Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

                                             

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөлөгч: Б.Ц,

Шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А холбогдох 1835003370221 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 14-нд ... төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... оршин суудаг, дөрвөд ястан, урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, Увс аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, А.А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.А нь Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг дэвсгэрт байрлах Давсны уурхайд тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч А.А-ыг тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.А нь Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг дэвсгэрт байрлах Давсны уурхайд тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь гэрч Г.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би Давст сумын Торхилог багийн нутагт байрлах Давсны уурхайгаас давс олборлох зорилгоор 2008 онд "Ж" нөхөрлөл байгуулж 30 хүний гишүүнтэй юм. Уг нөхөрлөлийн даргаар би өөрөө ажилладаг юм. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээг нэг талаас Давст сумын Засаг дарга Ч.Т, нөгөө талаас “Ш” нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөрөл эзэмшигч "И" ХХК-ий гүйцэтгэх захирал Ц.Н, гуравдагч талаас "Ж" нөхөрлөлийг төлөөлж миний бие нар харилцан тохиролцож байгуулсан юм. Манай нөхөрлөлийн гишүүд давс олборлох үйл ажиллагааг 2018 оны 07 дугаар сарын эхээр эхлүүлж ажилласан. Манай нөхөрлөл бол давс олборлохдоо хөрс хуулах ажилд том экскаватор тракторыг ашиглаж, давс олборлох ажиллагааг гар аргаар олборлож байсан. Манай нөхөрлөл бол давс олборлохдоо тэсэрч дэлбэрэх бодис ашиглаж байгаагүй. Манай сумын Т багийн иргэн А.А, Ш.Г нар бол тэсэрч дэлбэрэх бодис ашиглах гэж байгаад цагдаад баригдсан талаар би сонссон. Нөхөрлөлийн гишүүд бол ажиллаж байсан. А.А, Ш.Г нар манай нөхөрлөлийн гишүүн биш.” гэх мэдүүлэг / хх-ийн 25-р тал /,

гэрч Ц.Ч-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Би 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Онцгой байдлын газарт Давст сумын Торхилог багийн нутагт байрлах давсны уурхайд гар аргаар давс олборлож байсан хүмүүс давсанд 9 нүх өрөмдөж тэсэрч дэлбэрэх бодис суурилуулж тэсэлгээ хийхэд бэлэн болсон байна гэж цагдаагийн газраас өгсөн дуудлагыг хүлээн авч Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэслэгч Е.Ж-ийн хамтаар очсон. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө цагдаагийн газрын ажилтнууд, Тагнуулын ажилтан, Хилийн 0245 ангийн ажилтан, аймгийн Байгаль орчны газрын ажилтан нарын бүрэлдэхүүнтэй тухайн газарт очиход Давсны уурхайд 9 цооногт тэсрэх бодисоор цэнэглэж тэсэлгээний ажилд бэлдсэн байсан. Уг 9 цооногт суурилуулсан тэсрэх бодисыг тэсэлгээ хийхгүйгээр аюулгүй болгох боломжгүй байсан учраас аймгийн Онцгой байдлын газрын дарга нарт мэдэгдэж уг 9 цооногт суурилуулсан тэсрэх бодисыг аюулгүй болгосон. 9 цооногт тэсрэх бодисыг бэлтгэсэн арга нь гэвэл чулуун давсанд 9 ширхэг нүхийг хоорондоо тодорхой хэмжээний зайтай өрөмдөж нүх гаргаад үйлдвэрлэлийн тэсрэх бодис болох азотын шүүг, модны үрдэс, дарьтай хольж цочир дамжуулах шижмээр холбосон байсан. Уг 9 цооног тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгохын тулд ахлах мөрдөгч, хошууч Б.Н-ийн хэргийн газраас хураан авсан тэслэгч 1ш, цочир дамжуулах шижим 10 м, асаах шижим 40 см-г хүлээн авч галын аргаар тэсэлгээ хийхэд тэсэрч дэлбэрч аюулгүй болсон. Хурааж авсан эд зүйлийг харахад дарийг дэвтэрийн цаасанд боож гадна талаар нь скочоор ороосон байсан. Азотын шүү нь торонд хийчихсэн байсан. Цочир дамжуулагч нь ягаан өнгөтэй /утас/, асаах шижим нь цагаан өнгөтэй /утас/ байсан юм. Эдгээр тэсэрч дэлбэрэх бодисыг тэсэлгээ хийх эрхтэй уул уурхайн компаниуд ашигладаг юм. Уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компаниудад байдаг. Иргэд худалдаж авахыг хориглодог юм. Хаанаас олж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Азот шүү нь үйлдвэрлэлийн аргаар хийдэг, тэсэлгээ хийхэд зориулагдсан, зөвхөн зөвшөөрлөөр авдаг бодис бөгөөд эрдэслэг бодис юм. Тухайн бодист Нитрат Ион NO3 найрлаганд байж болно. Дарь нь тэсрэх, тэсрэх бодист хүч нэмэгдүүлэх үүрэгтэй бөгөөд байлдааны болон  үйлдвэрлэлийн тэсэлгээнд тусгай хэмжээгээр хийж ашигладаг. Нитрат Ион NO3 химийн элемент нь азотын шoo, дарь зэрэгт бодисын найрлаганд ордог. Тухайн химийн элемент нь исэлдүүлэх үүрэгтэй химийн элемент бөгөөд ямар нэг бодист агуулагдсанаар тухайн бодисуудын хооронд химийн урвал явагдах үед бодисуудыг исэлдүүлнэ. Исэлдүүлэх зориулалт бүхий химийн элемент юм. Тухайн элемент нь тэсэлгээний болон хүнсний бүтээгдэхүүний найрлаганд ордог. Дарь, асаах шижим, цочир дамжуулах шижим, зэргийг байлдааны болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг. Азотын шүү нь үйлдвэрийн зориулалтаар ашигладаг бодис юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 26,  153-р тал/,

гэрч Ч.О-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны 09 цагаас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны 09 цаг хүртэл Давст сумын Торхилог багт байрлах хилийн 06 дугаар заставын жижүүрээр үүрэг гүйцэтгэсэн. Манай хилийн бүсэд Давсны уурхай байдаг бөгөөд тус давсны уурхай руу нэвтэрч байгаа хүн техник хэрэгслийг манай застав хянаж, бүртгэж оруулж гаргадаг. Давсны уурхай манай заставаас хойд зүгт 5 км зайд байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр давсны уурхай руу Давст сумын харъяат Б.М, Б.Б, Б.А, Д.Б, Б.Э, Б.Б, Д.М, Ц.Л, Ц.О гэх хүмүүс надад бүртгүүлж орж давс олборлох гэсэн сумаас авсан зөвшөөрөлтэй орсон. Намайг жижүүртэй байхад мотоцикльтэй хүмүүс орж гараад байсан. Нутгийн хүмүүс болохоор тэр бүр зогсоож бүртгээд байдаггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны  9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн үед миний төрсөн ах Л Улаангомоос өөрийн эзэмшлийн экстрал маркийн 28-03 УВХ улсын дугаартай автомашинтай ирээд давсны уурхайгаас авмаар байна, О та хоёр хамт яваад давс ачилцаад өгөөрэй гэхээр нь малаа орхиод Л, О бид гурав давсны уурхай руу явсан юм. Бид нар өдрийн 11 цагийн үед хилийн 06 дугаар заставт бүртгүүлээд давсны уурхай руу орсон. Давсны уурхай дээр очиход цагаан ачааны портер машинаар хүмүүс давс ачаад том машин ачиж байсан. Тэгээд бид гурав тэр хавийн хаягдал давснаас давс ачиж байхад цагдаагийн хүмүүс ирсэн. Бид нар анх ирээд зогсоход А, Г нар давсны уурхай дээр сууж байсан. Тэсрэх бодис илэрсэн хэсгийн ойролцоо овоолсон шороон дээр сууж байсан. Бид нар холоос мэнд усаа мэдсэн. Миний хувьд тэсрэх бодис хэн авч ирээд хадгалж, тэслэх гэж байсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,

гэрч Л.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 08 сараас хойш Давст сумын нутагт байрлах Ш гэх газрын давсны уурхайд үйл ажиллагаа явуулдаг "Жамц давсан уул" нөхөрлөлд гишүүнээр элсэж 1 сар орчим гар аргаар давс олборлож байна. 2018 оны  9 дүгээр сарын 27-ны өдөр бид олборлосон давсаа жижиг машинаар зөөвөрлөж дээшээ тэгш газарт зогсоосон. Ачааны машины чиргүүлд ачиж байтал цагдаа нар ирсэн. Тэд биднийг шалгаад биднээс зайтай байсан А гэх хүнийг тэсрэх бодис ашиглахаар суурилуулсан байсныг нь илрүүлсэн байсан. Би яг тэр газарт нь очиж тэсрэх бодисыг үзээгүй холоос харахад шар өнгийн утаснууд харагдаж байсан. Бид А-ыг уг газарт тэсрэх бодис суурилуулсныг мэдээгүй. Давсаа ачиж дуусгаад явах гэж байсан юм. А өдөр нь ганцаараа хөрсний шороо хүрзээр хуулж шидэж байгаа харагдсан. А нь манай нөхөрлөлийн хүн биш тул бид очиж уулзаагүй. Тэр өдөр түүнийг тэсэрч дэлбэрэх бодис ашиглахыг болон суурилуулж байхыг нь хараагүй. Тэр өдөр болон урьд өдрүүдэд тэсэлгээ хийгдээгүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

гэрч Т.Ж-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 3 пост шалгаад ирэх хооронд ийм асуудал болсон байна. Би ажил авснаас хойш постоор орох, гарах хөдөлгөөнд хяналтыг чангатгаж, шалгалтыг сайн хийж байсан. Мөн машин техникт шалгалт сайн хийж байсан. Энэ уурхайд нутгийн иргэд голдуу ажилладаг бөгөөд тэсрэх бодисыг манай постоор биш хулгайн замаар оруулсан байх гэж бодож байна. Бид уурхайн ажилчдыг 19 цагаас өмнө бүрмөсөн гаргаж, аюулгүй ажиллагаа хангаж ажиллах баталгаа гаргуулж авсан байгаа. Мөн ямар нэгэн хэрэг зөрчилгүй ажиллах талаар тогтмол зөвлөгөө өгч ажилласан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,

гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би уурхайд тэсрэх бодис ашиглаж тэсэлгээ хийснийг хараагүй, надад ямар нэгэн тэсрэх дэлбэрэх чимээ сонсогдоогүй, Харин давч ачиж байх үед өрөмний нүхтэй давс байсан. Тухайн үед гайхаж байсан. Мулдакны нүх гэхээр хэтэрхий эгц цэвэр цоолсон байхаар гайхаад өнгөрсөн.”  гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

гэрч Ш.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “А.А бид хоёрыг уурхайд ирэхэд ойролцоогоор 10 гаруй хүн ажиллаж байсан. Тэгээд А.А өрөм авч ирээд өрөмдлөг хийсэн. Надыг хийж чадахгүй юм чинь хол байж бай гэж хэлсэн. Холоос харж байхад өрөмдсөн нүх рүүгээ нунтаг зүйл хийж чигжиж байсан. А.А тэсэрч дэлбэрэх зүйлийг хаанаас авч ирснийг нь мэдээгүй, нэг харахад авч ирээд хийж байсан. Би хаанаас авч ирснийг асуугаагүй. Намайг хол байгаарай гэхээр нь холдоод явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

гэрч Ц.Л-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хоёр дүүгийнхээ хамт ирээд давс ачиж байхад УАЗ-469 машинтай цагдаагийн хүмүүс ирээд дуудахаар нь очиход тэсрэх бодис ашиглахаар бэлэн болгосон байсныг харсан. Түүнээс өмнө би хараагүй, мэдээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 сарын 27-ны өдөр Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутагт оршдог Шүдэн уул Давсны уурхайд ажиллаж байтал  орой 18 цаг өнгөрч байтал аймгаас цагдаа нар ирсэн. Тэгээд тэнд ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь дуудахаар нь яваад очтол А-ын давс гаргаж байсан талбай дээр байсан. А нь талбайгаа тэслэх гээд тэсрэх бодис хэрэглэх гэж байсан. Тэгээд цагдаа нар бид нарыг уурхайгаас гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

 

гэрч Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 09 сарын 27-ны өдөр Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутагт оршдог Шүдэн уул Давсны уурхайд давс гаргаж ажиллаж байтал орой 18 цаг өнгөрч байтал цагдаа нар ирсэн. Тэгээд тэнд ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь дуудахаар нь яваад очтол А давс гаргаж байсан талбайгаа тэслэх гээд тэсрэх бодис хэрэглэх гэж байсан. Тэгээд цагдаа нар бид нарыг уурхайгаас гар гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/,

гэрч Д.Н-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...А багаасаа давсны уурхай дээр өссөн. Түүний аав нь давсны уурхайд манаач, дизельчин зэрэг ажлыг насаараа хийсэн. А бол насаараа давсны уурхай дээр байсан болохоор тэсэрч дэлбэрэх бодисыг хэрхэн яаж тэсэлдэг байсныг харж байсан байх. Тийм болохоор тэсэрч дэлбэрэх бодисыг хэрхэн яаж тэсэлдэг талаар сайн мэдэх байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/,

гэрч А.Р-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Алтанням бол миний төрсөн дүү юм. Манай аав, ээж хоёр давсны уурхайд ажиллаж байсан болохоор бид нар багаасаа давсны уурхайд өссөн. Алтанням давсны уурхайд амьдарч байсан болохоор давс тэсэлж дэлбэлж байхыг харж байсан. Тийм болохоор тэсэрч дэлбэрэх бодисыг ашиглаж давс олборлож чадах байх. Яг тэсэрч дэлбэрэх бодисыг ашиглаж давс олборлож байхыг би хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/,

гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “А.А, Ш.Г нар нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зөвшөөрөл авах өргөдөл бичиж өгсөн. Манай сумын иргэд 1-2 хоногоор өвөлжилтийн бэлтгэл хангаж давс хужраа бэлтгэдэг, бичил уурхайн иргэд 5 хоногоор зөвшөөрөл авдаг. Харин А.А хөгжлийн бэрхшээлтэй иргэн учраас 4-5 хоногийн зөвшөөрөл олгооч гэсний дагуу 5 хоногийн давс бэлтгэх зөвшөөрөл олгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р тал/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / хх-ийн 9-10-р тал/,

Тэсэрч дэлбэрэх бодист үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-12-р тал/,

Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р тал/,

Эд мөрийн баримаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-р тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20-р тал/,

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 21-р тал /,

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн улаан шаргал өнгийн, зөөлөн хуванцар бүрээстэй 5 мм голчтой нарийн зүйл, цагаан өнгийн, зөөлөн хуванцар бүрээстэй 5 мм голчтой нарийн зүйлд нитрат ион /NOз / илрээгoй. Дэвтрийн цаас болон скочоор гадна талаар ороосон 2 ширхэг зүйлийг 1, 2 гэж дугаарлан, нийлэг ууттай ягаан өнгийн үрлэн хэлбэртэй бодис тус бүрээс нитрат ион /NOз-/ илэрч байна. Нитрат ион /NO3-/ нь тэсэрч дэлбэрэх бодисын найрлаганд ордог болно. Зориулалт, хэзээ хаана үйлдвэрлэсэн, дээрх зүйлсийг ашиглан давс олборлож болох эсэх, байлдааны зориулалтаар тэсэрч дэлбэрэх бодис мөн эсэх зэрэг нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй” гэх 10798 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-68-р тал/,

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн 65.7 см урттай, 5 мм диаметртэй, улбар шар өнгийн бүрээстэй гуурс бүхий зүйл нь тэсэлгээний хэрэгсэл болох цочир дамжуулах шижим байна. .Шинжилгээнд ирүүлсэн 15.7 см урттай, 5.5 мм диаметртэй, цагаан өнгийн бүрээстэй гуурс бүхий зүйл нь тэсэлгээний хэрэгсэл болох гал дамжуулах шижим байна. Шинжилж буй цочир дамжуулах шижим нь бялт буюу цахилгаан тэслүүрээс тэсрэх бодисын цэнэг, эсвэл тодорхой зайд нэг цэнэгээс нөгөөд детонаци дамжуулахад хэрэглэнэ. Шинжилж буй гал дамжуулах шижим нь бялт тэслүүрийн цэнэг оч дамжуулахад зориулагдсан. Шинжилгээнд ирүүлсэн тэсэлгээний хэрэгслүүдийг хаана үйлдвэрлэгдсэнийг тогтоох боломжгүй. Шинжилж буй цочир дамжуулах шижим, гал дамжуулах шижим зэрэг нь уул уурхайн тэсэлгээний ажил хийхэд зориулагдсан тэсэлгээний хэрэгсэл байна. Эдгээр шинжилж буй цочир дамжуулах шижим, гал дамжуулах шижим зэрэг нь байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, төхөөрөмж биш. Шинжилгээнд ирүүлсэн тэсэлгээний хэрэгслүүд болон бодисууд нь шинжилгээнд ирүүлсэн байдлаараа тэсэрч дэлбэрэх аюулгүй" гэх 6633 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-76-р тал/,

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээч нарын  “Шүү буюу нитрат ион / NОзˉ / агуулсан нэгдлүүд илэрч байгааг 10798 тоот дүгнэлтэд дурьдсан байна.  Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн бүрээстэй гуурс бүхий зүйл нь тэсэлгээний хэрэгсэл болох цочир дамжуулах шижим байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн бүрээстэй гуурс бүхий зүйл нь тэсэлгээний хэрэгсэл болох цочир дамжуулах шижим байна. Шинжилгээнд ирүүлсэн дэвтрийн цаасанд ороосон болон нийлэг ууттай мөхлөгт зүйлс нь уул уурхайн зориулалттай тэсрэх бодис байж болно.  Эдгээр бодисын уут хаяг шошго байхгүй тул хаана үйлдвэрлэсэн болохыг тогтоох боломжгүй.  Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь байлдааны зориулалтгүй, уул уурхай үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг. Шинжилгээнд ирүүлсэн цочир дамжуулах шижим утас нь тэсрүүлэгч /детонатор/-д гал дамжуулах үүрэгтэй, шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодис нь дангаараа тэсрэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд ирүүлсэн байдлаараа тэсэрч дэлбэрэх боломжгүй.  Уг асуултанд хариулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн: -Улаан өнгийн бүрээстэй утас мэт зүйлийн бүрээсний дотор цагаан өнгийн утаслаг зүйл болон цагаан нунтаг зүйл байсан ба уг цагаан өнгийн нунтаг зүйлээс дээж авч шинжилгээ хийхэд нитран ион / NO3- /, калийн ион /К+/ илэрч байна. Энэ нь калийн шүү буюу калийн нитрат /КNОз/-ийн агууламжтай байна. -Цагаан өнгийн бүрээстэй утас мэт зүйл нь 5 мм голчтой, 10 см орчим урттай, бүрээсний дотор цагаан өнгийн утаслаг зүйл болон хар өнгийн нунтаг зүйл байсан ба уг нунтагийн найрлагыг тогтоох техникийн боломжгүй байна. -Гялгар ууттай цайвар ягаан өнгийн бөөрөнхий үрэл мэт хэлбэртэй зүйлээс дээж авч, шинжилгээ хийхэд нитрат ион / NO3-/, аммони / NН4+/ ион илэрч байна. Энэ нь аммонийн шoo буюу аммонийн нитрат/ NH4 NOз/-ийн агууламжтай байна. -Цаасанд боосон цайвар шаргал өнгийн нунтаг зүйл 2 ширхэг /дотроо цагаан өнгийн үрэл мэт зүйлтэй/-ээс авч шинжилгээ хийхэд нитрат ион / NO3-/ илэрч байна. Аммонийн шүү буюу аммонийн нитрат / NН4 NO3/ калийн шoo буюу калийн нитрат / КNОз/ зэрэг бодисууд нь тэсэрч, дэлбэрэх бодисын гол найрлаганд ордог болно" гэх 545/418 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 157-160-р тал/,

шүүгдэгч А.А мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 8 дугаар сарын 20-нд Давст сумын Т багийн нутаг дэвсгэрт байрлах давсны уурхай руу хоолны давс авахаар очсон. Би Давсны уурхайн баруун талаас уулын амаар уурхай руу орж байхад замд эргийн ёроолд нэг шуудайтай зүйл байхаар нь сонирхож татаж үзэхэд дотор нь тэсрэх материал болох ягаан өнгийн тэсэлгээний утас, цагаан өнгийн гал дамжуулагч утас, дарь, бордоо, нэг ширхэг тэслэгч сум зэрэг зүйлс байсныг би авч яваад уурхайн ойролцоо газарт нууж орхисон. Би тэсэрч дэлбэрэх бодис олж авсан талаар ямар ч хүмүүст хэлээгүй. 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Шуурайгийн Г гэх миний хамаатан болох залуу ирж надад “Мөнгө байвал надад зээлдээч, хурим найр хийх болоод мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Би түүнд “Чамд зээлдэх мөнгө байхгүй, хоёулаа давсны уурхайгаас давс олборлож давсаа зарж мөнгө олъя” гэж хэлэхэд Г зөвшөөрсөн. Тэгээд би Давст сумын Засаг даргын орлогч А-гаас давс олборлох гарал үүслийн зөвшөөрлийг авсан. Г бид хоёр 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн давсны уурхайд ажиллаж эхэлсэн. Бид хоёр давсаа олборлохын тулд шороог гаргаж зайлуулаад  2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн үед давсны уурхай дээр очоод давс олборлох газартай очиж шороог шидэж цэвэрлэж, урд нь олж авсан тэсрэх бодисоор давс олборлохоор өөрийн авч ирсэн цахилгаан моторт цахилгаан өрмийг залгаж давсанд 9 ширхэг цооног ухаж дарийг жижиг хэмжээгээр дэвтэрийн цаасанд хийж, гадна талаар нь скочоор ороож, ягаан өнгийн цочир дамжуулагч шижим утсыг дарьтай холбож скочоор ороож өрөмдсөн нүх рүүгээ хийгээд араас нь бордоо /азотын шүү/-г хийчихээд дээрээс нь өрөмнөөс гарсан үрдэсийг хийж шигжиж тагласан. Нийт 9 ширхэг цооног гаргаж тэсэрч дэлбэрэх бодисыг дээрх аргаар суурилуулж цэнэглэсэн. Үлдсэн тэсэрч дэлбэрэх бодисоо тэр газраа орхичихсон байсан. Тэсэрч дэлбэрэх бодисыг цэнэглэж суурилуулахыг би өөрөө хийсэн. Г тэсрэх бодис хэрхэн яаж ашиглаж тэсэлгээ хийж давс олборлодог гэдгийг мэдэхгүй. Би өөрөө ганцаараа тэсрэх бодисыг тэсэлгэхэд бэлэн болгосон. Давсанд 9 цооногт тэсрэх бодис цэнэглэж орхиод 15 цагийн үед Г бид хоёр гэр рүүгээ явж хоол цайгаа уучихаад эргээд бид хоёр 16 цагийн үед давсны уурхай дээр ирсэн. Бид хоёрыг ирэхэд давсны уурхай дээр хүмүүс ажиллаж байхаар нь хүмүүсийг тарж явсны дараа тэсэлгээгээ хийх гээд хүлээж байтал цагдаа нар ирж тэсэлгээ хийх гэж байгааг мэдсэн. Цагдаа нар ирж байхыг хараад би тэслэгч сум 1 ширхэг, цагаан өнгийн гал дамжуулагч /асаах шижим/ хоёрыг ойролцоо нүх рүү шидэж, өрөмний хошуу нэг ширхэгийг давсны ангал нүх рүү хийж нуусан. Мөн үлдэгдэл ягаан утас / цочир дамжуулагч шижим/ бордоо, дарь, цахилгаан мотор зэргийг тэсэлгээ хийх гэж байсан газраа орхичихсон байсан. Цагдаа нарт нуусан өрөмний хошуу, тэслэгч сум, цагаан өнгийн гал дамжуулагч /асаах шижим/ зэргийг олж өгч мөн үлдэгдэл тэсрэх бодис, цахилгаан мотор зэргийг хураалгасан. Цахилгаан өрөмийг өдөр нь 15 цагт гэр рүүгээ явахдаа аваад явчихсан байсан. Намайг давсны уурхай дээр тэсрэх бодис суурилуулж байхыг тэнд ажиллаж байсан хүмүүс мэдээгүй. Тэд нар бид хоёроос холхон зайтай байсан юм. Давсны уурхай дээр Б.А, Б.М, Б, Б.Э, Б.Б, Д.М, Х, Л.Д нар хэсэг хэсгээрээ ажиллаж байсан. Би хар бага наснаасаа давсны уурхай дээр өссөн болохоор уурхай дээр ажиллаж байсан хүмүүс тэсэлгээ хэрхэн хийдэг байсныг харж мэдэж авсан. Миний аав давсны уурхайд дизельчин хийдэг байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээ давхар нотлогдож байгаа тул нотлох баримтаар үнэлсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд мөн.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “тэсэрч дэлбэрэх бодис” гэж тэсэлгээний хэрэгсэл, гадны үйлчлэлийн нөлөөгөөр агшин зуурын хугацаанд химийн урвалд орж, өндөр даралт үүсгэн дулаан ялгаруулах химийн нэгдэл буюу механик хольцыг” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тэсэлгээний хэрэгсэл” гэж тэсэрч дэлбэрэх бодисын тэсрэлтийг үүсгэх зориулалттай цэнэг агуулсан өдөөгч хэрэгслийг” гэж тус тус заажээ.

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 10798 дугаартай дүгнэлтээр шүү буюу азотын бордоо нь нитрат ион /NOз-/ агуулсан тэсэрч дэлбэрэх бодисын найрлаганд ордог бодис болох нь,

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 6633 дугаартай дүгнэлтээр 65.7 см урттай, 5 мм диаметртэй, улбар шар өнгийн бүрээстэй гуурс бүхий зүйл нь тэсэлгээний хэрэгсэл болох шижим дамжуулагч,  15.7 см урттай, 5.5 мм диаметртэй, цагаан өнгийн бүрээстэй гуурс бүхий зүйл нь тэсэлгээний хэрэгсэл болох гал дамжуулах шижим бөгөөд цочир дамжуулах шижим нь бялт буюу цахилгаан тэслүүрээс тэсрэх бодисын цэнэг, эсвэл тодорхой зайд нэг цэнэгээс нөгөөд детонаци дамжуулахад хэрэглэдэг. Цочир дамжуулах шижим, гал дамжуулах шижим зэрэг нь уул уурхайн тэсэлгээний ажил хийхэд зориулагдсан тэсэлгээний хэрэгсэл болох нь тус тус тогтоогдсон байна.

Иймд А.А-ын үйлдэл нь тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авч, хадгалсан гэх прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.А-д тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А-ын хувийн байдлын талаар гэрч А.Р-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... А бол миний төрсөн дүү юм. Бид нар эцэг эхээсээ зургуулаа бөгөөд А айлын отгон хүүхэд юм. Багаасаа хөдөө өссөн. Боловсрол гэх зүйл байхгүй. Гуравдугаар анги төгссөн. Цэргийн алба хаагаагүй. А нь 2011 онд гэр бүлтэй болж одоо эхнэр хоёр хүүхдийн хамтаар Давст суманд мал маллаж амьдардаг. Өөрт нь олон тооны мал байдаггүй. 60 гаруй бог малтай. Өөр ямар нэг хөрөнгө байхгүй. Зан аашийн хувьд төлөв даруу зантай. Хүнд тусархаг хүн юм, архи хааяа уучихдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/, гэрч Т.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би А-ын төрсөн эгчтэй гэр болсон хүргэн ах нь болох хүн юм. А нь жаахан архи уучихдаг. Архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй, мөрөөрөө явдаг, 3 дугаар анги төгссөн. Эхнэр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг. Том охин 5 настай, бага хүүхэд нь хоёр настай юм. Эхнэртэйгээ хоёулаа тодорхой эрхэлсэн ажилгүй, хөдөө багт мал маллаж амьдардаг. Өөрийн гэсэн 60 гаруй богтой, нэг эсгий гэртэй, өөр ямар нэг эд хөрөнгө болоод байх зүйл байхгүй. А нь төрөлхийн өрөөсөн хөл нь өвчтэй юм. Халамжаас тэтгэвэр авдаг. Ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. А нь өрөөсөн таягтай явдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р тал/,  гэрч Н.Т-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би А.А-тай 2013 онд танилцаад гэрлэсэн юм. Одоо манайх 2 хүүхэдтэй амьдарч байна. Манай нөхөр хүнд тусархаг төлөв даруухан ямар нэгэн элдэв зан ааш араншингүй хүн бөгөөд хааяа нэг буюу сард 1 удаа архи уудаг тамхи татдаг архи уусан үедээ ямар нэгэн элдэв зан ааш араншин гаргадаггүй гэр орондоо халамжтай хоёр хүүхэддээ халамжтай манай нөхөр хөл нь доголон учир халамжийн группт байдаг юм. Манайх 100 гаруй бог малтай, 1 тооны үхэртэй, 2 тооны морьтой юм аа. Манай нөхөр тэр талаар надад тийм зүйл хэлээгүй надад давсны уурхайтай холбоотой зүйлийн талаар юм ярьж хэлдэггүй юм аа.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р тал/, гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Манай багийн иргэн А.А ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг. А.А-ын амьдрал нь тааруу манай багийн айлуудыг дагаж нүүдэллэж, тэдгээр айлуудад тусалж амьдардаг юм аа. Өөрийнх нь зан харьцаа нь бол олон нийттэй харьцаж, хүнээс санал зөвлөгөө авч туршлага солилцож амьдардаг. Өөрөө хөгжлиин бэрхшээлтэй, нийгмийн халамжаас тахир дутуугын групп авч өөрийн өрхийн орлогоо залгуулж амьдардаг. Иргэн А.А нь бод бог мал нийлсэн 200 гаруй толгүй малтай, эхнэр нь ажил төрөлгүй хүүхдээ хараад гэртээ байдаг юм аа.” /хх-ийн 60-61-р тал/ гэх мэдүүлгүүд  болон Увс аймаг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 543 тоот албан бичиг, Автотээврийн төвийн 2018 оны 11 сарын 12 ны өдрийн 308 дугаартай албан бичиг, Увс аймгийн Давст сумын Торхилог багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 218 тоот тодорхойлолт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1029 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 7 ны өдрийн №70 дугаартай шийтгэх тогтоол, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №142 дугаартай шийтгэх тогтоол, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №128 дугаартай шийтгэх тогтоол, нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтэр №0904681, Увс аймгийн нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр  /хх-ийн 104, 106, 107, 110, 112, 114, 116-117, 120-121, 126-128, 172-174-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, бусдад учруулсан хохиролгүй байна.

 

Шүүгдэгч А.А-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хэрэгэт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан мотор /үүсгүүр/ 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг, өрөмний ир 1 ширхэгийг энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, давсны уурхайд гар аргаар давс олборлохдоо ашиглагдаг багаж болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч хууль  бусаар олж авсан, хадгалсан болох нь тогтоогдож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цочир дамжуулагч шижим 14 метр, гал дамжуулагч шижим 36 сантиметр, цаасанд боолттой дарь 8 ширхэг, азотын бордоо 1 кг-ийг  Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Чанарын шаардлага хангахгүй болсон, ашиглах хугацаа нь дууссан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээд нь тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн хяналтын төв байгууллага болон гамшгаас хамгаалах байгууллагын хяналтын дор устгана” гэж заасны дагуу устгуулахаар Увс аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч А.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д заасан тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д хорих ял оногдуулахгүйгээр 2  /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

 

3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цочир дамжуулагч шижим 14 метр, гал дамжуулагч шижим 36 сантиметр, цаасанд боолттой дарь 8 ширхэг, азотын бордоо 1 кг-ийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлж, цахилгаан мотор /үүсгүүр/ 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг, өрөмний ир 1 ширхэгийг шүүгдэгч А.А-д буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ