Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/02193

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 18 210/МА2024/02193

 

 

 

Д.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/03719 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.А ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ГХХК-д холбогдох,

 

Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгах, 45,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Д.А нь 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гурван талт гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдөр хоёр талт гэрээг тус тус байгуулсан. Гэрээгээр өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 19 дүгээр гудамж 380 тоот бүхий 174 м.кв газрыг ГХХК-д шилжүүлэн өгч, компани уг газар дээр орон сууц барьж 30 м.кв орон сууцыг авахаар харилцан тохиролцсон. Д.А нь 2014 оны 6 сард газраа чөлөөлсөн. ГХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, одоог хүртэл орон сууцыг хүлээлгэж өгөөгүй байна.

Мөн талууд 2014 оны 5 сарын 30-нд Түр оршин суух хугацаа дахь орон сууц, ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ хийж гэрээнд түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр 450,000 төгрөг байх бөгөөд үүнийг 6 сараар хувааж тооцон олгоно гэж заасан.

Гэвч 2014 онд 2 удаа, 2015 онд мөн 2 удаа нийт 10,800,000 төгрөг өгөөд дахин өгөөгүй.

 

Иймд ГХХК нь 2014 оны 08 дугаар сарынн 19-ний өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд зааснаар иргэн Д.А ын 174м.кв газрын оронд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд баригдаж байгаа Т хотхонд З0 м.кв орон сууц олгох гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах, түр оршин суух хугацаа дахь орон сууцын түрээсийн төлбөр болох 45,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Д.А ын Бяанзүрх дүүрэг, 12 дугаар хороо, жанжны 14- 216 тоот хаягтай газар дээр ямарваа нэгэн барилга байгууламж баригдсан зүйл байхгүй. Д.А гэдэг хүн өөрөө газар эзэмших гэрчилгээгээ манай компанид шилжүүлж өгөөгүй. Иймээс орон сууц олгох боломжгүй. Гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийн хугацаанд түрээсийн төлбөр өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан түр оршин суух гэрээнд зааснаар тухайн орон сууцны түрээсийн мөнгийг иргэнээс ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу олгодог. Нэхэмжлэгч компанид хандан ирүүлсэн хүсэлт байдаггүй. Тийм учраас түрээсийн төлбөрийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан.

Анх 2022 онд эхний ээлжийн блокууд ашиглалтад орох үед захиалгын гэрээ байгуулсан иргэд тоотоо сонгоод гэрээгээ шинэчилж байгуулсан байдаг. Нэхэмжлэгч ирж уулзаагүй, гэрээгээ шинэчлэн байгуулаагүй учраас тухайн ээлжийн оршин суугчдын захиалга дүүрсэн.

Нэхэмжлэгч Д.А нь газрын гэрчилгээг компанируу шилжүүлээд, дараагийн ээлжид ашиглалтад орох байрнаас байраа авах боломжтой.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 12-р хороо, Т хотхон 1-р блок, Б байр 6 давхарт 33 тоот хаягт байрлах 34,08 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж дуусган, нэхэмжлэгч Д.А д хүлээлгэн өгөхийг хариуцагч ГХХК-д даалгаж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан хариуцагч ГХХК-аас 16,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А д олгож, үлдэх 29,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 309,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талуудын байгуулсан гэрээнд зааснаар газрын эрхийг худалдан авагч талд шилжүүлэх нь гэрээгээр хүлээсэн үүрэг бөгөөд газрыг сулласан үйлдэлд үнийг дүйцүүлэн ойлгох боломжгүй юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.5-д Эхний ээлжийн байр ашиглалтанд ортол түрээсийн байранд түр суурьшуулах бөгөөд түрээсийн төлбөрийн төсөл хэрэгжүүлэгч тал хариуцна гэх заалтын хувьд гэрээний уг зохицуулалтанд өөрчлөлт оруулахаар нэмэлт гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд талууд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр бөгөөд гэрээний салшгүй нэг хэсэг болсон байдаг ба уг үйл баримтанд дүгнэлт хийгээгүй нь хэрэгт чухал ач холбогдолтой байна.

Учир нь уг Түр оршин суух хугацаа дахь орон сууц, ажлын байрны түрээсийн төлбөр олгох гэрээ-нд талуудын тохиролцсон нийт үнийн дүн 5,400,000 төгрөг байх бөгөөд уг үнийн дүнд нэмэлт өөрчлөлт оруулах, сунгах талаар талуудын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаж байгаагүй юм.

Хариуцагчийн зүгээс Баянзүрх дүүргийн 12-р хороо, Т хотхон, 1-р блок, Б байр, 6 давхарт 33 тоот хаягт байрлах 34,08 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид олгохоор ажиллаж байгаа билээ.

Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Түрээсийн гэрээний хувьд 4,500,000 төгрөгийн гэрээ нэг л удаа байгуулагдсан тул дахин мөнгө төлөхгүй гэж тайлбарлаж байна. Түрээсийн гэрээнд байр ашиглалтад орох хүртэл сарын 450,000 төгрөг төлөхөөр тохиролцож, гэрээний хугацааг заасан боловч одоог хүртэл байр ашиглалтад ороогүй. 2024 онд эхний баригдсан байрыг комисс хүлээж авсан акт гарсан. Хариуцагч компани 5,400,000 төгрөг биш, 10,000,000 төгрөг төлсөн. Түрээсийн төлбөрийг шүүх шийдвэрлэсэн. Хариуцагчтай гэрээ байгуулаад 10 жилийн дараа байранд орох болтол үндэслэлгүйгээр байранд оруулахгүй гэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч ГХХК-д холбогдуулан орон сууц хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах, мөн гэрээний дагуу түр суурьших түрээсийн зардалд 45,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.А нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 19-380 тоот хаягт байрлах 174 м.кв газрыг хариуцагч ГХХК-д шилжүүлэн өгөөд, тус компанийн уг газарт барьж ашиглалтанд оруулах Т орон сууцны хотхоноос 1-р блок, Б байр, 33 тоот, 34,08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон байна. Мөн нийт газрыг 30 м.кв талбайтай орон сууцаар солих ба илүү гарсан 4,08 м.кв талбайн үнийг 1 м.кв-ийг 1,800,000 төгрөгөөр тооцож 7,344,000 төгрөгийг байр ашиглалтанд орох үед нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэгч буюу хариуцагч ГХХК-д төлөх, хариуцагч нь орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 14-16/

 

4. Нэхэмжлэгч гэрээний дагуу 2014 оны 06 дугаар сард газраа чөлөөлсөн ба уг газар дээр орон сууц баригдаж байгаа талаар зохигч хэн аль нь тайлбарласан. Нэхэмжлэгч Д.А нь гэрээнд заасан үүргээ биелүүлж газраа чөлөөлсөн боловч орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байх тул гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч ГХХК-д даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөхдөө нэхэмжлэгч нь газар эзмших эрхээ шилжүүлж өгөөгүй, байр ашиглалтанд орох үед гэрээгээ шинэчилж байгуулаагүйгээс эхний ээлжийн орон сууцны захиалга дүүрсэн, гэрээгээр тохиролцсон талбай бүхий орон сууц байхгүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлсэн байна.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээдэг.

 

Талуудын байгуулсан гэрээний агуулга, зорилгоос үзэхэд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн байна. Учир нь: арилжааны гэрээний дагуу эхлээд хоёр талын хариу үүргийг бий болгох бөгөөд нэхэмжлэгч Д.А нь өөрийн эзэмшлийн газрыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч ГХХК нь тухайн газарт орон сууц барьж хожим хүлээлгэн өгөх үүрийг тус тус хүлээжээ. Ийнхүү талууд хариу төлбөрийн үүргийг мөнгөөр биш эд хөрөнгөөр, газрын эзэмших эрхийг шилжүүлэх хэлбээрээр гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

5.1. Хариуцагч ГХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул шүүх Баянзүрх дүүргийн 12-р хороо, Т хотхон 1-р блок, Б байр 6 давхарт 33 тоот хаягт байрлах 34,08 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж дуусган, нэхэмжлэгч Д.А д хүлээлгэн өгөхийг хариуцагч ГХХК-д даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

5.2. Хариуцагч шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт холбогдуулан үндэслэл бүхий гомдол гаргаагүй байх бөгөөд гомдолдоо Хариуцагчийн зүгээс Баянзүрх дүүргийн 12-р хороо, Т хотхон, 1-р блок, Б байр, 6 давхарт 33 тоот хаягт байрлах 34,08 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид олгохоор ажиллаж байгаа гэсэн нь уг шаардлагыг зөвшөөрсөн агуулгыг илэрхийлжээ. Түүнчлэн, хариуцагчийн нэхэмжлэгч гэрээгээ шинэчилж байгуулаагүйгээс эхний ээлжийн орон сууцны захиалга дүүрсэн, гэрээгээр тохиролцсон талбай бүхий орон сууц байхгүй гэх татгалзал нь гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгчийн уг шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

6. Түр суурьших түрээсийн зардалд 45,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд:

6.1. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч ГХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан түр суурьших хугацаан дахь орон сууц, ажлын байрны түрээсийн төлбөр олгох тухай гэрээний дагуу түр суурьших зардалд нийт 45,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр татгалзсан байна.

 

6.2. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдэврлэхдээ, хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцоолсноос гадна, тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдох шаардлагад хамааруулан дүгнэсэн нь буруу болжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон гарах шаардлагад хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа үйлчилдэг. Тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг гэдэгт нэг удаагийн үйлдлээр гүйцэтгэгдэж дуусдаггүй, харилцан уялдаатай, үргэлжилсэн, дараалалтай, тогтоосон хугацаанд гүйцэтгэснээр үүргийн гүйцэтгэл хангагддаг үүргийн харилцааг ойлгоно. Хариуцагч буюу төсөл хэрэгжүүлэгчийн, иргэнд олгохоор тохиролцсон түр суурьших түрээсийн зардал нь хуулийн дээрх үндэслэлд хамаарахгүй. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа үйлчилнэ.

 

6.3. Талуудын байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр орон сууц ашиглалтанд орох хүртлэх буюу барилгын ажил үргэлжлэх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууц түрээслэх зардалд сарын төлбөрийг 450,000 төгрөг байхаар, төлбөрийг 6 сараар хуваан тооцож төлөхөөр тохиролцсон нь зохигчийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээнд үндэслэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч дээрх арилжааны гэрээний үүргийг гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд орон сууц түрээслэх зардлыг нэхэмжлэгчид олгох үүргийг хүлээжээ.

 

Хариуцагч ГХХК нь гэрээний дагуу нэхэмжлэгчид 4 удаагийн төлөлтөөр нийт 10,800,000 төгрөгийг олгосон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банк дахь нэхэмжлэгч Д.А ын дансны хуулгаар тогтоогдсон ба 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. /хх-ийн 28-45/

 

Хариуцагч арилжааны гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу үүргийн зөрчил арилаагүй байгаа учраас нэхэмжлэгчийн түр суурьших зардлыг хариуцагчаас нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчилтэй холбоотой хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг өөрчлөх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийн түр суурьших зардалд хариуцагч ГХХК-иас 16,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байна. Иймээс шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь талуудын зарчимд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/03719 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ... гэснийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 гэж,

2 дахь заалтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1... гэснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 ... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 309,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ