| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0066/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 67
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.И,
Шүүгдэгч: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д –д холбогдох 1935000650047 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 3-нд ... аймгийн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн ...багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н.Д нь Увс аймгийн Т сумын ... дугаар багийн нутагт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 16-35 УВЗ улсын дугаартай Хурд-150 загварын мотоцикль жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Д уг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Т сумын 2 дугаар багийн нутагт УВЗ улсын дугаартай Хурд-150 загварын мотоцикль жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.И-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр манай хүүхдүүд ирээд Д ахын гэр лүү явж байна гэхээр юу болсон талаар асуухад Б.О эгчийн даралт ихэссэн юм шиг байна, та хамт явах уу? гэхээр тэгье би хамт ороод охиноо хараад ирье гээд хүүхдүүдтэйгээ хамт аймаг ороод Нэгдсэн эмнэлэг дээр очиход манай хүргэн Н.Д, охин Б.О нар эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгээд Н.Д-гаас юу болсон бэ? гэж асуухад Н.Д бид хоёр шинийн нэгний орой Б ахын гэрт очоод буцаад явж байгаад мотоцикльтэйгээ унаад гэж хэлсэн. Одоо бие нь ямар байна гэхэд одоохондоо гайгүй байна гэж хэлсэн. Б.О аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатараас сумын төвд манай охин Д-ийн гэрт ирсэн. О хүнтэй юм яриад дараа нь дахиж асуухаар урьд нь ярьсан зүйлээ санахгүй байна гэж манай хүүхдүүд хэлсэн. Улаанбаатараас ирснээс хойш би очиж уулзаж чадахгүй, мал төллөөд завгүй ажил ихтэй байна. Надад гомдоод байх зүйл байхгүй адилхан хүүхдүүд учраас хэнд нь гомдож суух билээ дээ. Б.Од-ын бие сайн болж байвал өөр зүйл байхгүй. ... Манай охин Б.Огийн бие Улаанбаатар хотоос ирсэн хэвэндээ байгаа ухаан санаа нь гараад байна. Манай охин Б.Огийн бие Улаанбаатараас ирснээс хойш ирсэн хэвэндээ байгаа, ухаан санаа нь гарч ороод байгаа, нөхөр Н.Д эмчилгээ сайн хийлгэж байгаа, Аймгийн нэгдсэн эмнэлгийн уламжлалт тасагт эмчилгээ хийлгэж байгаад саяхан гарч ирсэн юм. Би Д-с нэхэмжлэх зүйл байхгүй. Б.О-гийн бие нь сайжирч, эрүүл саруул болж байвал бусад нь хамаагүй, манай охины бие нь бага багаар сайжирж байгаа тул надад нэхэмжлээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-19-р тал/,
гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед гэртээ байж байтал эмнэлэгийн эх баригч эмч Б манайд орж ирээд хөдөөнөөс дуудлага ирлээ явах шаардлагатай байна гэж хэлээд би гэрээсээ цүнхээ аваад эмнэлэгийн жолооч Н.Б, Б эмч нарын хамт дуудлаганд явсан юм. Бид 3 дуудлагандаа 01 цагийн орчим очиход Д гэж айлын эхнэр О нь ухаангүй, зүүн хацар нь зулгаралттай, зүүн хацар нь хавантай байсан юм. Би тэгээд О гэж хүнд тархины даралт буулгах, цус тогтоох, тархины цусан хангамж дэмжих, өвдөлт намдаах болон тайвшруулах, зүрхний үйл ажиллагаа, бөөлжилтыг зогсоох, судасны ханыг дэмжих, грилк тавих, давсганд катитар тавих зэрэг эмчилгээнүүдыг хийж өгсөн юм. Дээрх эмчилгээнүүдыг хийсэн боловч тухайн хүний биеийн байдал ухаангүй байсан тул Аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэдрэлийн тасгийн эмч Э болон гэмтлийн тасгийн эмч Б нараас зөвөлгөө авч эмчилгээ өгөхөд аймгийн 103-т дуудлага өг гэж хэлсний дагуу дуудлага өгөхөд 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн үед аймгийн гэмтлийн эмч Э-р ахлуулсан эмч нар ирээд О гэж хүнд тархины даралт буулгах эмчилгээ болон цус тогтоох эмчилгээ хийгээд Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү сумын эрүүл мэндийн төвийн пургон автомашинаар тээвэрлээд аваад явсан. Д гэж хүн эхнэр О мотоцикльтэй явж байгаад унасан гэж байсан юм. ...Тухайн үед Д нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг мэдэх боломж надад байгаагүй, О эм тариа хийгээд эмчилгээ хийж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 36-р тал/,
гэрч О.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед манай сумын Г залуу над руу яриад Д ах надруу яриад О эгч ухаан алдаад уначихсан гэж ярьлаа гэхээр нь яагаад ухаан алдсан юм бол гэхэд мэдэхгүй эгч чинь ухаан алдаад уначихсан байна, хурдан эмч авч гэж хэлээд утсаа тасалчихлаа, дахиад залгахаар утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Би тэр өдрийн жижүүр эмч Б-руу яриад хөдөөнөөс ухаан алдаад унасан хүний дуудлага ирлээ, чи хурдан яв гэж хэлээд явуулсан юм. Тэр шөнө Ц эмч надруу яриад ухаангүй хүн байна, тархины харвалт байж магадгүй гэж ярихаар нь чи тэгвэл мэргэжлийн эмч рүү яриад зөвлөгөө ав гэхэд Э эмч намайг зөөлөн тээвэрлээд төв рүү аваад ир гэж байна гэсэн. Чи төв гэж хаана байгаа юм бэ? гэхэд би өчигдөрийн дуудлаганд ирчихсэн байна гэхээр нь Ц эмчийг дуудлаганд явсаныг мэдсэн юм. Тэр өдөр Ц эмч надаас чөлөө аваад Д сум руу золголт хийгээд ирмээр байна оройтвол тэндээ хоноод ирнэ гэж байсан юм. Маргааш өглөө нь надруу Ц эмч ярихаар хүний бие ямар байна гэхэд ухаангүй байна, Э эмчтэй ярьсан чинь зөөлөн тээвэрлээд аймаг аваад ороод ир гэж байна гэхээр нь чи аймаг руу дуудлага өг гэж хэлээд аймаг руу дуудлага өгүүлээд тухайн хүнийг манай эмнэлэгийн пургон машинаар тээвэрлэж аймгийн эмнэлэгт хүргэсэн юм. Тэр өдөр Г надруу ярихдаа О эгч ухаан алдсан байна гэж дуудлага өгсөн. Зам тээврийн осолд орсон гэж дуудлага өгөөгүй. Г надруу ярьсны дараа би Д утас руу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
гэрч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эмнэлэг дээрээ жижүүртэй байсан юм. Орой 23 цагийн үед гэрт байж байтал надруу Б эмч яриад хөдөөнөөс хүнд дуудлага ирлээ, чи эртхэн явсан дээр, хүнд дуудлага байна их эмч Ц-г аваад яв гэж хэлэхээр нь жолооч бид хоёр Ц эмчийг аваад ах дүү нараас Г, С, С гэсэн 3 хүнийг аваад дуудлага өгсөн Д гэж айлд 01 цагийн үед очсон. Тэгээд гэрт нь ороход гэрийн зүүн талд эхнэр нь газар дээр хэвтэж байсан. Ц эмч бид хоёр анх үзэхэд гар хөл нь хүйтэн юм асуухад хариулахгүй гар хөлөө хөдөлгөхөөс өөр үйлдэл үзүүлж чадахгүй байсан юм. Тэгээд Ц эмч О гэж хүний гар, хөлд нь грилк тавьж, тархины цусан хангамж сайжруулах тариа, өвчин намдаах, шээсний картитар зэрэг эмчилгээ хийгээд аймгийн нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн, мэдрэлийн эмч нартай яриад О гэж хүний биеийн талаар танилцуулж байсан юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 06-ны өглөө хүртэл ажиглаад аймгийн эмч нартай яриад аймгийн 7045103 дугаарт дуудлага өгөхөд гэмтлийн эмч Э гэж эмч 13 цагийн үед ирээд О гэж хүнд тархины хаван буулгах тариа хийгээд энэ хүнийг аймгийн эмнэлэг рүү оруулах шаардлагатай байна гээд сумын пургон машинаар аймгийн эмнэлэгт авч ирсэн. Замд биеийн байдал нэг хэвийн байдалтай байсан муудсан зүйл гараагүй эмнэлэгийн гадаа ирээд Э эмч өөрөө О гэж хүнийг аваад орсон юм. О гэж хүнийг яагаад ийм байдалтай болсон талаар асуухад айлд золголт хийгээд буцаад явж байгаад мотоцикльтэй онхолдоод ийм байдалтай байна гэж нөхөр Д хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,
гэрч Н.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 06-ны 00 цагийн үед эмнэлэгийн дарга О.Б над руу залгаад хөдөө ухаан алдсан хүн байна гэж дуудлага ирлээ, хурдан яваарай гэж залгасан. Би машинаа аваад тухайн өдрийн Б эмч, Цо эмч хоёрыг аваад дуудлага өгсөн газар луу явсан. Бид нар шөнө 01 цагийн үед дуудлага өгсөн Д гэж айлын гадаа ирж зогсоход Б, Ц эмч хоёр машинаас эмнэлэгийн цүнхээ аваад орсны дараа би машиныхаа хаалга цоожлоод араас нь ороход эхнэр нь галыхаа дээд талд хэвтэж байсан юм. Би тэгээд эмч нараас яасан байна гэж асуухад даралт харвасан юм шиг байна гэж хэлээд тэр хүнд тариа хийгээд байсан юм. Тэгээд Ц эмч Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яриад тухайн хүний биеийн байдлын талаар утсаар яриад байсан юм. Тэгээд аймгийн эмнэлэг рүү дуудлага өгөхөд 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Аймгийн гэмтлийн тасгийн эмч ирж үзээд аймаг руу оруулах шаардлагатай юм байна гэж хэлээд миний машинаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд сумын төв рүү буцсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,
насанд хүрээгүй гэрч Д.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр аав, ээж хоёр Б ахынд очиж золгоод маргааш Улаангом орохоор бол хамт ороод ээжтэй золгоод хонохгүйгээр гараад ирмээр байна гээд орой 19 цагийн үед мотоцикльтэй явсан. Тэгээд орой 22 цагийн үед аав ганцаараа орж ирээд мотоцикльтэй явж байгаад унаад ээж чинь болохгүй байна гэж хэлээд утсаар сумын төв рүү эмнэлэг рүү дуудлага өгөөд аав, бид хоёр ээжийг авах гээд гэрээс гараад унасан газрыг нь хайгаад олохгүй болохоор аав намайг чи яваад Б ахын очоод мотоцикльтэй хүн аваад ир гэхээр нь би Б ахынд очоод аав ээж хоёр мотоцикльтэй явж байгаад унаад ээжийг хайгаад олохгүй байна мотоцикльтэй гэрэл тусгаад өгөөч гэхэд Б ахын эхнэр хүухэд бид гурав мотоцикльтэй гараад хайгаад явж байтал аав ээжийг олоод дээлээрээ ороогоод тэврээд сууж байхаар мотоцикпь дээр аав тэвэрч суугаад гэрт авч ирээд хөл гарыг нь дулаацуулаад байж байтал сумын эмч нар ирээд тариа хийгээд аймгийн эмч нарлуу яриад байсан юм. 2019 оны 02 дугаар сарын 06-ны 08-09 цагийн үед аймгийн эмнэлэгт дуудлага өгөөд өдөр 13 цагийн үед аймгийн эмч нар ирээд ээжид тариа хийгээд нэгдсэн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж хэлээд сумын пургон машинаар аваад явсан юм. ...Тухайн өдөр манай аав, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ба үнэртэхгүй байсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 24-25,34-35-р тал/,
гэрч Т.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “Д-гийн хүүхэд манайд ирээд ээж уначихлаа аав, бид хоёр хайгаад олохгүй байна танайхан мотоциклээрээ гэрэл тусгаад хайгаад өгөөч гэхээр нь би хүүхдээ босгоод мотоциклээ асаагаад гурвуулаа гэрэл тусгаж хайгаад явж байтал бид гурвын хойд талд гэрэл асах шиг болохоор нь яваад очсон чинь Д эхнэрээ олоол тэврээд сууж байсан юм. Д хэлэхдээ сумын эмнэлэгт дуудлага өгчихлөө хөдөлгөж болохгүй гэж байна гэхээр нь гадаа хүйтэн байхад яаж энд байлгаад байх юм манай хүүхдийн мотоциклийн ард эхнэрээ тэврээд суучих зөөлөн яваад танай гэрт хүргэе гэж хэлээд гэрт нь хүргэж ирээд байж байтал сумын эмнэлэгийн эмч нар ирээд тариа хийж байсан юм. Сумын эмч нар даралт байж мэднэ гэхэд нөхөр нь цагаан сарын өмнө ханиад хүрээд ханиадны эм ууж байсан гэж хэлсэн. Би тэгээд хүүхдээ дагуулаад гэртээ ирсэн. ... 2019 оны 2 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед манайд Д, эхнэр О нар ирээд нөхөр бид хоёртой золголт хийхэд Д-аас архи үнэртээгүй юм. Манай нөхөр архи хийж өгөхөд Д архийг уухгүй амсаад өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 30-31-р тал/,
гэрч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Д, О нар 19 цагийн үед ирсэн байх манайд ирээд эхнэр бид хоёртой золгоод та хоёр маргааш аймаг орохоор бол бид хоёрыг аваад орооч аймаг ороод ээжтэйгээ золгоод хонохгүй гараад ирмээр байна гэж байсан юм. Тэгээд би маргааш явахаараа аваад явъя гэж хэлсэн. Манайд хоол цай болоод бид хоёр одоо явлаа гээд гараад явсны дараа 00 цагийн үед унтах гээд хэвтэж байтал хаалга цохиод байхаар нь эхнэр хаалга тайлахад Д хүүхэд ээж, аав хоёр мотоцикльтэй явж байгаад унаад аав гэрт ирээд утсаар сум руу дуудлага өгөөд унасан газраас ээжийг хайгаад олохгүй байна, та мотоцикльтэй гэрэл тусгаад өгөөч гэхээр нь манай хүүхэд, эхнэр хоёр хамт явсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед эхнэр, хүүхэд хоёр ирээд мотоцикльтэй явж байгаад унасан гэж байна бид гурав мотоцикльтэй хайгаад явж байсан чинь гэрэл гарах шиг болохоор нь яваад очсон чинь Д эхнэрээ тэврээд сууж байхаар нь манай эхнэр хүүхдээ чи мотоциклээрээ гэрт нь хүргээд өг гэж Д ард нь суугаад тэврээд яв гээд гэрт нь хүргээд ирлээ гэж хэлсэн. ...Тухайн өдөр Д О нар манайд ирж эхнэр бид хоёртой золголт хийгээд үнсүүлэхэд ямар нэгэн архи үнэртээгүй тэгээд хоол цай болоод би архи хундаглаж өгөхөд Д О нарын аль аль нь миний хийж өгсөн архийг амсаад өгөөд байсан юм. Д нар манайд 19 цагийн үед ирээд 21 цагийн үед явсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 32-33-р тал/,
гэрч Б.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр шинийн нэгний орой 23 цагийн үед манай хүргэн ах Н.Д надруу залгаад эгчийн чинь бие муу байна хурдан эмч аваад хүрээд ир гэж хэлээд утас нь тасарчихаар нь Д ах руу залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Сумын эмнэлэг рүү залгахад Б эмч утас авахаар нь хөдөө Д ахын эхнэрийх нь бие муу байна, хурдан эмч авч ир гэж хэлээд утас нь тасарчихлаа гэхэд Б эмч рүү залгаад үз гэхээр нь Б эмч рүү залгахад би Улаангом суманд явж байна жижүүр эмчтэй яриад яв гэсэн. Тэр өдрийн жижүүр эмч Б руу залгахад машин бэлэн болчлоо одоо явья гэж хэлээд эмнэлэгийн машинтай явсан юм. Бид нар дуудлага өгсөн Д ахын гэрт шөнийн 01 цагийн үед очсон очсоны дараа эмч нар О эгчид эм тариа хийгээд Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү залгаад эмч нартай яриад зөвөлгөө аваад байх шиг байсан. Маргааш өглөө нь Аймгийн нэгдсэн эмнэлэгийн 7045103 дугаарын утсанд дуудлага өгөөд өдөр 13 цагийн үед ирээд аймгийн төв рүү оруулах шаардлагатай юм байна гэж хэлээд сумын пургон машинаар тээвэрлээд аваад явсан юм. ... Сумын эмч нартай Д ахын гэрт очиход Д ах архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Юу болсон юм бэ? гэхэд бид хоёр мотоцикльтэй явж байгаад уначихлаа гэж хэлсэн.Тэгээд таны бие зүгээр үү? гэхэд миний бие зүгээр О бие үз гээд байсан. Архи уусан шинж байгаагүй айсан сандарсан байдалтай байсан юм.”гэх мэдүүлэг /хх-ийн 37, 40-р тал/,
гэрч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Дуудлаганд очиход Б.О гэж хүн унтаарсан байдалтай орчиндоо харьцаагүй өвдөлтөнд гар хөлөө татсан зүүн талд хүүхэн хараа өргөсөн зүүн талын хацар, шанаа хэсэг хаван хавдартай байсан юм. Тэгээд би өвчин намдаах цус, тариа хийж Улаангом сум руу Т сумын эмнэлэгийн машинаар тээвэрлэж авч ирсэн юм. Тухайн хүн тархины эдийн няцрал, хүнд зэрэг цус харвалт, тархины тархмал мэдрэлийн эсийн тасрал гэсэн оноштой манай тасагт хэвтэж эмчлүүлсэн байна. Мөн Б.Огийн зүүн талын хацар ясны нумны хугарал гэсэн оноштой байна. Тухайн үед гэрт очиход ухаангүй хөдөлгөж болохгүй байсан тул бүтэн биеийн үзлэг хийж чадаагүй. Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт ирээд бүтэн биеийн үзлэг хийхэд хацар, шанаа хэсэгт хавдаж хавантай байсан ба бусад биеийн хэсэгт харагдах гэмтэл байгаагүй болно”гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,
гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.О нь ухаан санаа нь балартангуй, биеийн байдал хүнд, гар хөлөө савчсан, асуусан асуултанд хариулахгүй, амин үзүүлэлт нь тогтвортой, даралт бага байсан. Б.О нь манай тасагт хэвтэн эмчлүүлээд өөрөө босож бие засдаг, өөрөө хоол цайгаа уудаг болоод Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед Д нь эмчид үзүүлээгүй, эхнэр Огийн сахиураар байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/,
Шүүгдэгч Н.Д мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б ахын гэрт очиж золгоод маргааш аймаг явахаар бол бид хоёрыг аваад яв гэж хэлээд ирье гээд гэж хэлээд Б ахын гэрт очход 19 цаг болж байсан эхнэр бид хоёр Б ах, эхнэр хоёртой золгоод хоол цай хийж өгөөд тэр хоёртой юм яриад сууж байгаад маргааш өглөө та хоёр аймаг орох уу орохоор бол эхнэр бид хоёрыг аваад яваач манай машин мостгүй болоод цасанд явахгүй байна гэхэд Б ах би маргааш аймаг явна явахдаа танайхаар дайраад та хоёрыг аваад явна гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр Б ахын гэрээс гараад мотоциклоороо хөдлөөд явж байхад манай эхнэр миний толгой өвдөөд байна гэхээр нь удахгүй гэрт очлоо гэрт очоод эм уучих гэж хэлээд явж байтал газрын гуу жалга шиг юм харагдаад сүүдэр шиг юм тусаад байхаар нь сүүдэр тусаж байсан газрын доод талаар нь гарах гэтэл мотоциклийн урд дугуй чулуу мөргөхөд эхнэр ар талын суудлаас миний дээгүүр даваад явчихсан юм. Тэгээд би газар дээрээс босоод ирэхэд эхнэр миний хэвтэж байсан газраас хоёр, гурван алхамын зайтай, мотоцикль миний боссон газраас нэг алхамын зайтай байсан. Тэгээд би эхнэр дзэрээ очиход манай эхнэр ухаан алдсан байдалтай байхаар нь би эхнэрээ сэрээх гэж 30-40 минут оролдоод сэрэхгүй болохоор өөрийн өмсөж байсан дээлээ тайлаад эхнэр дээрээ тавиад гэр лүү гүйгээд гэрт орж ирээд авдар дээрээс утас аваад ээж бид хоёр чинь мотоцикльтэй явж байгаад уначихлаа гэж хэлэхэд манай том хүү, бага хүү хоёр гараад гүйсэн юм. Би гэрээс гарахдаа нэг дээл аваад гараад гүйж явахдаа эхнэрийн дүү Г руу залгаад эгчийн чинь бие муу байна, эмч аваад хурдан гараад ир гэж хэлээд хаана унасан газраа олохгүй гүйж байтал манай нохой доошоо эргээд гүйхээр нь араас нь яваад очиход эхнэр маань байсан юм. Удалгүй мотоциклийн гэрэл гарахаар нь гар утасныхаа гэрэл асаагаад дуудахад Б ахын эхнэр, Б ахын хүүхэд, манай хүүхэд Г 3 ирээд Б ахын эхнэр юу болсон юм бэ? гэхээр нь бид хоёр мотоцильтэй явж байгаад уначихлаа, О ухаангүй байх шиг байна, одоо яах уу? хөдөлгөж болохгүй байхдаа гэхэд эндээс авч явахгүй бол болохгүй энд байгаад байвал хөлдөнө гэхээр нь Б ахын хүүхдийн мотоцикль дээр эхнэрээ тэвэрч суугаад гэрт ирэхэд манай бага хүүхэд гал түлчихсэн байсан би эхнэрээ галын дээд талд газар дээр хэвтүүлээд бүлээн цай эхнэрт амны халбагаар өгөөд гар хөлийг нь дулаацуулаад байж байтал сумын эмч нар ирж үзээд “энэ хүнийг хөдөлгөж болохгүй” гэж хэлээд эм тариа хийгээд аймгийн эмч нартай ярьж зөвөлөгөө заавар аваад эм тариа хийгээд энэ шөнө ингээд хононо гэж хэлсэн юм. Би сумын эмчээс манай эхнэр унтаж байна уу? гэж асуухад “унтахгүй байна, энэ хүн ухаангүй байна” гэж хэлсэн. Маргааш өглөө сумын эмч Ц Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү ярьж дуудлага өгөөд өдөр 13 цагийн үед аймгийн эмч ирээд үзлэг хийгээд эм тариа хийгээд нэг шингэн хийгээд одоо энэ хүнийг аваад явахад болно та нар зөвшөөрч байна уу? гээд бид нараас асуухаар нь бид нар зөвшөөрч байна гэж хэлээд сумын эмнэлэгийн пургон машинаар тээвэрлээд Аймгийн нэгдсэн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасаг шууд орж ирээд хэвтүүлсэн юм. Сэхээний тасаг манай эхнэр 4 хонот хэвтээд ухаан ороод гэмтлийн тасагт шилжээд 14 хоног хэвтэн эмчлүүлсний дараа эмч нараас би эхнэрээ аваад Улаанбаатар хот руу авч яваад нарийн шинжилгээнд оруулж болох уу? гэхэд одоо аваад явхад асуудал байхгүй, харин эмч авч явах шаардлагатай гээд 2019.02.26-ны өдөр гэмтлийн тасагаас Э гэж эмчтэй хамт Улаанбатар хот руу нисээд шууд гэмтлийн эмнэлэгт очиж 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэхэд манай эхнэрийг хагалгаа хийх шаардлгагүй тархинд нь цус харвасан шимэгдэлийн эмчилгээ хийлгээд зүгээр болно гэж хэлсэн юм. Эхнэр бид хоёр Улаанбаатараас 2019.03.10-нд ирсэн юм. Одоо манай эхнэр О юм түшээд ганцаараа явдаг өөрөө хоол цайгаа бариад уудаг хэмжээний болсон. Ухаан санаа нь орж гараад чи, бид хоёр яасан билээ гэж асуухаар яасан юм гээд хэлсэн зүйлээ санахгүй байгаа. Сэргээн засах эмчилгээ хийх шаардлагатай гэж хэлсэн юм. Улаанбаатар хотоос ирээд эмнэлэгт 5 хоног, Нэгдсэн эмнэлэгийн уламжлалын тасагт 10 хоногийн сэргээн засах эмчилгээ хийлгээд одоо гадуур байна. Тухайн өдөр би гэрээс гараад хадам ээжийн гэрт очоод баз хүргэн Т.Б гэрт, Б ахын гэсэн гурван айлаар орж золголт хийхдээ архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би гэм буруугаа ойлгож харамсаж байна.” гэх мэдүүлэг,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5-р тал/,
- Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7-р тал/,
- Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р тал/-үүдээр нотлогдож байна.
Замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Хурд-150 маркын УВЗ улсын дугаартай мотоциклийн жолооч Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн -3.4.в-д зааснаар “мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, -12.2 дахь хэсэгт зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолоочийн өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 дахь хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна.” гэх 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56-р тал/-ээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон бөгөөд шүүгдэгч дээрх заалтыг зөрчсөний улмаас хохирогч Б.О мотоциклоос шидэгдэж, эрүүл мэндэд нь хохирол учирсан байна.
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 171 дугаартай “Б.О биед гавал тархины хүнд хэлбэрийн няцралт, тархины цус харвалт, зүүн талын хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хацар нүүрний хэсгийн зулгаралт зэрэг гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 48-49-р тал/, хохирогч Б.О өвчний түүх №10/720 /хх-ийн 86-98-р тал/-ээр шүүгдэгч Н.Д нь Хурд-150 загварын мотоцикль жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.О эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндийг хохироосон байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхитэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхитэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол хүнд учруулах гэмт хэргээс ялгагдана.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Н.Д нь Хурд 150 загварын УВЗ улсын дугаартай мотоцикль жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хор уршигт хүргэсэн байх тул Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Д нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүлл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.И мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Би Даас нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Огийн бие нь сайжирч, эрүүл саруул болж байвал бусад нь хамаагүй, манай охины бие нь бага багаар сайжирж байгаа тул надад нэхэмжлээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Н.Д-с гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Д-гийн хувийн байдлын талаар Автотээврийн төвийн 2019 оны 04 сарын 02 ны өдрийн 93 дугаартай албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/318 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 74, 78-80, 69, р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Д-гийн 361706 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Н-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Н.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.
3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Д-гийн 361706 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.О-д даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ