| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2023/05257/И |
| Дугаар | 210/МА2024/02179 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/02179
2024 12 16 210/МА2024/02179
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/03704 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.*******аа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02318 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2023/00043 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
1.2 ******* шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/150 дугаар тушаалаар намайг ажилд томилсон тушаал гаргалгүйгээр дахин халсан. Иймд ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд 97 дугаар шийдвэр гаргасан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэхүү асуудал 3 шатны хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн.
1.3 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сахилгын зөрчил хэрхэн гаргасан эсэх нь тодорхойгүй. Ямар сахилгын зөрчил, хэзээ гарсан сахилгын зөрчлийг ямар хугацааны дараа 09 дүгээр сарын 15-ны өдөр арга хэмжээ авсан нь ойлгомжгүй байна.
Иймд *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******-д ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр их хэмжээний мөнгийг банканд шилжүүлсэн, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл тогтоогдсон. Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон. *******ы гаргасан үйлдэлтэй холбоотой ямар нэгэн гэм буруугийн асуудал шийдвэрлэгдээгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг хариуцагч *******-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 41,574,652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон, хариуцагч *******-д олговорт ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилт хийхийг даалгаж, үлдсэн 52,615,596.8 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 436,023 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 *******ыг *******-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх үед *******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/150 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 14 дүгээр зүйлийн 14.2.2, Хөдөлмөрийн харилцааг зохицуулах журам-ын 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэж гаргасан.
*******ыг ажиллаж байх үед Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2041000100190 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор ...Гэрч *******ы мэдүүлэгт ...******* Эрсдэлийн сангийн мөнгийг байршуулсан юмаа гэж байсан. Тэгээд яагаад ТУЗ-д мэдэгддэггүй юм бэ? гэхэд гүйцэтгэх захирал ******* 2 өөрсдөө дур мэдэж шилжүүлсэн байсан. *******ны нэг захирал ******* нягтлангийн ангийн хүүхэд гэж сонсож байсан. Энэ мөнгийг байршуулсны дараагаар *******ыг машины зээл *******наас гаргуулж машин авсан ч гэж яригдаж байсан гэж, 10 дах талд ...нийтийн албан тушаалтан буюу Гашуун сухайт автозамХХК-ийн гүйцэтгэх захирал *******ийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөлсөөр ажиллах гэрээний 5.5-д ... Төлөөлөн Удирдах зөвлөлд танилцуулан зөвшөөрөл авахаас бусад асуудлыг бие даан шийдвэрлэх, 5.5 дугаар зүйлийн 5.5.7-д ... Сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах...., 5.5.8-д ... Их хэмжээний хэлцэл хийх, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох.... гэснийг тус тус зөрчиж *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Эрсдэлийн сан-гийн мөнгөн хуримтлалыг шилжүүлэх шийдвэр гараагүй байхад *******-ийн захирал Б Баяндэлгэр нь *******-ХХК-ийн хувийн банкны хэлтсийн захирал *******тай Харилцах дансны үйлчилгээ гэрээ-г 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулж мөн өдөр *******ны ******* тоот данс руу 776,000,000, ******* тоот данс руу 1,500,000,000 төгрөг буюу нийт 2,276,000,000 төгрөгийг шилжүүлж *******анд эдийн засгийн давуу байдал бий болгосон, түүний энэ үйлдэлд *******-ийн ерөнхий нягтлан бодогч ******* нь нягтлан бодогч д эрсдэлийн сангийн мөнгийг дансанд шилжүүлэх талаар үүрэг чиглэл өгөх зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэсэн байна.
4.2 Түүнчлэн, Авлигатай Тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 06/13703 дугаар албан бичгээр *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ******* нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус компанид хохирол учруулсан үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэсэн.
Мөн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21/169 дүгээр Хараат бус аудиторын тайлан-аар Хязгаарлалттай санал дүгнэлтэд 2020 онд тус компанийн гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх төлбөрийн хүсэлт гаргасны улмаас *******ан дах харилцах данснаас хасагдсан боловч ны харилцах дансанд ороогүй саатсан гүйлгээ болох Эрсдэлийн сангийн 2,374,710.0 мянган төгрөгийг авлагаар бүртгэсэн байгаа нь *******-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.8, Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 76 дугаар зүйлийн 116-д заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн.
Дээрх дүгнэлтэд *******-ийн гүйцэтгэх захирлаар ******* ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* гүйцэтгэх захирлаар томилогдсон ба 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ерөнхий нягтлан бодогчоор ******* ажиллаж, санхүүгийн тайланг бэлтгэн гаргасан байна. Тус компанийн дүрмийн дагуу энэхүү санхүүгийн тайланд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгосон байна гэж дүгнэсэн байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа юм.
4.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт заасны дагуу хугацаа нь тасалдахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1616 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч танаа гэх албан бичигт Танай 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/Ш32024/01048 дугаартай захирамжийн дагуу эрүүгийн 2041000100190 дугаартай хэрэгт прокурорын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн *******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбарыг хүргүүлэв. Прокуророос хэргийг хянаж байх ба яллах дүгнэлт үйлдээгүй болно гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.5 дахь хэсэгт заасан хугацаа нь эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж зааснаар тасалдахаар байна.
Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр нь Хуулбар үнэн тэмдэгтэй байх бөгөөд нотариатаар батлуулсан хувь байхгүй байна. Гэтэл тус баримтыг үнэлж, урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргасан гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
4.4 *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/05 дугаар Хөдөлмөрийн маргаан таслах комисс-ыг шинэчлэн байгуулах тухай тушаалаар Ажил олгогч талаас 3 хүн, Ажилтны талаас 3 хүн буюу нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй комиссыг байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргахаар зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс *******-ийн гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргаагүй Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан нь үндэслэлгүй байх бөгөөд Хөдөлмөрийн маргаантай холбоотой нэхэмжлэлд урьдчилсан шийдвэрлэх гомдлыг зохих хуулийн дагуу гаргаагүй байна гэж үзэхээр байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хариуцагч тал нь эрүүгийн хэрэг үүсгэсэн хүн бүрийг ажлаас нь халах ёстой, тийм хөдөлмөрийн хуультай гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө нь шүүхээр хэлэлцэгдсэн асуудлыг дахин шүүхээр хэлэлцэнэ гэх зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл банканд мөнгө байршуулсан гэх асуудлаар өмнө нь шүүхийн шийдвэр гарсан буюу энэ асуудал нь шийдэгдсэн. Маргаан таслах комиссын тухайд олон нийтэд буюу тухайн компани нь ямар нэгэн байдлаар маргаан таслах комисс байгуулагдсан гэж зарлаагүй тул нэхэмжлэгч нь маргаан таслах комисс бий болсон эсэхийг мэдэх боломж байгаагүй. Түүнчлэн тухайн маргаан таслах комисс байгуулагдсан шалтгаан нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилохгүйн тулд зориуд, санаатайгаар хийгдсэн байж болзошгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна.
5.2 Ажил олгогчийн итгэлийг алдсан гэж хариуцагч тал тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь ажил олгогчийн итгэлийг алдсан зүйл огт байхгүй. ******* тухайн үед ажил олгогч байсан бөгөөд энэ банк руу шилжүүлнэ гэж тай гэрээ байгуулсан байдаг тул Н.Шадарчулуун шилжүүлгийг шивж, ******* захирал болон ******* нараар гарын үсэг зуруулж банканд очиж мөнгийг шилжүүлсэн. Гэтэл Н.Шадарчулуун нь үнэн хэрэгтээ н.Эрдэнэбулганы дүү бөгөөд н.Эрдэнэбулган гэх хүн энэ асуудлыг өөрөө хийсэн байдаг. Прокурорын дүгнэлтийг хариуцагч тал дурддаг ба тухайн дүгнэлтэд Н.Шадарчулууны мэдүүлгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж бичсэн байдаг бөгөөд Н.Шадарчулууны мэдүүлэг нь үнэн эсвэл худлаа эсэхийг тодруулахын тулд анхан шатны шүүх хуралдаан дээр Н.Шадарчулууныг гэрчээр асуухад бодит байдал болон Н.Шадарчулууны үйлдэл нь хоорондоо зөрдөг ба энэ нь юугаар нотлогдож байгаа нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл ******* шилжүүл гэж дарамталсны үндсэн дээр шилжүүлсэн мэт зүйлийг хариуцагч тал ярьдаг, гэтэл тийм зүйл огт байхгүй. Харин Н.Шадарчулуун нь ах шилжүүл гэсэн гэж нэхэмжлэгчийг дарамталж байгаад гарын үсэг зуруулсан байх магадлалтай. Гэтэл ийм тодорхойгүй, эргэлзээтэй асуудлаар нэхэмжлэгчид эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хийсэн болох нь нотлогдохгүй байна гэх үндэслэлээр шүүх хэргийг буцаасан. Хариуцагч компани нь яагаад нэхэмжлэгчийг ажилд нь буцааж авахгүй гэж зүтгэж байгааг огт ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь ямар нэгэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...3 шатны шүүхийн шийдвэрээр *******ыг ажилд нь эгүүлэн тогтоосон. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ямар сахилгын зөрчил, хэзээ гарсан сахилгын зөрчлийг ямар хугацааны дараа 09 дүгээр сарын 15-ны өдөр арга хэмжээ авсан нь ойлгомжгүй гэж тайлбарласан.
2.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...******* нь *******-д ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр их хэмжээний мөнгийг банканд шилжүүлсэн, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл тогтоогдсон гэх үндэслэлээр үгүйсгэн маргажээ.
3. Талууд сахилгын зөрчил гаргасан, зөрчил гаргаснаас хойш хэдий хугацааны дараа арга хэмжээ авсан эсэх талаар маргасан. Өөрөөр хэлбэл, талууд сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байхад шүүх хариуцагчийн зүгээс хэзээ эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан эсэх талаарх үйл баримтыг тодруулаагүй байна. Уг үйл баримтыг тодруулснаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх эргэлзээгүй дүгнэлт хийхэд ач холбогдолтой.
4. Түүнчлэн, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06/10218 дугаар албан бичигт *******ы үйлдэлд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа болно гэжээ. /1хх 115/ Мөн хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 06/13703 дугаар албан бичигт ... *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ******* нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус компанид хохирол учруулсан үндэслэл тогтоогдож байна. Иймд мөрдөн байцаалтын 2041000100190 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.5 дугаар зүйлд заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох эрх бүхий албан тушаалтныг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор томилж ирүүлнэ үү гэсэн байна. /2хх 7/ Уг эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь маргаанд ач холбогдолтой байх тул уг асуудлыг тодруулах шаардлагатай.
5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтын болон хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх, мөн уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/03704 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,023 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН