Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2024/00094

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  10 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2024/01278 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2,628,508 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Од сургуулийн 106 тоотод ******* хичээлийн цагаар цүнхээ өс хонзонгийн санаатайгаар шидэж миний охин болох *******ий биед гэмтэл учруулж одоо бие, сэтгэл санаа, цаг хугацаа, зуны амралтаа, хичээлийн шалгалт, дүн, зардал мөнгөний хохиролтой. Нэхэмжлэгч ******* би Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагын зөвлөснөөр урьдчилан тохиролцох үүднээс хариуцагч *******тай 1 удаа уулзсан. Тус сургуулийн нийгмийн ажилтан ******* уулзалтад байлцсан. Хариуцагч *******д зардал мөнгө гарсан, хүүхэд гэмтсэн байгаа зардал мөнгө барагдуулах талаар ярилцсан. Хүүхэд гэмтээсэн зардал хохирлыг барагдуулах талаар ******* 1 хоногийн хугацаа өгөхийг нэхэмжлэгч надаас хүссэн. Би хугацаа 2 хоног өгсөн. ******* нь 2 хоног болоод хариу өгөөгүй. Тиймээс Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гомдол өгсний дагуу Цагдаа шалгаж, Дархан-Уул аймгийн Прокурорын газарт шилжсэн. Хяналтын прокурор насанд хүрээгүй хүүхэд цүнх шидсэн тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Мөн прокурор тайлбарлахдаа ******* цүнх дамжуулсан, тоглосон гэх боловч 14 настай хүүхэд юм. Цүнх шидэхэд хэн нэгэн цохигдож, бэртэж гэмтэнэ гэдгийг бие физиологи, оюун тархины хувьд мэддэг болсон нас тул энэ бол санаатай үйлдэл хэмээн хэлсэн. Прокурор зардал мөнгийг тохирон барагдуулах талаар *******д мэдэгдсэн.

Хариуцагч ******* нь мөн адил хариу өгөөгүй. Охин *******ийг нийт 8 удаа их эмчид үзүүлсэн. 8 эмчид үзүүлсэн оношийн 2 дүгнэлтэд гарын үсэг нэхэмжлэгч би зурсан. 6 эмчийн бичсэн 6 оношийн дагуу эмчилгээ хийсэн. Хариуцагч *******аас охин *******ий биед учруулсан гэмтэл болон эмчилгээ хийлгэсэн зардал /баримттай зардлууд/ болох 2,628,508 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-3-р тал/

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө хуулийн шаардлага хангаагүй миний бие нь өнөөдрийг хүртэл ******* гэх хүнд ямар ч өр төлбөр төлөх үндэслэл байхгүй. Харин бидний хүүхэд болох *******, ******* нартай холбоотой 2024 оны 05 сарын 29-ний өдөр сургууль дээр болсон маргаан нь даамжирч өнөөдрийг хүрсэн нь үнэн. Гэтэл нэхэмжлэлд шууд надаас өр авлага нэхсэн нь буруу байна.

2.2. 2024 оны 05 дугаар сарын 29-нд хүүхдүүд хоорондоо цүнх дамжуулан шидэх явцад ******* өртсөн нь үнэн. Маргаан даамжирч цагдаа прокурорт хүрсэн. ...Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 336 дугаар тогтоолоор ...гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гарсан.

2.3. ...үндэслэлгүй хий хоосон баахан төлбөр үүсгэж нэхэж хүүг маань хүртэл сургуульд явах боломжгүй болтол дарамталж, шүүх цагдаагаар айлгаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа тул дээр нэхсэн 2,628,508 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ. /хх 44-45-р тал/

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас 1,604,208.21 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 1,024,299.79 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн 57,006 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,617 гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

...хүү *******ийн буруутай үйлдлийн улмаас *******ий өвчүү ясанд байдаг металл бэхэлгээ тасарсан гэсэн ямар ч эмнэлэг эмчийн дүгнэлт гараагүй, хэрэгт энэ талын баримт байхгүй байхад ямар баримтыг үндэслэн, үнэлж дээрх шийдвэр гаргаж байгааг би ойлгохгүй байгаа юм.

Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 653 дугаартай дүгнэлтээр *******ий биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт, шүүх эмнэлгийн эмч *******гийн гэрчээр өгсөн мэдүүлэгт:... “Саран-Элит” эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн рентген оношилгоонд өвчүү ясанд хийсэн бэхэлгээ тасарсан нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, учир нь бэхэлгээ одоогоос 13 жилийн өмнө хийгдсэн тул хүний биеийн өсөлт хөгжлөөс хамаарч тасарсан байх боломжтой байна. Мөн 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Лазер Мед” эмнэлэгийн Томографийн шинжилгээний хариунд цээжний томографууд дээр өвчүү, хавирга, эгэм, дал сээрний нугалмуудад хугарал гэмтлийн өөрчлөлтгүй гэсэн дүгнэлт гарсан нь “Саран-Элит” эмнэлгийн шинжилгээний хариутай зөрж байгаа тул дүгнэлт гаргах боломжгүй гэж дурдагдсан байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд *******ий эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй байгаа учраас *******ийг буруутай гэж үзэж гэм хорын хохирол гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд би гомдолтой байна.

Зөрүүтэй эмнэлгийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгаж хэргийн үнэн зөвийг тогтоон шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж би үзэж байгаа учраас хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд нөлөөллийн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсгийг зуруулчхаад нэхэмжлэгч талын гарын үсгийг зуруулаагүй байгаа асуудлыг би хардах эрхийнхээ хүрээнд хардаж нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. 

Иймд анхан шатны шүүхийн үндэслэлгүй гарсан шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ. / хх 85-р тал/

5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

5.1. ...хавтаст хэргийн 53 дугаар хуудас дээр гарын үсэг зураагүйг тухайн цаг үед анзаараагүй орхигдсон байна.

5.2.Охин *******ий биед хохирол учирсан. Шөрмөс хялгасан судас тасарсан, мөр бугалгын няцралтай, цээжний хөдөлгөөн бүрэн хорьсон. Эмч, эмнэлгийн дүгнэлтэд тодорхой дурдсан байгаа.

5.3....******* сошиал дээрэлхэлд, ялгаварлан гадуурхалт хийсэн улмаар охиныг минь биед халдсан. Охин ******* нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэмтлийн болон гэмтлийн дараах стресс, депресс сэтгэл зовинолд маш их орсон. Одоо ч гар мөр нь өвддөг, гам барьж байгаа гэжээ. /хх 88-90-р тал/

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан охин *******ий эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,628,508 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

3. 14 настай, ******* нь өөрт учирсан гэм хорын хохирлыг бие даан шаардах эрхгүй, түүнийг төлөөлөн эх ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасанд нийцнэ гэсэн шүүхийн дүгнэлт үндэстэй.

4.2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 14 настай сурагч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Од цогцолбор сургуулийн 106 тоотод хичээл дээрээ байхдаа ангийн хүүхэд болох ******* рүү цүнх шидэх гэж андуурч 14 настай *******ий нурууг оносны улмаас *******ий эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн зөв тогтоожээ.

5.Хариуцагч “...*******ий эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй байгаа учраас *******ийг буруутай гэж үзэж гэм хорын хохирол гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж маргаж байгаа боловч *******ийн шидсэн цүнх *******ий нурууг оносон буюу *******ийн болгоомжгүй үйлдлийн улмаас *******ий эрүүл мэндэд хохирол учирсан, үйлдэл, хохирол шалтгаант холбоотой нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг “Саран-Элит” клиникийн эмнэлэг дүрс оношилгооны тасаг, рентген оношилгооны эмч М.Батмөнхийн дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн эмчийн үзлэгийн хуудас, талуудын тайлбар, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 336 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол зэрэг баримтаар тогтоогдсон байна.

5.1.Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 553 дугаар дүгнэлтээр “...*******ий биед гэмтэл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн ч энэ нь *******ий өвчүү ясанд байсан бэхэлгээ тасарсан, бэхэлгээ тасарснаас эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримтыг няцаах үндэслэл болохгүй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Энэхүү гэм хорын хохирол нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

7.Хариуцагч “...нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг хариуцах боломжтой” гэж тайлбарлаж байгаа бөгөөд анхан шатны шүүх өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичигдсэн гэмтлийн эмчийн үзлэгт үндэслэн бичигдсэн эмийн сангаас авсан эм, тарианы үнэ, рентген зураг авхуулахад төлсөн төлбөр нийт 1,259,408.21 төгрөг,

гэмтлийн эмнэлэгт үзүүлэх, эм, тариа авах зорилгоор Улаанбаатар хот руу явахдаа нийтийн тээврийн үйлчилгээ авсны төлбөр нийт 344,800 төгрөгийн зардал баримтаар тус тус тогтоогдож байгааг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

7.1.Нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд хамаарахгүй, түүнчлэн нэхэмжлэгч баримтаа ирүүлээгүй гэсэн үндэслэлүүдээр 1,024,299 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг зөрчөөгүй.

Дээрх үндэслэлээр “...хэргийн үйл баримтаас үзэхэд *******ий эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй байгаа учраас *******ийг буруутай гэж үзэж гэм хорын хохирол гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй... Зөрүүтэй эмнэлгийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгаж хэргийн үнэн зөвийг тогтоон шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж би үзэж байгаа учраас хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

8.Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулж, түүний дүгнэлтийн талаар анхан шатны шүүх шийдвэртээ тусгасан нь хуульд нийцсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  10 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2024/01278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 40,617 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

       

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН                                               

                                   ШҮҮГЧИД                                       Я.ТУУЛ

                                                                           

                                                                                                 Р.ҮҮРИЙНТУЯА