| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0071/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 66
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Хохирогч Г.Б ,
Шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Р д холбогдох эрүүгийн 1915000340043 дугаартай, 163/2019/0071/э индэкстэй хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... аймгийн ... оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б.Р
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Б.Р нь 2019 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө ... аймгийн нутаг дэвсгэрт Г.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Р өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б өгсөн: Тэр өдөр Б.Р манайд ирээд нэг пиво уучихъя гэж ирсэн. Тэгээд нэг пиво уучихаад явж байтал эхнэртэйгээ тааралдаад нэмж 3-4 пиво уусан. Бид хэд юм ярьж сууж байгаад арван жилийн асуудлаас болж маргалдсан. Намайг нэг удаа гараараа цохиод авсан. Нүүрээ дараад доошоо сууж байтал хөлөөрөө эрүүн тус газарт өшиглөсөн. Маргааш нь гэмтлийн эмнэлэгт очиж эмчид үзүүлэхэд баруун талын эрүү 1 хугарсан байсан. Гэмтлээ нарийвчлан тогтоолгох үүднээс Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд хоёр хугаралттай байна гээд эмчилгээ хийлгэж байгаад хагалгаанд орсон. Тэгээд 4 шүдээ авахуулсан. Надаас нийт 7-8 сая төгрөгийн зардал гарсан. Би хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн. Тэгэхэд Б.Р нь хохирлынхоо оронд приус 20 маркийн машинаа надад өгч хохирлыг минь бүрэн барагдуулсан. Уг нь би мөнгөө л авмаар байна. Машиныг чинь авахгүй гэж хэлсэн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
1915000340043 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Б.Р гийн өгсөн: 2019.01.19-ний өдөр ... аймгийн ... сумын нутагт ангийн хүүхдүүдтэй уулзаад пиво ууж сууцгааж байгаад л сургуульд байх үеийнхээ ангийн уулзалтаар багшийг байсан, байгаагүй талаар ярилцаж байгаад маргалдаад тэгээд машинаас буугаад би Г.Б ын эрүүрүү 1 удаа өшиглөөд, 1 удаа цохиод авсан. Тэгээд л өшиглөсний дараа миний эрүү хачин болчихлоо гэхээр нь эмнэлэг орж эмчид үзүүлээд эрүү нь мултарчихсан байна гэж хэлсэн. ...би гэрлүүгээ явсан маргааш өглөө нь босоод сонсоход Б-н эрүү хугарсан гээд хот руу шөнөдөө явчихсан байсан ба явахдаа цагдаад өргөдөл өгчихөөд явсан байсан гэх мэдүүлэг /хх-42-43 тал/
Хохирогч Г.Б ын өгсөн: Би 2019.02.19-ний өдөр 12 цагийн үед найзууд болох Р, Ц нар нь манайд орж ирээд хэдүүлээ гараад ганц пиво ууя гээд манайхаас гарсан, тэгээд Салхин зээрд гэх дэлгүүрээс 2 литрийн Боргио Пиво Р аваад сумын төвийн ард Р-н машинд бид гурав хувааж уусан, тэр пивоо ууж дуусаад би гэрлүүгээ орох гээд хүргүүлж байтал арван жилийн ангийн хүүхэд болох А таараад ганц пиво ууя гээд 2 литрийн Боргио пиво А аваад дахиад түрүүний газраа очиж ууцгаасан, дахин дахин пиво ууя гэсээр байгаад бараг 4-5 ширхэг 2 литрийн Боргио пиво ууцгаасан, тэгээд таньдаг ах болох Г ахыг гэрээс нь аваад машинаа бариулсан. Сумын төвийн баруун урд хэсэгт Р-н машинтай байж байгаад А, Р хоёр хоорондоо арван жилд болсон волейболын тэмцээний асуудлын талаар маргалдаад байсан, тэгээд би маргаан таслах гээд А-ны талд орж Р-д хандан Ж багш очсон юм байна гэж хэлтэл Р надтай маргалдаад эхэлсэн. Тэгээд бид тав машинаасаа бие засах гээд бууцгаасан, тэгээд байж байтал Р шууд үгийн зөрүүгүй намайг баруун гараараа нэг удаа хамар луу цохисон, тэгээд миний хамарнаас цус гараад зогсоогоороо нүүрээ дараад байж байтал Ц ирж болиулах гээд Р г урдуур нь хамгаалаад зогсож байтал Р миний эрүүлүү доороос хөлөөрөө нэг удаа шууд өшиглөсөн, тэгээд миний эрүү эвгүй болоод бид 5 эмнэлэг явах гэтэл Агваан би та нартай явахгүй гээд тэндээс алхаад явсан. Р, Ц, Г ах бид дөрөв эмнэлэг ороод үзүүлсэн. Тэгээд үзүүлэхэд Ү эмч үзээд эрүүгээ хот явж үзүүл гэхээр нь тэр оройноо дүү болох С-тэй Улаанбаатар хотруу явсан гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,
Гэрч Б.А-н өгсөн: 2019.01.19-ний өдөр 12 цагийн үед хамт сурдаг байсан гурван найз болох Б, Р, Ц нартай сумын төвд таараад 4 ширхэг 2.5 литрийн Боргио гэдэг пиво Салхин зээрд гэх дэлгүүрээс аваад сумын баруун талын баруун гол гэх газар очин машиндаа ууцгаасан тэгээд сүүлд нь Г гэх ахыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд машинаа бариулсан, эргэж нөгөө пиво ууж байсан газраа очоод ууж байтал Р, Б нар маргалдаад машинаас буугаад зодолдох гээд барьцалдсан байхаар нь би дундуур нь ороод салгаад Р-г түлхээд байж байтал, Р Б-г гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон, Б-н хамраас цус гарахаар нь боль гээд Р-г цааш нь түлхээд ингэж болохгүй гээд байж байтал над руу Р маргалдаад дайраад байж байтал Цэгмид машинаас бууж ирээд Р бид хоёрыг салгасан, тэгээд би Ц-тэй юм яриад жаахан холдсон байсан. Эргээд тэр хэд дээр ирэхэд Б миний эрүү эвгүй болчихож гээд зогсож байсан, тэгээд тэр хэд явцгаая гээд тэр хэд явсан, би та нартай явахгүй гээд тэр газраа үлдээд нутгийн дүү болох Д-р гэртээ хүргүүлсэн. Гэртээ ирээд Б-н эхнэр болох Э руу утсаараа залгаад Б харьсан уу гэхэд ирээгүй гээд салгасан. Тэгээд би Ц рүү залгаад Б-н бие нь гайгүй юу гэж асуухад Ц бид хэд эмнэлэг дээр байна Б-н эрүү нь мултарчихсан байна гэнэ гэхээр нь би утсаа салгасан гэх мэдүүлэг /хх-18-19 тал/
Гэрч Э.Ц-н өгсөн: “...2019.01.19-ний өдөр Р 11 цагийн үед манай гэрт орж ирээд хамт гэрээс гарсан, гарч яваад Б-тай таараад тэгээд бид гурав 1ш пиво аваад хэдэн литрийн ямар пиво байсныг санахгүй байна, сумын хойшоо зам гарч машиндаа уучихаад эргээд харих гэж яваад найз болох А-тай таараад дахиад 1ш пиво аваад дахин замын хойшоо гарч уучихаад А гэртээ ороод ирье гээд морьтойгоо явахаар нь А-н гэрийн ойролцоо нь дэрсэнд пиво ууж байгаад А удалгүй гараад ирсэн, тэгээд бид дөрөв таньдаг ах болох Г ахыг гэрээс дуудаж гаргаж ирээд Р-г хойш нь суулгаад Г ах машин барьж тэгээд дэлгүүр ороод 1ш пиво аваад сумынхаа баруун талын дэрсэнд очоод машиндаа пивоо уугаад байж байтал А, Р хоёр маргалдаад эхэлсэн. Тун удалгүй А, Р, Б гурав машинаас буугаад зодолдоод эхэлсэн. Араас нь Г ах бид хоёр буугаад би Р-г А-тай заамдалцаад байхаар нь Р-г татаж унасан. Тэгээд Б миний эрүү өвдөөд байна гэж нэлээн зовиуртай хэлэхээр нь бид нар эмнэлэг орж үзүүлье гээд бид дөрөв явсан. А Р-тай муудалцсан болохоор тэндээсээ алахаад харьсан байх. Бид дөрөв эмнэлэг рүү ороод Ү эмчид үзүүлээд, эрүү нь мултарчихсан байна гэж Ү эмч хэлээд үзээд л байх шиг байсан, эрүүг яг оруулсан эсэхийг нь мэдэхгүй байна, үзлэгийн өрөөнд Б орилоод л байсан. Тэгээд бид дөрөв эмнэлэгээс гарахад Б-ын эхнэр нь машинтайгаа ирээд Б-г аваад явсан” гэх мэдүүлэг /хх 21-22 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1614 дугаартай
1. Г.Б ын биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх 35 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 5 тал/, багийн засаг даргын тодорхойлолт /хх 49 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Р нь 2019 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт Г.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтаас дүгнэлт хийхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Р гийн... нь 2019 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт Г.Б ыг цохиж эрүүний ясыг хугарал үүсгэн , эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Г.Б ын өгсөн... Р шууд үгийн зөрүүгүй намайг баруун гараараа нэг удаа хамар луу цохисон, тэгээд миний хамарнаас цус гараад зогсоогоороо нүүрээ дараад байж байтал Ц ирж болиулах гээд Р г урдуур нь хамгаалаад зогсож байтал Р миний эрүүлүү доороос хөлөөрөө нэг удаа шууд өшиглөсөн гэх мэдүүлэг,
гэрч Б.А-н өгсөн ... би дундуур нь ороод салгаад Р-г түлхээд байж байтал, Р Б-г гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон гэх мэдүүлэг, хохирогчийн биед учирсан, гэмтлийг “хүндэвтэр” зэргийн гэмтэл болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1614 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн шүүгдэгч Б.Р г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Р г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна .
Шүүгдэгч Б.Р гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирлын баримтаа гаргаж ирүүлээгүй боловч хохирогч Г.Б эрүүл мэндэд учирсан хохирол 10000000 нэхэмжилжээ.
Шүүгдэгч Б.Р хохирогч Г.Б тай хохирол, хор уршгийн талаар харилцан тохиролцож 10000000 төгрөгт Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийг өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Р д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол хор уршигийг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Р г хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгчийн хөрөнгө цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Р нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Р г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийг хэсэгчлэн сар бүр 150000 төгрөг төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Р нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Р д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ