| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2016/4979/и |
| Дугаар | 182/ШШ2016/00434 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2016/00434
| 2016 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 182/ШШ2016/00434 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Д.С
Хариуцагч: НЗДТГ,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.С НЗДТГ-ындаргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/133 тоот тушаалаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Дулааны инженерээр ажилд сонгогдож орсон. Ингээд ажил үүргээ хугацаанд нь ямар нэгэн алдаа дутагдалгүй гүйцэтгэж ирсэн боловч 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үндэслэл баримтгүйгээр ажлаас чөлөөлж тушаал гаргасан. Тушаалд хуулийн зүйл заалт заагаагүй. Уг тушаалд Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санжүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10.1.10, 16.11 дэх хэсгийг үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлыг яаж дүгнэсэн, ямар үнэлгээ авсныг надад мэдэгдэж танилцуулаагүй. Тушаалд хангалтгүй үнэлгээ авсан гэж заасан нь D үнэлгээ бөгөөд энэ үнэлгээг 2 удаа авбал гэрээг сунгахгүй гэж журмын 16.11-т заасан байгаа. 2 удаа аваагүй. Гэрээний хугацаа 2015 оны 12-р сарын 31-нд дууссан боловч 2016 оны 03-р сарын 31 хүртэл ажиллуулсан тул сунгагдсан. Миний ажил ерөнхийдөө гүйцэтгэгчийн ажлыг хянах ба би хяналтаа зохих хэмжээнд хэрэгжүүлж, шаардлагаа тавьж явсан. Миний ажилд дүгнэлт гаргуулсан гээд байгаа нь ажил дуусаагүй байсан үеийнх байна. Иймд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байх тул Д.С намайг НЗДТГ “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Дулааны инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НЗДТГ ба Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын Банкны хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь төслийн цар хүрээ, санхүүжилт болон менежментийн хувьд Нийслэлийн зүгээс олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй хамгийн томоохон төсөл. Энэ төсөл 9 жилийн хугацаанд хэрэгжих ба эхний үе шат нь 2018 оны 6-р сар хүртэл хэрэгжинэ. НЗДТГ нь Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах үүрэг хүлээсэн. Төсөл хэрэгжүүлэх нэгжид Дулааны инженерээр ажиллаж байсан Д.Сын хувьд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудад тавигдах ерөнхий шаардлага болох төслийн ажлын 10 жилийн туршлагатай байх болон Англи хэлний мэдлэгтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй.
Мөн хөтөлбөрийн хүрээнд 16 мегаватт болон 25 мегаваттын дунд чадлын дулааны станцуудыг төслийн дэд төвүүд болох Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд баригдах төлөвлөгөөтэй бөгөөд Д.Сын хувьд ажиллах хугацаандаа баригдах дулааны станцуудын шийдлийн талаар тодорхой техникийн шийдлийг гаргах тал дээр хангалтгүй ажилласан гэж үзсэн. Үүнээс гадна хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын захиргаа зээлийн хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтынхаа дагуу Сэлбэ, Баянхошуу дэд төвүүд дээр төсөлд хамрагдах иргэдийн түр сууришуулах болон Хороо болон эмнэлэг цагдаагийн хэлтэс байрлах зориулалттай үйлчилгээтэй 50 айлын орон сууцны барилгыг барьсан. Дулааны инженерээр ажиллаж байсан Д.Сын хувьд уг барилгуудын дулааны нам даралтын зуухнуудын угсралтын ажлуудыг өөрийн үндсэн үүргийн хүрээнд хариуцан ажиллаж байсан. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс тухайн инженерийн барилга угсралтын үеийн хяналтыг мэргэжлийн бус түвшинд хийсэн гэсэн байр суурьтай байгаа. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй урт хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хувьд тухайн мэргэжилтний оролцоог хангалтгүй гэж үзсэний учир Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу Гүйцэтгэлийн үнэлгээг хийхэд 59 оноо авсан, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн саналаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын тушаалаар Д.Сыг ажлаас халах шийдвэр гарсан.
Д.Сыг НЗДТГ ажилд авч, төслийн нэгж түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ хийсэн.
Д.Сын хувьд ажлын цагийг баримталдаг хувь хүний сайн чанар байсан хэдий ч төслийн эхлэлийн шатанд гүйцэтгэсэн хяналтын ажлын бодит гүйцэтгэл болон техникийн шийдэлд оруулж байсан хувь нэмэр нь энэхүү цар хүрээтэй төслийг хэрэгжүүлэхэд, түүний хүрээнд хийгдэх илүү нарийн технологи бүхий инженерийн байгууламж болох Дулааны дунд чадлын станцын барилга угсралтын хяналтыг гүйцэтгэхэд хангалтгүй гэж үзэн тухайн ажилтанг халсан бөгөөд эргэж ажилд авах боломж байхгүй гэв.
Шүүх нэхэмжлэл, ажилд томилох болон ажлаас чөлөөлсөн тушаал, хөлсөөр ажиллах гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, төслийн жилийн эцсийн тайлан, ажлын цагийн бүртгэлийн баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
НЗДТГ-ын2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/133 тоот тушаалаар Д.Сыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Дулааны инженерийн ажилд сонгон шалгаруулж авч, түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллуулахыг төслийн нэгжид даалгасан нь уг ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байсан тухай баримт, ажилд авсан тушаалаар тогтоогдож байна.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл нь НЗДТГ, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хамтран хэрэгжүүлж буй 9 жилийн хугацаатай, 1 дэх үе шат нь 2018 оны 6-р сар хүртэл хэрэгжиж буй гэр хорооллын дэд төвүүдийг шинээр байгуулах төсөл байна.
Төслийн нэгж нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ажилд томилсон Д.Стай хөлсөөр ажиллах гэрээ хийж ажиллуулсан нь тэдний хооронд хийгдсэн гэрээнээс харагдаж байна. Анх гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан боловч ажилтанг үргэлжлүүлэн ажиллуулсан байх тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-т зааснаар гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан байна.
Гэтэл хариуцагч 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/28 тоот тушаалаар Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санжүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10.1.10, 16.11 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг 2015 оны хөлсөөр ажиллах гэрээт хугацаанд гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүн “хангалтгүй” үнэлгээ авсан гэж ажлаас чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч үүнийг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн чухам аль хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй ба үндэслэсэн журмын 10.1.10, 16.11 дэх заалтууд нь “төслийн ажилтныг нээлттэй сонгон шалгаруулж томилж, чөлөөлөх”, “гэрээний биелэлтийн үнэлгээгээр хоёр дараалан “D” үнэлгээ авсан, эсхүл F үнэлгээ авсан нь хөлсөөр ажиллах гэрээг цуцлах, сунгахгүй байх үндэслэл болно” гэсэн заалтууд байна.
Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын тайланг төслийн нэгжид хүргүүлсэн байх ба Д.Стай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хэдийд хэн дүгнэсэн, хэдэн оноо авсан болон ямар шалгуурыг үндэслэл болгосон нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтгүй байна.
Д.Сыг ажлаас чөлөөлсөн даргын тушаалд гэрээг дүгнэхэд “хангалтгүй” үнэлгээ авсан гэж заасан байх ба “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санжүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 16.10.4-т гэрээний 60-69 хувийн биелэлтэд “D” буюу “хангалтгүй” гэж заасан байх тул “D” үнэлгээ авч гэж ойлгогдож байна. Мөн журмын 16.11-т “D” үнэлгээг хоёр дараалан авсан бол хөлсөөр ажиллах гэрээг цуцлах, сунгахгүй байх үндэслэл болно гэж заасан байх ба Д.С 2 дараалан “D” үнэлгээ аваагүй байх тул түүний гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 98 өдрийн цалинтай тэнцэх олговор 13.684364 төгрөг болж байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Д.Сыг НЗДТГ “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Дулааны инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн нэгжээс 13.684364 төгрөгийг гаргуулж Д.Сад олгосугай.
3. Д.Сал олгох ёстой мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 226.371 төгрөг гаргуулж улсад олгосугай.
5. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД