Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2024/00093

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/01207 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******од холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууцнаас албадан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

  ...Нэхэмжлэгч ******* би хариуцагч *******той 2014 оноос хамтын амьдралтай байсан боловч ******* нь архи, согтууруулах ундаа тогтмол хэрэглэн, миний биед хүч хэрэглэн зодож, байрнаас маань хөөж, орцонд хонодог болсон нөхцөл байдлын улмаас 2021 оны 04 дүгээр сараас төрсөн охин дээрээ Улаанбаатар хотод очиж амьдардаг болсон. Хамтын амьдралтай байх хугацаандаа миний бие Худалдаа хөгжлийн банкнаас ипотекийн зээл авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******* дугаартай, Дархан-Уул аймаг, *******,*******,*******,******* тоот 41.29 м.кв талбай бүхий байрыг өмчлөх болсон ба ******* нь хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан.

2021 оноос тусдаа амьдарсан боловч ипотекийн зээлээ төлдөг байранд маань ******* амьдарч, миний бие тус байрандаа амьдарч, эзэмшиж, ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Ийнхүү 2022 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг хуваалгах, *******од оногдох хэсгийг өгч, орон сууцны өмчлөх эрхийг авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******од холбогдуулан гаргахад тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/01395 дугаар шүүхийн шийдвэр гарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч *******оос давж заалдах гомдол гаргалгүй тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд ******* миний бие Худалдаа хөгжлийн банк дахь ипотекийн зээлийн үлдэгдлийг бүрэн төлсний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******* дугаартай гэрчилгээ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний өмчлөл дээр гарсан. Ийнхүү тус байрны хууль ёсны ганц өмчлөгч нь би болсон бөгөөд ******* нь миний өмчлөлийн байранд ямарваа нэгэн үндэслэлгүйгээр амьдарч, хууль бусаар эзэмших болсон.

Гэрчилгээ гарсны дагуу *******ыг байрыг чөлөөлөхийг хүссэн боловч уг шаардлагыг хүлээн авалгүй, тус байрандаа өнөөдрийг хүртэл амьдарсаар байх тул ******* миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, *******,*******,*******,******* тоот 41.29 м.кв талбай бүхий байрыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ. /х.х-1/

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид гэр бүлийн маргаанаа тус шүүхээр шийдвэрлүүлэхэд анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/01395 дугаартай шийдвэрээр *******гийн өмчлөлд орон сууцыг үлдээж, надад ноогдох хэсэг буюу 17,820,346 төгрөгийг түүнээс гаргуулан надад олгуулах, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар *******гаас 2,622,200 төгрөг гаргуулж, надад олгуулах, Улсын тэмдэгтийн хураамж 56,905 төгрөг, нийт 20,440,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй байна.

Мөн хамтын амьдралтай байх хугацаанд миний данснаас 11,200,000 төгрөг авч ашиглаад эргэн төлөөгүй тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бидний хооронд дээр дурдсан мөнгөний тооцоо байгаа бөгөөд ******* нь төлөхгүй байх тул миний хувьд мөнгөө авахаас нааш орон сууцыг чөлөөлж өгөх бодолгүй байна гэжээ. /х.х-24/

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******ын эзэмшлээс Дархан-Уул аймаг, *******,*******,*******, 49-р байр, тоот хаягт байршилтай, 41.29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

4.Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж би үзэж байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/01395 дугаартай шийдвэрээр маргаан бүхий орон сууцыг *******гийн өмчлөлд үлдээж, *******гаас 17,820,345 төгрөг, мөн иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар 2,622,200 төгрөг нийт 20,442,545 төгрөгийг гаргуулж, надад олгохоор шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь өнөөг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. ******* миний бие *******гаас 20,442,545 төгрөгийг авч байж дараагийн амьдрах орон байраа олж, түрээсийн төлбөрийг төлж амьдрах шаардлагатай байхад ******* нь мөнгө өгөх тал дээр ямар нэгэн санаа санаачилга гаргахгүй байж намайг байрнаас хөөж гаргах гэж байгааг би зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ байдлаа анхан шатны шүүхэд хэлж тайлбарласаар байтал хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, миний эрх ашгийг хохироож, өвлийн хүйтэн болж байхад байрнаас албадан гаргах шийдвэр гаргасанд миний бие маш их гомдолтой байна.

******* нь хамтын амьдралтай байх хугацаанд миний данснаас 11,200,000 төгрөг надад хэлэлгүй авч ашигласан байсан. Энэ талаарх нэхэмжлэлээ би шүүхэд гаргасан байгаа боловч шийдвэрлэгдээгүй байна. ******* нь надад өгөх төлбөрөө төлөөгүй байж намайг байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь шударга ёс, хүн чанарын ёсонд нийцэхгүй байгаа тул миний гачигдалтай байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө ү гэжээ. /х.х-65/

            5.Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

8.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, *******,*******,*******,******* тоот хаягтай байрлалтай, 41.29 м2 хэмжээтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хариуцагч ******* нь “...бидний хооронд мөнгөний тооцоо байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

Хэргээс судлан үзэхэд:

9.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/01395 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймаг, *******,*******,*******,******* тоот орон сууцыг нэхэмжлэгч *******гийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч *******гаас 17,820,345 төгрөгийг гаргуулан хариуцагч *******од олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар *******гаас 2,622,200 төгрөгийг гаргуулан *******од олгож, үлдэх 7,630,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /х.х-6-8/

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар зохигч тайлбартаа дурдаж, уг ажиллагааны хүрээнд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч *******гийн нэр дээр гарсан, тухайн орон сууцанд хариуцагч ******* амьдарч байгаа талаар зохигчид тайлбарлаж, энэ талаар мөн маргаагүй.  /х.х-4/

10.Маргааны зүйл болж буй орон сууцыг зохигчид Худалдаа хөгжлийн банкнаас ипотекийн зээл авч худалдаж авч байсан, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах үед тус орон сууц 80,336,772 төгрөгийн үнэтэй байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож, банканд төлөх үлдэгдэл зээлийн төлбөр болох 25,932,479 төгрөгийг ******* төлж, тус орон сууцны өмчлөгч болохоор шийдвэрлүүлж байсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь ипотекийн зээлийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулсны үндсэн дээр Дархан-Уул аймаг, *******,*******,*******,******* тоот хаягт байршилтай, 41.29 м2 талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгүүлж, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн шийдвэр, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна. /х.х-4, 6-8/

11.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж хуульчилсан тул нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч *******гаас 20,442,545 төгрөг гаргуулж, *******од олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байгаа тул энэ үндэслэлээр орон сууцыг чөлөөлөхөөс татгалзах эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/01207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН

                       

                                   ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА
                                                      

                                                                                                Я.ТУУЛ