Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2024/00096

 

   *******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  10 дугаар сарын 24-ний өдрийн 135/ШШ2024/01299 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “139,329,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...******* нь 2022 онд ...сурталчилгааны дагуу "" ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер тэй уулзахад *******г дагуулж яваад *******тэй уулзуулаад "" ХХК-ийн борлуулалт хариуцсан зуучлагчаар хамтран ажиллаж байгаа гээд өөрийгөө танилцуулсан. Тэгээд та гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлээд ир гэсэн.

Ингээд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр барилгын гүйцэтгэгч "" ХХК-ийн төлөөлөгч *******тай уулзаад Дархан-Уул аймгийн *******,******* тоот 2 өрөө, 59.49 м.кв орон сууцыг 107,082,000 төгрөгөөр захиалан бариулах гэрээ байгуулаад мөнгөө шилжүүлэх гэхэд ******* гээд хувь хүний данс байсан. Хувь хүний данс байна. Компанийн дансанд хиймээр байна гэхэд компанийн данс байхгүй гэдэг тайлбарыг өгсөн. Дахиад борлуулалтын менежер , ******* нартай уулзан хувь хүний данс өгч байна болох юм уу гэхэд ******* би энэ компанитай зуучлалаар хамтран ажиллаж байгаа. Миний дансанд хийж болно гээд дансаа өгөхөд нь өөрийн хугацаатай хадгаламж болон өөрийн аав гийн хугацаатай хадгаламжийг цуцлуулаад 107,082,000 төгрөгийг гүйцээж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны тоот данснаас *******ий тоот дансанд 5 удаа 20,000,000 төгрөгөөр үлдсэн 7,000,000 төгрөгийг 6 дахь удаагийн гүйлгээгээр шилжүүлж өгсөн.

Яагаад ингэж шилжүүлсэн бэ гэхээр ******* нь манай нутгийн таньдаг, хамаатан шахуу хүн. Ингээд итгээд *******ий данс руу шилжүүлсэн. Гэтэл "" ХХК нь орон сууцны барилгаа бариагүй өнөөдрийг хүрсэн. Энэ компанид олон иргэн байр захиалсан. Баригдаж байгаа барилга дээр очиход суурь цутгаад 1-2 давхар л бариад орхисон байсан. Тэгээд би 2024 оны 03 дугаар сард *******ий ажил дээр очоод миний захиалсан байрны 107,082,000 төгрөгийг "" ХХК руу шилжүүлсэн баримтаа авъя гээд очиход надад шилжүүлсэн баримт байхгүй гээд гаргаж өгөөгүй, гаргаж өгөх боломжгүй гээд намайг явуулсан. Зуучлагч нь миний захиалсан орон сууцны захиалгын мөнгийг ХХК-д шилжүүлж өгөөгүй намайг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд зуучлагч иргэн *******д өөрийн дансаар шилжүүлж өгсөн орон сууцны үнэ болох 107,082,000 төгрөгийг мөн банкны мөнгөн хадгаламжийн хүүгийн алдагдлын хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Орон сууцны 107,082,000 төгрөгийг бүрдүүлж өгөх гэж төрийн банк дахь өөрийн хадгаламжид байсан 70,000,000 төгрөгийн хугацаатай хийсэн хадгаламжаа цуцалж авч шилжүүлсэн. Хэрэв миний мөнгө хугацаатай хадгаламждаа байсан бол өнөөдрийг хүртэл мөнгөн хадгаламжийн хүү 15,067,500 төгрөгөөр нэмэгдэх байсан ба намайг хадгаламжийн хүүгээр хохироосон. Мөн миний өөрийн аав гийн хадгаламжид байсан 38,000,000 төгрөгийн хадгаламжийг цуцалж 8,179,500 төгрөгийн хүүгээр хохироосон. Иймд "" ХХК-ийн зуучлагч иргэн *******өөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дансаар шилжүүлж өгсөн 107,082,000 төгрөг, мөнгөн хадгаламжийн хүүгийн алдагдал 23,247,000 төгрөг, мөн миний бие хуулийн мэдлэггүйгээс хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчийн ажлын хөлс төлж ажиллуулж байгаа бөгөөд ажлын хөлсөнд төлсөн 9,000,000 төгрөг нийт 139,329,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. /хх 1-2-р тал/

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие ******* нь Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй бөгөөд хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгө зуучлал болон худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Миний бие нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие *******д худал хэлж түүнийг аливаа нэг байдлаар хохироосон явдал бидний дунд байхгүй бөгөөд түүнд энэ тухай олон удаагийн уулзалтаар биечлэн тайлбарлаж байна. Мөн түүний өмгөөлөгчийн гаргасан Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс миний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх хөдөлгөөнийг хориглох, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх хүсэлт гаргасан нь өнөөдрийн байдлаар тус асуудал шийдэгдэх хүртэлх хугацаанд:

-Миний дор ажилладаг ажилчид маань цалингийн орлогоо цаг хугацаандаа хүлээн авах боломжгүй нөхцөл байдалд хүргэж түүнээс үүдэлтэй гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу алдангид орох,

- Эргэлтийн хөрөнгийг битүүмжилснээр бизнесийн хэвийн байдалд нөлөөлж, орлогын хэмжээ буурах,

Мөн миний бие бизнесийн зээл авах хэрэгцээ үүссэн байгаатай холбогдуулан данс битүүмжилсэн тохиолдолд миний бие банкны зээлийн шалгуур хангаж чадахгүй байдалд орох бөгөөд үүнээс үүдэн одоо байгуулсан байгаа бусад этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болох бөгөөд цаг хугацаа алдсанаас үүдэн би гэрээний алданги торгуульд орох тул миний эрхэлдэг бизнесийн хэвийн үйл ажиллагааг шууд хэвийн бус нөхцөл байдалд оруулах юм.

Миний бие *******г аливаа нэгэн байдлаар хохироосон зүйл байхгүй нь түүний "" ХХК-ийн төлөөлөгч *******тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ нь баталгаажсан гэрээ бөгөөд тус гэрээ одоо ч хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа нь нотлогдож байгаа тул шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв битүүмжилсэн тохиолдолд дээр дурдсан асуудлын хүрээнд учрах хохирлыг нөхөн төлүүлнэ гэжээ. /хх 39, 59-р тал /

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******өөс 130,329,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь 9,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан 854,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 809,595 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

4.1.Нэхэмжлэгч ******* нь захиалгаар орон сууц бариулах гэрээг "" ХХК-ийн захирал Д.*******той байгуулан, гэрээний дагуу төлөх төлбөрийг хариуцагч *******өөр дамжуулан "" ХХК-д өгөх зорилгоор *******д 107,082,000 төгрөгийг шилжүүлсэн.

...Гэтэл нэхэмжлэгч нь гагцхүү өөрийнх нь өгсөн мөнгийг цааш шилжүүлэхдээ дансаар шилжүүлээгүй, төлбөр төлсөн баримт аваагүй гэх үндэслэлээр хариуцагчийг цааш өгөөгүй гэж маргадаг.

Хэрэгт цугларсан баримтуудын дагуу нэхэмжлэгч *******гийн "" ХХК-тай байгуулсан Захиалгаар орон сууц бариулах гэрээний үүргийг өөрийн зүгээс биелүүлэх, гэрээг хүчин төгөлдөр болгох зорилго нь биелэгдсэн, мөнгө дамжигдсан ******* нь үүргээ биелүүлсэн. Иймд хариуцагч *******ийг нэхэмжлэгч *******д 107,082,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

4.2. ...Нэхэмжлэгч нь байр худалдан авах сонирхолтой, байр худалдан авах төлбөрөө *******өөр дамжуулан шилжүүлэх зорилготой байсан бөгөөд тухайн зорилго нь ч биелэгдсэн. Харин хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн хадгаламжийн хүүг төлөх болсон нь ойлгомжгүй.

Эцсийн дүнд нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг нь тооцоод байрыг нь барьж өгнө гэсэн компанийнх нь тодорхойлолт байгаа. Бидний таны өмнө хүлээсэн орон сууц барьж өгөх үүрэг хэвэндээ, гэрээ хүчин төгөлдөр байгаа гэдэг тодорхойлолтыг "" ХХК-аас гаргаж өгсөн. "" ХХК бетон зуурмагийн үнэндээ тооцоод, өглөгтөө дундын тооцоогоор шилжүүлээд тухайн мөнгийг авсанд тооцсон талаарх үйл баримт, тодорхойлолтууд мөн дансны гүйлгээ, холбогдох гэрээ материалууд байгаа. *******ий хувьд нэхэмжлэгчийг заавал өөр рүү нь шилжүүлэх ёстой гэсэн санаачилга гаргасан, төөрөгдүүлсэн мэхэлсэн зүйл байхгүй.

 ...орон сууц ашиглалтанд ороогүй байгаа, нэхэмжлэгч нь тухайн орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан төлбөрийг төлөхдөө  өөрийн болон бусдын хадгаламжийг цуцлах, хадгаламжаасаа мөнгө авах үйлдэлд *******ий зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй, байр авах мөнгөө хэрхэн бүрдүүлэх нь нэхэмжлэгчийн өөрийн эрх хэмжээний асуудал.

Мөн ...олох ёстой байсан орлогоороо хохирсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа бол гэрээний нөгөө тал болох "" ХХК-аас нэхэмжлэх нь хуулийн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийг хуулийн үндэслэлгүй хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. / хх 239-240-р тал/

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

...Хариуцагч ******* нь *******гийн байр захиалсан төлбөрийн 107,082,000 төгрөгийг “” ХХК-нд шилжүүлж өгнө гэж өөрийн Хаан банк дахь тоот дансандаа шилжүүлж аваад өөртөө ашиглаж захиран зарцуулж үндэслэлгүй хөрөнгөжиж нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг, 493 дугаар зүйлийн 493.1,495 дугаар зүйлийн 495.1, 495.6- д заасан үндэслэлээр шаардан гаргуулах үндэслэлтэй юм.

...Нэхэмжлэгч ******* байрны үнэ болох 107,082,000 төгрөгийг бүрдүүлж өгөх гэж Төрийн банк дахь өөрийн хугацаатай хадгаламжинд байсан 70,000,000 төгрөгийн хадгаламжаа цуцалж мөнгөн хадгаламжийн хүү 15,067,500 /1 жил 9 сарын хүү/ төгрөгөөр, мөн өөрийн аав гийн хугацаатай хадгаламжинд байсан 38,000,000 төгрөгийн хадгаламжийг цуцалж 8,179,500 төгрөгийн хүүгээр, нийт 23,247,000 хүүгээр хохирсон.

Энэ орон сууцыг авах зориулалтаар Төрийн банкин дахь хугацаатай хадгаламжаа цуцлаагүй бол хадгаламжийн хүүгээр хохирохгүй байсан нь нотлох баримтаар харагдаж байгаа тул хариуцагчаас гаргах нь үндэслэлтэй юм. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

7.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******д холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дансаар шилжүүлэн өгсөн 107,082,000 төгрөг, мөнгөн хадгаламжийн хүүгийн алдагдал 23,247,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 9,000,000 төгрөг, нийт 139,329,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан боловч шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 9,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.

9.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “" ХХК ******* нарын хооронд байгуулагдсан байр захиалгын гэрээ хүчин төгөлдөр байгаа, нэхэмжлэгчээс дансаар шилжүүлсэн мөнгийг ******* хувьдаа авч завшаагүй, "" ХХК-ийн  бетон зуурмагийн үнэнд шилжүүлсэн. Энэ баримт хэрэгт авагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбар гарган маргажээ.

10.Анхан шатны шүүх хариуцагч *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******өөс 130,329,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн 9,000,000 төгрөг гаргуулахаас татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэсэн байна.

11.Дээрх шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ” ...нэхэмжлэгч *******гийн "" ХХК-тай байгуулсан Захиалгаар орон сууц бариулах гэрээний үүргийг өөрийн зүгээс биелүүлэх, гэрээг хүчин төгөлдөр болгох зорилго нь биелэгдсэн, мөнгө дамжигдсан ******* нь үүргээ биелүүлсэн. Иймд хариуцагч *******ийг нэхэмжлэгч *******д 107,082,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. ... орон сууц ашиглалтад ороогүй байгаа, нэхэмжлэгч нь тухайн орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан төлбөрийг төлөхдөө  өөрийн болон бусдын хадгаламжийг цуцлах, хадгаламжаасаа мөнгө авах үйлдэлд *******ий зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй, байр авах мөнгөө хэрхэн бүрдүүлэх нь нэхэмжлэгчийн өөрийн эрх хэмжээний асуудал. Хуулийн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хэргээс судлан үзвэл:

12.Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймаг, ,,,,, тоот, 2 өрөө, 59,49 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авах зорилгоор иргэн Д.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-8/

13.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь *******ий Хаан банкны тоот дансанд 20,000,000 төгрөгөөр 5 удаа, 7,082,000 төгрөгөөр 1 удаа нийт 107,082,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ХААН банкны шилжүүлгийн мэдээ, *******ий дипозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 9-12,118-126/

14.Мөн дээрх гэрээний зүйл болох орон сууцыг регистрийн дугаартай, иргэн Д.*******ийн барилгын ажлын захиалгын дагуу "Грийн таун" төслийг хэрэгжүүлж байгаа "" ХХК нь гүйцэтгэж уг барилгыг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа, уг 2 өрөө орон сууц нь "" ХХК, "" ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №01 тоот Бетон зуурмаг бартераар нийлүүлэх гэрээний дагуу шилжүүлэн өгсөн байр байх ба "" ХХК нь гэрээгээр тохиролцсон бараа материалаа бүрэн нийлүүлж дууссан болох нь хариуцагч талаас ирүүлсэн ХХК-ийн тодорхойлолт, "" ХХК-д *******өөс 90,000,000 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 104-106, 60-61/

15.Хариуцагч ******* нь Санхүүгийн зохицуулах хорооноос эрх олгосон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба тэрээр Д.*******ын захиалгын дагуу гүйцэтгэгч "" ХХК-ны барьж ашиглалтад оруулах Грийн таун хотхоны зуучлагчаар ажиллахаар 2022 оны 04 сарын 21-ний өдөр Төслийн зуучлалын гэрээг байгуулсан байна. /хх-ийн 40/

16.Орон сууц захиалан бариулах гэрээгээр байрны төлбөрийг гэрээний нэг тал болох Д.*******ын дансанд хийхээр тохиролцсон байх ба нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ий дансанд 107,082,000 төгрөгийг шилжүүлсэн, ******* нь уг гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг өөрийн дансаар авах эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд хууль болон гэрээгээр тохиролцсон үүрийн харилцаа үүсээгүй байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь *******ий дансанд шилжүүлсэн төлбөр 107,082,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

18.Харин анхан шатны шүүх байрны төлбөр бүрдүүлэхээр хадгаламжийн данснаас авсан 107,082,000 төгрөгийг хадгаламжийн хүүгээр тооцож мөнгөн хадгаламжийн хүүгийн алдагдал 23,247,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.” гэж, 493.6-д “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

Хариуцагч ******* нь бусдын эд хөрөнгийг шударга бусаар олж авсан этгээд тул эд хөрөнгийн үр шим, энэ хөрөнгөөс олсон орлогыг бүхэлд нь буцаан өгөх үүрэгтэй байна.

19.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

20.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 9,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

   1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  10 дугаар сарын 24-ний өдрийн 135/ШШ2024/01299 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад

“Иргэний хуулийн ...493 дугаар зүйлийн 493.6-д тус тус зааснаар” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 809,595 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

  

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ                                                      

                                            ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                                                                                         Г.МЯГМАРСҮРЭН