| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2017/02641/И |
| Дугаар | 210/МА2024/02160 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/02160
2024 12 13 210/МА2024/02160
Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03589 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ТХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.М , Г.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 702,753,035.66 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, фидуцийн зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгах, А ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Б болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч Б.М , Г.Б , түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ТХХК нь хариуцагч Б.М , Г.Б нартай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан уг гэрээгээр 74,204 ам.долларыг 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож 2016/11/01 тоот зээлийн гэрээ болон уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар фидуцийн гэрээг тус тус байгуулсан. Б.М , Г.Б нар нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 2,000 ам.доллар төлсөн байдаг энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй ихээхэн хүндрэл учруулж байна.
Б.М , Г.Б нар нь зээлийн үндсэн төлбөр 74,204 ам.доллар, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бодогдсон зээлийн хүү 15,141.12 ам.доллар болон зээлийн гэрээний 2.4 дэх заалтад заасан нэмэгдүүлсэн хүү 3,650.84 ам.доллар, нийт 92,995.96 ам.доллар буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкны албан ханш 2,424.34 төгрөгөөр тооцвол 225,453,825.66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа талуудын байгуулагдсан гэрээний 2.10-д зааснаар 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 6 жил 21 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 477,299,210 төгрөгөөр ихэсгэсэн.
Иймд хариуцагч Г.Б , Б.М нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 702,753,035.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Б ы тайлбар, татгалзлын агуулга: Г.Б , Б.М нар нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ТХХК-тай 2016/11/01 тоот зээлийн гэрээг байгуулан нийт 74,204 ам.долларын зээл авахаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэвч тухайн зээлийн гэрээний дагуу Г.Б , Б.М нар ямар нэгэн зээл бодитой хүлээн аваагүй.
Дээрх зээлийн гэрээг бодитой зээл авах гэж бус харин иргэн З.Т гийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас авсан 65,000 ам.долларын зээлийн үлдэгдлийг хүүгийн хамт баталгаажуулах зорилгоор байгуулсан. Өөрөөр хэлбэл тухайн зээлийн гэрээг 74,204 ам.доллар авах зорилгогүйгээр байгуулсан байдаг.
З.Т нь энэхүү зээлийн гэрээг байгуулахдаа Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113/15 тоот хаягт байрлах 276 м.кв талбайтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тухайн банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлэн барьцаалсан. З.Т нь тухайн үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас 65,000 ам.доллар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд шилжүүлсэн гэдгээ илэрхийлсэн байна. Гэтэл ТХХК нь З.Т гаас авсан зээлийн гэрээний үүргээ үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авах замаар барагдуулан авсан атлаа, тухайн зээлийн гэрээний үүрэгт нэмж автомашин барьцаалан авах зорилгоор дүр эсгэн байгуулсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээний дагуу дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 2-д Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно; гэж, 4-д Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно. гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нарт бодитоор зээл олгогдоогүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Б.М ын тайлбар, татгалзлын агуулга: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/11/01 тоот зээлийн гэрээ байгуулж 74,204 ам.долларын зээл олгосон. Улмар үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж Range rover маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.
Гэвч болсон нөхцөл байдал нь хариуцагч болох Г.Б өөрийн барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор "Тайхар ундарга инвестент ББСБ" ХХК-иас зээл авахаар болсон ба З.Т д өөрийн өмчлөлийн амины орон сууцыг шилжүүлж түүний нэрээр зээл авсан байдаг. Энэхүү зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгө, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн Range rover маркийн авто машин зэргийг барьцаалсан байсан.
Тухайн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх болсон тул ТХХК-иас гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан. Энэ явдлаас болж Г.Б ы компанийн өмчлөлийн амины орон сууцны барилга барих зориулалт бүхий газрын гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч нь Г.Б ы хүүхэд болох Б.Э оос хүчээр хураан авсан байдаг.
Ингэснээр амины орон сууц барих ажилд саад учирсан тул ТХХК-ийн барьцаанд байсан 01** УБМ улсын дугаар бүхий Range rover маркийн автомашиныг худалдан борлуулж өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн ба энэ тухайгаа нэхэмжлэгчид илэрхийлэхэд машины өмчлөх эрхийг манай байгууллагын нэр дээр шилжүүлээд эзэмших, ашиглах эрхтэйгээр авч болно ингэхдээ гэрээг шинэчлэн байгуулах шаардлагатай гэж хэлсэн.
Дээрх шалтгааны улмаас Г.Б , Б.М нар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/11/01 тоот зээлийн болон фидуцийн гэрээг байгуулж тухайн машиныг унадаг зээлийн барьцаа болгон нөхцөлийг нь өөрчилсөн. Б.М ын хувьд тухайн машиныг хадгалж барьцаалсан байсан нөхцөлийг өөрчилж өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж сонирхсон нэгэнд үзүүлж, худалдан борлуулах, худалдан борлуулсны дараа өмнөх зээлээ хаачих юм байна гэж үзсэн учраас дээрх зээлийн гэрээ, аваагүй мөнгөний баримтад гарын үсэг зурсан.
Иймээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/11/01 тоот зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнүүд Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулагдсан үеэсээ эрх зүйн үр дагавар агуулах шинжгүй байдаг учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хариуцагч Г.Б ы гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга: З.Т болон ТХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдлийг дахин баталгаажуулах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Г.Б , Б.М нартай зээлийн болон фидуцийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан. Фидуцын гэрээгээр Б.Э ын өмчлөлийн Range rover маркийн, 01** УБМ улсын дугаартай автомашиныг барьцаалсан.
Түүнчлэн манай хүү Б.Э оос ТХХК-ийн хуульчД.Ө А ХХК-ийн газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зураг зэргийг эх хуваарь нь булаан аваад одоог хүртэл буцаан өгөхгүй байгаа. Тухайн газартай холбоотой баримтуудыг ямар учраас өгөхгүй байгааг бид ойлгохгүй байна.
Иймд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Б , Б.М нарын ТХХК-тай байгуулсан 2016/11/01 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д зааснаар, мөн өдөр байгуулсан фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.8, 56.1.10-д зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн А ХХК-ийн газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зураг зэргийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга: ТХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Иргэний хуулийн 56.1.2 дахь заалтад заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж тодорхойлсон боловч чухам юуг үндэслэн дүр үзүүлсэн гэж дүгнэж буй талаар дурдаагүй буюу үндэслэл, нотолгоо тодорхойгүй. А ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон, Г.Б нь тус компанийн захирал, хувьцаа эзэмшигч биш тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Миний бие 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 104 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 30,000 ам.долларыг Баянзүрх дүүрэг, Хар усан Тохой 13130 гудамж, 113/15 тоот хаягт байрлах 276 м.кв талбайтай, Ү-2204075862 дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууцыг ТХХК-ийн ажилтан У.З гэдэг хүний нэр дээр шилжүүлэх шаардлагатай гэхээр нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн барьцаалсан. Гэрээний үнийн дүнг У.З 10,000,000 төгрөг байна гэж хэлсэн. Тус зээлтэй холбоотой асуудлаар намайг нэг ч удаа дуудаж уулзаж байгаагүй ба уг зээлийн 30,000 ам.долларыг Г.Б хариуцаж төлөх ёстой юм. Учир нь уг зээлийн 30,000 ам.долларыг Гачуурт дахь Хар усан тохойн орон сууц барих төсөлд зарцуулна гэж авсан болно. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/11/01 дугаартай 74,204 ам.долларын зээлийн тухай огт мэдэхгүй гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б , Б.М нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 694,707,039.62 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,045,995.38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/11/01 тоот Зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, А ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,829,696 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Б , Б.М нараас тэмдэгтийн хураамжид 3,630,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХХК-д олгож, хариуцагч Г.Б аас улсын тэмдэгтийн хураамжийн 1,197,829 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
8. Хариуцагч Г.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
8.1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Г.Б , Б.М болон ТХХК нарын хооронд бодитоор зээл өгч авалцаагүй буюу тус өдрийн зээлийн гэрээ нь гагцхүү З.Т гийн үндсэн зээлийн үлдэгдэл 65,000 ам.доллар, хүү 7,955 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1,209 ам.доллар, нийт 74,204 ам.долларын зээлийн үлдэгдлийг шилжүүлэн авч байгаа хэлцэл гэж тайлбарлаж буй нь ямар ч үндэслэлгүй. Үүгээр зогсохгүй хариуцагч нарын зүгээс З.Т гийн зээлийг шилжүүлэн авахыг зөвшөөрч, гэрээ байгуулсанд маргаагүй мэтээр шүүх удаа дараалан баримт, нотолгоогүйгээр дүгнэсэнд гомдолтой байна.
2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр З.Т гийн нэрээр авсан зээлийн дагуу үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлага үүсэхэд нэхэмжлэгчийн шаардлагаар 276 м.кв талбайтай хувийн сууц /хаус/-г тус компанийн нэрлэн заасан ажилтан болох У.З д 10,000,000 төгрөгөөр худалдаж буй мэт дүр үзүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээгээр бус худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч барьцаалж буй зорилгыг ч шүүхээс тодруулсангүй.
8.2. Г.Б , Б.М нар нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ямар ч зээл аваагүй.
Тодруулбал, хариуцагч Г.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр мөнгө зээлж аваагүй болохоо илэрхийлж, үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл ч гаргасан. Харин З.Т гийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авсан зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгчийн шаардлагаар тооцоо нийлэх байдлаар баталгаажуулж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн болон фидуцын гэрээ байгуулсан хэдий ч тус гэрээгээр ямар ч зээл буюу мөнгө аваагүй юм.
Т ХХК-ийн эдийн засагч Н.Дэлгэрмаагийн зээлийн тооцоолол хийсэн баримт хэрэгт авагдсан ба уг баримтад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 74,204 ам.доллар болсон талаар баталгаажуулсан, мөн Н.Д нь 74,204 ам.доллар нь З.Т гийн авсан зээлийн эцсийн үлдэгдэл мөн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
8.3. Мөн шүүхийн шийдвэрт Г.Б , Б.М нарыг З.Т гийн өрийг шилжүүлэн авсан гэх атлаа 2016/11/01 тоот зээлийн гэрээний дагуу кассын зарлагын ордероор 74,204 ам.долларыг хүлээн авсан гэж байгаа нь хоорондоо зөрүүтэй бөгөөд шүүхийн шийдвэр хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий байгааг тодорхой харуулж байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардаж байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, өр шилжүүлэх харилцаа үүссэн гэх атлаа үүний зэрэгцээ банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүссэн гэж дүгнэж байгаад харамсаж, гайхширч байна.
8.4. Шүүхээс өр шилжүүлэхдээ мөн адил зээлийн гэрээ байгуулсан байх учиртай гэж үзжээ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж хэлцлийн хэлбэрийг хуульд тодорхой заасан байдаг. Энэ нь анхны зээлийн гэрээ ямар байсан түүнийг яг дуурайлгаж гэрээ байгуулна гэсэн үг огтоос биш юм.
Ийнхүү дээрх зээлийн болон фидуцын гэрээг өр шилжүүлэх зорилго бүхий хэлцэл гэж үзсэнээр зээлийг олгосноор гэрээ байгуулагдсанд тооцно гэх зээлийн гэрээний хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байх үндэслэл болохгүй.
8.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13.1-т ТХХК, Б.М , Г.Б нарын хооронд болон ТХХК, гуравдагч этгээд З.Т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсжээ гэжээ. Өмнөх хэсэгт, шүүхээс үүрэг гүйцэтгэгчийн өрийг шилжүүлэн авсан гэж дүгнэсэн атлаа үндэслэх хэсгийн 13.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэх зөрүүтэй дүгнэлт хийжээ. Гэвч Г.Б , Б.М нар нь нэхэмжлэгчтэй ИХ-ийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцааг огт үүсгээгүй, гагцхүү тухайн зээлийн болон фидуцын гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь дараах үндэслэлүүдээр илэрхий байгаа юм. Үүнд:
8.5.1. ТХХК болон Г.Б , Б.М нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй тул энэхүү зээл болон түүний хүүг төлөх, үүнтэй холбоотой үүрэг хүлээхгүй юм.
8.5.2. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг зээлдүүлэгч буюу ТХХК-ийн гүйцэтгэх захирал нь баталгаажуулаагүй байна. Зээлийн гэрээний хавсралтад зээлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон гэж зохиож бичсэн нь хэргийн 9 дүгээр талд зээлийг 2016.11.01-ний өдөр олгосон гэх баримттайгаа ч цаг хугацааны хувьд зөрчилдөж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээс дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх үүнтэй холбоотой дүгнэлт өгөөгүй.
2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн болон фидуцын гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд бодитоор тийм зээл огтхон ч олгогдоогүй, мөн өр шилжүүлэн аваагүй, харин зээлийн үлдэгдлийг баталгаажуулсан гэдэг нь тодорхой харагдаж байхад шүүх илт үндэслэлгүй шийдвэр гаргалаа.
Иймд дээрх үндэслэлүүдээр тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03589 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: З.Т тай байгуулсан гэрээг шилжүүлэн аваагүй. 74,204 ам.долларыг бэлнээр шилжүүлэн аваагүй гэх агуулгатай гомдол гаргаж байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 9 дэх талд 74,204 ам.долларыг бэлнээр шилжүүлсэн гэх баримт байдаг бөгөөд уг баримтад Б.М , Г.Б нар гарын үсэг зурсан. Бодитоор 74,204 ам.долларыг хүлээн зөвшөөрсөн талаар маш олон баримт хэрэгт авагдсан. 2017 оноос хойш уг хэрэг маргаан үргэлжилж байна. З.Т гэдэг хүнээр төлөөлүүлээд зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 65,000 ам.доллар авсан. Хоёр удаагийн шүүх хуралдааны тэмдэглэлд 30,000 ам.долларын талыг хэрэглэсэн, талыг гэрээсээ хулгайд алдсан гэж мэдүүлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам 2022 оны сүүлээс эхлээд Г.Б нь ерөөсөө мөнгө аваагүй гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг зөвшөөрнө, 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг зөвшөөрөхгүй гэдэг. Уг тайлбараас үзвэл, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу өр шилжүүлэн авсан, шилжүүлэн авахдаа анх байгуулсан хэлцлийн хэлбэрийн дагуу шилжүүлэн авна гэдэг бүх нөхцөл хангагдсан. Иймд, тооцоо нийлээд 74,204 ам.долларын хувьд гэрээгээ шинэчлэн байгуулж, зээлийн гэрээг шаардах эрх нь буюу үүрэг гүйцэтгэгч нь З.Т с Г.Б руу шилжсэн бодит нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр. Уг гэрээний 2.10-т үүрэг бүрэн гүйцэтгэж дуусах хүртэл хугацаагаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэх нөхцөлийн дагуу, Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны туха хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэлх хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцож өнөөдрийн хангагдсан үнийн дүн гарч байгаа. 2016 оны 12 дугаар сард 2000 ам.долларыг зээлийн хүүний графикийн дагуу төлж байсан.
Фидуцийн гэрээ байгуулагдсан цаг хугацаа болон шилжсэн этгээдүүдтэй холбоотой гомдол гаргасан. Баримт бичгийн хүрээнд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас харвал, хариуцагч Г.Б ы хөрөнгө анх нэхэмжлэгчид фидуцийн гэрээгээр шилжихэд өөр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд зээлтэй байсан. Өөр банк бус санхүүгийн байгууллагын захирлын нэр дээр шилжүүлсэн байсныг нэхэмжлэгчээс авсан зээлээрээ хаагаад буцааж нэр дээрээ шилжүүлж, дараа нь Дэлгэрмаа гэх хүний нэр дээр шилжүүлсэн. Энэ талаар 2022, 2023 оны шүүх хуралдаанд тайлбарлаж байсан. Өнөөдрийг хүртэл болсон бүх үйл явдлыг үгүйсгэж болохгүй. Зээл авсан нь үнэн, тохирсон хугацаанд төлөөгүй нь үнэн. Мөн хариуцагч тал үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлын талаар ярьдаг. У.З гэх хүн үл хөдлөх хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр аваад буцааж шилжүүлэлгүй алга болсон гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэрт уг хөрөнгийг буцаан шилжүүлэхтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой. Үл хөдлөх хөрөнгө нь анх А ХХК гэх хуулийн этгээдийн нэр дээр байсан. Уг хуулийн этгээд 2 хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшигч нар хуралдаж эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй. Одоо ч хэрэгжүүлэх боломжтой. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Г.Б болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.М , Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 702,753,035.66 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, фидуцийн зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгах, А ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч Б.М , Г.Б нартай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ТХХК нь 74,204 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Б.М , Г.Б нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /1-р хх-ийн 13-15-р тал/.
3. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 289,873.96 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 702,573,035.66 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрөхдөө 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг зээл авах зорилгоор байгуулаагүй, нэхэмжлэгчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр З.Т тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдлийг баталгаажуулах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Уг гэрээний дагуу зээлдэгч нарт мөнгөн хөрөнгө шилжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан.
4. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.1. Нэхэмжлэгч ТХХК нь иргэн З.Т тай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулж, 65,000 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, зээлдүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулж, 01** УБМ улсын дугаартай Rangerover маркийн автомашин барьцаалсан болох нь хэрэгт авагдсан бичгийн гэрээнүүдээр тогтоогджээ. /2хх-ийн 251, 3хх-ийн 1-7-р тал/.
4.2. Иргэн З.Т гийн дээрх гэрээний төлбөрийн үлдэгдэл 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 74,204 ам.доллар байсан бөгөөд хариуцагч Б.М , Г.Б нар нь мөн өдөр зээлийн гэрээ байгуулж, 74,204 ам.долларыг зээлдэн авч, З.Т гийн үүргийг төлж барагдуулсан талаар гэрч Н.Д мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохигчийн байгуулсан гэрээ нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн З.Т тай байгуулсан зээлийн гэрээний биелэгдээгүйтэй үүрэгтэй холбоотой, зээлийн үлдэгдэл дүнд байгуулагдсан, 2016 оны 11 сарын 01-ний өдөр бодитоор мөнгөн хөрөнгө шилжээгүй болох нь талуудын тайлбар, З.Т гийн зээлийн тооцоо, гэрч Н.Дэлгэрмаагийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /1хх-ийн 187-188, 2хх-ийн 15, 212, 3хх-ийн 132-135/
4.3. 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлд Зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглана. ... гэж тус тус заасан.
4.4. Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ нь дээрх хуулийн заалтад нийцээгүй буюу иргэн З.Т тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл дүнд байгуулагдсан гэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, зээл, хүү тооцсон дүнгээр гэрээ байгуулан, дахин хүү тооцохоор гэрээнд тусгасныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгуулагдсан зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч ТХХК нь 2016 оны 11 сарын 01-ний өдрийн гэрээний дагуу зээлийн үүрэг шаардах эрхгүй.
Хэдийгээр 1-р хавтаст хэргийн 9 дэх талд авагдсан 74,204 ам.долларын кассын зарлагын баримтад хариуцагч гарын үсэг зурсан байх боловч иргэн З.Т гийн зээлийн тооцооны үлдэгдэл 74,204 ам.доллар, зохигчийн байгуулсан зээлийн гэрээний дүн 74,204 ам.доллар байгаа зэрэг нь хариуцагчийн татгалзлыг нотолж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан дээрх зарлагын баримт няцаагдаж байна. /1-р хх-ийн 13, 2-р хх-ийн 15/
Түүнчлэн 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь тусгай зөвшөөрлийг үндэслэн зөвхөн зээлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн аж ахуй эрхлэгч атлаа зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, бусдын зээлийн үлдэгдэл үүрэгт зээлийн гэрээ байгуулж байгаа нь хэрэглэгчийн эрхийг хөндсөн, хуульд нийцэхгүй үйлдэл болжээ.
Иймд нэхэмжлэгч ТХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьд хуульд зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн нь нотлогдоогүй тул хариуцагч Б.М , Г.Б нараас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 702,753,035.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
5. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн тухайд, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй. Түүнчлэн, фидуцийн гэрээний зүйл болох 01** УБМ улсын дугаартай, Rangerover маркийн автомашин нь хариуцагч Б.М , Г.Б нарын өмчлөлийн хөрөнгө биш болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдож байх тул хариуцагч нар буцаан шаардах эрхгүй байна. /1хх-236/
А ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч Г.Б нь А ХХК-ийн хувьцаа эзмшигч мөн боловч тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй тул компанийг төлөөлөн шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдол гараагүй.
6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийг зохицуулсан хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, мөн дутуу бичсэнийг залруулах шаардлагатай. Тодруулбал, хариуцагч Г.Б нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардсан агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад эзмшигчийн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байна. Түүнчлэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагад холбогдох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-г дутуу бичсэн алдаа гаргасныг залруулна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Б болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03589 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М , Г.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 702,753,035.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримлан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/11/01 тоот зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, фидуцийн зүйлийг буцаан гаргуулахыг даалгах, Алтай таван богд хайхан ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зургийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ... 56.2,... гэснийг хасаж, ... улсын орлого болгож, хариуцагч Г.Б , Б.М нараас тэмдэгтийн хураамжид 3,630,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХХК-д олгож, ... гэснийг улсын орлогод хэвээр үлдээж гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Б аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,631,490 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ