д 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4-241/13882 дугаар мэдэгдлээр, анхны албаны дуудлага худалдаагаар оруулах болсныг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/51 дүгээр тогтоол, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4-241/15588 дугаар мэдэгдлээр, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах болсныг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8/21 дүгээр тогтоол, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4-241/17014 дүгээр мэдэгдлээр тус тус биечлэн мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.П д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлдэггүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар санал санаачлага гаргадаггүй 9 жил болж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/Ш32024/14901 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул Л.П гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч Л.П гийн НШШГГт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-220404**** дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 6/1 тоот хаягт байрлах, 180 м.кв талбайтай, амины орон сууц, тус хаягт байрлах, газар эзэмших эрхийн Э-2204000704 дугаартай, 105 м.кв талбайтай, газрын хамт үнэлсэн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Л.П гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдолоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана гэж заасныг ноцтой зөрчиж хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн харьяалал зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дзх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй. Энэ хуулийг хэрэглэсэнгүй.

Газрын үнийг оруулаагүй хөрөнгийн үнэлгээний тайланг шинжпэн судлуулаад байхад нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд улмаар давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Л.П нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үнэлгээний компани эд хөрөнгийг үнэлэхдээ газрын үнийг нийт үнэлгээнд оруулан тооцоогүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр тодорхойлсныг хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн. Харин, шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэртэй холбогдуулан, мөн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх дуудлага худалдаа явуулах үеийн үнийг зохицуулсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт тус тус баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4.1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр Л.П гээс 98,716,614 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк-ны Налайх салбарт олгуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 59-66-р тал/

 

4.2. Төлбөр төлөгч Л.П нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул төлбөр авагч Хаан банк ХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3136 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-ийн 57-р тал/

 

4.3. Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох Л.П гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204043****дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж 6/1 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах эзэмших эрхтэй, нэгж талбарын 133070**** дугаартай 105 м.кв газрыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 70-72, 77-80-р тал/

 

4.4. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан боловч талууд үнийн талаар тохиролцоогүй, үүнтэй холбоотойгоор хариуцагч нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. /хх-ийн 82-85-р тал/

 

4.5. Хөрөнгийн үнэлгээний М ХХК нь хураагдсан хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204043****дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж 6/1 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон эзэмших эрхтэй, нэгж талбарын 133070**** дугаартай 105 м.кв газрыг нийт 412,790,800 төгрөгөөр үнэлж, хариуцагч НШШГГ нь дээрх үнэлгээг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр талуудад мэдэгдсэн болох нь үнэлгээний мэдэгдэлд гарын үсэг зурсан байдлаар тогтоогджээ. /хх-ийн 142-р тал/.

 

4.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан. Нэхэмжлэгч Л.П нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

 

5. М ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Шинжээч үнэлгээг тогтоохдоо өртгийн болон зах зээлийн хандлагыг ашигласан байх бөгөөд үүнээс зах зээлийн хандлагаар тооцсон үнэлгээг 100 хувийн ач холбогдолтойд тооцон амины орон сууцыг газрын хамт 412,790,800 төрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Түүнчлэн газар эзэмших эрхийг өртгийн хандлагаар тооцоход 96,420,600 төгрөгөөр үнэлэгдсэн талаар үнэлгээний тайланд тусгасан байх тул газрыг үнэлээгүй, газрын үнэлгээг нийт үнэлгээнд оруулан тооцоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй. /хх-ийн 116-р тал/

 

Мөн нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг мөн хангахгүй. /хх-ийн 93-135/

 

6. Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй, өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай санал гаргаагүй байх тул төлбөрт хураагдсан хөрөнгийг худалдан борлуулахаар 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэж, нэхэмжлэгч Л.П д мэдэгджээ. /хх-ийн 144,145/

 

6.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн буюу анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй тул дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх, гомдлыг шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч нь уг асуудлаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаж эрх бүхий этгээдүүдээр шийдвэрлүүлээгүй байна.

 

7. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан шүүхийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхтэй. Ингэхдээ зохигчийн анхан шатны шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг болон тайлбарт үндэслэх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийх эрхийг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргахаар заасан боловч нэхэмжлэгч нь өөр шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/03703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ... гэснийг хасаж, ... 66 дугаар зүйлийн 66.1 ... гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ