Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/02172

 

 

 

 

 

 

2024 12 16 210/МА2024/02172

 

 

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/04089 дугаар шийдвэртэй,

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй, Д.Г-од холбогдох

Гэм хорын хохиролд 31,479,407 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Г- нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2020 оны 09 сарын 17-ны өдрийн **** тушаалаар тус яамны ***********-ын газрын дарга В.Ж-г төрийн албанаас чөлөөлсөн. В.Ж- дээрх тушаалыг эс зөвшөөрч ТАЗ-д гомдол гаргаснаар тус Зөвлөлийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн *** тогтоол- гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны **** тушаалыг хүчингүй болгож, тус яамны 2022 оны 01 сарын 03-ны өдрийн */** - тушаалаар В.Ж-г ажилд нь эгүүлэн томилжээ. В.Ж- нь ажилгүй байсан хугацааны олговроо гаргуулахаар шүүх нэхэмжлэл гаргаж *********- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн **** дугаар шийдвэрээр В.Ж-д 19,499,376 төгрөгийн олговор олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 сарын 28-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай */** дугаар тушаалыг үндэслэн 19,499,376 төгрөгийг В.Ж-д тооцож олгожээ.

Мөн Д.Г- нь 2021 оны 08 сарын 20-ны өдрийн */** дүгээр тушаалаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын *******-ийн хэлтсийн дарга П.Ц-ыг төрийн албанаас халсан байна. Тус шийдвэрийг П.Ц- эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн ** дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны */** дүгээр тушаалыг хүчингүй болгож, П.Ц-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 сарын 28-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай */** дугаар тушаалаар 11,980,031 төгрөгийг П.Ц-д тооцон олгожээ.

ТАЗ-өөс Д.Г-ын төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. Иймд 31,479,407 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөг, зөрүү 266,316 төгрөг нийт 1,266,316 төгрөгийг хасч 30,213,091 төгрөгийг Д.Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2020 оны 09 сарын 17-ны өдрийн **** тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газрын дарга В.Ж-г төрийн албанаас чөлөөлсөн. ТАЗ-ийн шийдвэрээр В.Ж-г ажилд эгүүлэн томилсон. В.Ж- нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан ажилд эгүүлэн томилсон тушаалыг биелүүлээгүй хугацааны цалинг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу *********- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр В.Ж-д 19,499,376 төгрөг олгохоор шийдвэрлэснээс би 1,000,000 төгрөгийг нь төлсөн.

Харин П.Ц-д олгосон 11,980,031 төгрөгийг зөвшөөрөхгүй. Би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2021 оны 08 сарын 20-ны өдрийн */** дүгээр тушаалаар П.Ц-ыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын *******-ийн хэлтсийн даргын аажлаас халсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн ** дугаартай шийдвэрээр П.Ц-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 11,980,031 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус яаманд даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа томилогдсон Төрийн бичгийн дарга нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т зааснаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн байдаг. Ийнхүү дараагийн удирдлага нь П.Ц-ыг төрийн албанаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй байсныг шүүхээр хянан шийдвэрлүүлээгүй байдаг. Иймд дараагийн томилогдсон Төрийн нарийн бичгийн даргын зүгээс нэхэмжлэгчтэй эвлэрсний дагуу олгосон 11,980,031 төгрөгийг хариуцахгүй гэж үзэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-оос 30.213.091 төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Д.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 309,015 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Д.Г- нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2021 оны 08 сарын 20-ны өдрийн */** дүгээр тушаалаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын *******-ийн хэлтсийн дарга П.Ц-ыг төрийн албанаас халсан. П.Ц-аас тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 00** дугаартай шийдвэрээр П.Ц-ыг албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэсэн.

П.Ц-ы гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт тус яамыг төлөөлж Г.Ж- гэдэг хүн шүүх хуралдаанд оролцохдоо яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 сарын 20-ны өдрийн */** дугаартай тушаал үндэслэлтэй гэсэн тайлбарыг хэлсэн нь шүүхийн шийдвэрт тусгагджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар Г.Ж- нь захиргааны хэргийн бие даасан оролцогч биш бөгөөд зөвхөн Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас олгосон итгэмжлэлийн хүрээнд эрх эдэлж, үүрэг хүлээж шүүх хуралдаанд оролцсон байдаг. Гэтэл Г.Ж- нь дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, ямар шалтгаанаар гомдол гаргаагүй нь тодорхойгүй байна.

Мөн Д.Г-ын дараа томилогдсон Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь П.Ц-тай эвлэрч түүнийг ажилд нь эгүүлэн томилсон байдаг. Иймд дараагийн томилогдсон Төрийн нарийн бичгийн даргын нэхэмжлэгчтэй эвлэрч олгосон 11,980,031 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

Д.Г- нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 сарын 17-ны өдрийн ** тогтоолоор Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба түүнийг ажлаас чөлөөлөгдсөний дараа П.Ц-ыг ажилд нь эгүүлэн томилсон анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг түүнд танилцуулаагүй байдаг. Өмгөөлөгчийн зүгээс Г.Ж-ийг гэрчээр оролцуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ** дугаартай шийдвэрийг Д.Г-од танилцуулсан эсэх, мөн шүүхийн шийдвэрийг яамны Хууль, эрх зүйн асуудал хариуцсан албанд танилцуулсан эсэх, шүүхийн шийдвэрт яагаад гомдол гаргаагүй талаар талаар тодруулахаар хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, П.Ц-аас төрд учруулсан учирсан хохирлын нөхөн төлүүлэх тухай зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Түүнчлэн төрд учирсан хохирлыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, учир нь Д.Г-ын нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүчингүй болгосноор дараагийн төрийн нарийн бичгийн дарга болох этгээд шүүхийн шийдвэрийг цаг алдалгүй биелүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, ажилд эгүүлэн томилсон. Мөн хариуцагчаас П.Ц-тай дараагийн томилогдсон төрийн нарийн бичгийн дарга эвлэрсэн гэх тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх Д.Г-ын гаргасан ажилтныг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосон бөгөөд гаргасан шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй учир 11,980,031 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн 2022 оны 01 сарын 17-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас хариуцагч нь Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдсөн. 2022 оны 02 сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэр гарсан учраас ажлаас чөлөөлөгдсөн иргэнд танилцуулах боломжгүй. Г.Ж- нь Байгаль орчин аялал жуулчлалын яамыг төлөөлж давж заалдах гомдол гаргах эсэх нь ТАЗ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамааралгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ТАЗ- нь хариуцагч Д.Г-од холбогдуулан түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 31,479,407 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,266,316 төгрөгөөр багасгаж 30,213,091 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч нь 19,233,060 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 11,980,031 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас В.Ж-г Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ***********-ын газрын даргын албан үүрэгт ажлаас чөлөөлсөн, улмаар ТАЗ-ийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн *** тогтоол-оор В.Ж-г ажил албан тушаалд нь буцаан томилжээ. В.Ж-гийн ажилгүй байсан хугацааны олговорт 19,499,376 төгрөгийг гаргуулахаар *********- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн **** дугаар шийдвэрт заасан мөнгөн төлбөрөөс хариуцагч Д.Г- 1,000,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

Хариуцагч Д.Г-ын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын *******-ийн хэлтсийн дарга П.Ц-ыг 2021 оны 08 сарын 20-ны өдрийн */** дүгээр тушаалаар тус төрийн албанаас халсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн ** дугаар шийдвэрээр П.Ц-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,980,031 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан П.Ц-д олгохоор заасан ба шийдвэр биелэгдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 сарын 28-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай */** дугаар тушаалаар 11,980,031 төгрөгийг П.Ц-д тооцон олгожээ.

Энэхүү мөнгөн төлбөрийг хариуцагч Д.Г-ын төрд учруулсан хохирол гэж үзэх эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.

5. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн албаны төв байгууллага буюу нэхэмжлэгч ТАЗ-д төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхийг хуулиар олгогдсон байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан түүний ажиллаж байгаа байгууллага хохирлыг арилгах үүрэг хүлээсэн боловч хариуцагч Д.Г-ын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа В.Ж-, П.Ц- нарыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсний үр дагавар болох нэхэмжлэгчийн шаардаж буй 30,213,091 төгрөгийн хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцан арилгаагүй, харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад хамаарах эх үүсвэрээс буюу тус яамны сайдын 2024 оны 03 сарын 28-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай */** дугаар тушаалыг үндэслэн олгосон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм хорыг арилгасан байгууллагад хариуцагч Д.Г-ын ажиллаж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамаарахгүй байх тул уг хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч ТАЗ- шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.

6. Хариуцагч Д.Г- нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа В.Ж-, П.Ц- нарыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргахдаа төрийн удирдах албан хаагч бүрийн мэдвэл зохих хуулийн шаардлага болон тухайн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгддөг дүрэм, журмыг баримтлалгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогджээ.

Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн ** дугаар шийдвэрт ...П.Ц-ы дээд албан тушаалтан болох Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаас зөвшөөрөл авч ... тусгай зөвшөөрлийг олгосон ... Тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь гэрээг аваагүй гэсэн шалтгаанаар тусгай зөвшөөрлийг буцааж, ан агнаагүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд П.Ц- тусгай зөвшөөрөлд гарын үсэг зурснаас үүдэн ямар нэгэн үр дагавар, хохирол үүсээгүй ... П.Ц-ы ажлын байрны тодорхойлолтод заасан ... газрын даргын үүрэг болгосноор тусгай зөвшөөрлийг олгосон ... Ховор амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын 2-4.9-д заасныг зөрчөөгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3-т заасан үндэслэлээр буруутгаж, төрийн албанаас халсан хариуцагчийн шийдвэр хууль бус байна ... төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг ... шалган тогтоох, түүний шууд удирдлагаас тайлбар, мэдүүлгийг аваагүй нь бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр үндэслэлтэй байх зарчмыг хариуцагч хэрэгжүүлж ажиллаагүй ... гэж дүгнэжээ.

Ийнхүү дүгнэснээс үзвэл хариуцагч Д.Г- нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагын удирдах албан тушаалтны хувьд мэдвэл зохих салбарын хууль, журмыг баримтлаагүй, захиргааны акт гаргах хуулиар тогтоож хэвшүүлсэн үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй нь түүнийг илтэд болгоомжгүй хандсан гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэж үзнэ. Хариуцагч нь төрийн захиргааны удирдах албан тушаалтны хувьд гаргаж буй эрх зүйн актад илтэд хайхрамжгүй хандаж хууль зөрчсөн шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан гэм буруутай албан тушаалтан гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас В.Ж-, П.Ц- нарт учирсан хохирлыг төр хариуцан арилгасан байх тул уг хохирлыг шаардах эрх бүхий нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэн хариуцагч Д.Г-оос 30,213,091 төгрөг гаргуулан төрийн санд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

7. В.Ж-д 19,233,060 төгрөгийг, П.Ц-д 11,980,031 төгрөгийг олгож, гэм хорыг арилгаснаар төрд энэ хэмжээний хохирол бодитой учирчээ. Иймд 30,213,091 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд оруулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасантай нийцнэ. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн бусдад учруулсан хохирлыг төрөөс арилгаж, уг хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалтыг анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг давж заалдах шатны шүүх залруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэснийг 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/04089 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...497 дугаар зүйлийн 497.1... гэснийг 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ