Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 184

 

Г.Намнандоржид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 296 дугаар магадлалтай, Г.Намнандоржид холбогдох эрүүгийн 2015260000492 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Намнандорж, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, Д.Цэрэнханд нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлэн, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Жүгд овогт Гунгаагийн Намнандорж нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Намнандоржийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “БСБ Финанис” ББСБ-д иргэн Л.Тамирын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Флоренс таун” хотхоны 46-21 тоотод бүртгэлтэй 3 өрөө байрыг 50.000.000  төгрөгийн барьцаанд тавиулж гэрээгээр халхавчлан залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Намнандоржийг хохирогч Г.Жигжидсүрэнг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр залилан мэхэлж 97.500.000 төгрөгийн онц их хэмжээний шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар хувьд ногдох хөрөнгөнөөс 100.000 төгрөг хурааж, 11 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 26 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Намнандоржоос гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд 82.300.000 төгрөг, шууд бус хохиролд 16.940.000 төгрөг нийт 99.240.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Жигжидсүрэнд олгож, хэрэгт битүүмжлдэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Арьс ширний 19 дүгээр байрны 11 тоот, 3 хүний өмчлөлийн, 15 метр квадрат 1 өрөө, Ү-2206002517 дугаар улсын бүртгэлтэй орон сууцын шүүгдэгч Г.Намнандоржид ногдох хэсгийг түүний бусдад учруулсан хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Намнандорж, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, Д.Цэрэнханд нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Намнандорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... энэхүү хэргийг анхнаасаа бүрэн нотлож чадаагүй бөгөөд Үндсэн хууль мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийг зөрчин яллах талыг баримталж мөрдөн байцаалт, яллах, шүүхийн шатанд шийдвэрүүд гарсан. Хуулийн эрх мэдэлтэй, хэрэг мөрдөн шалгах байгууллагыг өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгон яллаж байна. Намайг хорилоо  гээд олон хүн хохирч зарим нь завшиж байна шүү дээ. Би анх өгсөн мэдүүлэг, хамтарч ажилласан гэрч, нотлох баримтаа үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл яагаад хэн ч энэ бүгдийг огт тоож үзэхгүй ийм олон жилээр яллаж байгаад үнэхээр гомдоод тэнгэр хол, газар хатуу юм гэж ойлгож байна. Намайг гэр бүлийн минь хамт яллаж торны цаана суулгах нь чухал байна гэж бодогдож байна. Жигжидсүрэнгийн надад өгсөн гээд байгаа тавин найман сая төгрөгийг өөртөө ашиг болгох гэж авсан бол үр хүүхдүүд, хань ижил, ээж, аав, ах дүүдээ эрх чөлөөгөө эрүүл мэндээ алдан шоронд хоригдон суухгүй мөнгийг нь хурдан эргүүлж өгөөд нялх үрийнхээ элгийг дэвтээж хамт байх нь надад эрхэм нандин байх билээ. Бүх зүйлийн үнэн олдоно гэж өдийг хүртэл удаа дараа эрх чөлөөгөө хасуулан хоригдож, ялтан болж шаналж, гутарч сууна. Хүн байхын хамгийн сайхан нь эрх чөлөө байдаг гэдгийг одоо яс махандаа мэдэртлээ, сэтгэлээ эмтлэн ойлгож байна. Намайг ийм олон жилээр хорилоо гээд энэ хүний хохирол барагдахгүй бизээ. Би Гэрэлт-Од, Наранбаатар нарт алдсан мөнгөөрөө хохирлыг бүрэн барагдуулж чадна. Хүнээс зээлж аваад надад өгсөн гэх мэдүүлгээр намайг яллаж байгаа нь 1937 оны их хэлмэгдлийн үед байгаа юм шиг санагдах боллоо. Хүний амийг хөнөөсөн хүнийг яллахдаа гарцаагүй нотлож ял оноодог байтал намайг огт тоож үзэхгүй хань ижлийн минь гашуун нулимстай, гурван нялх үрийн минь хагцалтайгаар яллаж байгаа юм бэ гэж би дотроо шаналж, гутарч, зовж байна. Одоо надад та бүхний шударга үнэн шийдвэр гэр бүлийг минь өгнө хэмээн эцсийн итгэлээ тавин найдаж байна. Би хань ижил, хүүхдээ өдөр нь бодож шөнө нь зүүдэлж маш их санаж байна. Эрхэм дээд шүүгч та бүхэн миний мэдүүлсэн үг бүгдийг судлаж, бодитойгоор эцсийн шийдвэрээ гаргаж өгөөсэй гэж маш их хүсэж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Г.Намнандорж хохирогч Г.Жигжидсүрэнгээс авсан гэх 47.500.000 төгрөг нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан их хэмжээний хохиролд тооцогдох учир хэргийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлд заасан хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасанчлан хэргийг нэмэлт мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаасан тогтоолын заалтыг хангалттай биелүүлээгүй хэргийг хэт нэг талыг барьж шалгасан гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх “... Г.Намнандоржийн Жигжидсүрэнгээс авсан 95.700.000 төгрөгт оногдуулсан ял шийтгэл тохирсон. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан. Иймд өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Намнандорж нь 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Г.Жигжидсүрэнгээс Витафит компанид “элсэн чихэр өндөр үнээр нийлүүлнэ” гэж нийт 95.700.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх шүүгдэгч Г.Намнандоржид холбогдох Л.Тамирын 3 өрөө байрыг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж гэрээгээр халхавчлан залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилж ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Намнандорж, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, Д.Цэрэнханд нарын гаргасан “... зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах” тухай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 296 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Намнандорж, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, Д.Цэрэнханд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                    ДАРГАЛАГЧ,

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

                    ШҮҮГЧ                                                                    Б.ЦОГТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

иргэн Л.Тамирт ажил дээрээ шинэ төсөл, санаа хэрэгжүүлж байгаа надад 80.000.000 сая төгрөг хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэж 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “БСБ Финанис” ББСБ-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Флоренс таун” хотхоны 46-21 тоотод бүртгэлтэй 3 өрөө байрыг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж гэрээгээр халхавчлан залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

гэрч Д.Чимгээсүрэнгийн “... би өөрийн “Хас” банкны 5001151436 дугаартай дансанд орон сууц авах зорилгоор цуглуулж байсан 23.500.000 төгрөгийг аваад 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Г.Жигжидсүрэнгийн “Хаан” банкны данс руу бэлнээр    шилжүүлсэн” гэсэн байна. Гэтэл хохирогч Г.Жигжидсүрэн нь тухайн өдөр аль банкнаас бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн, ямар дэвсгэртээр хэд хичнээн төгрөгийг авсан талаар банкны лавлагаа болон бусад нотлох баримтыг цуглуулж аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй. Гэрч Д.Янжинсүрэнгийн “... “Худалдаа хөгжлийн” банкны данснаас 36.000.000 төгрөг аваад Г.Жигжидсүрэнд өгөөд явуулсан” гэснийг үнэлсэн байх боловч үнэн хэрэгтээ гэрч Д.Янжинсүрэн нь 36.000.000 төгрөгийг ямар дэвсгэртээр хохирогчид өгсөн, хохирогч Г.Жигжидсүрэнгийн Г.Намнандоржид өгсөн гэх 36.000.000 төгрөг дэвсгэртээрээ гэрчийн өгсөн мөнгөтэй таарч байгаа эсэхийг нотлоогүй. Гэрч Д.Чимгээсүрэнгээс 23.500.000 төгрөг, гэрч Д.Янжинсүрэнгээс 36.000.000 төгрөг тус тус зээлж авсан гэх хохирогч Г.Жигжидсүрэн нь зээлсэн бүх мөнгөө Г.Намнандоржид    бэлнээр өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Урд өгсөн мөнгийг нь өгөхгүй байхад ямарч бичиг баримт үйлдэхгүйгээр дахин дахин мөнгө өгөөд байгаа нь хохирогчийн буруутай үйлдэл харагддаг. Мөн зээлсэн мөнгө нь нэмэгдээд байхад 7 хоног болгон авдаг ашиг нь нэмэгдэхгүй байгаа зэрэг нь эргэлзээ төрүүлж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож чадаагүй ба хохирогч бэлэн мөнгөө Г.Намнандоржид өгсөн гэдэг нь эргэлзээ төрж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байгаа. Хохирогч Г.Жигжидсүрэн нь бусдаас мөнгө зээлж авсан нь шүүгдэгч Г.Намнандоржид тэр мөнгөө бэлнээр өгсөн гэдгийг шууд нотлохгүй. Харин шүүгдэгч Г.Намнандорж хохирогчоос 37.500.000 төгрөг авсан нь хангалттай нотлогддог.    37.500.000 төгрөг гэдэг бол хохирлын хэмжээгээр их хэмжээ болж байх тул Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт зааснаар тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж хэргийг шийдвэрлэж өгнө үү

 

хавтаст хэрэгт авагдсан гэрч Янжинсүрэн, Д.Чимгээсүрэн нарын мэдүүлэг хохирогчийн мэдүүлэг, мэдүүлэгүүдээр, дансны хуулгаар Жигжидсүрэнгээс 92 сая төгрөг авсан гэдэг нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй байхад магадлал, шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Жигжидсүрэнгийн өргөдөл болон тайлбарт 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 23.500.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 36.000.000 төгрөг гэж, хохирогчоор 2014 оны 6 дугаар сарын 25-нд өгсөн мэдүүлэгтээ 22.000.000 төгрөг өгсөн гэж мөнгөний тоо хэмжээг өөр өөрөөр зөрүүтэй мэдүүлсэн төдийгүй 36.000.000 төгрөгийг Г.Намнандоржд өгсөн, гэрч Д.Янжинсүрэн мэдүүлэхдээ хүнтэй хамт элсэн чихэрийн бизнес хийх гэж байгаа найздаа 36.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлж туслаач гэж гуйхаар нь Г.Жигжидсүрэнд өгөөд явуулсан гэж мэдүүлсэн байдаг болохоос надаас 72.000.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт огт байдаггүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй гэж заасан байдаг. Эндээс үзвэл хохирогч Г.Жигжидсүрэн нь 97 сая төгрөгийг Г.Намнандоржид өгсөн гэдгээ нотлож чадаагүй, авсан мөнгөний үнийн дүнг өөр өөрөөр мэдүүлж, буцааж ашиг гэж авсан 5.700.000 төгрөгөө ч хасаж тооцоогүй байгааг шүүх анхаарч үзэж бодитой зөв дүгнэлт хийж чадаагүй байна. Тэр ч байтугай гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол гэж Янжинсүрэн, Жигжидсүрэн нарын хооронд тохиролцсон зээл, хүүний төлбөр 16.940.000 төгрөгийг тооцож шүүгдэгчээр төлүүлэхээр шийтгэх тогтоолд заасан байгааг анхаарч үзсэнгүй. Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар хохирол нь гэмт хэргийн улмаас үүссэн гэм хор байдаг атал гэрч Янжинсүрэн, хохирогч нарын хооронд амаар тохиолцсон гэх зээлийн гэрээнээс үүссэн хүү алданги төлсөн асуудал яригдаж байгаа болохоос Г.Намнандоржийн үйлдэлийн улмаас учирсан хохирол биш юм. Тийм ч учраас давж заалдах шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч дээрхи шууд бус хохиролыг хохиролын хэмжээнээс хасаж тооцох санал тавьсан зэрэгт дүгнэлт хийлгүй хууль буруу хэрэглэн шууд бус хохиролыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 18-д заахдаа “... залилан мэхлэж авах гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хэмжээг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад учруулсан шууд хохиролоор тодорхойлно” гэж заасан. Г.Намнандоржид холбогдох эрүүгийн 2015260000492 тоот хавтас хэргийг өмнө нь 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 550 тоот тогтоолоор мөрдөн байцаалтанд буцаасан. Энэ тогтоолд зааснаар Г.Намнадорж ямар хэмжээний хохирол учирсан эсэхийг зөв тогтоогоогүй, нотлох баримтын ноцтой зөрүүг шалгах, хохирогч Д.Янжинсүрэнгээс авсан мөнгөний талаар зөрүүтэй мэдүүлсэн, мөнгө шилжүүлсэн гарын үсэг бүхий баримтыг шалгаагүй, Янжинсүрэн бусдаас авсан зээлийг төлсөн эсхүл тухайн нэрээр бусдад мөнгө зээлдүүлсэн эсэх нь тодорхой бус, гэмт хэрэг зүйлчлэгдэх шууд хохирол, зүйлчлэлд нөлөөлөхгүй шууд бус хохирол, хасагдах буюу төлөгдөөгүй хохирол зэргийг ялган зааглаж баримтжуулаагүй, зөв тооцоогүй, шүүгдэгч 12 сая гаруй төгрөг буцаан төлсөн, хохирогч нь 5.700.000 төгрөг авсан талаар зөрүүтэй мэдүүлсэн нотлох баримтын эх сурвалжийг магадлаж шалгах, шүүгдэгч, гэрч нарын наймаа хийсэн гэх тухайн онуудад холбогдох мөнгөний орлого, зарлагын баримтыг шалгах зэрэг олон үндэслэлээр хэргийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч уг тогтоолын заалтыг биелүүлээгүй нэг талыг барьсан бүрэн гүйцэд биш байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд шүүгдэгчийг яллах ба цагаатгах нөхцөл байдлыг бүрэн тогтоох хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Хэргийг шүүхийн тогтоолоор мөрдөн байцаалтад буцсан боловч дээрхи шүүхийн тогтоолын заалт биелэгдээгүй байхад зөвхөн хохирогч Жигжидсүрэнг нэг өдөр, нэг цаг, минутанд байцаасан мэдүүлэг юу нь мэдэгдэхгүй Янжинсүрэнгийн депозит дансны хуулга, авч хохиролын хэмжээг нарийвлан шалгаж тогтоогоогүй учир эрүүгийн хууль буруу хэрэглэж Г.Намнандоржд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан гэж үзэж байна. Дээрхи байдлаар хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тул шүухийн тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй болж чадсангүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож Г.Намнандоржид холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэж өгнө үү. Мөн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү