Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2016/00179

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2016/00179

           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

            Нэхэмжлэгч: Б.Ц  

            Хариуцагч: ШШГЕГ ,

 

            2014 оны 10 дугаар сард ажлын 23 хоног биеэр ажилласан, 2015 оны 06 сараас 12 дугаар сард ажилгүй байсан 138 хоногийн олговорт 7.826.808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц , нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж 2014 оны 09-р сарын 07-ны өдөр ажилдаа ороход ялтан  Б.Аоргосныг нуусан байсныг ШШГЕГ т хэлсэн үеэс эхлэн З.М дарга миний эсрэг зохион байгуулалттай бусармаг үйл ажиллагаа идэвхитэй явуулж эхэлсэн.

 2014 оны 10 дугаар сард ажлын 23 хоног биеэр ажилласан байтал ангийн дарга байсан ахмад З.М цалинг олгоогүй улмаар ялтан зодсон, ялтны найз охин оролдсон гэж ялтны ар гэр болон ялтантай хувийн харьцаа тогтоож, үгсэн хуйвалдаж намайг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн.

Хорих 411-р ангийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж намайг ажилд тэнцэхгүй гэж ШШГЕГ т танилцуулж ажлаас өөрчлүүлж, улмаар халуулсан ба ажлаас хууль бус халагдсан тухай шаардлагыг захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүх 2015 оны 06 сарын 18-ны өдрийн 392 тоот шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 сарын 19-ний өдрийн 386 тоот магадлал , Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 сарын 28-ны өдрийн 399 тоот тогтоолоор намайг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг 2015 оны 01 сарын 08-ны өдрөөс эхлэн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож ажилгүй байсан 112 хоногийн 6.352.197 төгрөгийн нөхөн олговор шийдвэрлэж олгосон юм. Миний бие хорих 415-р ангид 2015 оны 12 дугаар сарын 7 ны өдрөөс ажиллаж эхэлсэн.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд орж ажиллах болсон үе хүртэл хугацаанд миний бие цалингүй хохирсон тул миний ажилгүй байсан олговор болох 2015 оны 6 дугаар сарын ажлын 8 хоног, 7 дугаар сарын ажлын 20 хоног, 8 дугаар сарын ажлын 21 хоног, 9 дүгээр сарын ажлын 22 хоног, 10 дугаар сарын ажлын 22 хоног, 11 дүгээр сарын ажлын 20 хоног, 12 дугаар сарын ажлын 4 хоног, мөн ажилласан боловч цалин олгоогүй 2014 оны 10 дугаар сарын ажлын 23 хоног,  нийт 138 өдрийн цалингийн олговорт, нэг өдрийн олговор 56.716 төгрөгөөр тооцон 7.826.808 төгрөгийг ШШГЕГ-аасгаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтад “Хорих байгууллага нь сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан баривчлах, хорих ялыг албадан эдлүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд хуулийн этгээдийн эрх эдэлнэ” гэж заасан байдаг ба 2014 оны 10 дугаар сард Б.Ц  нь Хорих 411 дүгээр ангийн гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан ба тус хугацаанд ажилласан гэх 23 хоногийн цалинг тус ангиасаа шаардах боломжтой ба ШШГЕГ  тус нэхэмжлэлийн хариуцагч биш юм. ШШГЕГ  нь иргэн Б.Ц гийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 сарын 18-ны өдрийн 392 дугаар шийдвэрт заасан ажилгүй байсан 112 хоногийн олговор болох 6.352.197 төгрөгийг олгосон болно. Иймд нэхэмжлэгч Б.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, цалингийн тодорхойлолт, Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2015 оны 06 сарын 18-ны өдрийн 392 тоот шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 сарын 19-ний өдрийн 386 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 сарын 28-ны өдрийн 399 тоот тогтоол, Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           

Нэхэмжлэгч Б.Ц  нь хариуцагч ШШГЕГ т холбогдуулж 2015 оны 10 дугаар сард ажлын 23 хоног биеэр ажилласан, 2015 оны 06 сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэл ажилгүй байсан 138 хоногийн олговорт 7.826.808 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Б.Ц г хорих 441 дүгээр ангийн дэд даргаар ажиллаж байхдаа зөрчил гаргасан гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн б/8 дугаар тушаалаар 2015 оны 01 сарын 08-ны өдрөөс Хорих 415 дугаар ангийн гадна хамгаалалтын офицероор ажиллуулахаар томилсон байх ба Б.Ц  уг ажилд ажиллаагүй, тушаалыг биелүүлээгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн б/248 дугаар тушаалаар Б.Ц г төрийн албанд орох эрхгүйгээр ажлаас халсан байна.

Б.Ц  дээрх тушаалуудыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн б/8 дугаар тушаалын Б.Ц д холбогдох хэсэг, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн б/248 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Ц г хорих 411 дүгээр ангийн дэд даргын ажилд эгүүлэн тогтоосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 299 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн б/248 дугаар тушаалыг хүчингүй болгож, мөн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн б/8 дугаар тушаалын Б.Ц д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхйн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1565 дугаар тушаалаараа “Б.Ц г төрийн албанаас халах тухай” 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн б/248 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Ц  2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс Хорих 415 дугаар ангийн гадна хамгаалалтын офицероор ажилласан байна.

Нэхэмжлэгч Б.Ц  2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр буюу эргэж ажилд орсон үе хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжилсэн байх ба түүний нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Дээрх хугацаанд Б.Ц  ажиллаагүй нь түүний буруутай холбоогүй байна. Б.Ц  өөрт олгогдсон эрхийн дагуу хариуцагчийн гаргасан шийдвэрийн талаар гомдол гаргаж явсан, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн

хангаж шийдвэрлэж, харин Дээд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Харин олговрыг Хорих 415 дугаар ангийн гадна хамгаалалтын офицерын албан тушаалд олгох цалингаас тооцож олгох нь зүйтэй байна. Түүний сарын үндсэн цалин 667.784 төгрөг, төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг 20 хувиар тооцон олгохоор заасан байх ба хошууч цолны нэмэгдлийг тооцож үзэхэд түүний нэг сарын цалинтай тэнцэх олговор 1.015.031 төгрөг, түүний ажиллаагүй хугацааны олговор төгрөг 5.712.500 төгрөг болж байна.

Б.Ц  нь 2015 оны 10 дугаар сард ажлын 23 хоног биеэр ажилласан цалинг нэхэмжилдэг ба тухайн үедээ ажилласан хугацааны цалингаа нэхэмжлээгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, түүнчлэн энэ шаардлагад ШШГЕГ  хариуцагч болохгүй байна.

Хариуцагч ШШГЕГ т шүүх хуралдааны товыг хүргүүлсэн, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирж мэтгэлцээгүйг зориуд тэмдэглэж байх ба шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ШШГЕГ-аас5.712.500 төгрөгийг гаргуулж Б.Ц д олгож, нэхэмжлэгчийн 2.114.808 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 106.342 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.179 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД