Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00407

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт байрлалтай, Р ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, Т овогт Дн Дт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 510000 төгрөг, алданги 255000 төгрөг, нийт 765000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Д.Д нь тус компанитай 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 35 хоногийн хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-80 маркийн 510000 (300 литр х 1700 төг) төгрөгийн үнэ бүхий бензинийг хүлээж авсан билээ.

Зээлийн гэрээний хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч Д.Дээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 800 хоног хэтрүүлсний алданги тооцоход 510000 төг х 0,5%=2250 х 800 хоног = 2040000 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 255000 төгрөг болж байна.

Иймд иргэн Д.Дээс үндсэн зээл болох 510000 төгрөг, мөн алданги 255000 төгрөг, нийт 765000 төгрөгийг гаргуулан өгч компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би А-80 маркийн 510000 төгрөгийн бензинийг тус компаниас зээлж авсан маань үнэн тул энэ 510000 төгрөгийг төлөх болно.

Алданги гэж 255000 төгрөг нэхэмжилснийг төлөх боломжгүй. Учир нь би компани захиралтай төлөхгүй тухай харилцан тохирч ярилцсан тул шүүх асуудлыг шийдвэрлэж өгөх байх гэж итгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Дээс нэхэмжилж буй мөнгийг хариуцагч тал сайн дураар биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Р ХХК-ны нэхэмжлэлтэй, Д.Дт холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 510000 төгрөг, алданги 255000 төгрөг, нийт 765000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр товлосон боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжилсэн 765000 төгрөгийг төлж өгсөн энэ тухай тайлбарыг нэхэмжлэгч Р ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22950 төгрөгийн тал нь болох 11475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 11475 төгрөг, мөн хариуцагч 11475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжилсэн 765000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22950 төгрөгийн тал нь болох 11475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 11475 төгрөг, мөн хариуцагч 11475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК