Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

 

 

 

 

       А.Сарангэрэлд холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Эрдэнэзаяа,

ялтан А.Сарангэрэл /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан А.Сарангэрэлийн өмгөөлөгч Д.Саранчимэг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Сарангэрэл, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Сарангэрэлд холбогдох 201625014028 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Алтангадасын Сарангэрэл, 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 9-02 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн ажилчдын байр 5-17 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЦЖ87041063/

 

А.Сарангэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 5-75 тоотод байрлах Ө.Лхагвын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Б.Эрдэнэсүхийг үл ялих зүйлээр шалтаглан улмаар шилэн аягыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж дух хэсэгт цохиж дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Сарангэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Сарангэрэлийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Сарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр юм угаагаад байж байхад найз Б.Бат-Оюун хүүхэдтэйгээ халамцуу манайд ирсэн. Тэгээд Б.Бат-Оюуныг хүргэж өгөхөөр явахдаа найз залуу Ганбаттай тааралдаж хамт хүргэж өгсөн. Б.Бат-Оюун тал шилтэй архи гаргаж ирсэн. Энэ үед гаднаас Ө.Лхагва эхнэр Баяржаргалтай орж ирсэн. Тэд архинаас хамт уусан. Дараа нь “Б.Бат-Оюун Ө.Лхагвын гэрт очъё” гээд найз залуу Ганбат, Б.Бат-Оюун нарын хамт орсон. Гэтэл миний найз залуу “явъя” гэхэд Б.Бат-Оюун явуулахгүй, “би найзыгаа мэдэж байна” гэхэд Ганбат гарч явсан. Лхагва ахынд түүний эхнэр Баяржаргал, Сүхээ, Уяа ах нар архи уугаад согтуу байсан... би удалгүй найз залуугынхаа араас гарч явсан. Бид буцаад орж ирэхэд Сүхээгийн толгойноос цус гарсан байсан. Найз залуу Ганбат, Сүхээгийн толгойны цусыг арчиж өгөөд, түргэн дуудсан. Сүхээ нь өндөр шатнаас унасан байх. Би хохирогч гэж байгаа Эрдэнэсүхийн толгойг аягаар цохиогүй. Лхагва, Уяабаатар, Эрдэнэсүх нар намайг гүтгэж худал хэлсэн.

Мөрдөн байцаалтаас өмнө надаас Сүхээгийн ах нь байнга мөнгө нэхэж байсан. Мөнгө авахын тулд худал ярьсан. Хохирогч гэх Эрдэнэсүх нь ээжтэй уулзахдаа “би өргөдөл өгөөгүй. Уяа ах өгсөн” гэж хэлсэн байсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бат-Оюуныд очиход Баяржаргал “Эрдэнэсүх чамд хандраад байхад л унтчихгүй яасан юм бэ” гээд байсан... мөрдөн байцаалтын шатанд байхад Лхагва нь “чи Эрдэнэсүхтэй унтчихгүй яасан юм гээд” байсан... Би бодохдоо Эрдэнэсүхэд нүүр өгөхгүй, түүнд зөвшөөрөхгүй болохоор зориуд санаа гаргаж, над руу хэрэг чихэж байна гэж ойлгож байна.

Мөн Лхагва нь эхнэр Баяржаргалаа энэ хэргээс зориуд холдуулж, хаацайлж байна. Учир нь хэрэг болоход байсан хүнийг байгаагүй болгон үгсэн хуйвалдаж байна. Лхагва нь Уяа, Эрдэнэсүх нартай найзууд учир гадны хүн болох намайг хэрэгтэн болгож байна. Тухайн үед Б.Бат-Оюун, Баяржаргал нарыг байгаагүй гэж бүгд мэдүүлсэн... Би хийгээгүй хэргийн төлөө цагдан хорих ангид хоригдож байгаадаа харамсаж байна. Хэрэг хийгээгүй тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Ялтан А.Сарангэрэлийн өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.6 дахь хэсэгт заасныг нотлоогүйгээр уг хэргийг шийдвэрлэлээ.

1. Шүүх шилний хагархайг зэвсгийн чанартай ашиглан танхайрсан гэж дүгнэн хаанаас ямар шилний хагархай гаргаж ирээд, бий болгоод байна вэ эсвэл хагарсан шил тухайн үед бэлэн байсан болж байна уу. Хавтаст хэрэгт шилний хагархай эсвэл шил, хагарсан аяга, аяга байсан гэсэн эд мөрийн баримт нэг ч байхгүй байдаг. Хэрэв дээрх зүйлс байсан гэж үзвэл мөрдөн байцаалтын шатанд тухайн газраас нь олж тогтоон баримтжуулж, хавсаргаж нотлох баримт бүрдүүлэх ёстой байсан. Энэ ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийлгэмээр байна.

Хохирогч Б.Эрдэнэсүх нь 3 эсвэл 4-5 удаа шилэн аягаар цохьсон гэж өргөдөл болон тайлбартаа гаргаж байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт зааснаар уг мэдүүлгийн эх сурвалжийг магадлах, харьцуулах, шинэ нотлох баримт цуглуулах зэргээр шалгах ажиллаагааг мөрдөн байцаалтад хийгээгүй, хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.

Олон хоногийн дараа гэрчүүдээс мэдүүлэг авсан байдаг. Тухайлбал 2 cap 6 хоногийн дараа Ө.Лхагвагаас, /байгаагүй гээд байгаа/ 2 cap 10 хоногийн дараа А.Баяржаргалаас, 2 cap 13 хоногийн дараа Б.Бат-Оюунаас тус тус мэдүүлэг авсан байдаг. Гэтэл А.Сарангэрэл нь А.Баяржаргал, Б.Бат-Оюун нар нь бүгд байсан гэдэг.

2. Гэрчүүд ямар ч архи уугаагүй, бүгд эв эрүүл байсан гэж мэдүүлдэг. Хэрэв бүгд эв эрүүл байсан юм бол А.Сарангэрэл нь зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн хүн цохиод байгаа гол эд мөрийн баримт болох нөгөө хагарсан гээд байгаа шилэн аяга, эсвэл хагарсан гээд байгаа шаазан аяга яагаад байхгүй болгов гэдэг асуудал зүй ёсоор тавигдах учиртай. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд сайтар шалгаж тогтоох шаардлагатай.

Мөн хохирогч Б.Эрдэнэсүх нь өргөдөлдөө “гаднаас 2 согтуу хүүхэн орж ирж, ширээн дээр байсан шилэн стаканаар 4-5 цохиж авсан. Чи яаж байна гэтэл би өнгөрсөн хүн, хүн алж шоронд ормоор байна, эсвэл үхмээр байна гээд орилоод гараад явсан гэж, тайлбар авсан тэмдэглэлд “хоёр согтуу хүүхэн орж ирээд хоорондоо маргалдаад байсан чинь Уяабаатар нь тэр айлд болиоч гэхэд нь нэг эмэгтэй нь гараад явсан. Харин жижиг туранхай шар охин ширээн дээр байсан бариултай шаазан аягыг аваад шууд миний толгой руу цохихоор нь яаж байна вэ гээд тонгойсон чинь угсруулаад 3 удаа толгой руу цохьсон. Намайг тонгойгоод сууж байхад тэр эмэгтэй Уяабаатар ахад би үхмээр байна, чамд хэдэн төгрөг өгсөн ч яадаг юм, 10 сая төгрөг өгсөн ч чадна гэж хэлээд гараад гүйсэн. Тухайн үед юу болсныг санахгүй байна” гэж, хохирогчоор байцаасан тэмдэглэл “Тэгээд  тонгойгоод сууж байхад тэр эмэгтэй би үхмээр байна, чамд хэдэн төгрөг өгсөн ч яадаг юм, 10 сая төгрөг өгсөн ч чадна гэж хэлээд гараад явсан байсан. Би тухайн үед юу болсныг санахгүй байна” гэх мэтээр зөрүүтэй мэдүүлсэн.

Ялтан А.Сарангэрэлд холбогдох хэргийн субъектив талын шинж нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Тухайлбал А.Сарангэрэл нь “би өнгөрсөн хүн, хүн алж шоронд ормоор байна, эсвэл үхмээр байна, чамд хэдэн төгрөг өгсөн ч яадаг юм, 10 сая төгрөг өгсөн ч чадна гэж хэлээд цохьсон” гэж байгаа нь ямар ч итгэл үнэмшил төрөхгүй байна. Хохирогч Б.Эрдэнэсүх 33 настай, Г.Уяабаатар 44 настай, Ө.Лхагва 41 настай, ахмад насны хүмүүс, 3 хүний тоо, хүчний харьцаа ийм байна. Гэтэл 29 настай, туранхай, жижиг биетэй эмэгтэйд толгойруугаа цохиулаад л гурвын гурван эрэгтэй хүн эв эрүүл, зүв зүгээр хараад суугаад байсан байна гэдэг нь бодит байдалд ер нийцэхгүй байна. Тэгвэл яагаад нэг найзынхаа гэрт бүгдээрээ архидаад байгаа юм, эдний хооронд ямар яриа, ямар маргаан өрнөсөн бэ гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байна. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй тогтоох шаардлагатай, хэргийн зүйлчлэлд чухал.

А.Сарангэрэл нь нийгмийн хэв журмыг зөрчиж байгаагаа нийгэмд илээр үзүүлэн харуулж буй үйлдэл байхгүй байна. Айлд нэгнийдээ байгаа хүмүүс бүгдээрээ архидан согтуурч, согтуу байсан хүмүүс хэн нь хэнийгээ үл хүндэтгэсэн болоод байгаа юм. Нийгмийн хэв журмыг яаж ноцтой зөрчөөд байгаа юм бэ. Үүний ялгаа заагийг гаргаж шалгаж тогтоогоогүй.

Хэрэв А.Сарангэрэлийг уг хүнд гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзвэл яагаад уг гэмт хэргийг үйлдэх болсон юм, ямар шалтгаан нөхцлийн улмаас үйлдэх болсон юм, юунаас болов гэх мэт заавал шалгах ёстой субъектив талын шинжийг мөрдөн байцаалтын шатанд тодруулж шалгаагүй.

Ялтан, хохирогч, гэрчүүд бүгдээрээ нийлж, нэгнийдээ цугларан, хүсэж, архидан согтуурсан байгаа нь тэд бие биенийгээ мэддэг, таньдаг, найз нөхөд, хөршүүд байгаа зэргээс харахад тэдний хооронд энгийн харилцаа үүссэн, уг гэмт хэрэг ахуйн хүрээнд үйлдэгдсэн болох нь хэргээс харагддаг.

Нөгөө талаар уг гэмт хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гарсан байхад хохирогч нь цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлдөө 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон хэрэг гэдэг. Үүнээс дүгнэхэд уг гэмт хэрэг хэзээ, хаана гарсанаа ч хүртэл хохирогч, гэрч үнэн зөв мэдүүлж чадахгүй байгаа зэргээс харахад хохирогч, гэрч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байна гэж байгаа нь эргэлзээтэй болж байна.

3. Хохирогч Б.Эрдэнэсүх нь анх Гэмтлийн эмнэлэгт эмчид үзүүлсэн эсэх, анх очихдоо ямар байдалтай очсон, эрүүл үү, согтуу юу, анх Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ юу гэж хэлж үзүүлсэн талаарх эмчийн бүртгэл, эмчилгээ хийлгэсэн баримт хавтаст хэрэгт байдаггүй. Энэ бүгдийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй. Нөгөө талаар Гэмтлийн эмнэлэгт очиход цагдаа очиж мэдүүлэг, тайлбар хохирогчоос авсан байх ёстой, энэ бүх ажиллагаанууд хавтаст хэрэгт байхгүй.

4. А.Сарангэрэлийн найз гэх Ганбат гэх залуу нь 4 удаа 103-т дуудлага өгсөн байдаг. Цорын ганц эрүүл байсан гэрч Ганбатаас мэдүүлэг, тайлбар авах ёстой байтал энэ ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй. Ганбатаас эдгээр хүмүүс анх ямар байдалтай байсан. Эрүүл байсан уу, согтуу байсан уу, хоорондоо маргаж байсан эсэх
асуудлын талаар гэрчийн мэдүүлэг авах нь энэ хэргийн бодит үнэнийг тогтооход ихээхэн ач холбогдолтой байсан.

5. Хэрэг хаана болсон болон хэргийн газрын олон талаас нь авсан фото зураг, байшингийн зураг, ялангуяа уг байшингийн шатны зураг, бусад нотлох баримтууд хавтаст хэрэгт нэг ч байдаггүй. Үүнийг хавтаст хэрэгт баримтжуулан хавсаргуулах шаардлагатай байна. Энэ нь бодит үнэнийг тогтооход зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд энэ ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийлгүүлж, хавтаст хэрэгт баримтжуулан хавсаргах шаардлагатай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй тул уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, дээр дурьдсан ажиллагаануудыг нэг бүрчлэн хийлгүүлэх хүсэлтэй байна.” гэв.

 

            Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч Д.Саранчимэг шилний хагархай гэж ярьж байна. Хохирогч анх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “шилэн аягаар цохиулсан” гэж бичсэн ба түүний 2-3 удаагийн өгсөн мэдүүлэгт “шилэн аягаар цохиулсан” гэж хэлсэн байдаг. Өмгөөлөгч хаанаас шилний хагархай гаргаж яриад байгааг ойлгохгүй байна. Гэрч Уяабаатар, Лхагва нар “архи хийгээд өг гэхээр нь ундаа хийж өгтөл, аягаар нь гэнэт цохьсон” гэж мэдүүлсэн. Иймд хагархай шил биш аягаар цохьсон. Шинжээч дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байна гэж дүгнэсэн. Хэрэг гарах үед Эрдэнэсүх, Сарангэрэл, Лхагва, Лхагвын эхнэр Баяржаргал, Бат-Оюун нар байсан болох нь тогтоогдсон ба бүх хүмүүсийг гэрчээр асуусан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Ганбат гэх хүн хэрэг болсны дараа орж ирсэн” гэж Сарангэрэл мэдүүлсэн. Иймд Ганбат хэргийн үйл баримтыг тодорхой харсан хүн биш юм. Тухайн үед хохирогч Эрдэнэсүх Сарангэрэлд шилэн аягаар цохиулсны дараа ямар байдалтай байсан талаар гэрэл зургийг хавтаст хэрэгт авсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

А.Сарангэрэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ө.Лхагвын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Б.Эрдэнэсүхийг үл ялих зүйлээр шалтаглан шилэн аягыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж дух хэсэгт цохиж, дух, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

Гэтэл шийтгэх тогтоолд “... А.Сарангэрэл нь ... шилний хагархайг зэвсгийн чанартай ашиглан танхайрч хохирогч Г.Бямбарэнцэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан...” гэж шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо илт хайнга хайхрамжгүй алдаа гарган А.Сарангэрэлийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ноцтой зөрүүтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.4 дэх заалтыг зөрчсөн байна. /хх-90/

 

            Түүнчлэн анхан шатны шүүх нь “шүүгдэгч А.Сарангэрэлд ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн” талаар дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн хуульд зааснаас доогуур хөнгөн ял шийтгэсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувийн байдлыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхой бус, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ ямар дүгнэлт хийж, хохирол төлөх буюу гэм хорыг арилгахын тулд хэрхэн идэвх санаачилга гаргасан талаар шүүх огт дүгнэлт хийлгүйгээр өмнөх “ял хөнгөрүүлэх бус хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргаж хуульд зааснаас доогуур хөнгөн ял шийтгэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

           

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Сарангэрэлд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            А.Сарангэрэлийн гэм буруугийн асуудлыг шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой  холбогдуулан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Сарангэрэлд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол А.Сарангэрэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                           Д.ГАНСҮХ

 

М.ПҮРЭВСҮРЭН