| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2016/5860/и |
| Дугаар | 182/ШШ2016/00436 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2016/00436
| 2016 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 182/ШШ2016/00436 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: К.А
Хариуцагч: Т.Э
4.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч К.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т, хариуцагч Т.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Монгол улсад төрсөн, монгол хэлийг сайн эзэмшсэн бөгөөд Т.Э тэй 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Зээлийн гэрээ “байгуулан 2.000.000 /1.000 ам доллар/ төгрөгийг 10 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Т.Э нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 210 хоногийн алданги 1.400.000 төгрөг, үндсэн зээлийн 2.000.000 төгрөг, түүний хүү болох 800.000 төгрөгийн хамт нийт 4.200.000 төгрөгийг хариуцагч Т.Э ээс гаргуулж өгнө үү
Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Т.Э миний бие К.Агаас 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож, 1.000 ам.долларыг 10 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж авсан. Энэ хугацаанд 2015 оны 07 сарын 03-ны өдөр 1 сарын хүү 100 ам.доллар, 2016 оны 04 сарын 29-ны өдөр үндсэн төлбөрөөс 200 ам.доллар төлсөн. Мөн монгол төгрөгөөр тухай бүр бага сага төлбөр хийхийг К.Ад санал болгож байсан боловч К.А нэг мөсөн доллараар тооцоо хийнэ гэж надаас монгол мөнгө авч байгаагүй. Үлдсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулна. Нэг ам.долларыг 2.000 төгрөгөөр тооцож байгаа гэв.
Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Монгол улсад оршин суух үнэмлэх, мөнгө төлсөн баримт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 800.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 1.400.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч К.А нь Т.Э тэй 2015 оны 06 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1.000 ам.доллар буюу 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлсэн ба зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байна. Хариуцагч Т.Э нь 2015 оны 07 сарын 03-ны өдөр 1 сарын хүүд 100 ам.доллар буюу 200.000 төгрөг, 2016 оны 04 сарын 29-ны өдөр үндсэн төлбөрөөс 200 ам.доллар буюу 400.000 төгрөг төлжээ.
Т.Э К.Ад үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүүд 800.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөг төлөх байснаас 600.000 төгрөгийг төлж 2.200.000 төгрөгийг төлөөгүй байна. Талууд зээлийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд хоног тутам алданги тооцохоор гэрээгээр тохиролцосон байх тул алдангийг төлүүлэх үндэслэлтэй байна. Алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлавал 1.100.000 төгрөгийг нийт 3.300.000 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлэх, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-ийг баримтлан Т.Э ээс 3.300.000 төгрөгийг гаргуулж К.Ад олгож, нэхэмжлэгчийн 900.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 82.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 67.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД