Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч П.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Т овогт П-ийн Ц-т яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 19052004200214  дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ......... дүүргийн ... дүгээр хороо .......... гудамжны ....тоотод оршин суух, урьд Нийслэлийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16, 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,  Т овогт П-ийн Ц

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.Ц-нь 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаус 25 нэртэй караокены өрөөнд Н.З-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Гэрч Д.Даваанямын “... З- сууж байхдаа тоглоом шоглоом хийгээд Ц-ыг янз бүрээр хэлээд цохиж аваад байсан. Би дуулаад зогсож байтал Ц- З-ийг цохичих шиг болоод З- ширээ, сандал хоёрын дундуур үсрээд зүүн талаараа газар уначихсан. Би тухайн үед нилээн согтсон байсан. Нэг мэдсэн З-, Ц- бид гурав хамт ширээндээ суучихсан З-ийн амнаас цус гарчихсан Ц- арчиж өгч байсан. Би яагаад цохичиж байгаа юм гээд Ц-аас асуутал наадах чинь янз янзаар хэлээд хажуунаас цохиод байна ш дээ гэж байсан. Тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа юм. Маргааш өглөө нь гэртээ сэрсэн. ... Ц- З-ийн нүүр рүү гараараа нэг удаа цохитол З- үсрээд явчих шиг харагдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хуудас/

 

          Гэрч Л.Энхбаярын “... Ц- З- хоёр босчихсон ширээнийхээ хажууд зогсож байснаа гэнэт Ц- З-ийн хаана цохисныг нь мэдэхгүй нэг цохитол З- ширээ сандал хоёрын завсар зүүн талаараа уначихсан. З- босч ирэхгүй хэвтээд байхаар нь би хүүеээ та нар юу болоод байгаан босгоочээ гэтэл Ц-, Давааням хоёр зүгээрээ зүгээр санаа зоволтгүй асуудал байхгүй гээд байсан. ... Ц- оролдоод тайван байлгахгүй байсан учир тэвчилгүй цохичихлоо гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1565 дугаартай:

          “1. Н.З-ийн биед уруулд шарх бүхий гэмтэл учирчээ.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          6. Н.З-ийн биед учирсан тархины эдийн цус хуралт, мөчдийн саажилт, артерийн даралт ихсэх өвчин нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

          Хохирогч Н.З-ийн  “Тухайн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр найз Даваанямын хамт Хаус 25 караокед очиж үйлчлүүлсэн. ... Архи ууж байх үеэр найз Ц- ирээд дахиад 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи уусан.  Тэр архийг уугаад ухаанаа алдаад тасарсан байсан. Шөнө яг хэдэн цагийн орчимд би ухаан ороод сууж байсан. Караокеноосоо гараад явах гэтэл миний баруун хөл мэдээгүй болоод явж чадахгүй газар унасан. Энэ үед миний хажууд Давааням байсан. Явж чадахгүй болохоор тэр караокений 2 давхарт байдаг буудлын нэг өрөөнд орж унтсан. Давааням намайг буудалд оруулчихаад явсан байх. Би маргааш өглөө нь ганцаараа сэрсэн. Өглөө сэрээд такси бариад гэр рүүгээ харьсан.

          ... Намайг яг хэн цохисныг сайн санахгүй байна. Даваанямын надад хэлсэнээр Ц- намайг цохисон. Ц-аас өөр намайг тэнд цохиж зодох хүн байгаагүй. ... Юунаас болж маргалдсаныг санахгүй байна. ... Уруулд учирсан гэмтэлд гомдол, санал байхгүй. Харвалт үүсэж эмчилгээ хийлгэснээс гарсан зардлаас Ц-аар гаргуулмаар  байна. Эмчилгээ хийлгэсэн зардал гаргаад өгвөл гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/

          “... Гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Миний хохирсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Ц- миний найз учир надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 62 дугаар хуудас/

          П.Ц-ын яллагдагчаар өгсөн “... Гэм буруугаа ойлгосон. З- бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Миний холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч П.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Н.З-ийн “... Ц- надаас уучлалт гуйж бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан шугамаар шийдэж өгнө үү” гэсэн  хүсэлт /хэргийн 67 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.Ц-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Т овогт П-ийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ц-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  П.Ц-торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  П.Ц-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Ц-нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ