| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Оюун |
| Хэргийн индекс | 116/2017/0009/З |
| Дугаар | 10 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 10
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... байрлах, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн захирал Ц.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, түүний өмгөөлөгч Ц.*******, хариуцагч Хэрлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэрлэн сумын Тамгын газарт зохион байгуулагдсан газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд оролцож, 8 дугаар багийн нутаг дэвсгэр төмөр замын хойд талд байршилтай 4 га /40000 м2/ газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмших эрх авсан.2016 оны 05 дугаар сарын 09-нд А/22 тоот албан бичгээр Шатахуун түгээх станц, нефть бүтээгдэхүүний агуулахын зориулалтаар газрын зориулалт өөрчлүүлэх хүсэлтийг гаргаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэсний дагуу, Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/28 тоот захирамжаар газрын зориулалт өөрчлөгдөж, Нефть бүтээгдэхүүний агуулах, ШТС-ын зориулалтаар газар эзэмшиж байсан болно. Гэтэл Хэрлэн сумын Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/74 тоот захирамж гарган манай компанийн эзэмшиж байгаа 4 га /40000 м2/ газрын захирамжийг үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гарган хүчингүй болгосон. Манай компани дээрхи газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа бөгөөд тус газар дээр 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалтын ажил 65 хувьтай явагдаж байна. Эдийн засгийн хямралтай энэ үед энэхүү ажлыг амжилттай дуусгаж, ашиглалтад оруулснаар орон нутагтаа 20 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, шатахууны үнийг тогтвортой байлгах, цаашилбал нефть бүтээгдэхүүний үнийг буулгах, татварын орлого төвлөрүүлэх зэрэг олон эерэг талууд гарах болно.
Иймд Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/74 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэрлэн сумын Тамгын газарт газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд оролцож, Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу төмөр замын хойно 4 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмших болсон. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр А/22 тоот албан бичгээр Шатахуун түгээх станцын нефтийн агуулахын зориулалтаар газрын зориулалтыг өөрчлөх хүсэлтийг Хэрлэн сумын Газрын албанд гаргасан бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар Хэрлэн сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж шийдвэрлэсний дагуу, Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/28 тоот захирамжаар газрын зориулалтыг шатахуун түгээх станц нефтийн агуулахын зориулалтаар эзэмшүүлэх болсон. Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан 6 үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох талаар зааж өгсөн байхад, сумын Засаг дарга нь Газрын тухай 33 дугаар зүйлийн 33.1.2 болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага өргөдөл гомдол, хяналт, үнэлгээний бодлогын хорооноос ирүүлсэн албан бичгийг үндэслэж, газар эзэмших захирамж, гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийг ноцтой зөрчиж байна. “******* ******* *******” ХХК нь газрын зориулалтыг өөрчлөхөд дахин дуудлага худалдаа явуулах үндэслэл байхгүй юм. Мөн Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжийг гаргахдаа “******* ******* *******” ХХК-д огт мэдэгдээгүй байдаг. Энэ компани нь тухайн газарт 350 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй, одоогоор 32 ширхэг ёмкость, газар шорооны ажил хийсэн тооцоо байгаа юм. Хэрлэн сумын Засаг даргын захирамж нь нэхэмжлэгч компанийн эрх ашгийг зөрчиж байх тул сумын Засаг даргын А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* ******* *******” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдааны “Төлөвлөгөө батлах тухай” 2015 оны 09 дүгээр тогтоолын 2.2 дахь хэсгийн 32 дугаарт “8 дугаар багт Төмөр замын хойд талд 4 га газарт мод үржүүлгийн газар байгуулах зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Уг төлөвлөгөөний дагуу сумын Засаг даргын 2016 оны А/57 дугаар захирамжаар дуудлага худалдааг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулж, дээрхи байршлын газарт “******* ******* *******” ХХК нь 707330 /долоон зуун долоон мянга гурван зуун гуч/ төгрөгийг бүрэн төлснөөр сумын Засаг даргын 2016 оны А/109 дүгээр захирамжаар дээрхи газрыг эзэмших эрх авсан. Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалын Хүснэгт-6 Хэрлэн суманд төмс хүнсний ногоо, бусад ургамал тариалахад 1 га газарт 126832,2 төгрөг төлөхөөр байгаа тул 4 га газрын анхны үнэ 507330 төгрөг болсон.
“******* ******* *******” ХХК нь 2016 оны 1/22 тоот албан бичгээр газрын зориулалтыг өөрчлөх талаар хүсэлт гаргасны дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааны “Төлөвлөгөө батлах тухай” 2016 оны 07 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар газар ашиглалтын зориулалтыг шатахуун түгээх станц, нефтийн агуулахын зориулалт болгон өөрчлөхөөр төлөвлөгөөнд тусгасан. Иймээс сумын Засаг даргын 2017 оны А/28 дугаар захирамжаар сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан ”Газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын дагуу “******* ******* *******” ХХК-ийн газар ашиглалтын зориулалтыг Шатахуун түгээх станц, нефтийн агуулахын зориулалт болгон өөрчилж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, өргөдөл гомдол, хяналт, үнэлгээний бодлогын хорооны 2017 оны 3/131 тоот албан бичгийн дагуу “Грант ******* *******” ХХК-ийн холбогдох баримт бичгийг сумын Засаг даргын 2017 оны 1/177 дугаартай албан бичгээр хариу хүргүүлж, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сумын Газрын даамлыг бодлогын хорооны хуралдаанд оролцуулсан. Нутгийн удирдлага, өргөдөл гомдол, хяналт үнэлгээний бодлогын хорооны хуралдаанаас сумын Засаг даргын 2017 оны А/28 дугаар захирамж нь хууль зөрчсөн, дуудлага худалдаагүйгээр, газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 480,0 сая төгрөгийг төлүүлэхгүйгээр газар олгосон гэж үзсэн. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сум дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт, үнэлгээний бодлогын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг тус тус үндэслэн, сумын Засаг даргын 2017 оны А/28 дугаар захирамжийг хүчингүй болгосон гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ”******* ******* *******” ХХК нь анх Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замын хойно байрлах 4 га газрыг мод үржүүлэх зориулалтаар газар эзэмших хүсэлтийг 2015 онд гаргасан байсан. Анх 8 га газар эзэмших хүсэлт ирүүлсэн байдаг, үүнээс 4 га газрын дуудлага худалдааг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулж, дуудлага худалдаанд ялагчаар “******* ******* *******” ХХК шалгарч дээрхи газрыг эзэмших эрхтэй болсон юм.
Хэрлэн сумын нутаг дэвсгэрийг 3 бүсэд хуваадаг энэ газар бол 2-р бүсийн газар, аймгийн төвөөс 7-8 км зайд орших, дэд бүтэц болон инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй зэлүүд газар байдаг юм. ”******* ******* *******” ХХК-ийн эзэмших хүсэлт гаргасан газар нь иргэдийн үнэгүй авах газрын хэмжээнээс их учраас дуудлага худалдаа явуулах хуулийн зохицуулалтын дагуу дуудлага худалдааг зохион байгуулж “******* ******* *******” ХХК нь 4 га газрын ялагчаар шалгарч эзэмших эрхтэй болсон. Газрын үнэлгээний тухайд Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалыг үндэслэж, дуудлага худалдааны анхны үнийг тогтоосон. Уг тогтоолд төмс, хүнсний ногооны анхны үнэ нь 1 га газарт 126832 төгрөг байсан бөгөөд 4 га газар нь 507330 төгрөг, дуудлага худалдааны явцад 707330 төгрөгийн дээд үнэд хүрсэн юм. “******* ******* *******” ХХК нь 2016 оны 22 тоот албан бичгээр газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу зохих журмын дагуу Хэрлэн сумын Засаг даргын А/28 дугаар захирамжаар зориулалтыг нь өөрчилсөн юм. Дорнод аймгийн хэмжээнд газрыг дуудлага худалдаагаар эзэмшээд зориулалтыг өөрчлөх хүсэлтүүд гардаг боловч зориулалт өөрчлөхөд дахин дуудлага худалдаа явуулсан тохиолдол байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.[1]
Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/74 дүгээр захирамжаар[2], нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д эзэмшүүлсэн 4 га газрын “зориулалтыг өөрчлөн эзэмшүүлэх” эрх олгосон 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/28 дугаар захирамж, 000299052 дугаартай гэрчилгээ, гэрээг[3] тус тус хүчингүй болгосон байгаа бөгөөд дээрхи компанийн эзэмшил газрын зориулалтыг өөрчлөхдөө Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 ”дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй” гэдгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө... өөрчлөх буюу хүчингүй болгоно” заасны дагуу хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан 6 үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байгаа бөгөөд дуудлага худалдаагаар эзэмшиж байгаа 4 га газрын зориулалтыг өөрчлөхөд дахин дуудлага худалдаа явуулах үндэслэлгүй талаар тайлбарлаж байгаа болно.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 ...үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй, хуулийн 29.2 ...хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0.1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 29.3 “багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, ...үр тарианы зориулалтаар 100 га хүртэл төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га, ... заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг, тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” хуульчилжээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Төлөвлөгөө батлах тухай” 13 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолын 2.2 дахь хэсгийн 32 дугаарт “Хэрлэн сумын 8 дугаар баг, төмөр замын хойд талд 4 га газарт “Мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшүүлэх”-ээр[4] төлөвлөсний дагуу, сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/57 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамжийг[5] гаргасан байна.
Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуудлага худалдаа зохион байгуулагдаж, “******* ******* *******” ХХК нь ялагч болж газрын үнэ болох 707330 төгрөгийг төлж, эзэмших эрхийг авсан болох нь сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/109 дүгээр захирамж, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000298998 дугаар бүхий гэрчилгээ, Газар эзэмшүүлэх гэрээ, дуудлага худалдааны үнэ төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байна.[6]
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22 тоот албан бичгээр, дээрхи газрыг “Шатахуун түгээх станц болон нефть бүтээгдэхүүний агуулахын зориулалт”-тай болгох хүсэлтийг гаргасан байгаа бөгөөд хүсэлтийг гаргах болсон үндэслэлээ ...уурхайн урд хэсэгт цагаан шороо ихтэй, мод, ногоо тариалах боломжгүй байсан талаар тайлбарлаж байгаа болно.[7]
Хэрлэн сумын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаар, ...Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, 07 дугаар тогтоолын 08 дугаар хавсралтад: “иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын зориулалт өөрчлөх газрын байршил, хэмжээ “Төмөр замын хойд талд, байршлын солбицол 316748.304, 5330649.544, газрын хэмжээ 4 га, зориулалт ШТС, нефтийн агуулах” гэж батлагдсаны дагуу, Хэрлэн сумын Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар захирамжаар, “******* ******* *******” ХХК-ийн 4 га /40000 м2/ мод үржүүлгийн газрын зориулалтыг “шатахуун түгээх станц, нефтийн агуулахын зориулалт”-тай болгон өөрчилсөн[8] нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах” хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэх талаар хуульчилсан байна. Гэтэл “******* ******* *******” ХХК-ийн ... 4 га эзэмшил газрын байршил, хэмжээ өөрчлөгдөөгүй, зөвхөн зориулалтыг зохих журмын дагуу өөрчлүүлэхэд дахин дуудлага худалдаа явуулах хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй байхад, сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “...аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” заасныг зөрчсөн байна гэдгээр урьд гаргасан 2017 оны А/28 дугаар захирамжийг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/74 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.
Иймд Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2. 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОЮУН
[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас
[2] Хавтаст хэргийн 5-р хуудас
[3] Хавтаст хэргийн 31-33-р хуудас
[4] Хавтаст хэргийн 21-22-р хуудас
[5] Хавтаст хэргийн 23-р хуудас
[6] Хавтаст хэргийн 24-27-р хуудас
[7] Хавтаст хэргийн 28-р хуудас
[8] Хавтаст хэргийн 29-31-р хуудас