Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 453

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Г.Э- нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Н овогт Г-ийн Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905017020477 тоот хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Н овогт Г-ийн Э-, 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ______аймагт төсрөн, __настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, _______ хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт __________ дүүрэг ___ дугаар хороо __________ дугаар гудамжны __ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э- нь 2019 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Sea” баарны гадна иргэн Э-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Г.Э- нь Э-ыг нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Э-ын “2019 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Sea нэртэй бааранд Сундуй, Билгээ, Одко нарын хамт ороод нэг шил 0,75 литрийн архи 3 шил пиво авч уусан. Тэгээд манай найз Билгээ намайг зөөгч зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь би яахаараа зөөгч үйлчлүүлэгчээ зоддог юм гэхэд гаръя гаръя гэсэн. Тэгээд гарсан. Тэгээд хамгаалагчид нь би “танайх яагаад үйлчлүүлэгчээ зоддог юм бэ, танайх эсвэл зоддог юм уу” гэсэн. Тэгэхэд хамгаалагч нь “чи наашаа ороод ир, камергүй газар ороод үзье” гэсэн. Тэгээд “би таньтай зодолдохгүй, би ороод найзуудаа авъя” гэсэн. Тэгээд хажуугаар нь өнгөрөх гэхэд намайг боож унагаагаад би газар унахад миний нүүр лүү цохиж дэвссэн. Тэгээд “чи намайг хороололд амжихгүй шүү” гээд байсан. Би цагдаа дуудсан. Тэгээд цагдаагийн газар ирж өргөдөл гаргасан. Хамрын зөөлөн эд гэмтсэн гэж байна лээ.

          ... 175 см орчим өндөр биеэрхүү махлаг, халзан, хар хувцастай залуу байсан. ...Гомдолтой байна. Гарсан зардлаа нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

          “... Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Уг баарны хамгаалагч Энхсайхан гэх залуу учруулсан. Эмчилгээ хийлгэсэн. 120.000 төгрөгний зардал гарсан. Ажил алдагдаж байгаа. Гарсан зардлаа нэхэмжилмээр байна” гэсэн  мэдүүлэг. /хэргийн 41 дүгээр хуудас/

 

          Гэрч З.Батбилэгийн “... Тэгээд  Э- бид хоёр бүжиглэж байгаад би санаандгүй нэг хүнийг тохойдсон. Тэгэхэд уг хүн намайг цохисон. Тэгээд зөөгч нь ирээд салгаад би намайг цохисон хүн рүү дайрахад намайг алгадсан. Тэгээд хамгаалагч ирээд Э- бид хоёрыг гаргасан. Гадаа үүдэнд зогсож байхад хамгаалагч нь дотроос “та хоёр наашаа ороод ир камергүй газар зодолдъё” гэсэн. Тэгэхэд нь Э- бид хоёр ороод хамгаалагчид Э- “таньтай зодолдохгүй зодох гээд байвал зод” гэсэн. Би баар луу ороод хоёр найзаа дуудаад би түрүүлж яваад шатаар өгсөж байхад Э-ыг коридорт үүдэн хэсэгт хамгаалагч нь дэвсэхээр нь би дундуур нь орж салгаад гарахад Э- цагдаа дуудсан. Тэгээд цагдаагийн газар ирсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэх гээд эмнэлэг явсан. Тэгээд хамгаалагч нь баарнаас очоод мөнгө аваад явъя гэхээр нь Э- бид хоёр хамт явсан. Тэгээд баарны гадаа очоод Э-ыг цохисон хамгаалагч “та хоёр буу” гээд буулгаад явчихсан.

          ... Би баар луу буцаж орж хоёр найзыгаа дуудах гэж байхад уг хамгаалагч Э- хоёр маргалдаад үлдсэн. Хоёр найзыг дагуулаад түрүүлээд шатаар өгсөөд гарч байгаад харахад уг хамгаалагч Э-ын нүүрэн дээр нь нэг удаа дэвсэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

          Гэрч Н.Сундуйгийн “... Э-, Батбилэг хоёр байхгүй байсан. Би хайгаад уг баарнаас гарахад баарны үүдэнд Э- “хамгаалагч цохисон” гээд хамгаалагчтай маргалдаад зогсож байсан. Э-ын хацар хэсэг нь хавдсан байсан. Тэгээд цагдаа нар ирсэн.

          ... Бааранд ороход Э-ын биед гэмтэл шарх байгаагүй. Харин баарнаас гарахад хацар нь хавдчихсан хамгаалагчид нь зодуулсан гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4572 дугаартай:

          “1. Э--н биед баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, завьж уруул, баруун нүдний зовхи, дээд доод уруул, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл  мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

          Г.Э-ы яллагдагчаар өгсөн “... Э-ын биед гэмтэл учруулсан гэм буруугаа ойлгож мэдэж байгаа. Хохирол мөнгийг нь барагдуулна. Над руу дайраад миний хувцаснаас зуураад байхаар нь би цохичихсон.

          ... Гэм буруугаа ухаарч байгаа. Хохирлыг нь төлнө” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмбуруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд шүүгдэгч Г.Э- нь 2019 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Sea” баарны гадна иргэн Э-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э- хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “уншиж танилцлаа, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” /хэргийн 43 дугаар хуудас/ гэсэн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Г.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Г.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Г-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Г.Э- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Г.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ