Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 452

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч А-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А-од яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905017870592 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, А 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр _____аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын гаалийн мэргэжилтэй, _____ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ____ дүүрэг ___дугаар хороо _________ хотхон ____ дугаар байр ___ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэрэг/Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А-нь 2019 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шана Баянгол дүүргийн ___ дугаар хорооны нутаг дэвсгэр, “_______”  хорооллын ___ дугаар байрны ___ тоотод гэртээ эхнэр болох Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас биед нь халдаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А-мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч А-нь 2019 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шана Баянгол дүүргийн ___ дугаар хорооны нутаг дэвсгэр, ______хорооллын ___ дугаар байрны ___ тоотод гэртээ эхнэр болох Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Б-гийн “ ... Болсон явдлын тухайд 2019 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим би хоёр охиныхоо хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 104А дугаар байр 69 тоотод байрлах гэртээ унтаж байсан чинь гаднаас нөхөр А- согтуу гэрт орж ирсэн. Тэгээд би босоод очсон чинь А- гэнэт уурлаад “чиний гэр орон цэвэрлэж байгаа чинь хаана байна” гээд уурлаад гал тогооны сандал ширээ гар хөлөөрөө цохиод агсраад “энэ сандалны хөл харлачихсан байна” гээд уурлаад эхэлсэн. Тэр үед би “болиоч” гэсэн чинь уурлаад байсан. Тэр үед манай хүүхдүүд уйлалдаад эхэлсэн чинь над дээр хүрч ирээд салаавч гаргаад нүүр лүү гараараа 2-3 удаа түлхээд цохисон. Тэр үед би өөрөөсөө холдуулах гээд нүүрийг нь мөн адил маажсан. Тэгээд би дүү Амарбаясгалан руу утсаар залгаад “хүрээд ир” гээд дуудсан. Тэгээд удалгүй манай дүү Амарбаясгалан ирээд удалгүй цагдаа нар ирээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Би надад учирсан гэмтлийн зэргийг  тогтоосон шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Тухайн үед манай нөхөр А- намайг зодож надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан.

          ... Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4349 дугаартай:

          “1. Б-гийн биед тархи доргилт, хамар, хацар, зовхинд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

          3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

          5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 25 дугаар хуудас/

 

          Э.А-ын яллагдагчаар өгсөн “... 2019 оны 04 дүгээр сарын 05-ны орой Баянгол дүүргийн 3 дугаар хороо Гранд Велла хотхоны 104А дугаар байрны 69 тоотод байрлах гэртээ байхдаа эхнэр Б-тай маргалдаж улмаар Б- руу салаавч өгөх үед Б-гийн нүүр самрагдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Би гэм буруугаа ухамсарлаж үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Надад энэ асуудал дээр ямар нэгэн маргах асуудал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 69 дүгээр хуудас/

 

          Гэрч О.Амарбаясгалангийн “2019 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө ажлаасаа бууж байсан манай төрсөн эгч Б- над руу утсаар яриад “чи ирж байна уу, ах чинь  энд агсам тавиад байна” гэсэн тэгэхээр нь би очиж явна гэж хэлсэн. Тэгээд би гэр лүү нь орсон чинь Б- эгч А- ах хоёр хоорондоо маргалдаж байсан ба тухайн үед намайг орсон чинь хоёулаа цагдаа дуудна гэж хэрэлдээд цагдаад утсаар дуудлага өгөөд байсан.

          ... Тухайн үед А- ахын нүүр самардагдчихсан байсан. Б- эгч бас хамар хөндүүрлэж өвдөж байна гэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 74-75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүгдэгч Э.А-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Э.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б-гийн “... Э.А-той харилцан зөвшөөрч сайн дураараа  эвлэрсэн бөгөөд надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 80 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  А-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ