| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0063/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 62
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Н.Х д холбогдох 163/2019/0063/Э индекстэй, эрүүгийн 1815003850228 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн менежмент мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Сант сумын 1 дүгээр багт оршин суух, Ц ХХК-д үйлдвэрийн оператор ажилтай, Ш овогт Н.Х .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт Приус 20 маркийн **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг, мөн дүрмийн 8.11 дэх хэсэгт заасан жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл жолоодоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулж сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчиж **-** УБК улсын дугаартай приус 20 тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаснаас Л.Ө ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.
1815003850228 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Яллагдагч Н.Х ы өгсөн: Би 2018.10.14-ний өдрийн өглөө Өвөрхангай аймгийн Сант сумаас өглөөний 10 цагийн үед хамаатний ах Ч ын эзэмшлийн **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Ч , Д , Ж нарын хамт явсан. Тэгээд 14 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын төвөөр дамжин өнгөрөх гээд явж байхад миний хажуу талаар саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд хурд сааруулагч нь дээр огцом тооромз гишгэсэн. Би тэр үед торомз гишгэсэн боловч тээврийн хэрэгсэл маань зогсоогүй урд байсан саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгээд цагдаа дуудсан. Би машинаасаа буугаад очиж уулзсан. Удалгүй эмч ирээд 8 сартай нялх хүүхдийг үзэхэд хүүхдийн зулай хэсэг нь цөмөрчихсан байна гэсэн Гэмтэл согог үндэсний төврүү эмч хүүхдийг эхийн хамтаар авч явсан гэх мэдүүлэг /хх-80-81 тал/
Хохирогч А.Ц ын өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 11 цагийн үед Приус-20 маркийн **-** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нөхөр Ж.Л , эгч Б.М , Б.М , Б.М эгчийн хүүхэд А.Т , өөрийн хүүхэд Л.Ө нарын хамт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор явсан. Тэгээд өдөр 14 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын нутагт явж байгаад асфальтан замын хурд сааруулагчаар гарах гээд тээврийн хэрэгслийн хурдаа хасаад хурд сааруулагчийг дөнгөж гартал араас саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд мөргөсөн. Манай хүүхэд Л.Ө одоо 9 сартай хүүхэд байгаа юм. Л.Ө ын толгой өвдөж байнга уйлагнаад байдаг. Заримдаа шөнө толгойд нь хүрэх үед уйлаад байдаг... Эмчилгээний зардалд 7500000 төгрөгийг авчихсан болохоор гомдолгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30-34 тал/,
Гэрч Д.Д өгсөн: 2018.10.14-ний өглөөний 10 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт байх гэрээсээ өвөө Ж , ах Ч , дүү Х нарын хамт саарал өнгөтэй Приус-20 маркийн **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотын чиглэл рүү явсан. 14 цаг өнгөрч байхад Булган аймгийн Рашаант сумын нутагт орж ирсэн. Машиныг Х жолоодон явж байсан ба ар талын суудал дээр сууж байсан Ч дэлгүүр байна бууж уух юм авна гээд байхаар нь анзаараагүй яах гээд байгаа гэх хооронд нэг мэдсэн түг хийсэн чимээ гарсан. Машинаас буусан чинь манай машины урд тал нь эвдэрсэн урд талын машины хойд тал нь эвдэрсэн байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,
Гэрч Ж.Ч өгсөн: “...2018.10.14-ний өглөө 10 цаг өнгрөч байхад Өвөрхангай аймгийн Сант сумын нутгаас аав Н.Ж , дүү Д , дүү Х нарын хамт саарал өнгөтэй Приус-20 маркийн **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотын чиглэл рүү явсан. Тухайн үед би өөрөө архи уусан байсан болохоор машиныг Х жолоодож явсан. 14 өнгөрч байхад Булган аймгийн Рашаант сумын нутагт орж ирсэн. Асфальтан замын өндөр хурд сааруулагч таараад урд талын машины арын дугуй нь гараагүй зогсчих шиг болоод хүүе гэхийн зуургүй түг хийгээд мөргөсөн. Тэгээд л машины хүмүүс бууж ирээд түргэн тусламж руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,
Гэрч Б.М ийн өгсөн: “...2018.10.14-ний өглөө 11 цаг өнгрөч байхад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас саарал өнгөтэй Приус-20 маркийн **-** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр эгч М , ахын охин Ц , түүний залуу Л охин нь болох Ө нарын хамт Улаанбаатар хот руу явсан. Уг машиныг миний эгч М жолоодож явсан. 14 цагийн үед Рашаант сум руу орж ирээд хурд сааруулагч таараад хурдаа хасаад хурд сааруулагчийг гарахад араас саарал өнгөтэй приус-20 маркийн машин ирээд мөргөсөн гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,
Гэрч Ж.Л өгсөн: “...2018.10.14-ний өглөө 11 цаг өнгfрөч байхад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас М эгчийн саарал өнгөтэй Приус-20 маркийн **-** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр хадам эгч М , эгч М , эхнэр Ц , 8 сартай охин Ө , Т нарын хамт Улаанбаатар хот руу явсан. Тухайн машиныг хадам эгч М жолоодож явсан.14 цагийн үед Рашаант сум руу орж ирээд хурд сааруулагч таараад хурдаа хасаад хурд сааруулагчийг гарахад араас саарал өнгөтэй приус-20 маркийн машин ирээд мөргөсөн. Миний тэвэрч байсан охин Ө уйлаад дуугүй болохгүй байхаар нь толгойг нь харсан чинь цөмөрсөн байхаар нь түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг /хх-41-42 тал/,
Гэрч А.Ц өгсөн: “...2018.10.14-ний өглөө 11 цаг өнгрөч байхад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас аавын дүү болох М эгчийн саараал өнгөтэй Приус-20 маркийн **-** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр эгч М , М , нөхөр Л , 8 сартай охин Ө , Т нарын хамт Улаанбаатар хот руу явсан. Уг машиныг эгч М жолоодож явсан. 14 цагийн үед Рашаант сумын урдуур байх асфальтан замын хурд сааруулагч таарахаар нь эгч М хурдаа хасаад хурд сааруулагчийг дөнгөж гараад байж байхад араас саарал өнгөтэй приус-20 маркийн машин ирээд мөргөсөн. Миний охин Ө уйлаад байхаар нь толгойг нь харсан чинь зулай нь цөмөрсөн байхаар нь түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг /хх-43-44 тал/,
Гэрч Б.М өгсөн: “...2018.10.14-ний өглөө 11 цаг өнгрөч байхад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас өөрийн эзэмшлийн саарал өнгөтэй Приус-20 маркийн **-** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр дүү М , дүү Ц , түүний нөхөр Л , 8 сартай охин болох Ө , Т нарын хамт Улаанбаатар хот руу явсан. Машинаа би өөрөө жолоодож явсан. 14 цагийн үед Рашаант сумын урдуур байх асфальтан замын хурд сааруулагч таарахаар нь хурдаа хасаад хурд сааруулагчийг гарч байхад ар талаас саарал өнгөтэй приус-20 маркийн машин ирж мөргөсөн гэх мэдүүлэг /хх-45 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12540 тоот:
1. Л.Ө ын биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. дээрх гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-53 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12946 тоот:
Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт:
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-01-02 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06-08 тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-09-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /12-17 тал/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн “Toyota Prius-20” маркийн **-** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 870000 төгрөгийн шууд, 230000 төгрөгийн шууд бус хохирол учирсан болох тогтоосон дүгнэлт /хх-70-71 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-82-88 тал/ нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Х нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт Приус 20 маркийн **-** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг, мөн дүрмийн 8.11 дэх хэсэгт заасан жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл жолоодоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулж сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчиж **-** УБК улсын дугаартай приус 20 тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаснаас Л.Ө ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч А.Ц , гэрч Д.Д , Ж.Ч , Б.М , Ж.Л , А.Ц , Б.М нарын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Н.Х ыг яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгаан”-ыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Х ыг МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, хохирогч Л.Ө ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Н.Х ы хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Н.Х ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна .
Шүүгдэгч Н.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Н.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндэд учирсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Н.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Х ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ