Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1544

 

Ү.**ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00363 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ү.**ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “**” ТӨААТҮГ-т холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, өмгөөлөлийн үйлчилгээний хөлс гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.**

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.**, Д.**

Хариуцагчийн өмгөөлөгч: С.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би "**" ТӨҮГ-т 2014 оны 9 сард загвар зохион бүтээгчээр ажилд орсон. 2015 оны 10 сард намайг ээлжийн амралтаа ав гэсний дагуу 2014-2015 оны ажилласан жилд ногдох хугацааны ээлжийн амралтаа авсан. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа буцаж ортол эд хөрөнгийн хариуцлагын акт танилцуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний ажил үүргийн хувьд Б/161 тоот тушаалын үндэслэл болсон ажил олгогчийн итгэлийг эвдсэн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байтал ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчиж, миний эрх ашгийг ноцтой хохироож байна.

Байгууллагад учруулсан хохирол гэж үзэж тогтоосон акт нь ямар үндэслэлээр тогтоож байгаа нь тодорхойгүй, актыг надад тохоон цалингаас суутган авч байгууллагын хохирлыг барагдуулсан боловч акт тогтоох тухай тушаал шийдвэр танилцуулаагүй, тухайн актаар тогтоогдсон хохирол гэж үзээд байгаа үлгэр загвар нь туршилтын эх загвараар хийгдэж эхэлж байсан ба размер тогтоож амжаагүй байхад үйлдвэрлэлийн удирдлагын шийдвэрээр эсгүүрчин н.Ариунжаргал үйлдвэрлэлд оруулж захиалгат хувцас хийж засвар гаргасан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх зүйлд зааснаар "ажил олгогч надад ажлаа дуусгах нөхцөлийг бүрдүүлээгүй" энэхүү үлгэр эх загварыг дуусгах, размер, ростыг тогтоох хугацааг загвар зохион бүтээгч надад олгоогүй хэрнээ надад тулган шаардаж хохирол тогтоон акт дээр гарын үсэг зуруулсан. Гэвч миний бие байгууллагын удирдлагын тулган шаардснаар акт дээр гарын үсэг зурж байгууллагын хохирлыг барагдуулсан байхад намайг ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Би тус үйлдвэрт загвар зохион бүтээгчээр 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж хөдөлмөрийн сахилга шийтгэлийн арга хэмжээ авч байгаагүй. Мөн дээр дурдсанчлан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний ээлжийн амралтыг олгосон боловч ажил олгогчийн давуу байдлаа ашиглан ээлжийн амралтын тушаал, шийдвэрийг танилцуулаагүй, ээлжийн амралтын олговрыг олголгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл заалтыг хэрэгжүүлээгүй өнөөг хүрч байна.

"**" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлагдсантайгаар холбогдон 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар шинэчилж байгуулсан. Энэхүү Хөдөлмөрийн гэрээний 4.5-д Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан, ноцтой зөрчил гаргасан тохиолдод ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тусгасан. Мөн гэрээний 4.6-д хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлүүдийг заасан. Миний хувьд тус гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаагүй. Иймд миний тус "**" ТӨҮГ-ын 2015 оны Б\161 тоот Ажлаас чөлөөлөх тушаал хуульд нийцэхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тус үйлдвэрийн хүний нөөц хариуцсан ажилтнаас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөртэйгөө холбоотой тушаал шийдвэр, дотоод журам, хуучин хөдөлмөрийн гэрээ акт тогтоосон баримтын хуулбарыг өгөхийг хүссэн боловч байгууллагын нууцад хамаардаг гээд өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Ийнхүү ажил олгогчийн эрх мэдлийг хэтрүүлсэн үйлдлийг удаа дараа гаргаж байгааг хянан шийдвэрлэж миний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Загвар зохион бүтээгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/161 тоот ажлаас чөлөөлөх, ажил хүлээлцэх комисс байгуулах тухай тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл юм. Өмгөөлөлийн үйлчилгээний хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "**" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/116 тоот тушаал нь холбогдох эрх зүйн үндэслэлтэй гарсан болно. Загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан Ү.**ын ажлын байрны тодорхойлолтын гол үүрэгт цэргийн албан хаагчдын дүрэмт хувцас хэрэглэлийн хувцасны эх үлгэр загварыг гаргах, хувцасны үлгэр, техникийн баримт бичгийг бүрдүүлж боловсруулан, размер, рост бүрээр нь эталон (үндсэн загвар) болон ажлын үлгэрийг хувилж олшруулан бэлтгэх чиг үүрэгтэй. Түүнчлэн ажлын байрны зорилтын хүрээнд үйлдвэрлэл тасаг тухай бүрт шаардагдах стандартын шаардлага хангасан үлгэрийг цех тасгуудад олгож, үлгэрээр тасралтгүй хангахад чиглэсэн байдаг боловч эдгээр үндсэн үүргүүдээ биелүүлээгүй болно. Ажлын байрны тодорхойлолтын дагуу хийгдээгүй, биелэгдээгүй, шаардлага хангагдаагүй ажлуудын талаар дараах тайлбаруудыг гаргаж байна.

Нэгдүгээрт,  Ү.** нь цагдаагийн эмэгтэй китель, юбка загварын үлгэрийг гаргаж чадахгүй 9 сарын хугацаа зарцуулсан нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар үүсгэсэн. Хоёрдугаарт, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлдэггүй. Гэтэл дээрх цагдаагийн эмэгтэй китель, юбканы загварыг ахлах загвар зохион бүтээгч Ш.**, загвар зохион бүтээгч н.Цэрэнлхам нарт үүрэг өгч шинээр үлгэр гаргахад 2 хоногийн дотор шинэ загварыг гарган нэвтрүүлсэн. Үүнээс дүгнэхэд Ү.** нь ажилдаа хариуцлагагүй, мэргэжлийн ур чадвар дутуу буй нь тодорхой байна. Гуравдугаарт, технологич инженер Н.** нь Ү.**д үлгэр загвар нь Цагдаагийн ерөнхий газраас өгөгдсөн хувцасны стандарт хангахгүй байгаа талаар удаа дараа шаардлага тавихад хүлээж авдаггүй, төрийн үйлчилгээний албан хаагчийн харьцааны соёлгүй, ёс зүйн дутагдалтай ажилтан байсан нь Үйлдвэрийн албаны удирдах ажилтнуудын санал, хүсэлт шаардлагаар тодорхойлогддог.

Нэхэмжлэгч дараагийн гомдолдоо 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ээлжийн амралтыг олгосон боловч ажил олгогч өөрийн давуу байдлаа ашиглан ээлжийн амралтын олговрыг олголгүй хууль зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаар үйлдвэрлэлийн албаны хурал дээр ярилцаж асуудлыг 2 талаас нь хэлэлцсэн талаар хурлын тэмдэглэл бий. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ү.**ын Цагдаагийн ерөнхий газрын ахмад н.Лхагвадуламын дан кителийн эх загварыг алдаатай гаргасан телбөрт 78 466 төгрөгийн акт, 3 размер хувцасны загвар буруу гаргасны материалын төлбөрт 238 398 төгрөг, нийт 2 актаар 313 864 төгрөгийн акт тавигдсан. Цагдаагийн ерөнхий газрын хувцасны албаны мэргэжилтэн н.Баялагмаа, технологич инженер н.**, чанар нормчлолын инженер н.**, ахлах загвар зохион бүтээгч н.**, загвар зохион бүтээгч н.** нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газарт очиж хувцасны үлгэр загварыг үзүүлж батлуулах гэхэд удаа дараа буруу байна гэж буцаасан нь Ү.** ажпын шаардлага хангагдаагүй байдлыг тодорхойлж байна гэж үзэж байна. Тэрээр 313 864 төгрөгийн актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан атлаа түүний гарыг барьж байгаад ямар нэгэн хүч хэрэглэн айлган сүрдүүлэн дарамтлаж байгаад зуруулсан юм шиг үндэслэлгүй зүйл бичжээ. Уг актаар баталгаажсан төлбөрийг төлж барагдуулахгүй нөхцөлд үйлдвэрийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандах болно. Нэхэмжлэгч гомдолдоо ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дэх заалтыг зөрчиж тэтгэмж олгоогүй гэж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй гомдол байна. Ү.**ын асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Үйлдвэрлэлийн албаны хурлаар Ерөнхий захирал, Үйлдвэрлэлийн албаны дарга, технологич, ахлах загвар зохион бүтээгч, эсгүүрийн тасгийн мастер, эсгүүрчин зэрэг удирдах болох гүйцэтгэх албан тушаалтан, загвар зохион бүтээгч н.** нарыг оролцуулан хэлэлцүүлж түүнийг ажлын хариуцлага алдсан, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч нь ажилд эргүүлэн томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны мөнгөө нэхэмжилнэ гэж бичсэн боловч мөнгөн дүн тодорхойгүй байна. Хэрвээ дээрх мөнгийг нэхэмжилж байгаа юм бол түүний үнийн дүнг тодорхой бичиж түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Хувь хүн өмгөөлөгчид хандаж эрх зүйн туслалцаа авах эсэх нь зөвхөн өөрийнх нь эрхийн асуудал тул уг хохирол гэгчийг нь байгууллагаас олгох ямар ч үндэслэлгүй болохыг анхааралдаа авах нь зүйтэй гэж үзэж байна. "**" ТӨҮГ-ын Ерөнхий захирал эрх мэдлээ хэтрүүлж, хуулийн үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэх боломжгүй тул Ү.**ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү.**ыг "**" Төрийн өмчит үйлдвэрийн газрын загвар зохион бүтээгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 808 598 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ү.**д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар "**" Төрийн өмчит үйлдвэрийн газраас өмгөөлөлийн үйлчилгээний хөлс гаргуулах нэхэмжпэлийн шаардлагаасаа Ү.** татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү.**ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч "**" Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч "**" Төрийн өмчит үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 91 887 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагч талын тайлбар, шүүхийн шийдвэрт бичигдсэнчлэн "нэхэмжлэгч нь цагдаагийн эмэгтэй китель, юбка загварын үлгэрийг гаргаж чадахгүй 9 сарын хугацаа зарцуулсан нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар үүсгэсэн, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд биелүүлдэггүй, ажилдаа хариуцлагагүй, мэргэжлийн ур чадвар муу, төрийн үйлчилгээний албан хаагчийн харилцааны соёлгүй, ёс зүйн дутагдалтай, Цагдаагийн ерөнхий газрын ахмад Лхагвадуламын кителийн эх загварыг алдаатай гаргасан" гэсэн ноцтой зөрчлүүдийг гаргасан тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөр болсон. Дээрх зөрчлүүд нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь төлбөр тогтоосон актаар тогтоогдож, үүнд нэхэмжлэгч гарын үсэг зурсан байдаг ба нэхэмжлэгч гарын үсэг зураагүй гэж тайлбарладаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хийгдсэн 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр өөрийнх нь гарын үсэг болох нь нотлогдсон байдаг.

Гэтэл шүүхээс шийдвэртээ хэдийгээр зохигч талуудын маргаж буй үйл баримт болсон гэдэг нь тогтоогдож байгаа боловч Ү.**ыг ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна гэжээ. Энэхүү дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зөрчил байгаа нь тодорхой байтал ямар үндэслэлээр ноцтой гэж үзэхгүй байгаа талаар тодорхой тайлбарлаагүй байна.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4.2-т зааснаар ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэл ноцтой зөрчилд хамаарахаар байна. Түүнчлэн дээрх тогтоолд зааснаар тухайн ажилтны гүйцэтгэх үүрэг, ажлын онцлогоос хамааруулан ямар төрлийн зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулах талаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан нэрлэн заах шаардлагатай байгаа бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг болон Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.8-д заасны дагуу манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулан үзэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн зүйлгүй бөгөөд хууль зүйн үндэслэл бүхий тушаал юм.

"**" ТӨҮГ нь Монгол Улсын **, ** болон бусад хүчний байгууллагуудын хэрэгцээт дүрэмт хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэх, дүрэмт хувцас хэрэглэл олон улсын чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх, Батлан хамгаалах салбарын хүрээнд дайчилгааны даалгавар хүлээх онцлогтой ажилладаг үйлдвэр юм. Санхүүжилтийн хувьд олсон орлогоороо зардлаа нөхөж аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайн жилийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд захиалагч байгуулагуудад зарлагдсан худалдан авах ажиллагааны тендерт оролцож өрсөлдөөний журмаар үнийн саналаараа ялсан тохиолдолд дүрэмт хувцас үйлдвэрлэн нийлүүлэх хугацаатай гэрээ байгуулан ажилладаг. Загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан Ү.**ын хувьд ажил үүргийн хуваарийн дагуу "цэргийн албан хаагчдын дүрэмт хувцас хэрэглэл болон үйлдвэрлэлд орж буй захиалгат хувцасны эх үлгэр загварыг гарган, үлгэрийн иж бүрдлийг бүрдүүлж, техникийн баримт бичгийг бүрдүүлж боловсруулан, размер, рост бүрээр нь эталон ба ажлын үлгэрийг хувилж олшруулан бэлтгэх чиг үүрэгтэй. Мөн үндсэн зорилтын хүрээнд: Үйлдвэрлэлд тухай бүр шаардагдах стандартын шаардлага хангасан үлгэрийг цех тасгуудад олгож, үлгэрээр тасралтгүй хангах чиг үүрэгтэй." Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаартай Бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу хугацаа нь 6 сарын дотор үйлдвэрлэн нийлүүлэх дүрэмт хувцас байсан боловч Ү.** нь хувцасны загвар, үлгэрийг гаргаж чадахгүй 9 сарын хугацаа зарцуулсан бөгөөд тухайн үлгэр нь чанарын шаардлага хангахгүй үлгэрийг буруу хийсэн, Цагдаагийн ерөнхий газраас удаа дараа гологдол ирсэн учир загвар үлгэрийг өөр хүнээр шинээр хийлгэсэн. Ү.**ын ажлын хариуцлагагүй байдал нь байгууллагад үргүй зардал гаргаж ноцтой зөрчил гаргасан учир хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох шийдвэр гаргасан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр дээрх тушаалыг гаргасан. Гэтэл шүүх хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан хэдий ч Ү.**ын гаргасан зөрчил уг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй, мөн шүүх хохирлыг цалин дээрээс төлсөн байна гэж буруу дүгнэлт хийсэн. Цалин дээрээс нь төлөөгүй юм.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаагаар бодож нийт 4 800 598 төгрөг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэг удааширсан хугацаа нь нэхэмжлэгч талын шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан буруутай үйл ажиллагааны улмаас шалтгаалсан бөгөөд хариуцагч талын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй болно. Иймд дээрх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг манай байгууллагаас гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ү.** нь байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулж түүндээ акт тогтоолгож хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн ажлын ур чадвар ёс зүйн хувьд тухайн албан тушаалдаа ажиллах чадваргүй хүн гэдэг нь Үйлдвэрлэлийн албаны хурлын протоколоор тогтоогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргээлзэгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна..

 

Нэхэмжлэгч Ү.** нь хариуцагч “**” ТӨҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, өмгөөллийн үйлчилгээний хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“**” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/161 дүгээр тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт заасныг баримтлан загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан Ү.**тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч Ү.** нь Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар хийгдэх ажлын хүрээнд дан кителийн эх загварыг алдаатай гаргаж, байгууллагад хохирол учруулсан болох нь түүний гарын үсэг зурсан төлбөрийн баримтаар тогтоогдсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд чөлөөлөх үндэслэл болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.6 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг зогсоохоор ноцтой зөрчил буюу байх ба ажилтан нь байгууллагын эд хөрөнгө, тоног төхөөрөмж эвдэж, устгаж, гэмтээж, хувьдаа завшсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцлага алдаж, байгууллагад хохирол учруулсан нь ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт ажилдаа хариуцлагагүй хандсанаас өмч хөрөнгийг үрэгдүүлж үргүй зардал гаргасан ажилтанг ажлаас халах хүртэл хариуцлагын арга хэмжээ авахаар заасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/161 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тул ажилтныг загвар зохион бүтээгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаан цалин хөлстэй тэнцэх олговорт 4 808 598 төгрөгийг хариуцагч “**” ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Ү.**д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлсэн нь хариуцагчаас ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг олгохгүй байх үндэслэл болохгүй тул хариуцагчийн энэ талаар гарагасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “**” ТӨҮГ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА